Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 58

 

 

                 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б-ын С-д холбогдох эрүүгийн ...... тоот хэргийг 2022 оны 06 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ....... суманд төрсөн, .... настай, ......, ..... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн .... тоотод оршин суух, ... албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жилийн хорих ял, .... ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ... овогт ... С /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 сарын 18-ны өдөр 14 цагийн орчимд Дорноговь аймгийн .... багийн нутаг дэвсгэрт байрлах “...” гэх нэртэй жуулчны баазын караокед М.Г-ын дуулж байсан дууг зөвшөөрөлгүй зогсоосон гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар караокены дотор болон гадна талд нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, баруун нүдний ухархайн доод болон дунд хананы хугарал, хугарлын улмаас өөхлөгийн ивэрхий, баруун нүд орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 03 сарын 18-ны өдөр .... буюу ажил дээр байж байхад манай ажлын хамт олон цэргийн баяр гээд тэмдэглэх үү гэсэн санал гараад 13 цагийн орчимд ажлын гаднаас хөдлөөд ... сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах ... гэх нэртэй жуулчны бааз орж тухайн газар байх байшингуудын баруун хойд талын байшинд нь ажлын хамт олон буюу арваад хүн дуулах гээд орсон. Манай хамт олон ээлжлээд дуугаа дуулж, тухайн жуулчны баазаас 0,75 гр хоёр шил архи захиалж авсан. Тэгээд бид нар цэргийн баярыг тэмдэглээд архи согтууруулах ундаагаа уугаад юм ярьж, дуу дуулаад 30 минутын дараа манай ажлын Г дуу дуулж байхад миний захиалсан хоол ирэх үед би Г-ын дууг зогсоогоод хоол ирсэн талаар хамт олондоо зарлан мэдэгдэх гээд Г-д хандаж “чи дуугаа зогсоочих, дахин эхнээс нь тавьж болж” гэж хэлэхэд Г “миний дууг таслаад үзээрэй” гээд танихгүй хүн шиг харьцсан. Тэгэхлээр нь би караокены удирдлагыг нь аваад Г-ын дуулж байсан дууг нь зогсоосон. Тэгсэн чинь Г “дуу тасалдаг яасан овоо пизда вэ” гэж хэлэхээр нь би “уучлаарай би дахин дууг нь тавиад өгье” гэж хэлсэн. Г цааш микрофон тавиад над руу ухас хийхээр нь би цочсондоо өөрийгөө хамгаалаад Г-ыг түлхсэн чинь цаашаа ор налаад газар суусан. Тэнд байсан манай ажлын хамт олон “муудалцаж болохгүй шүү” гэж хэлээд би байшингаас гараад явсан. Энэ үед тэнд байсан хүмүүс Г дээр очсон байсан. Тэгээд би миний хэрэг анд байхгүй юм шиг байна гэж бодоод машиндаа суугаад хөдлөх гэж байхад манай ажлын хүн О машины хаалга нээгээд намайг “Г-той учир зүйгээ ол,Г-той зодолд” гэх мэт юм яриад байх шиг байсан. Тэгээд би машинаа унтраагаад машинаас буугаад ирэхэд О Г дээр очоод Г над руу гүйж ирээд намайг гараараа 1-2 удаа цохих гэж дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад хариу цохилт өгөөгүй. Намайг эргээд хартал зүүн хөлийн шагайн тус газар хүчтэй өшиглөхөөр нь би өөрийгөө хянаж байсан чадвар алдагдаад зөрүүлээд баруун талын гараа нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би гутлаа янзлах гээд тонгойход өөдөөс Г тонгойгоод гүйгээд ороод ирэх энэ үед би хойшоогоо гишгэх үед би баруун талын хөлөөрөө Г-ын нүүр хэсэг рүү өшиглөж таарсан. Тэгээд ажлын хамт олон ирээд бид хоёрыг болохгүй гэж хэлээд би машиндаа суугаад сумын төв рүү яваад өгсөн. Г намайг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Би Г-ыг гараараа болон хөлөөрөө өшиглөсөн. Миний зүгээс 3,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа, цаашид учирсан хохирлыг төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 57-58/    

 Шүүгдэгч Б.С шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 3 сарын 18-ны өдөр болсон асуудал. Г-ыг зодож гэмтээсэн асуудал гаргасан. Гэмшиж байна. Уг зодооныг илт дээрэлхэж зодсон зүйл байхгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохиролд 3 сая төгрөг төлсөн байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол 3,070,750 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 03 сарын 18-ны өдөр 07:30 минутын орчимд гэрээс гараад ажил дээрээ очиж, илүү цагтай байсан тул 08 цаг гээд ажлаас буусан. Тухайн өдөр цэргийн баяр байсан тул ажлаас буусан найз Д-ийн хамт 0,75 гр нэг шил архи хувааж уусан. Тэгээд 12 цагийн орчимд манай ажлын 6-7 хүн ажлын гадаа уулзаад ... багийн нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз орохоор болсон. Би ажлын гаднаас Б.С-ын машинд суугаад 13 цагийн орчимд жуулчны баазын баруун хойд талд байрлах байшинд манай хамт олон орсон. Бид нар дуу дуулаад тухайн газар 0,75 гр 2 шил архи уусан. Миний бие нутгийнхаа дууг буюу Дарьганга гэх нэртэй дуу дуулаад байж байхад ерөнхий инженер С дууг шууд салгасан. Тэгэхээр нь би “чи яагаад дуулж байгаа дуу салгаж байгаа юм бэ” гэж хэлээд би сууж байсан газраас босоод ирэхэд “юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиод би хажуу талаар унахад мөн дахин 1-2 удаа гараараа цохиход манай ажлын хамт олон бид хоёрыг салгасан. Тэгээд би байшингаас гараад С-тай учраа олох байх гэж бодоод байшингийн хойд талд зогсож байхад С намайг ална тална гээд манай ажлын хамт олон С-ыг хориглоод зогсож байхаар нь би С-д хандаж “хоёулаа учраа олох уу” гэж хэлэхэд С ирээд намайг гараараа хоёр удаа цохих үйлдэл хийхээр нь би гаргасан чинь би хойшоо бүдрээд унасан. Энэ үед С миний нүүр, хамар, нүд хэсэг руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд авсан. Би энэ үед бас хэсэг хугацаанд ухаан алдсан юм шиг байна лээ. Миний хамраас цус гараад, нүд юм харж чадахгүй, хамар өвдөж байсан. Тэгээд би ажлын хүн О-ийн машинд суугаад О-ийн гэрт очиж цусаа цэвэрлээд намайг гэрт хүргэж өгсөн. Би тухайн үед миний биед ийм хэмжээний гэмтэл учирсан гэж бодоогүй гайгүй байх гэж бодоод эмнэлэгт үзүүлээгүй юм. Миний хамар хугарсан, баруун талын нүдний ухархайн яс хугарсан, нүдний өөх нь гэмтсэн. Толгой байнга өвдөж байна. Надад нийт 5,112,383 төгрөгийн хохирол учирсан. Учир хохирлоос 3,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байгаа. Миний сая хагалгаанд орсон баруун талын нүдний ухархай бүрэн мэдээ ороогүй байгаа. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Толгой өвдөөд, зовуурь ихтэй, эмчилгээ дууссан үед дахин бариулах шаардлагатай байгаа гэжээ. /хх-ийн 6-7, 10/

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн М.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч М.Г нь 2022 оны 03 сарын 20-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 3,070,750 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.С-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь .... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Сум дундын прокурорын газарт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно гэжээ. /хх-ийн 13-14/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би тухайн үед гарч ороод гар утсаар хүмүүстэй яриад явж байгаад орж ирээд суухад Г нутгийнхаа дууг буюу Дарьганга гэх нэртэй дуу дуулаад байж байхад ерөнхий инженер С үг хэлэх гээд Ганболдоос зөвшөөрөл аваагүй дууг нь зогсоож, энэ асуудлаас болж Г, С хоёр хоорондоо муудалцаж, мөн Г-ыг С нүүр хэсэг рүү нь цохиж аваад, С Г-ыг доороо оруулаад цохиод байхаар нь тэр хоёрыг тэнд байсан хүмүүс болон миний бие салгаад байшингаас гаргасан. Тэгээд бид нар гараад байшингийн баруун хойд талд зогсоод юм яриад, би гар утсаар хүнтэй яриад зайтай байхад Г С-ын доор нь орчихсон зодуулаад байж байхаар нь би гүйж очоод тэр хоёрыг салгасан. Тухайн үед Г-ын хамраас нь цус гарсан тогтохгүй байсан. Мөн хүд болон нүүр хэсэг нь хавдсан байсан. Тухайн үед С-ын биед нь харагдах шарх байхгүй байсан.. гэжээ. /хх-ийн 19-20/

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай хамт олон гээд нийлээд 10 гаран хүн цугласан байсан. Бид нар дуу дуулаад тухайн газар 0,75 гр 2 шил архи уусан. Тэгээд Г нутгийнхаа дууг буюу “Дарьганга” гэх нэртэй дуу дуулаад байж байхад ерөнхий инженер С уг хэлэх гээд Ганболдоос зөвшөөрөл аваагүй дууг нь зогсоож, Г “яаж байгаа юм бэ” гэхэд С “би үг хэлэх гэсэн юм, буцаагаад дууг чинь тавиад өгнө” гэж хэлээд, энэ асуудлаас болж Г, С хоёр хоорондоо муудалцаж Г-ыг С нүүр хэсэг рүү нь цохиж авахад Г хойшоо унаад өгсөн. Энэ үед тэнд байсан манай байгууллагын ажилчид тэр хоёрыг салгаад байшингаас аваад гарсан. Би байшинд үлдээд ажилчдын хувцаснуудыг хамаад машинд хийгээд дотор нь сууж байхад Г С хоёр дахин муудалцаад чанга чанга дугараад байхаар нь машинаас буугаад ирсэн чинь Г газар унасан. С-ыг хүмүүс дахин зодолдуулахгүй хориглоод зогсож байсан. Г-ын нүүр болон баруун талын нүд хэсэг хавдсан, хамраас нь цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэгт үзүүлнэ гээд О-ийн машинд суулгаад явж байхад Г эмнэлэг орохгүй гэхээр нь О эгчийн гэрт очиж Г-ын хамраас гарч байгаа цусыг нь угааж цэвэрлээд гэрт нь хүргэж өгсөн гэжээ. /хх-ийн 22-23/

Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...бид нар баруун хойд талд байрлах байшинг нь авч ороод 0,75 гр 2 шил архи захиалж авсан. Манай хамт олон ээлжлээд дуулаад, нэг шил архи нь дуусаад дараагийн нэг шил архи нь дуусаж байхад би гар утсаар хүнтэй юм яриад гадаа байж байхад С, Г хоёр муудалцаж, маргалдсан байдалтай С байшингийн гадаа зогсож байсан. Удалгүй Г байшингаас гараад ирэх дээр нь би Г-д хандаж Ц эрүүл байгаа “миний машинд суугаад явах уу” гэж хэлэхэд Г явахгүй гээд байсан. Энэ үед С машиндаа суухаар нь би араас нь очиход С машинаас буугаад ирсэн. би С-д хандаж “эрчүүд байж учраа олчихгүй, баярын өдөр байна шүү дээ” гэж хэлсэн. Г байшингийн хажуу талд, С машины хажуу талд зогсож байхдаа хоорондоо нэг нэгнийгээ муухай муухай үгээр хэлээд хэрүүл маргаан хийгээд байсан. Би Г-ын хажуу талд очоод “та хоёр хэрүүл маргаан хийж болохгүй больё” гэж хэлээд Г-ыг болиулах гэсэн боловч чадахгүй эрчүүд өөрсдөө учраа олно гээд Г С хоёр урд урдаасаа алхаж явж байгаад хоорондоо зодолдсон. Г С хоёр нэг нэгийгээ гараараа цохих үйлдэл хийгээд байх шиг Г хойшоо ухарч байгаад газар унаад өгсөн. Ө эгч бид хоёр ойрхон байсан тул гүйж очоод тэр хоёрыг салгахад С машиндаа суугаад хөдлөөд явсан. Г-ын хамраас их хэмжээний цус гарахаар нь цусыг нь тогтоож, миний машинд суулгаад манай гэр лүү явсан. Г-ын цусыг цэвэрлэж дуусаад гэрт нь хүргэж өгсөн гэжээ. /хх-ийн 28-29/

Гэрч Х.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...  жуулчны бааз ороход манай ажлын хамт олон баруун хойд талд байрлах байшинд орсон. Ээлжлээд дуу дуулаад байж байсан. Тэд нар ширээн дээр 0,75 гр нэг шил архи уугаад дуусаж байх шиг байсан. Тэгээд Г нутгийнхаа дууг буюу Дарьганга гэх нэртэй дуу дуулаад байж байхад ерөнхий инженер С гаднаас тортой зүйл барьж орж ирээд үг хэлэх гээд Г-оос зөвшөөрөл аваагүй дууг нь зогсоож, Г “яаж байгаа юм бэ би дуулж байна шүү дээ” гэж хэлэхэд зөрүүлээд “дүү нар хоол унд аваад ирсэн байна. Тэр ямар хамаатай юм бэ би дуулж байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь С “дараа дахиад тавиад дуулчих” гэж хэлсэн. Г “надаас зөвшөөрөл авахгүй яагаад унтрааж байгаа юм бэ” гэж хэлэхэд С гараараа нүүр хэсэг рүү нь цохиод авахад Г хойшоо хүмүүс налаад газар унасан. Тэнд байсан хүмүүс С-ыг салгаж авах гээд манай ажлын хүмүүс миний хажуугаар гараад С-ыг байшингаас аваад гарсан. Г-ын баруун шанаа хэсгээс цус  гараад байхаар нь нойтон салфеткаар О бид хоёр дараад байшингаас аваад гарсан. Г-ыг машинд суулгах гэсэн чинь явахгүй гээд машинд суухгүй байсан. Тэр хоёр гадаа гарч ирээд хэрүүл хийгээд нэг нэгийгээ “барахгүй шүү” гэх мэт уг хэлээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь Г-ыг байшингийн хажуу талд авч ирсэн. Тэгээд би Г-д хандаж “О-ийн машинд суугаад явна шүү” гэж хэлээд хамт О-ийн машин луу явж байхад мөн Г С хоёр нэг нэгийгээ “чи намайг барахгүй шүү” гэх мэт үг хэлээд дахин хэрүүл хийгээд байсан. Би С-ын хажууд очоод С-д хандаж “та ерөнхий инженер, удирдах албан тушаалтан шүү, муудалцаж маргалдаж болохгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Г бид хоёр луу ирж явахдаа “бид хоёр ярилцаад учраа олж чадна шүү дээ” гэж хэлээд С-ыг би бас урдаас нь явуулахгүй гээд бариад зогсож байхад С бид хоёр учраа олно гээд урдаас нь очоод Г-ыг гараараа 2-3 удаа цохих үйлдэл хийгээд Г хойшоо ухарч байгаад унаад өгсөн. Энэ үед Г-ын нүдний шил газар унаад өгөхөөр нь би нүдний шилийг аваад эргээд хартал С Г-ыг өшиглөсөн байдалтай хөлөө татаж авч байсан. Би С-ыг салгаж аваад энэ үед манай ажлын хүмүүс ирээд С-ыг аваад Г-ын хамраас цус гараад байсан тул салфеткаар дараад “О-ийн машинд суугаад эмнэлэг орох уу, явах уу” гэсэн чинь Г эмнэлэг орохгүй гэхээр нь О-ийн гэрт нь очиж Г-ын цусыг нь цэвэрлээд гэрт нь хүргэж өгсөн гэжээ. /хх-ийн 32-33/

Шинжээчийн 04/120 тоот дүгнэлт: 1.М.Г-ын биед баруун нүдний ухархайн доод болон дунд хананы хугарал, хугарлын улмаас өөхлөгийн ивэрхий, баруун нүд орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. 4.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 34-35/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 50/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 51-53/

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 19/06 дугаартай албан тоот /хх-ийн 63-64/

... сумын Сүлд багийн Засаг даргын 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 213 дугаартай албан тоот, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69, 74, 95/

Шийтгэх тогтоолын хуулганууд /хх-ийн 98-111/

Хохирлын баримт /хх-ийн 116-120/

Шүүгдэгчийн 3,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 121/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 122-127/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 сарын 18-ны өдөр 14 цагийн орчимд Дорноговь аймгийн .... багийн нутаг дэвсгэрт байрлах “...” гэх нэртэй жуулчны баазын караокед М.Г-ын дуулж байсан дууг зөвшөөрөлгүй зогсоосон гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар караокены дотор болон гадна талд нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, баруун нүдний ухархайн доод болон дунд хананы хугарал, хугарлын улмаас өөхлөгийн ивэрхий, баруун нүд орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...чи яагаад дуулж байгаа дуу салгаж байгаа юм бэ” гэж хэлээд би сууж байсан газраас босоод ирэхэд “юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиод би хажуу талаар унахад мөн дахин 1-2 удаа гараараа цохиход манай ажлын хамт олон бид хоёрыг салгасан. Тэгээд би байшингаас гараад С-тай учраа болох байх гэж бодоод байшингийн хойд талд зогсож байхад С намайг ална тална гээд манай ажлын хамт олон С-ыг хориглоод зогсож байхаар нь би С-д хандаж “хоёулаа учраа олох уу” гэж хэлэхэд С ирээд намайг гараараа хоёр удаа цохих үйлдэл хийхээр нь би гаргасан чинь би хойшоо бүдрээд унасан. Энэ үед С миний нүүр, хамар, нүд хэсэг руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд авсан. ... Миний хамар хугарсан, баруун талын нүдний ухархайн яс хугарсан, нүдний өөх нь гэмтсэн. Толгой байнга өвдөж байна. Надад нийт 5,112,383 төгрөгийн хохирол учирсан. Учир хохирлоос 3,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байгаа. Миний сая хагалгаанд орсон баруун талын нүдний ухархай бүрэн мэдээ ороогүй байгаа. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Толгой өвдөөд, зовуурь ихтэй, эмчилгээ дууссан үед дахин бариулах шаардлагатай байгаа.” гэх мэдүүлэг, шинжээчийн 04/120 тоот дүгнэлтээр хохирогчийн биед баруун нүдний ухархайн доод болон дунд хананы хугарал, хугарлын улмаас өөхлөгийн ивэрхий, баруун нүд орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, ... хамаарсан. /хх-ийн 34-35/, гэрч М.Б /хх-ийн 19-20/ , гэрч Б.Ц /хх-ийн 22-23/, гэрч П.О /хх-ийн 28-29/, гэрч Х.Ө /хх-ийн 32-33/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.С-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч М.Г-ын эмчилгээний зардал болон эм тарианд нийт 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.С төлсөн, хохирогч нь эмчилгээний зардалд нийт 5,112,383 төгрөгийн зардал гарсан гэж хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлдэг. Хохирлын баримт /хх-ийн 116-120/-уудын үнийн дүн 5,112,383 төгрөг хүрэхгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн. Түүнчлэн хохирогч нь банкны дансны хуулга болон цалингийн тодорхойлолт хэрэгт хавсаргасан боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн аль шаардлагыг нотолж байгаа нь тодорхойгүй байна. Хохирлын тооцоотой холбоотой тодорхойгүй байсан баримтын талаар хохирогч М.Г-оос шүүх хуралдаан дээр тодруулах шаардлагатай байсан, түүнд шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах мэдэгдсэн боловч хохирогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно. Иймд хохирогч М.Г нь эрүүгийн энэ хэрэгт нэхэмжилсэн 5,112,383 төгрөгөөс үлдсэн 2,112,383 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа гарган нэхэмжлэх эрхтэй болно.

Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,070,750 төгрөгийг шүүгдэгч Б.С-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,070,750 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн М.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч М.Г нь 2022 оны 03 сарын 20-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 3,070,750 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.С-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /хх-ийн 13-14/ гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 19/06 дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 63-64/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.С нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,070,750 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно. 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид хохирлын 3,000,000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхлэлт болон цалин орлогын байдлыг харгалзан үзээд оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс өгсөн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.С-аас 3,070,750 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10090020080 дугаартай оруулж, хохирогч М.Г нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.Б