Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/620

 

2022           06          09                                 2022/ШЦТ/620

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Б.Ш нар оролцсон эрүүгийн 2209000000859 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ........... тоотод оршин суух хаягтай боловч .......... тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ...... Ш, /РД:./.

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Звэб сайтад “Өчигдөр саатуулагдаад суллагдсан иргэн Б.Шаас зарим зүйлийг тодруулж байна” гэх гарчиг бүхий ярилцлага өгөхдөө “Би өчигдөр баривчлагдсан 60 гаруй залуугийн нэг нь юм, цагдаагийн алба хаагчид биднийг баривчлахдаа хүч хэрэглэж биед халдсан ба баривчилсан байрандаа авч очоод байж байхдаа хүртэл биднийг зодоод байсан, мөн намайг баривчилж байхдаа миний гар утсыг эвдсэн” гэж ярьж Цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000000859 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг (хавтаст хэргийн 10-13 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Лхамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Зсайтад үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 21-23 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрч З.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 35-37 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

-Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн албан бичгийг (хавтаст хэргийн 43-48 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,

Шүүгдэгч Б.Ш нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэж мэдүүлсэн болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Звэб сайтад “Өчигдөр саатуулагдаад суллагдсан иргэн Б.Шаас зарим зүйлийг тодруулж байна” гэх гарчиг бүхий ярилцлага өгөхдөө “Би өчигдөр баривчлагдсан 60 гаруй залуугийн нэг нь юм, цагдаагийн алба хаагчид биднийг баривчлахдаа хүч хэрэглэж биед халдсан ба баривчилсан байрандаа авч очоод байж байхдаа хүртэл биднийг зодоод байсан, мөн намайг баривчилж байхдаа миний гар утсыг эвдсэн” гэж ярьж Цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт нь:

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Лийн “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зсайтын байранд “Өчигдөр буюу 2022 оны 4 сарын 07-ны өдөр саатуулагдаад суллагдсан иргэн Б.Шаас зарим зүйлийг тодрууллаа” гэх гарчиг бүхий ярилцлага гарч олон нийтийн цахим хэрэгслээр буюу фейсбүүкээр цацагдсан. Уг ярилцлагад оролцсон иргэн Ш нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн жагсаал цуглаанд оролцсон мэтээр худал ярьж тухайн жагсаал цуглааны үеэр цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн хууль бусаар саатуулж улмаар цагдаагийн алба хаагч нар саатуулах байранд зодож, гар утсыг нь эвдэж, хүний эрхийг ноцтой зөрчсөн мэтээр илт худал мэдээллийг шууд нэвтрүүлгээр ярьсан. Тухайн шууд нэвтрүүлэг нь илт худал мэдээлэл болохыг Зсайт мэдэж улмаар залруулга гаргасан. Энэ мэдээлэл нь цагдаагийн байгууллага болон алба хаагчдын ажил хэргийн нэр хүндийг олон нийтэд унагаасан, цагдаагийн байгууллага хүний эрхийг ноцтой зөрчсөн мэтээр буруу ойлголт төрүүлсэн. Энэ мэдээлэл олон нийтэд хүрснээр жагсаал цуглаанд оролцсон иргэдийг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэж хууль бусаар баривчилж хууль зөрчсөн мэт ойлголтыг олон нийтэд мэдээлснээр байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзэж байна. ...Тухайн жагсаал цуглааны үеэр саатуулсан 67 иргэний дотор  Ш гэх хүн байгаагүй, мөн жагсаал цуглааны үеэр иргэдийг хууль бусаар баривчилж саатуулсан зүйл байхгүй, мөн тухайн иргэн нь цагдаагийн алба хаагч нар зодсон, мөн эрх чөлөөнд нь халдсан мэтээр олон нийтэд буруу ойлголтыг төрүүлж цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр төрд халдсан үйлдэл юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

 

-Зсайтад үзлэг хийсэн “...Уг цахим мэдээллийн сайтад дээрх мэдээллийг 2022 оны 4 сарын 08-ны өдөр оруулсан байх боловч хэдэн цаг, минутад оруулсан эсэх нь тодорхойгүй байх ба “Өчигдөр саатуулагдаад суллагдсан иргэн Б.Шаас зарим зүйлийг тодруулж байна” гэх гарчиг бүхий нийт 12 минут 25 секунтын ярилцлага байна. Уг ярилцлагыг нийт 8.8 мянган иргэн эможи дарсан, 1.6 мянган үзэгч сэтгэгдэл үлдээсэн. 2.7 мянган хүн бусдад тарааж хуваалцсан /Share/ байна. Ярилцлагыг үзэхэд Зсайтын сэтгүүлч нь “За өдрийн мэнд хүргэе, Үзэгчдээ, Зсайт бол өчигдөр төв талбай дээр “Ажпаа хий” гэх шаардлагыг тавьж байсан залуусын нэг төлөөллөөс зарим зүйлийг тодруулах гэж байна. Тэрээр өчигдөр үзэл бодлоо илэрхийлж төв талбай дээр жагсаж байсан, орой цагдаа нарт саатуулагдаад дөнгөж саж гараад ирсэн байна. За өчигдөр оройны нөхцөл байдал ерөнхийдөө ямар байв. Яг яагаад цагдаад саатуулагдаад яваад өгөв” гэж асуухад Б.Ш нь “юуны өмнө энэ Заригийг үзэж байгаа, телевиз үзэж байгаа нийт үзэгч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Нөхцөл байдал бол ямар сайндаа 6 цагаас бол эхэлсэн. Би 6 цагаас барилгын ажлаасаа тараад явж байхад манай найзууд “бид нар залуучуудын төлөөлөл болоод ирсэн байна, чи ирэхгүй юм уу” гэхээр нь би өөрөө яваад очсон. Гэтэл нөхцөл байдал бол хурцдах тийшээ хандсан байсан, Яг тэр үеэр бол бид нар цагдаа нарынхаа үгэнд ороод зам хөндлөн гар гээд цагдаа нар бол шаардлага тавихын хувьд бол тавих нь тавьсан бид нар бол тэр шаардлагыг нь биелүүлсэн. За яг 12-ын алдад болвол төрийн ордноос аан тэр чинь 1 цагийн үед болж байсан юм байна. Төрийн ордноос Нхэрэг эрхлэх газрын даргын нарийн бичиг нь согтуу өрөөнөөсөө гарч ирсэн. Тэрийг болохоор зүгээр гудамжны хүн мэт цагдаа нар үзсэн тэр машиндаа суулгаад бид нар бол тэр хүнийг драгераар үлээлгэ наад хүн чинь төрийн ордноос дөнгөж сая гарч ирлээ” гэх ба уг бичлэг нь цааш үзэх боломжгүй болж Error гэх бичиг гарч ирэх бөгөөд дахин оролдоход болохгүй бичлэг устгагдсан байсныг тэмдэглэл болгон үйлдэв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 21-23 дугаар тал),

 

-Гэрч З.Нын “...2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Ш гэртээ байсан. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байгаад 12-13 цагийн орчим гэрээсээ гараад орой 18 цагийн орчим гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дугаар тал),

 

-Гэрч М.Аын “...“Ажлаа хий” гэдэг нэртэй жагсаал 2022 оны 4 дүгээр сард болсон ба яг хэдний өдрүүдэд болсон гэдгийг яг нарийн сайн санахгүй байна. Уг жагсаалын 2 дахь өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 6-р хороо Зсайтын оффис дээр 13:00-15:00 цагийн орчим байж байхад гадна талаас бордуу царайтай өндөрдүү залуу орж ирсэн ба уг залуу надад тайлбарлахдаа “Танай сайтыг хүнээр заалгасан” гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би тухайн хүнээс “асуудал нь юу болсон” гээд асуухад “өчигдөр жагсаалд явж байгаад баривчлагдсан 60 гаруй хүний нэг нь юм” гэхэд нь би уг хүнээс ярилцлага авахаар болж зураглаач Жаргалбаяраар бичүүлж, оффисийн үүдний хэсэгт уг залуугаас ярилцлага авсан. Уг залуу нь бидэнд өөрийгөө танилцуулахдаа “Би өчигдөр баривчлагдсан 60 гаруй залуугийн нэг нь юм, цагдаагийн алба хаагчид биднийг баривчлахдаа хүч хэрэглэж биед халдсан ба баривчилсан байрандаа авч очоод байж байхдаа хүртэл биднийг зодоод байсан, мөн намайг баривчилж байхдаа миний гар утсыг эвдсэн” гээд хагархай дэлгэцтэй гар утас үзүүлж байсан. Тэгээд уг хүн нь нэмж ярихдаа “тэнд өчигдөр баривчлагдсан, хоригдсон залуучууд маш их уур бухимдалтай байгаа, өнөөдөр дахин жагсана, өчигдрийнхөөс ч илүү эсэргүүцэл илэрхийлнэ, ер нь юу ч болж болзошгүй” гэх зэргээр ерөнхийдөө өдөөн турхирсан маягийн зүйл ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

 

-Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх саатуулах төвийн албан бичигт “...Барамсайгийн Ш нь 2022 оны 4 дүгээр сарын 06-наас 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд тус төвд саатуулагдаагүй байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 43-48 дүгээр тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Шын дээр дурдсан үйлдэл нь Цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар төгсдөг гэмт хэрэг бөгөөд хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн бол ...санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хууль ёсны төлөөлөгч Ц.Лээс “...Зсайтаас залруулга гаргасан” гэж мэдүүлсэн хохирол хор уршиг учирсан талаарх баримтыг хавтаст хэрэгт тусгуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Мөн улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 7 дугаар гудамжны 70 тоотод байх хаягаас гарч явахыг хориглох арга хэмжээ авах нь зүйтэй гэх саналыг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, шүүгдэгч нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд илтэд буруу ташаа ойлголт төрүүлэхээр мэдээлэл тарааж, хуулийн этгээдийн нэр хүндэд халдаж байгаагаа ухамсарлан мэдэж байгаа нь тохиолдын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хүрээнд шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ш нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 7 дугаар гудамжны 70 тоотод суух хаягтай болох нь тогтоогдож байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох дээрх хаягаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

7. Шүүгдэгчид урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            8. Шүүгдэгч Б.Ш нь энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.МӨНХСАЙХАН