Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/352

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц овгийн Ц-гийн А-д холбогдох эрүүгийн 2234000000351 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, 4-45 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,... дугаарын регистртэй, Ц овгийн Ц-гийн А,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн төв гудманд хамтран амьдрагч Б.Б-г үл ялих зүйлээр шалтаглан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ц.А нь:

...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000351 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

          Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн төв гудманд хамтран амьдрагч Б.Б-г үл ялих зүйлээр шалтаглан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

          Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/хх-ийн 3-5 тал/,

          Хохирогч Б.Б-гийн "... 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчим Ц.А, Ц.А-ын ах болох Жавхаа түүний эхнэр нарын хамт бид 4 Сэрүүн гэсэн бичигтэй 2 ширхэг 1 литрийн пиво хувааж уусан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг орчимд бид дөрөв ууж байсан зүйлээ дуусгаад Жавхаа ах эхнэрийн хамт гэрлүүгээ явсан. Тэгээд би машинаа бариад Ц.А бид 2 гэрлүүгээ Алтандорнодын замаар явж байхад цагдаа зогсоогоод драгер багажаар үлээлгэхэд шаардлага хангахгүй байна гэсэн бичиг гарч байсан. Тэгээд Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст очиж драгер багажаар үлээлгэхэд 0.70 хувийн согтолтын зэрэгтэй гарсан.Тэгээд машин СЭА 47-24 гэсэн улсын дугаартай автомашиныг журмын хашаанд хийсэн. Тэгээд Ц.Аын хамт гэрлүүгээ харих гээд явж байтал Шижир алтын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах шатахуун түгээх станцын урд Ц.А нь машин журмын хашаанд хийчихлээ гээд уурлаад Ц.А баруун хөлөөрөө зүүн талын шилбэ хэсэг рүү өшиглөсөн, тэгээд би газарт унасан чинь баруун гараараа зүүн гарын булчин хэсэг рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би цаашаа зугтаад халуун усны урд блокон хашааны тэнд сууж байхад Ц.А нь цаанаас гүйж ирээд зүүн гарын мөр хэсэгрүү баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би газар унасан тэгсэн чинь биеийн зүүн талруу тасралтгүй олон удаа цохисон. Тэгээд газар хэвтэж байхад үсдэж чирээд нүүрний зүүн хэсэг рүү чулуу юмуу эсвэл гутлын үзүүр хэсгээр цохиод тэгээд хэсэг болихоор нь би Нараа эгч ирчихсэн байна гээд худлаа яриад Алтандорнодын хутаг руу зугтсан. Тэгээд Ц.Аын төрсөн ах болоох Ц.А рүү залгаад ирээд аваачээ дүү чинь зодоод байна гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 13-ны шилжих шөнө 00 цагийн орчим Ц.А ах түүний эхнэр А нар машинаар ирж аваад манай аав П.Батбаяр, ээж Д нарын гэр болох Бугант гэх газар хүргэж өгөх гээд явж байтал гудамжны үзүүрт Ц.А мотоциклтой ирчихсэн зогсож байсан. Тэгээд Ц.А ах түүний эхнэр А хоёр буугаад Ц.Атай маргалдсан. Тэгээд гэрээс манай аав,ээж хоёр гэрээс гарч ирээд миний нүүр хэсгийг аймар болчихсон байхыг хараад эмнэлэг хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-11 тал/,

          Гэрч Н.А-ын “...Б.Б залгаад Ц.А намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаад өгчих гээд утсаа салгасан. Удалгүй ахиж залгаад Алтан дорнодын худгийн хажууд байна намайг ирээд аваач гэж хэлэхээр нь нөхөр Ц.А бид 2 очиж аваад аав ээжийнх нь гэрийн наад талын айл болох Цолмон гээд манай гэрийн гадаа очсон чинь Ц.А байсан. Тэгээд нөхөр Ц.А бид 2 буугаад Ц.Аыг загниад байж байтал Б.Бгийн ээж, аав хоёр нь гарч ирээд Б.Бг аваад эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13-14 тал/,

          Гэрч Ц.А-гийн “...би эхнэр Н.Аын хамт Алтан дорнодын худгийн хажуу талд зогсож байсан Б.Бг аваад хойшоо аав, ээжийнх нь гэрийн наад талын айлруу Цолмон гээд манай эгчийн гэрийн гадаа очсон чинь Ц.А байсан. Тэгээд эхнэр Н’;А бид 2 буугаад Ц.А-ыг загнаад байж байтал Б.Бгий-н ээж, аав хоёр гарч ирээд Б.Бг аваад эмнэлэг явсан... Намайг Б.Б дээр анх очиход зүүн талын шанаа шалбарсан, хөл нь доголсон байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 тал/,

          Гэрч Д-гийн “... 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг өнгөрөөд орондоо ороод унтах гэж байхад манай хашааны урд хамар хашааны гадаа манай хүргэн Ц.Аын дуу гараад байхаар нь би гэрээсээ санаа зовоод гараад очиход архи уусан байдалтай согтуу байсан, мөн хажууд нь Ц.Аын төрсөн ах Ц.А түүний эхнэр А, би танихгүй нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд би юу болоод байгаа талаар асуухад манай хүргэн Ц.А нь миний өөдөөс “ юу болдог юм гөлөг минь” гэж надруу дайрсан би хариуд нь “ юу гэнээ чи юугаа яриад байгаа яагаад архи уугаад байгаа юм” гэхэд “битгий хуц чи охиноо аваад зайл, цагдаагаа дууд” гэж надруу дайрсан. Тэгээд би охин хаана байгаа талаар асуухад мэдэхгүй гэж надад хэлсэн. Тэгээд би машин дотор нь үзэхэд хүн байхгүй байсан. Тэгээд би гудам дагуулаад доошоо хартал доор нэг хүн найгаж байгаад пид гэж дугараад их хүчтэй газарт унасан. Тэгээд би яваад очтол миний охин Б газарт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20 тал/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9955 дугаартай “...1.Б.Бгийн биед зүүн дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал, гуянд цус хуралт, зүүн хацарт гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ц.А болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ц.А-ын гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн төв гудманд хамтран амьдрагч Б.Б-г үл ялих зүйлээр шалтаглан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

... Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн төв гудманд хамтран амьдрагч Б.Бг үл ялих зүйлээр шалтаглан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардалгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг чулуу хураагдсныг дурдаж байна ... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс:

... Гэм буруу дээр маргахгүй байна. Хохирол төлбөр байхгүй байна. Өөр хэлэх зүйл байхгүй ... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.А:

... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ц.Аыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.А-ыг дээрх нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ц.А-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Б-г зодож биед нь дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал, гуянд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал гуянд цус хуралт, зүүн хацарт гэмтэл учруулж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Бг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал, гуянд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал гуянд цус хуралт, зүүн хацарт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяраас:

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг гаргаж байна.. гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс:

... Улсын яллагчтай ял тохиролцож орж ирсэн. Хохирогч өнөөдөр гомдол  саналгүй шүүх хуралдаанд ирэхгүй гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн. Энэ бүхнийг харгалзаж үзнэ үү... гэсэн дүгнэлтийг,

 

 

Шүүгдэгч Ц.А:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Ц.А-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Ц.А-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Ц.А-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90/ерөн/ хоног буюу 3/гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.

 

Оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-гийн биед дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал, гуянд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал гуянд цус хуралт, зүүн хацарт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

Хохирогч Б.Б нь шүүгдэгч Ц.А-аас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ц.А-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000351 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулуу 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст хариуцуулсныг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овгийн Ц-гийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Шүүгдэгч Ц овгийн Ц-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Ц-гийн А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Ц овгийн Ц-гийн А-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулуу 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Эрүүгийн 2234000000351 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц овгийн Ц-гийн А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц овгийн Ц-гийн А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц овгийн Ц-гийн А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН