| 202018 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2018/01225 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: С.Аын нэхэмжлэлтэй, Хариуцагч: “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох, Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Н.Б, гэрч Г.Г, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.А нь ЗТН ӨНОААТҮГ-т засварын инженерийн ажилд 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр орсон бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс шалгах механикийн ажилд томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр С.Аыг баазын удирдлагууд дуудан, сахилгын хуралд оруулж, 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгууллагаас түлш хулгайлсан, мөн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эд зүйл хулгайлахаар завдсан, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж худал гүтгэн ажлаас хална гэсэн. С.А үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тухайн үед ажлаас халсан тушаал, шийдвэр гаргаагүй байдаг. Ингээд С.А нь 2017 оны 7 дугаар сард Солонгос Улс руу явах талаар удирдлагатай уулзахад чамайг ирэхээр энэ асуудлыг шийднэ гэж хэлсэн байдаг. Улмаар Солонгос Улсаас ирээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох гэтэл чамайг ажлаас халсан, тойрохоо зуруулаад ирвэл ажлаас халсан тушаалыг чинь өгнө гэсэн боловч тушаалыг нь одоог хүртэл өгөөгүй байдаг. С.А нь цалингийн зээлтэй тул банкны эдийн засагч тойрох хуудсанд гарын үсэг зурж өгөөгүй учраас байгууллагаас тушаалыг өгөөгүй гэдэг. Иймд С.Аыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд тооцож гаргуулж өгнө үү гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. С.А нь тус үйлдвэрийн газарт 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар анх ажилд орсон. 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. С.А нь ЗТН ӨНОААТҮГ-ын 2 дугаар баазад шалгах механикаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчсөн үйлдлүүд гаргасан байна. Тухайлбал 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шалтгаангүй ажил тасалсан, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил тасалсан. С.А нь албан ёсны амралттай байх хугацаандаа 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн хувийн машинаа зөвшөөрөл авалгүй баазын хашаанд нэвтэрч, мөн жолооч Н.Мэндбаяртай хамт тээврийн хэрэгслээ угааж, засвар үйлчилгээ хийсэн бөгөөд түүнийг явсны дараа ээлжийн харуул очиход тухайн засвар үйлчилгээ хийсэн газар түлшний хоосон сав, шланкаа үлдээсэн байсан. Энэ нь байгууллагын дотоод журам болон бусад журмуудыг хэд хэдэн үндэслэлээр зөрчсөн байна. Мөн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажлын байрандаа ажиллаж байхдаа байгууллагын цоожтой гаражийг дур мэдэн онгойлгож орсон. Тухайн байдлыг ажил үүргээ биелүүлж байсан харуул шаардлага тавихад хүлээж аваагүйгээр барахгүй хэсэг хугацааны дараа архи, согтууруулах ундаа хэрэглэн ирж дарамт шахалт үзүүлсэн байна. Тухайн болсон үйл явдлыг ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан тэрэг тавигч, харуул нар нотолж байгаа юм. Иймээс тус 2 дугаар баазын даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд дор дурдсан үндэслэлүүд байна гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.7, 7.6.1.8-д заасан зөрчлийг гаргасан нь баримтаар нотлогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: С.Аын нэхэмжлэлтэй, “ЗТН ОНӨААТҮГ-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. “ЗТН ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/721 дүгээр тушаалаар “...С.Аыг шалгах механикаар шилжүүлэн ажиллуулсугай” гэсэн байх бөгөөд талууд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Ажил олгогч ЗТН ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/517 дугаар тушаалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.7, 7.6.1.8-д заасныг үндэслэн тус нэгтэлийн 2 дугаар баазын Техник, технологийн албаны шалгах механик ажилтай С.А нь 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр түлш хулгайлсан, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажлын байранд архи уусан, В гаражийн цоожийг эвдсэн, эд зүйлс хулгайлахыг завдсан удаа дараагийн үйлдэл нь холбогдох баримтуудаар нотлогдож, хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсугай” гэжээ. Талууд “...2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/517 дугаар тушаалыг ажилтан С.Ат гардуулж өгөөгүй” талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч С.А нь ажлаас халагдсаныг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв. ЗТН ОНӨААТҮГ-ын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/517 дугаар тушаалд дурдсанаар С.А нь “2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр түлш хулгайлсан, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажлын байранд архи уусан, В гаражийн цоожийг эвдсэн, эд зүйлс хулгайлахыг завдсан” болох нь хавтаст хэрэгт авагдсан ээлжийн харуул Н.Мын тодорхойлолт, 3 дугаар постын харуул н.Буяндэлгэрийн тодорхойлолт, Б.Бийн тодорхойлолт, н.Цэрэнсодномын тодорхойлолт, фото зураг зэрэг баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх тодорхойлолт гаргасан Н.М, Н.Б, Б.Б, Н.Ц нар тухайн байгууллагад ажилладаг эсэх, ямар албан тушаал эрхэлдэг эсэх, байгууллагад гарсан зөрчлийг шалгаж, тогтоох эрхтэй эсэх нь тодорхойгүй байх тул “С.Аыг 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр түлш хулгайлсан, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажлын байранд архи уусан, В гаражийн цоожийг эвдсэн, эд зүйлс хулгайлахыг завдсан” гэх үйлдлийг нотлосон гэж үзэхээргүй юм. Иймд ажил олгогч ЗТН ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/517 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчиж, ажилтан С.Аыг ажлаас нь чөлөөлсөн байна гэж дүгнэн, түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн С.Аын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1103114 дүгээр Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн 2017 оны 3, 4, 5 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 53.704 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд /ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарын дуустал хугацаанд гаргуулж өгнө үү/ гэснийг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх нийт ажлын 234 хоногоор тооцож, 12.566.736 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгов. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Аыг ЗТН ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын Техник, технологийн албаны шалгах механик ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12.566.736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ат олгосугай. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан С.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-т даалгасугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.А нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан олгож, хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 216.017 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД |