Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/619

 

 

2022           06          09                                 2022/ШЦТ/619

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Н.Булганчимэг,

Шүүгдэгч: Ц.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн нар оролцсон эрүүгийн 2209000000573 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 53 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Б” ХХК-д орон нутгийн ажилтан ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ......... байрны 39 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ц.Ц, /РД:/.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Си Юү сүлжээ дэлгүүрийн урд талын автомашины зогсоолд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим хохирогч Г.Дыг “автомашины засварын мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар бүсэлхий орчимд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000000573 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 04-07 дугаар тал),

-2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 15-17 дугаар тал),

-Өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4792 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

            -2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шинжээч Д.Даваахүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

            -Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 32-39 дүгээр тал),

-2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрч Ц.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн:

-Өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4792 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 99 дүгээр тал),

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 102-105 дугаар тал),

-Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 106 дугаар тал),

-Дипломын хуулбар (хавтаст хэргийн 114-117 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Ц.Ц шүүх хуралдаанд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн материалаас уншиж судлуулаагүй.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Си Юү сүлжээ дэлгүүрийн урд талын автомашины зогсоолд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим хохирогч Г.Дыг “автомашины засварын мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар бүсэлхий орчим хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэгийг тухайн газарт явуулахад гомдол мэдээлэл өгөгчийн хутгалуулсан гэх газар нь “Yokohama” гэх нэртэй авто засварын төвийн зүүн урд талд автомашины зогсоол дээр байх Mersedes Benz C230 маркийн мөнгөлөг саарал өнгийн 05-64 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы хажуу талд гэж хутгалсан гэх иргэнтэй хамт явж байсан хүн заасныг ...гадуураа хар өнгийн 26 см урт, 6 см өргөн хар өнгийн гэртэй бариулын урт нь 13.7 см, ажлын хэсэг нь 18.7 см, өргөн нь 2.5 см нийт урт нь 40 см, урд хэсэгт нь 8.3 см улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байсныг хэргийн газрын үзлэгээр хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-07 дугаар тал),

-Хохирогч Г.Дын “...Би 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Циркийн урд талын Си Юү очсон ба Ариунбилэг гэх залуугаас машины хохирлын үлдэгдэл мөнгөө авахаар очсон. Тэгээд “хүлээж бай” гэхээр нь хүлээж байтал 19 цаг 59 минутад 89106912 гэсэн дугаараас Ариунбилэг залгаад хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би Си Юу-гийн 00 өрөөнөөс гарч байна гэсэн тэгээд гараад иртэл Ариунбилэг намхан махлаг ахимаг насны эрэгтэй хүнтэй миний машины хажууд зогсож байсан. Тэгээд миний машинд суух гэж оролдсон. Тэгэхээр нь би суулгаагүй тэгтэл тэр залуу машин тойрч ирээд шууд миний араас нэг удаа хутгалсан тэгээд би машины сандал дээр унасан ба босож ирээд тэр залууг түлхээд зугтаасан. Надаас маш их цус гарч байсан ба тэр залуу миний араас ална гээд хөөгөөд байсан. Тэгээд би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Тэнд явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн аллаа ш дээ гээд 103-т дуудлага өгсөн ба намайг зугтаа гээд байсан. Тэгээд цагдаа болон эмнэлгийн ажилчид ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дугаар тал),

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Г.Д нь саарал өнгийн 05-64 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд буланд очих үед Ц.Ц нь куртикны зүүн талын халаас руугаа баруун гараа хийх ба энгэрээсээ нарийхан зүйл гаргаж ирэн тээврийн хэрэгслийн арын хаалгыг татав. ...Ц.Ц нь тээврийн хэрэгслийн зүүн талын хаалган дээр зогсож буй Г.Дын ард очин хоёр гараараа Г.Дыг тээврийн хэрэгсэл рүү түлхэх ба энэ үед урт нарийн үзүүртэй зүйл нь Г.Дын нуруун тус газар наалдсан байдалтай харагдаж байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 32-39 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

 

Шүүгдэгч Ц.Ц нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг хутгаар зүссэн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож байсан, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Г.Дын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Тодруулбал, шүүгдэгчийн хууль бус идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Г.Дын биед хөнгөн хохирол учирсан болох нь Өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “1. Г.Дын биед бүсэлхийн нэгдүгээр нугаламын зүүн талд шарх гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. ...5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 4792 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар тал) болон шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...шарх гэмтэл гэдэг нь арьсны бүх давхарга болон булчин, судасны гэмтлийг хэлдэг. Тухайн булчингийн том, жижгээс үл хамааран шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Иймээс Г.Дын биед уг шархаар нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал)-ээр тогтоогдож байна. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч Г.Даас “...Ц.Цээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагджээ.

Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Ц.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 99 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 102-105 дугаар тал), Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын “Ц.Ц нь тус хорооны 5 дугаар хороолол УС-3 байрны 39 тоотод /ам бүл 3/ оршин суудаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 106 дугаар тал), дипломын хуулбар (хавтаст хэргийн 114-117 дугаар тал зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусан хүртэл хугацаагаар хэрэгт хадлгалах нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1; 36.1; 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4; 36.6; 36.7; 36.8; 36.10; 36.13; 37.1; 37.2; 38.1; 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шүүгдэгч Ц.Ц нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН