Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2022/0062/Э |
Дугаар | 62 |
Огноо | 2022-06-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Л.С
Хохирогч Э.У
Шүүгдэгч Ж.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., ... хамт, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, П /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн орой 22 цагийн орчим Дорноговь аймгийн ... тоотод Э.У-тай шилэн аяга шидлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хацар яс орчим зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн цөмрөлт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...А-ийн утас нь дугараад нэг хүүхэнтэй яриад байсан тэгсэн чинь А нь манай найз нөхөртэйгөө маргалдаад гадаа уйлаад сууж байна гэнэ хэдүүлээ очоод яваад ирье гэхээр нь бид нар хамт очоод гэр байрны өргөн гудамжны хажууд байдаг шар дэлгүүрийн хажууд хашааны буланд сууж байхаар нь бид нар аваад машиндаа суулгаад хөдлөх гэж байсан чинь У-ны нөхөр нь хар өнгийн машинтай дэлгүүрийн харалдаа зогсож байхаар нь У-д хандан А нь танай нөхөр энд байна гэсэн чинь У нь би нөхөртэйгөө уулзмааргүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь У гэх хүүхнийг авч яваад О гэх найзындаа буцаад ирсэн Тэнд нэг том пиво задлаад нэг нэг аяга ууж байсан чинь У нь ууж байсан пивотой аягаа шилэн ширээн дээр шидэхээр нь би У-д хандан хөөе наад нялах хүүхдийн нүд рүү шил орчуул яахын бэ гээд уурласан чинь У нь миний өөдөөс хараал хэлээд байхаар нь чи эндээс гар гэж хэлсэн чинь гарахгүй хэрүүл хийгээд суугаад байсан тэгэхээр нь би чи гар гээд О-ы гэрээс түлхээд үүдний хэсэгт очсон чинь хаалга чагтлаад гарахгүй байхаар нь үснээс нь зулгаагаад цааш нь түлхсэн тэгээд У гэх хүүхэн эргэж орж ирээгүй. Тэгээд би найз хүүхэн болох О-ы гэрт амраад маргааш нь гэртээ харьсан.Өөр зүйл болоогүй. Би тухайн үед задалсан том пивоноос шаазан аягаар нэг л аяга уусан байсан. Би У-ны биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байна. Би хохирол болох 495,300 мянган төгрөгийн хохирол барагдуулсан байгаа.”гэжээ. /хх-ийн 48-49/
Шүүгдэгч Ж.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 05 сарын 22-нд найз охины хамт байж байтал манай найз руу найз А нь залгаад гадаа хүүхэдтэйгээ явж байна ирээд аваадах гэсэн. Бид очиж А хүүхдийнх нь хамт очиж аваад О-нд ирсэн. Ирэхдээ гаднаас нэг том пиво авсан. Тэгээд О-нд бид 3 сууж байтал А-ийн утас дугарч найз нь гээд хүн яриад ирээд аваадах гээд уйлаад байсан. Бид гурав очиж У-ныг авсан. У болон А нарыг би танихгүй. А-ийг манай найз О таньдаг, У-ыг А таньдаг юм билээ. Миний хувьд О-той найзлаад 8-9 жил болж байгаа найзууд юм. Бид хэд О-ийн гэрт ирээд нөгөө пиво аяглаад суусан. Тэгтэл У пиво ууж байсан аягаа шилэн ширээн дээр шидсэн. Тухайн үед А хүүхдээ хөхүүлээд сууж байсан. Би У-д хандан “чи яаж байгаа юм бэ наад аяга чинь хагараад хүүхдийн нүд рүү орвол яах юм бэ” гэтэл намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд танихгүй хүнд хэл амаар доромжлуулаад байж чадахгүй гээд үснээс нь үсдээд 2-3 удаа алгадсан. Тэгээд үсдээд гэрээс гаргасан. Гэм буруугаа хүлээж байна, миний буруу, эмчилгээний зардал 495,300 төгрөгийг төлсөн, эрүүл мэндийн даатгалын 58,000 төгрөгийг төлнө, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэв.
Хохирогч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...А нь хоёр танихгүй хүнтэй намайг машинтай ирж аваад А-ийн найз гэх танихгүй айлд ирж бид 4 пиво ууж байгаад би гэртээ харилаа гэсэн чинь намайг зоддог хүүхэн нь чи муу ямар далдганасан охин бэ гээд миний нүүр лүү гараараа зөндөө цохисон. Тэгэхээр нь би тэр айлаас зугтаад гэртээ ирж толинд өөрийгөө харсан чинь миний нүүр аймаар хавдсан бас хамар мурийсан байсан. Тэгээд би сумын нэгдсэн эмнэлэг орж хамраа үзүүлсэн чинь эмч миний хамрыг хугарсан бас зөөлөн эдийн гэмтэл байна гэж хэлсэн тэгээд би цагдаагийн 7 байгууллагад хандах болсон юм. Би пиво уугаад жаахан согтсон байсан өөрөөр биеэ удирдан авч явах чадвартай байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэх гол шалтгаан нь би нөхөртэйгөө маргасан байсан тэгтэл найз А нь миний ... гэсэн дугаарын утсаар залгаад чи намайг соёл спортын заалнаас ирээд авчих гэхээр нь би очиж чадахгүй найз нь нөхөртэйгөө маргасан байгаа гэсэн чинь найз А нь за за тэгвэл манайд яваад ир гэхээр нь би А-йнд очоод бид хоёр айлд очиж пиво ууж эхэлсэн. Би огт гар хүрээгүй харин намайг яасан шалчигнуур новш вэ гээд зодсон. Миний толгой өвдөж байгаа хамар амьсгалж чадахгүй мөн баруун талын нүдний доогуур маш их зовуурьтай байна. Би тухайн үед пиво уугаад согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Намайг гэртээ харилаа гэсэн чинь гэнэт уурлаад босож ирээд тэгсэн чинь энэ хүний хажуугаар бас нэг хүүхэн босож ирээд гараараа 2-3 удаа цохисон. Би А-ээс нөгөө хоёрыг нь танихгүй хүүхнүүд байсан. Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно.”гэжээ. /хх-ийн 6-7/
Хохирогч Э.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: П, Отгон нар бүлэглэн намайг зодсон. О, О, А гурав маргааш нь манай гэрт ирээд дарамталж, хэл амаар доромжилсон. О нь намайг нөхөртөө зодуулсан биз дээ гээд байсан. Энэ хүмүүс намайг бүлэглэж зодсон. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Төгс ялгуун гэх гоо сайхны мэс заслын эмнэлэгт үзүүлсэн хамрын цөмрөлт гаргах ажилбар хийлгэх шаардлагатай гэсэн. Үүний зардал нь 1,870,000 төгрөг болно гэсэн. Энэ хэмжээний мөнгө надад байхгүй тул шүүгдэгчээр гаргуулж өгнө үү. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх болно гэв.
Гэрч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...А-ийн найз гэх хүүхэн А-тэй утсаар яриад гудамд байна ирээд аваадах гээд уйлаад байсан хурдан ирээд аваач гээд байхаар нь бид гурав хамт явж хохирогч У-ыг очиж авсан тэгтэл хохирогч Уны нөхөр энд явж байна гэж А хэлсэн тэгтэл У нь би нөхөртэйгөө уулзахгүй хурдан яв гээд бид нар манайд ирж дэлгүүрээс авсан том пивоо ууж байсан чинь хохирогч У нь пиво ууж байсан аягаа ширээн дээр шидэхээр нь П уурлаад хохирогч У-д хандан наад аяга чинь хагараад хүүхдийн нүд амруу орчуул яах вэ гэсэн чинь хохирогч У нь хараал хэлээд байсан. Тэгтэл П нь чи яаж байгаа юм бэ гээд хохирогч У-ыг түлхэж үснээс нь зуураад гар яв чам шиг ийм нахаалны хүнтэй хамт ууж чадахгүй гээд түлхээд гаргасан өөр зүйл болоогүй. У-ыг урд нь харж байгаагүй.” гэжээ. /хх-ийн 10-11/
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...У нь миний ... дугаарын утсаар залгаад намайг ирээд аваач найз нь нөхөртэйгөө муудалцаад гэрээсээ гараад ирлээ гэхээр нь би найз О болон түүний найз гэх П-ийн машинтай У-ыг очиж авсан тэгээд бид нар хөдлөх гэтэл У-ны нөхөр нь машинтайгаа явж байхаар нь У-д хандан хөөе танай нөхөр энд явж байна чи уулзахгүй юм уу гэсэн чинь У би нөхөртэйгөө уулзахгүй шууд хөдөл гээд байсан. Тэгээд бид нар О-ны гэрт очиж дэлгүүрээс авсан том пиво задалж ууж байсан. У-д пиво хийж өгсөн чинь У нь пиво ууж байсан аягаа шилэн ширээн дээр шидсэн чинь О-ны найз гэх П нь уурлаад У-д хандан чи айлд ирчхээд чи ингэж болохгүй гээд хэлсэн чинь У нь П-ийн өөдөөс тэгээд чи яахын бэ гээд хэрэлдээд байсан. Тэгсэн чинь У П хоёр хоорондоо муудалцаад П нь У-ы үснээс зулгаагаад үүдний хэсэгт үстэлцээд байсан би салгах боломжгүй хүүхэдтэйгээ байсан.” гэжээ. /хх-ийн 18-19/
Гэрч С.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би очтол манай эхнэр У жоохон уучихсан байдалтай байсан. Манай эхнэрийг У гэх найз нь гаргаж өгсөн. Тэгээд бид хоёр гэртээ ороод байж байтал 23:00 цагийн орчим манай эхнэртэй нэг хүн утсаар яриад дуудаад байсан би эхнэрээ Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байх “4 эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд цагаан өнгөтэй сонота-7 маркийн тээврийн хэрэгсэлд манай эхнэр суусан. Тэгээд би гэртээ харьсан. Удалгүй 30-40 минутын дараа 00:00 цагийн орчим манай эхнэр дух нь хавдсан, хамар нь мурийсан байдалтай орж ирсэн. Би яасан талаар асуутал 2 хүүхэнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ хамт явж цагдаагийн байгууллагад хадсан.” гэжээ. /хх-ийн 27-28/
Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Э.У нь “2022 оны 05 дугаар сарын 22-ны шөнө “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг байрлах Залуус байрны гадаа зүс таних хүнд зодуулан гэмтэл авсан гэх” хэрэгт хохирогч Э.У нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэгдсэн эмнэлгийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 58,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ж.П-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэсний дагуу оролцож байна. Сум дундын Прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно гэжээ/хх-ийн 57-59/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 20-24/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 04/140 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Э.У-ы биед гэмтэл тогтоогдлоо. 2. Э.У-ы биед дух, хацар яс орчим зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн цөмрөлт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 33-34/
Эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татах тухай прокурорын ... тоот тогтоол /хх-ийн 43-45/
Хохирогчийн хохирлын баримтууд /хх-ийн 64-71/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73-74/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 19/12 дугаартай албан тоот, зардлын задаргаа /хх-ийн 61-62/
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 98/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 95-96/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 29 дугаартай тогтоол /хх-ийн 117-118/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 122/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ж.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн орой 22 цагийн орчим Дорноговь аймгийн ... тоотод Э.У-тай шилэн аяга шидлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хацар яс орчим зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн цөмрөл бүхий гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.У-ы мөрдөн шалгах ажиллагаанд /хх-ийн 6-7, 94/ болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч Р.О /хх-ийн 10-11/, гэрч А.А /хх-ийн 18-19/, гэрч С.Ө /хх-ийн 27-28/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 04/140 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.П-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.П-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэрч Р.О-ыг энэ хэрэгт шүүгдэгч Ж.П-тэй “...бүлэглэн зодсон П намайг зодож байхад О нь хажуугаар нь орж ирээд миний гар, хөл рүү цохисон” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 04/140 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед дух, хацар яс орчим зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн цөмрөлт бүхий гэмтлээс өөр газар гэмтэл тогтоогдоогүй байдаг, түүнчлэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 20-24/-ээс гэрч Р.О нь хохирогчийг зодоогүй болох нь тогтоогдсон байна. 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Р.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан байна. /хх-ийн 41-42/ Иймд хохирогч Э.У нь өөрт учирсан хохирлоо гэрч Р.О-оос шаардах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч Ж.П нь хохирогч Э.У-д гарсан эмчилгээний зардал 495,300 төгрөгийг төлж барагдуулсан нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хохирол төлсөн баримт /хх-ийн 70/-аар тус тус тогтоож байна. Хохирогч Э.У нь гэм хэргийн улмаас учирсан хор уршиг болох хамрын хянга яс засах мэс засал хийх шаардлагатай гэж хагалгааны зардал нийт 1,870,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирлыг баримт нь “Төгс ялгуун” эмнэлгийн эмч Б.П-гийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 490 дугаартай тодорхойлолт, Замын-Үүд нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас 2022 оны 05 сарын 22-ны өдрийн 24 дугаартай баримтуудаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар мэс заслын зардал болох 1,870,000 төгрөгийг шүүгдэгч Ж.П-ээс гаргуулах хохирогчид олгох нь зүйтэй байна. Хохирогч Э.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 58,000 төгрөгийг шүүгдэгч Ж.П-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 58,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Э.У нь 2022 оны 05 сарын 22-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Залуус байрны гадаа зүс таних хүнд зодуулан гэмтэл авсан гэх хэрэгт хохирогч Э.У нь 2022 оны 05 сарын 22-ны өдөр нэгдсэн эмнэлгийн төвөөс тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 58,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ж.П-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /хх-ийн 57-59/ гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 19/12 дугаартай албан тоот, зардлын задаргаа /хх-ийн 61-62/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.П нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 58,000 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Ж.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ж.П-ээс 58,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд, 1,870,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.У-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б