| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0050/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/50 |
| Огноо | 2022-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/50
2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дугаар 2022/ШЦТ/50 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: О.Батнасан,
Шүүгдэгч: Ц.А,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ийн Ат холбогдох 2128002340035 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Ц.А нь согтуурсан үедээ 07 дугаар сарын 01-ний өдрийн 02-03 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 17 дугаар байрны 2 дугаар орцонд байсан иргэн Л.Бийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Л.Бөд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Аыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би харамсаж байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 05 дугаар сард дугуйн холбооны багш Г гэдэг хүнд унадаг дугуй захиж 750.000 төгрөгөөр “city biky” брэндийн ногоон өнгийн унадаг дугуйг худалдаж авсан юм. Би өөрийн өвчтэй аавыгаа асрахаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчимд 16 дугаар байрны 3-р орцонд байх гэрт нь очсон юм. Тухайн үед би унадаг дугуйгаа унаж явсан ба уг дугуйгаа орцон дотор оруулж орцны үүдэнд цоожлолгүй тавьж орхисон байсан юм. Тэгээд энэ өдрийн шөнө буюу 07 дугаар сарын 01-ний өдрийн 02 цагийн орчимд тамхи татахаар гэрээс гарахад миний дугуй тавьж орхисон газраа байж байсан. Дараа нь 03 цагийн орчимд дахин тамхи татахаар гэрээс гарахад миний унадаг дугуй алга болсон байсан. Тухайн үед би цагдаад хэлэлгүй өөрөө 16-р байрны ойр орчмоор хайгаад олоогүй. Тухайн үед шөнө дунд болсон байсан. Миний дугуй Өмнөговь аймагт 2 ширхэг байдаг содон шинж тэмдэгтэй дугуй байдаг тул ямар нэгэн сураг гарч л таараа гэж бодоод тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Би өөрөө аймгийн дугуйн холбооны гишүүн, багш тул найз нөхөд, шавь нараас ямар нэгэн сураг гаргаж өгнө гэдэгт итгэсэн. Тэгээд байж байтал 2021 оны 08 дугаар сарын эхээр манай дугуйн холбооны багш, дугуй засварчин Г надтай утсаар холбогдож чиний дугуйг 1 хүүхэд уначихсан засуулахаар хүрээд ирлээ гэж хэлсэн. Уг мэдээллийн дагуу би тэр дороо Г-ын дугуй засварын газарт очиж үзэхэд үл таних хүүхэд миний дугуйг засуулахаар унаад ирчихсэн байсан ба уг дугуй миний хулгайд алдсан дугуй мөн байсан. Тэгээд уг дугуйг хаанаас яаж авсан талаар би тэр хүүхдээс асуухад манай аав л мэднэ гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхдээс аавынх нь утасны дугаар болох 88282807 гэсэн дугаарыг нь авч холбогдож ярихад тэр хүн уг дугуй засварын газар хүрээд ирье гэсэн. Удалгүй хүүхдийн аав нь ирсэн ба уг миний хулгайд алдсан унадаг дугуйг зүс мэдэх муухан таних хүнээс 50.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Тэр үед би өөрийн унадаг дугуйгаа авч болох байсан хэдий ч миний дугуйг эвдэж, хуучруулсан байсан болохоор авалгүй өөрийн хохирлоо буруутай этгээдээр төлүүлье гэж бодсон тул цагдаагийн байгууллагад миний хохирлыг барагдуулж өгөх талаар гомдол гаргасан юм. /хх-ийн 18 дахь тал/
Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай хадам аавын бие муудаж бид нар бүгдээрээ сахиж наана цаана гэж сандарч байсан үе. Тухайн үед 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө байсан санагдаж байна. Тэр үед Б өөрийн унадаг дугуйгаа унаад ирчихсэн дугуй нь орцны дотор талд үүдэнд тавиатай байсан. Манай хадам аав тухайн үед манай гэрт амьдардаг байсан ба манайх 17 дугаар орон сууцны 2-14 тоот хаягт байдаг. Уг өдрийн шөнө 02 цагийн орчимд Б гарч тамхи татсан гэсэн. Тэр үед орцны үүдэнд дугуй нь байсан гэсэн. Дараа нь 03 цагийн үед дахин тамхи татахаар гэрээс гарахад дугуй нь алга болсон байсан гэсэн. Тухайн үед хадам аавын бие маш хүнд байсан тул бид нар хөөцөлдөж цагдаагийн байгууллагад хэлж амжаагүй юм. Манай хадам аав тэгээд удалгүй өөд болсон. Ажил явдал гээд Бийн дугуйны асуудал бүүр мартагдсан байсан. Уг дугуйг би Улаанбаатар хотын дугуй худалдааны “Алтон" дэлгүүрээс 2020 оны 5 дугаар сарын үеэр 750.000 төгрөгөөр худалдан авч Бөд авч ирж өгсөн дугуй. /хх-ийн 23 дахь тал/
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сарын эхээр 03, 04-ний өдрийн үеэр байсан санагдаж байна. Манай найз Х манай гэрт ирээд намайг унадаг дугуй худалдаж авах уу гээд ногоон өнгийн унадаг дугуй аваад ирсэн. Би унадаг дугуйг нь үзэж хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад 60.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би хэний дугуй юм гэж асуухад манай найзын дугуй гэж хэлсэн. Би эзэн нь хаана байгаа юм гэж асуухад манай гэрт байгаа тоосгоны үйлдвэрт ажилладаг залуу байгаа юм ажлаасаа гарч сум руугаа явах гээд дугуйгаа зарж зардлын мөнгө олох гээд байгаа юм гэж хэлсэн. Би дугуйг нь үзэхэд нэлээд хуучирсан байдалтай дугуй байсан. Би 50.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Х би дугуйны эзнээс нь асуучихаад ирье гээд явсан. Хэсэг хугацааны дараа эргэж ирээд тэг тэг гэж байна гэж хэлээд надад уг дугуйг 50.000 төгрөгөөр Х худалдсан. Би дугуйны төлбөр болох 50.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2021 оны 08 дугаар сарын дунд үеэр манай дүү Тэмүүлэн үсээ засуулахаар явахдаа миний дугуйг унаж явсан юм. Тэр өдөр Тэмүүлэн над руу утсаар залгаж яриад агаа энэ дугуй чинь хулгайн дугуй байна. Эзэн нь дугуйгаа таниад миний хулгайд алдсан дугуй байна гээд байна гэж хэлсэн. Тэгээд би Тэмүүлэнгийн байгаа газрыг заалгаж яваад очиход дугуйны эзэн гэх танихгүй 1 ах энэ дугуй миний хулгайд алдсан дугуй мөн байна. Хаанаас авсан юм гэж надаас асуусан. Би хэнээс хаанаас авсан талаараа дээрх мэдүүлсний дагуу тайлбарлаж хэлсэн. Дугуйны эзэн гэх ах одоо наад дугуйг чинь эргүүлж авахааргүй болж муудсан байна. Чамд наад дугуй чинь байж байг гээд дугуй зарсан гэх хүнээ олоод хэлээрэй гэж хэлсэн. Би дугуйны эзэн гэх ахад өөрийн утасны дугаар гэрийн хаягаа өгөөд явсан.
Тэгээд би надад дугуй зарсан өөрийн найз Хт надад зарсан дугуй чинь хулгайн дугуй байна гэж хэлээд хэн чамаар надад дугуй заруулсан юм тэр хүнээ олоод өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд байж байтал Х надтай утсаар ярьж надаар чамд дугуй заруулсан хүн чинь худалдааны төвд явж байна хурдан ирээд уулзаатах гэж хэлсэн. Би тэр дороо худалдааны төвд очиж Хаар уг хүнийг заалгаж уулзахад дугуй зарсан гэх хүн согтуу байсан. Х намайг уг хүнтэй уулзуулж өгчихөөд явсан. Би дугуйны эзэн гэх хүнийг утсаар дуудаж надад дугуй зарсан гэх хүнтэй хамт уулзсан. Дугуй хулгайлж авч зарсан гэх уг хүн их согтуу байсан болохоор маргааш эрүүл болохоор нь уулзъя гэж тохирч байгаа айлыг нь заалгасан. Дугуйг хулгайлж авсан гэх хүн нь Гурвантэс сумын гаралтай Амаалай гэж гэрийг нь хочилж дууддаг хүн байсан. Би жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд би маргааш өдөр нь Амаалайтай уулзахаар байгаа гэх айлд нь очиход уг хашаа эзэнгүй гэр нь цоожтой байсан. /хх-ийн 25 дахь тал/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Төгөлдөрт 50.000 төгрөгөөр зараад Ат 50.000 төгрөгийг нь өгсөн чинь манай гэрт нэг ширхэг 2.5 литрийн пиво авчирч ганцаараа уучихаад гараад явсан. /хх-ийн 30 дахь тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 278 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: унадаг дугуй 500.000 төгрөг /хх-ийн 37 дахь тал/
Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан. Хохирлыг барагдуулна. Дүгнэлттэй санал нийлж байна. /хх-ийн 52 дахь тал/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дахь тал/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.А нь 07 дугаар сарын 01-ний өдрийн 02-03 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 17 дугаар байрны 2 дугаар орцонд байсан иргэн Л.Бийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Бийн: ...Дараа нь 03 цагийн орчимд дахин тамхи татахаар гэрээс гарахад миний унадаг дугуй алга болсон байсан. Тухайн үед би цагдаад хэлэлгүй өөрөө 16-р байрны ойр орчмоор хайгаад олоогүй. ...Г-ын дугуй засварын газарт очиж үзэхэд үл таних хүүхэд миний дугуйг засуулахаар унаад ирчихсэн байсан ба уг дугуй миний хулгайд алдсан дугуй мөн байсан. ...Тэр үед би өөрийн унадаг дугуйгаа авч болох байсан хэдий ч миний дугуйг эвдэж, хуучруулсан байсан болохоор авалгүй өөрийн хохирлоо буруутай этгээдээр төлүүлье гэж бодсон тул цагдаагийн байгууллагад миний хохирлыг барагдуулж өгөх талаар гомдол гаргасан юм. /хх-ийн 18 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч М.Г-ын: ...Уг өдрийн шөнө 02 цагийн орчимд Б гарч тамхи татсан гэсэн. Тэр үед орцны үүдэнд дугуй нь байсан гэсэн. Дараа нь 03 цагийн үед дахин тамхи татахаар гэрээс гарахад дугуй нь алга болсон байсан гэсэн. Тухайн үед хадам аавын бие маш хүнд байсан тул бид нар хөөцөлдөж цагдаагийн байгууллагад хэлж амжаагүй юм. /хх-ийн 23 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Т-ийн: 2021 оны 07 дугаар сарын эхээр 03, 04-ний өдрийн үеэр байсан санагдаж байна. Манай найз Х манай гэрт ирээд намайг унадаг дугуй худалдаж авах уу гээд ногоон өнгийн унадаг дугуй аваад ирсэн. Би унадаг дугуйг нь үзэж хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад 60.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би хэний дугуй юм гэж асуухад манай найзын дугуй гэж хэлсэн. ...Дугуйны эзэн гэх ах одоо наад дугуйг чинь эргүүлж авахааргүй болж муудсан байна. Чамд наад дугуй чинь байж байг гээд дугуй зарсан гэх хүнээ олоод хэлээрэй гэж хэлсэн. Би дугуйны эзэн гэх ахад өөрийн утасны дугаар гэрийн хаягаа өгөөд явсан. ...Дугуйг хулгайлж авсан гэх хүн нь Гурвантэс сумын гаралтай Амаалай гэж нэрийг нь хочилж дууддаг хүн байсан. Би жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд би маргааш өдөр нь Амаалайтай уулзахаар байгаа гэх айлд нь очиход уг хашаа эзэнгүй гэр нь цоожтой байсан. /хх-ийн 25 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Хын: ...Төгөлдөрт 50.000 төгрөгөөр зараад Ат 50.000 төгрөгийг нь өгсөн чинь манай гэрт нэг ширхэг 2.5 литрийн пиво авчирч ганцаараа уучихаад гараад явсан. /хх-ийн 30 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 562 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.А нь хохирогч Л.Бийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ц.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Бөд 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 278 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: унадаг дугуй 500.000 төгрөг /хх-ийн 37 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь согтуурсан үедээ 07 дугаар сарын 01-ний өдрийн 02-03 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 17 дугаар байрны 2 дугаар орцонд байсан иргэн Л.Бийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Л.Бөд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Бөд 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Алдагдсан дугуйгаа хүлээж авсан /хх-ийн 21 дэх тал/ гэснээр шүүгдэгч Ц.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Аыг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Аын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэгдээгүй /хх-ийн 53 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дахь тал/ зэрэг баримтуудаар тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ц.А нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Ц.А өөрийгөө өмгөөлж хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Л.Бөд 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА