Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 59

 

 

 

  

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Ө                                                      

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ...настай, ..., яс үндэс халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, Дорноговь аймгийн ... ажилтай, ам бүл ..., ... хамт, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, Д.Г /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод иргэн Б.Б-тэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай бэр А-тай Б.Б нь хамт пиво уусан байна лээ, манай хүү Б нь над руу яриад “манай эхнэр А нь Б-ийнд байнаа, түүнийг очиж аваад гэрт нь хүргээд өгчих” гэхлээр нь би 23 цаг өнгөрч байх үед Б-ийн гэрт очсон чинь Б, А нар 2 хүүхэдтэйгээ 2.5 литрийн савтай пиво талд нь оруулчихсан сууж байсан, тэгээд А гайгүй, Б нэлээд халамцуухан байсан, би ач хүү 1 настай хүүхдийн хувцсыг өмсүүлж байсан чинь Б нь “Та яах гэж ирсэн юм бэ?” гээд байхаар нь би “Б утасдаад энэ хоёрыг гэрт нь хүргээд өгчих гэсэн юм аа, чамд ямар хамаатай юм бэ?” гэсэн чинь “битгий солиор” гэж хэлээд босож ирээд манайг үсдээд авахаар нь би “тавь муу гөлөг минь, танайхаас хүүхдүүдээ аваад зайлъя” гэсэн чинь миний үс тавихгүй байхаар нь би зөрүүлээд үсээд дараад унагаагаад дээрээс нь дарчихсан нь миний өөдөөс сарвалзаад байсан тэгээд зууралдаж байгаад тэднийхээс шууд гараад явсан, түүнээс өөр зодоон цохион гэх зүйл болоогүй. Намайг гэрт нь ороход зурагтын гэрэлд байсан би түүнийг сайн харж чадаагүй, Би түүнийг үсдэж унагаасан, дээр нь дарсан өөр юм байхгүй гэжээ. /хх-ийн 70/

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр Б-ийн гэрээс хоёр хүүхдээ аваад гаръя гэж хэлтэл миний үснээс үсэдсэн. Тэгээд би Б-ийг үсдэж ийм байдалд хүрсэн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. хохиролд 187,200 төгрөгийг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлж барагдуулна гэв.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 04 дүгээр сарын 22-нд надтай хамт ажилдаг Г-ын бэр А нь 20 цаг өнгөрөөгөөд би хашаандаа хүүхэдтэйгээ хоёулаа байна. Танайд хүрээд очих уу гэхээр нь тэг тэг гэсэн. Тэгээд байж байтал манай гэрт төрсөн дүү Б-ээр хүргүүлэн ирсэн. Тэгээд би дагуулаад гэрлүүгээ орсон. Тэгээд манай гэрт ороод байж байтал манай гэрт хөргөгчид 2,5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй пиво нэг ширхэг байхаар нь А-тай хамт хувааж уугаад байж байтал А-ийн нөхөр Б нь утсаар нь залгаад ууж идлээ гээд загнаад байхаар нь би утсыг нь аваад ярьсан. Ярихдаа чи юундаа уурлаад байгаа юм бэ энийг хувааж уугаад унтчихна шүүдээ гэж хэлсэн чинь Б надад хандаж дуугай байгаарай архичин авгай минь гэхээр нь би уурлаад чи муу донгио бацаан минь дугуй байгаарай маргааш уулзаарай гээд утсаа тасалсан. Тэгээд байж байтал удалгүй 1-20 минутын дараа ээж Г нь манай гэрт орж ирээд чи муу миний хүүхдийг дарамталдаг хэн бэ? чам шиг юмаар дарамтлуулахгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би Г-т хандаж та одоо юун сүртэй юм бэ жоохон хүүхэд өмөөрч байгаа юм шиг маргааш уулзаад зүгээр болчихно шүүдээ гэж хэлэхэд миний өөдөөс далайгаад байхаар нь би зүгээр байгаарай балай авгай минь гэсэн чинь Г шууд миний үснээс зулгаагаад өшиглөөд зодсон. Тухайн үед бид хоёрын хажууд А ээж та тавиач ээ гээд гуйгаад орилоод байсан. Тухайн үед би зөрүүлээд үснээс нь зулгаасан боловч цохиж чадаагүй. Г намайг гараараа 2-3 удаа нуруу, зүүн гарын булчин хэсэг, цохисон, мөн хөлөөрөө 3-4 удаа хэвлий гэдэс хэсэг рүү өшиглөсөн. Би Г-ыг үстсэн харин гараараа цохиж чадаагүй. Намайг үсдээд доош дарсан байсан болохоор би гараа сарвайгаад хүрэхгүй байсан. Миний тархи хөдөлсөн. Түүнээс болж даралт ихэссэн. Одоо шилэн хүзүүгээр нугарч чадахгүй өвдөөд байна. Би зодуулснаас болж босож чадахгүй байсан. Тэгээд 1 дэх өдөр нь эмнэлэгт үзүүлж яваад ирсэн. Г нь ... дотуур байрын жижүүр юм. бид хамт нэг газар ажилладаг. Би А-тай уулзахаас өмнө ажлынхаа хоёр эгчтэй хамт байсан. Тухайн үед хамт ажилдаг Д, Ц нар нь архи ууж байсан ба би тухайн архинаас 1 авсан байсан. Өөр нэмж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэжээ. /хх-ийн 11-15/

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд том өрөөний үүдэнд манай хадам ээж Г зогсож хүү бид хоёрыг явна гээд зогсож байтал Б эгч манай хадам ээж рүү очоод үснээс нь зулгаагаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо үсдэлцээд ноцолдсон. Тухайн үед би тэр хоёрыг салгах гээд чадаагүй та хоёр болиоч дээ гэж хэлсэн. Манай хадам ээж Г Б эгч хоёр хоорондоо үстэлцээд байсан. Гартаа ямар нэгэн зүйл барьж бие биенийгээ цохиж зодоогүй. Тэр хоёр хоорондоо үстэлцээд байсан. Сүүлд нь харахад манай хадам ээж Г-ын нүүрийг маажсан байсан. Золдолдсон газарт нь үснүүд уначихсан байсан ерөнхийдөө гэрэл Их бүдэг зурагтын гэрэлтэй байсан болохоор тэднийг хэнд нь ямар гэмтэл учирсныг анзаарч хараагүй, маргааш өглөө манай хадам ээжийг нүүр нь маажсан шархтай байсан. Манай хадам ээж том өрөөнийх нь хаалганы үүдэн зогсож байсан чинь Б эхэлж очоод нүүр лүү нь эхлээд гараа явуулсан чинь хэн хэн нь зөрүүлээд үсдээд авсан, Ганболор нь Б-ийг үсдэж доош нь газар унагаагаад гэдсэн дээр нь гишгэсэн дарсан байдалтай байсан, би тэднийг салгах гээд салгаж чадахгүй байсан, тэр хоёр биенийгээ “чи эхлээд тавь, би эхлээд тавь” гээд байсан тэгж байгаад өөрсдөө салаад Ганболор нь гэрээс гараад явчихсан түүнээс өөр зүйл болоогүй.” гэжээ. /хх-ийн 28-30/

Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр амралтын өдөр хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй, толгой өвдөнө гэсэн зовуурьтай Б гэх хүн ирсэн. Биеийн байдал нь дунд ухаан санаа саруул, биеийн байрлал идэвхтэй мах мариа дунд, арьс салст цэвэр чийглэг, зүрхний авиа тод, хэм жигд, пүлс 93 артерийн даралт 140/90, 140/100 байсан. Уушги хоёр талд цэвэр амьсгалтай, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, элэг дэлүү тэмтрэгдэхгүй, захад хавангүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Хүзүүний өмнөд хэсгээр, маажсан оромтой, Дал нуруу өвдөгний гадна тал, буглагны гадна талд хөхрөл үүсэж зөөлөн эдийн гэмтэл үүссэн байсан. Зөөлөн эдийн гэмтэл, тархины доргилт гэсэн онош тавигдаж аналгин 50 %-2,0 граммаар булчинд тарьсан. Манитол 250 грамм судсаар тарьсан. Амлодипин 10 мл нэг удаа уулгасан. Атенлол 50 мл 2/1 нэг удаа уулгаж цаашид аймгийн нэгдсэн эмнэлэгт тархины зураг авхуулах талаар зөвлөсөн гэжээ. /хх-ийн 33-34/

Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орой 19 цагаас ээлжийн ажилтай байсан. Орой 22 цагийн орчим манай эхнэр над руу залгаж Б эгчийн хүү нь над руу залгаж хараалаа гэсэн. Тэгээд утсаа тасалсан. Тэгээд би өглөө 08 цагт ээлжээ хүлээлгэн өгөөд гэртээ иртэл манай гэр жаахан замбараагүй хүний үс энд тэндгүй байсан. Мөн манай эхнэр Б-ийн өмссөн футболк нь цус болсон байсан. Тэгээд буюу болсон талаар асуухад Г эгч орж ирээд намайг зодсон гэж байсан. Манай эхнэр Б нь босож чадахгүй толгой нь даагдахгүй өвдөөд байна гээд хэвтэж байсан. Г гэдэг хүнийг танина. Манай ээжийн дүүгийн эхнэр нь юмаа. Г-ын хүү Б Б нар хоорондоо утсаар хэрэлдсэнээс болсон гэж байсан гэжээ. /хх-ийн 37-38/

Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай Соёлын төвд “Яргуй” хүүхдийн урлагийн наадмын тоглолт болоод тоглолтын дараа бүжиг явуулъя гэсэн хүсэлт ирсэн юм. Тэгээд Соёлын төвд бүжиг болоод дуусах болж байсан шөнө 23 цагийн үед Б.Б нь дуу дуулна гэж байсан юм байна лээ, би тэрийг нь мэдээгүй өөр өрөөнд байж байгаад гараад ирсэн чинь, дуу дуулна гэж байсан тэгээд Соёлын төвийн ажилтнууд амарна, үйл ажиллагааг ингээд дуусгана, цаашид өөр үйл ажиллагааг байхгүй гэсэн утгатай асуудал болсон юм. Тэгсэн чинь Б.Б нь “та нар юу хийдэг юм бэ? өглөө цагтаа чирдэггүй байж, хийгээд байх юм байдаггүй шүү дээ” гэхлээр нь би “Чи одоо юу гээд байгаа юм бэ?” гээд үснээс бариад татсан чинь Б.Б нь “би таныг хэлээгүй шүү дээ аниа” гэхлээр нь больсон, түүнээс өөр ямар ч үйлдэл зодоон болоогүй. Б.Б бид хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, үснээс нь л нэг удаа зулгаасан, түүнээс өөр түүнийг зодож цохисон асуудал байхгүй, Б.Б нь намайг зодож цохисон асуудал байхгүй, тухайн үед манай ажлын бүжгийн багш Ц.Х бол бүгдийг нь харсан гэжээ. /хх-ийн 41-42/

Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Б нь 2022 оны 04 сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод   бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Б нь 2022 оны 04 сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 177,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Г-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Сум дундын прокурорын газарт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно гэжээ/хх-ийн 92-93/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 04/134 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Б.Б-ийн биед хүзүүний өмнөд талын хэсэгт зулгаралт, зүүн талын бугалганы гадна талд, баруун далны гадна талд, хэвлийн урд зүүн доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 53-54/

Эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татах тухай прокурорын ... тоот тогтоол /хх-ийн 65-66/

 Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73-74/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 19/10 дугаартай албан тоот, зардлын задаргаа /хх-ийн 87-88/

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 94/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 95-97/

Хохирол төлсөн баримт /хх-ийн 99/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 28 дугаартай тогтоол /хх-ийн 100-101/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 106/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод иргэн Б.Б-тэй маргалдан, зодож хүзүүний өмнөд талын хэсэгт зулгаралт, зүүн талын бугалганы гадна талд, баруун далны гадна талд, хэвлийн урд зүүн доод хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б /хх-ийн 11-15/, гэрч Г.А /хх-ийн 28-30/, гэрч С.А /хх-ийн 33-34/, гэрч Н.М /хх-ийн 37-38/, гэрч Ч.М /хх-ийн 41-42/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 04/134 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Г-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Б.Б нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул хохирогч Б.Б-т шүүгдэгч Д.Г нь төлөх хохирол төлбөргүй байна.

Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 177,000 төгрөгийг шүүгдэгч Д.Г-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 177,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Б нь 2022 оны 04 сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод   бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б нь 2022 оны 04 сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 177,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Г-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /хх-ийн 92-93/ гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 19/10 дугаартай албан тоот, зардлын задаргаа /хх-ийн 87-88/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Г нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 177,000 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно. 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхлэлт болон цалин орлогын байдлыг харгалзан үзээд оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс өгсөн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-оос 177,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай оруулж, хохирогч Б.Б-т төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б