Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0226

 

 

        2021 оны 03 сарын 25 өдөр                                     128/ШШ2021/0226     

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б 

Хариуцагч: ЦЕГД

Нэхэмжлэлийн шаардлага: “2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЦЕГД-ын *** дугаар “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалын “...12. Цагдаагийн хурандаа Б-г Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 07 дугаар сарын 31-ний өдрөөс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсугай...” гэж хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зохих журмын нэмэгдлийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, гэрч Р.О, Ж.Б, С.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  “...Миний бие цагдаагийн байгууллагад нийт 26 жил тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд 2017 оны  10 дугаар сарын 31-ний өдрөөс Цагдаагийн Ерөнхий Газрын Захиргааны удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байсан билээ.

Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ЦЕГД*** дугаар “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар намайг Цагдаагийн Ерөнхий Газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас мөн өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилсон.

Энэхүү “ажлаас чөлөөлж, томилох тухай” гэх *** дугаар тушаал нь эрх зүйн хэм хэмжээнд  нийцээгүй, бичгээр гаргах захиргааны актын хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул уг тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал;

Тушаалын үндэслэх хэсэгт:

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.3.5 дахь хэсэг “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэх заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” гэх заалтыг тус тус тусгасан.

Захиргааны акт нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас хаяглагдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд түүний хүсэл зоригоос үл хамааран нөлөөлж байдгийн хувьд үндэслэж буй хуулийн зохицуулалт нь бодит байдалд бий болсон шалтгаан нөхцөлтэй яв цав нийцэж байх ёстой.

 Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах НИЙТЛЭГ журмыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж, мөн зүйлийн 44.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 44.1, 44-2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж зохицуулсан байдаг.

Гэтэл намайг өөр албан тушаалд шилжүүлэх талаар Цагдаагийн Ерөнхий газрын даргаас тохиролцох, санал авах ажиллагааг явуулаагүй бөгөөд миний бие тохиролцох, санал авах ажиллагааг явуулаагүй шууд хууль зөрчин тушаал гаргах гэж буй талаар 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдөр мэдэж Сонсох ажиллагааны тэмдэглэлд энэ талаар дурьдаж бичгээр тайлбар хийсэн.

Шилжүүлэн ажиллуулахаар томилсон “Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын” албан тушаал нь бүтэц чиг үүрэг болон албан тушаалын зэрэглэлийн хувьд миний хашиж байсан Цагдаагийн Ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалаас хэд хэдэн шатлалаар доогуур албан тушаал болно.

Түүнчлэн захиргааны акт /тушаал/-д үндэслэж буй цагдаагийн алба хаагчийг чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулах үндэслэл нь бодит байдал дээр огтоос бүрдээгүй. Тухайлбал: Тус албан тушаалтай холбоотойгоор Төрийн албаны маргаан хянан шалгах комисс, захиргааны хэргийн шүүх зэрэг Төрийн албаны хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас гарсан хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол байхгүй,

Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаартай “Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 76 дугаар тогтоолын дагуу Захиргааны удирдлагын газар болон тухайн газрын даргын албан тушаал нь Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалт бүтцэд байсаар байгаа. 

Миний бие эрүүл мэнд, сэтгэцийн хувьд Цагдаагийн албан хаагчид тавигдах шаардлагыг бүрэн хангасан байхад цагдаагийн алба хаагчийг чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулах үндэслэл бүрдсэн мэтээр хууль хэрэглэсэн нь илэрхий үндэслэлгүй байна.

ЦЕГДтушаалд эрх зүйн үндэслэлийг тоочсон байх боловч эдгээр эрх зүйн хэм хэмжээнд заасан үндэслэл, шалтгаан үүссэн эсэх, хэрэв бий болсон гэж үзэж байгаа бол чухам аль шалтгаан нөхцөл нь ийнхүү Б.Б намайг үүрэг ажлаас минь чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэхэд шууд шалтгаалж буй талаар тодорхойлж тусгаагүй байна.

Энэ Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж, 40.2.3 дахь хэсэгт“ захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал. хууль зүйн үндэслэлийг заах” гэж тус тус заасныг зөрчсөн захиргааны актын бичгээр гарах хэлбэрийн шаардлагыг хангаагүй, агуулгын хувьд ойлгомжгүй байгаа юм.

Хуульд нийцээгүй тушаалын улмаас Б.Б миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулийн 85.12 дахь хэсэгт “Хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг  хориглоно” гэж заасан

Төрийн жинхэнэ албан хаагч, цагдаагийн алба хаагчийн баталгаанд шууд халдаж, эрхийг минь зөрчсөн шийдвэр болсон. Уг хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2020 оны 8 дугаар сарын 17-өдөр “Төрийн албаны зөвлөлд” гомдол гаргасан боловч төрийн албаны зөвлөлөөс хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч цагдаагийн хурандаа Ж.Бод өөрийнхөө гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийг дахин хянах  талаар албан бичгийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр явуулсан байх бөгөөд уг албан бичгийг хувийг надад ирүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75 дугаар зүйлийн 75.3-т зааснаар уг гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс миний гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй бөгөөд “...таны гомдлыг шийдвэрлэж хариуг хариуцагчид хүргүүлсэн ... хариуцагчид хүргүүлсэн албан бичгийн хариу ирээгүй байна...” гэж тайлбар гаргаж байна.

Миний бие уг хариуг Захиргааны Ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд заасан гомдол шийдвэрлэсэн хариу хариу гэж үзэх үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-д заасан журмын дагуу өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ЦЕГД*** дугаар “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалын “...12. Цагдаагийн хурандаа Б*******ын Бг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 07 дугаар сарын 31-ний өдрөөс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсугай...” гэж хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зохих журмын нэмэгдлийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.  

 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Бг ЦЕГД2020 оны *** дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтад “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;”, 8.4 дэх хэсэгт “Агентлагийн дарга энэ  хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах тушаал гаргана.”, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт  “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил  үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн албан ажлын шаардлага, албан хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон, тухайн ал&ан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно.”, 78.2 хэсэгт “Цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болно.” гэж заасныг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлж, 07 дугаар сарын 31- ний өдрөөс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилжээ.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх талаар цагдаагийн байгууллагаас санал, санаачилга удаа дараа гаргаж байгаа бөгөөд ЦЕГДзүгээс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр уулзсан уулзалтын тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч “Би төрийн албан хаагчийн хувьд өдийг хүртэл удирдлагын шийдвэрээр томилсон албан тушаалд очиж ажиллаж байна. Би ямар нэгэн ажил албан тушаал гуйж байгаагүй. Тийм учраас томилсон албан тушаалд ажиллах болно.” гэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн44.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн томилогдсон өдрөөс Цагдаа, дотоодыг цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын нэршлийг “Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга” болгон өөрчилж, цалингийн зэрэглэлийг ТТ-16 болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.4-д зааснаар гомдлыг хянан шалгах эрх бүхий этгээд болох Төрийн албаны зөвлөл*

ЦЕГД2020оны *** дугаар тушаалыг хянаад тухайн шийдвэр нь зарим хууль тогтоомжид нийцсэн эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзсэний дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулсан.

Өөрөөр хэлбэл гомдлыг шийдвэрлэх эрхтэй Төрийн албаны зөвлөл ч тэр, шүүх ч тэр захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийн, тухайлбал дээрх тушаалуудын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянахаас биш ямар шийдвэр гаргахыг заах байдлаар шийдвэр гаргах хуулиар олгогдсон эрх хэмжээнд нь халдахгүй.

Төрийн алба, тэр дундаа хууль сахиулах төрийн тусгай чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй байх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь томилсон албан тушаалд ажиллаагүй нь удирдах албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлээгүй, захирах, захирагдах ёс, өргөсөн тангаргаа зөрчсөн гэж үзэх үндэслэл болох ба бууруулан томилсон албан тушаалд ажиллах нь уг шийдвэртэй маргах эрхийг хязгаарлахгүйн дээр албан тушаал бууруулсан шийдвэрийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд Б.Бн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...тус шүүхэд хянагдаж байгаа Б.Бн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудтай танилцаад шүүх хуралдаанд дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

Цагдаагийн хурандаа Ж.Б миний бие Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын  даргын албан тушаалд томилогдсон. Тухайн өдөр Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бгөөс “...эхнэрийгээ сувилалд сувилуулахаар урьдчилан төлөвлөж, бэлтгэл ажлаа хангасан тул 2020 оны ээлжийн амралтаас тооцож, календарийн 7 хоногийн хугацаатай ээлжийн амралт олгох” талаар хүсэлт гаргасны дагуу ээлжийн амралтаас тооцож олгохыг Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б-д үүрэг өгсөн.

Хүсэлт гаргасан буюу 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс ээлжийн амралтыг календарийн 7 хоногийн хугацаагаар тооцон, ээлжийн амралтын зөвшөөрөл өгсөн.

2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудыг ажилдаа орох талаар чиглэл өгсний дагуу цагдаагийн хурандаа Б.Б нь мөн өдөр ажилдаа орсон талаар илтгэж, уулзсан. Уулзах үеэр Б.Бд хандан “Албан ажлын шаардлагыг харгалзан ажлын байрыг өөрчилж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга /ТТ-15/-ын албан тушаалд томилохоор санал тавьж" ярилцахад “Тус албаны даргаар томилогдохоор болсон цагдаагийн хурандаа Н.Л******* бид хоёр нэг нутаг усных, найз нөхдийн холбоотой учраас түүний удирдлагад ажиллах боломжгүй, Би төрийн алба хаагчийн хувьд өдийг хүртэл удирдлагын шийдвэрээр томилсон албан тушаалд ажиллаж байна.

Ямар нэгэн ажил, албан тушаал гуйж байгаагүй. Тийм учраас томилсон албан тушаалд ажиллах болно” гэж хариулсан.

Үүний дагуу алба хаагчтай зөвшилцсөн тул Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бд цагдаагийн хурандаа Б.Бг Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас чөлөөлж, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилон шийдвэрлэх чиглэл өгөхөд шийдвэрлэх гэж буй асуудлын талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “Сонсох ажиллагаа” явуулж тэмдэглэл үйлдсэн талаар надад танилцуулсан.

Тэмдэглэлд цагдаагийн хурандаа Б.Бгөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16.22 цагт танилцаад тайлбар, санал гарган, гарын үсэг зурж баталгаажуулсан байсан.

Маргааш нь буюу 07 дугаар сарын 31-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Э нар Цагдаагийн төв байранд хүрэлцэн ирж, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд, Дэд дарга нарын албан тушаалын томилгооны шийдвэрийг, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б ЦЕГД20210 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар тушаалыг тус тус алба хаагчдад танилцуулсан.        

Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Од сонсох ажиллагаа болон гаргасан хүсэлттэй холбогдуулан цагдаагийн хурандаа Б.Бтэй биечлэн уулзахад “Ээлжийн амралтаас үлдсэн хугацаагаа эдлэх, архивын болон Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн даргаар шилжин ажиллах хүсэлтэй талаараа илэрхийлсэн” бөгөөд уг хүсэлтийг Цадаагийн ерөнхий газрын дарга, удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн тухайгаа надад илтгэсэн.

ЦЕГДзөвлөлийн гишүүдийн томилолтын асуудлыг шийдвэрлэгдсэний дараа миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзаад цагдаагийн хурандаа Б.Бгийн талаар танилцуулахад сайд “Надтай биечлэн уулзуул, Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн сургуулийн захирал /ТТ-16/-ын албан тушаалд томилох боломжтой юм байна” гэсний дагуу Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бд энэ талаар дамжуулан мэдэгдэх чиглэл өгсөн боловч, Б.Бгөөс сайдад саналыг хүлээн боломжгүй гэдгээ хүнээр дамжуулан илэрхийлсэн гэж сонссон.

Цагдаагийн хурандаа Б.Б нь ээлжийн амралтаа эдэлж дуусаад  ажилдаа орох байсан боловч томилогдсон албан тушаалд очоогүй, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлөөс гаргасан шийдвэрээ дахин хянаж, залруулах тухай албан бичиг ирүүлсэн.

Үүний дагуу алба хаагчийн эрх зүйн байдал, ашиг сонирхлыг хангах зорилгоор ЦЕГД2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын нэршлийг Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цалингийн шатлалыг ТТ-14 байсныг ТТ-16 болгон тус тус өөрчлөн энэ талаар Төрийн албаны зөвлөлд хариуг хүргүүлсэн.

Мөн цагдаагийн хурандаа Б.Бг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын даргын албан тушаалд томилуулах боломжтой талаар санал тавьж, уулзалт зохион байгуулахыг цагдаагийн хурандаа Ж.Бд үүрэг өгөхөд түүний үүрэн холбооны дөрвөн утасны дугаар холбогдох боломжгүй байсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгч

Б.Ц 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14.20 цагт биечлэн уулзаж, саналыг тавьж, ярилцлагын тэмдэглэл үйлдсэн тухай танилцуулсан.

Цагдаагийн хурандаа Б.Бд хандан “Цагдаагийн байгууллагын удирдлагаас таны томилолтын асуудал болон гаргасан гомдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулахад алба хаагчийн эрх, ашиг сонирхлыг харгалзан биечлэн хүлээн авч уулзах санаачилга гаргасан болохыг уламжилж байгаа” тухай итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц баталгаат шуудангаар Хүний нөөцийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр албан бичиг хүргүүлсэн.

Нэхэмжлэгч Б.Бгийн томилолтын асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан уулзаж ярилцсан талаарх дээрх үйл явдлыг Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б чиглэл өгч, нөхөн баталгаажуулсан бөгөөд танай шүүхэд хүргүүлсэн тэмдэглэл нь цаг хугацааны хувьд зөрүүтэй бичигдсэн байж болно.

Гэвч дээрх тэмдэглэлд дурдагдсан асуудлаар миний бие цагдаагийн хурандаа Б.Бтэй биечлэн уулзаж, ярилцсан үйл явдал нь үнэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс огт уулзаагүй, ярилцаагүй, уулзах боломж олгохгүй байсан талаар шүүхэд тайлбар гаргаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд байгууллагын хэмжээнд албан хаагчийг томилох, чөлөөлөх, шилжүүлэх эрхийг эдэлдэг.

Нэхэмжлэгч Б.Бд өөр ажил, албан тушаал санал болгож холбогдох албан тушаалтнуудаас ярьж, бичсэн зүйлүүд нь өмнө гаргасан 2020 оны *** дугаар тушаалыг хууль бус гэж үзэж байгаадаа биш өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “газрын дарга” гэсэн нэршилтэй албан тушаал санал болгосон үйл ажиллагаа гэдгийг энд дурдъя.

Цаашид цагдаагийн төв байгууллагын даргын хувьд нэхэмжлэгчийг хүлээн авч уулзаж, харилцан тохиролцож томилсон албан тушаалд яагаад ажиллахгүй байгаа болон ямар хүсэл зориг, саналтай талаар ярилцахад бэлэн байгаагаа энд дахин илэрхийлье.

Нэхэмжлэгчийн зүгээс одоо болтол тавьсан саналыг хүлээн авч уулзаагүй байна.

Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаар 2017 онд томилогдохдоо тухайн албан тушаалд ажиллаж байсан алба хаагчийг ямар нэгэн үндэслэлгүйгээр, түүнчлэн тодорхой бус шалтгаанаар чөлөөлж, албан тушаалд томилолгүй, эрх зүйн байдлыг нь дордуулж байсныг дурдах нь зүйтэй юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэг заасныг баримтлан цагдаагийн хурандаа Б.Бгийн цагдаагийн байгууллагад 26 жил 2 сар, үүнээс 18 жил Боловсон хүчин, сургалт эрхэлсэн Дэд дарга, Хүний нөөц сургалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлагын хэлтэс, газрын дарга зэрэг албан тушаалыг эрхэлж байсан ажлын дадлага, туршлага, мэргэшсэн болон бусад нөхцөл байдлыг харгалзан албан ажлын шаардлагаар Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд дараах шалтгаанаар томилсон. Тухайлбал:

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь цагдаагийн байгууллагаас гадна, дотоодын цэргийн алба хаагчдыг сургаж, бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Миний бие Аюулгүй байдал, Захиргааны удирдлагын үйл ажиллагаа хариуцсан Дэд даргаар ажиллах хугацаанд цагдаагийн хурандаа Б.Б нь ашиг сонирхлын зөрчил гаргадаг талаар алба хаагчдаас мэдээлэл ирдэг байсан бөгөөд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст цагдаагийн хурандаа Б.Бтэй холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Цагдаагийн байгууллагын төв байранд коронавирус /COVID-19/-ийн халдварын голомт шинээр илэрч Ж.Б миний бие нэгдүгээр хавьтлаар тогтоогдон, хязгаарлалтын дэглэмд хамрагдсаны улмаас 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагт зарлагдсан шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсон тул энэхүү нэмэлт тайлбарыг хүргүүлж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Б.Б нь “2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЦЕГД*** дугаар “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалын “...12. Цагдаагийн хурандаа Бг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 07 дугаар сарын 31-ний өдрөөс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсугай...” гэж заасан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зохих журмын нэмэгдлийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

ЦЕГД2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” №*** тоот тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн хурандаа Б*******ын Бг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 07 дугаар сарын 31-ний өдрөөс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсон байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” гэж заасан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгээр цагдаагийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах тохиолдолд уг цагдаагийн албан хаагчтай тохиролцох эсэх асуудлыг тодорхой, нарийвчлан зохицуулсан байна.

Иймд Цагдаагийн албаны тухай 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгээр цагдаагийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахад уг цагдаагийн албан хаагчтай тохиролцох эсэх асуудлыг тодорхой, нарийвчлан зохицуулсан байх тул энэ харилцаанд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг хэрэглэхгүй, харин Цагдаагийн албаны тухай хуулийг баримтлах нь зүйтэй юм.

Дээрх үндэслэлээс үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “... төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож ... гэсэн зохицуулалт цагдаагийн албан хаагчид хамааралгүй байна. 

Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т “Цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж заасан байна.

Мөн дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд цагдаагийн албан хаагч нь төрийн тусгай албан хаагчийн хувьд төрийн албаны бусад ангиллын албан хаагчдаас илүү онцлог статус бүхий албан хаагч байна.

Иймд “нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө нэхэмжлэгчтэй тохиролцох ёстой байсан” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь маргаан бүхий захиргааны акт буюу ЦЕГД2020 оны №*** дугаар тушаалыг гаргахдаа ямар бодит үндэслэл, шалтгаанаар нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэх болсон үндэслэлээ уг тушаалд тодорхой заагаагүй нь хуульд нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч тус 2020 оны №*** дугаар тушаалыг гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь заалтыг үндэслэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн энэ тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “ЦЕГД2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” *** дугаар тушаалын 12 заалтыг буюу Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасан байна.

            Дээрх хуулийн зохицуулалтаас болон Цагдаагийн албаны тухай хуулиас үзэхэд цагдаагийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулсан тохиолдолд албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулах эсэхийг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулаагүй байх ба харин Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгээр төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулсан тохиолдолд албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг хэрхэхийг зохицуулсан байх тул энэ харилцаанд Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.

Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот албан бичгээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн албан тушаалын зэрэглэлийг бууруулснаа хүлээн зөвшөөрч, залруулж шийдвэрлэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ТТ-16 албан тушаалын зэрэглэлээр 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх хугацаагаар буюу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож олгох, мөн тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.Бгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ТТ-16 албан тушаалын зэрэглэлээр 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон 20,572,592.54 /хорин сая таван зуун далан хоёр мянга таван зуун ерэн хоёр/-төгрөгийг Б.Бд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг ЦЕГ-д даалгаж, үлдэх “ЦЕГД2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” *** дугаар тушаалын 12 заалтыг буюу Б*******ын Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ