Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/641

 

 

2022           06          15                                 2022/ШЦТ/641

 

 

 

                        

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч шүүгдэгч З.Н, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Цэцгээ нар оролцсон эрүүгийн 2205001470134 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, 1 хүүхдийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.4-т зааснаар 1 жил хорих ялаар, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 908 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 cap хорих ял шийтгүүлж байсан, Н /РД:19/,

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эмээ, ээж, 2 дүүгийн хамт, ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э /РД:/.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч З.Н нь ганцаараа, учрах саадыг арилгах зорилгоор 85- 29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч 2021 оны 12 дугаар сарын 11- ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны гадаа зогсоол дээр ил байрлуулсан хохирогч Ө.Цын эзэмшлийн 48-97 УНО улсын дугаартай Тоёота Пиус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд талын гурвалжин цонхыг хагалан дотогш нэвтэрч автомашины кабинд байсан түрийвчээс биет 70,000 төгрөг, мөн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй зэргийг хулгайлан авч 510,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор 85-29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 01-нээс 03-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 12 дугаар байрны гадаа зогсоол дээр байрлуулсан хохирогч М.Аын эзэмшлийн 11-60 УАВ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлан авч 340,000 төгрөгийн хохирол учруулсан,

Учрах саадыг арилгах зорилгоор 85-29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны гадаа зогсоол дээр байрлуулсан хохирогч Б.Эгийн эзэмшлийн 65-24 УАА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлан авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

Учрах саадыг арилгах зорилгоор 85-29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 17 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч Г.Бий эзэмшлийн 67-99УБЕ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлан авах гэмт хэрэг үйлдэхийг завдсан,

Шүүгдэгч З.Н, Б.Э нар бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор 85-29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 814 дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч И.Пийн эзэмшлийн 91-61 УАН улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлан авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор 85-29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны 901 дүгээр байрны баруун талын зогсоолд байрлуулсан хохирогч Г.Гийн эзэмшлийн 28-47УАР улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлан авч 1,000,000 төгрөгийн хохирол буюу нийт 2,590,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Уг хэрэгт Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэбаяраас 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 209 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2205001470134 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

            -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 3-6 дугаар тал),

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 15 дугаар тал),

-Хохирогч Ө.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 27-29 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайланг (1 дэх хавтаст хэргийн 45-46, 80-81, 124-125, 218-219 дүгээр тал),

-Хохирогч Г.Бий Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдлыг (1 дэх хавтаст хэргийн 58 дугаар тал),

            -Хохирогч Г.Бий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 66 дугаар тал),

            -Гэрч Х.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 75 дугаар тал),

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 93-95 дугаар тал),

-Хохирогч Б.Эд мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 101 дүгээр тал),

            -Хохирогч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 112 дүгээр тал),

             -Хохирогч М.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 142-143 дугаар тал),

- “Ашид Б” ХХК-ийн шинжээчийн ТХҮ-621/2884 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 152-154 дүгээр тал),

-Гэрч Ч.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 150 дугаар тал),

-85-29 УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 175 дугаар тал),

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 199-202 дугаар тал),

-Хохирогч И.Пийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 208-209 дүгээр тал),

-Хохирогч Г.Гийн гомдлыг хүлээн авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 240 дүгээр тал),

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 241-245 дугаар тал),

-Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 02-03 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 15-16 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Цэцгээ:

-Эд зүйл хүлээлгэн өгсөн /хохирогч Ө.Цад нийт 460,000 төгрөг өгсөн/ тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 15 дугаар тал),

-Эд зүйл хүлээлгэн өгсөн /хохирогч Б.Эд нийт 440,000 төгрөг өгсөн/ тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 101 дүгээр тал),

-2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 77 дугаар тал),

-2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 46 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт дараахь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх бөгөөд хэрэг тус бүрд нь авч үзвэл:

Шүүгдэгч З.Н нь ганцаараа, учрах саадыг арилгах зорилгоор 85- 29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч 2021 оны 12 дугаар сарын 11- ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны гадаа зогсоол дээр ил байрлуулсан хохирогч Ө.Цын эзэмшлийн 48-97 УНО улсын дугаартай Тоёота Пиус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд талын гурвалжин цонхыг хагалан дотогш нэвтэрч автомашины кабинд байсан түрийвчээс биет 70,000 төгрөг, мөн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй зэргийг хулгайлан авч 510,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

-Хэргийн газар үзлэг хийсэн “...хойд 2 ширхэг дугуйн баруун талд байрлах дугуй байхгүй байх ба автомашины баруун хойд хаалганы доод хэсгээс замын хажуугийн боржур мэт зүйлээр ивж тогтоосон байдалтай байх ба хаалга цонхонд ямар нэг эвдрэл гэмтэлгүй байв. ...залгуулан урд талын дугуйг харахад байхгүй, урд жижиг гурвалжин цонх нь хагарсан байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 3-6 дугаар тал),

 

-Хохирогч Ө.Цын “2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн хадам дүүдээ /Э.Б/ өөрийн эзэмшлийн 48-97 УНО улсын дугаартай Приус 30 маркийн автомашинаа өгч явуулсан. Тэгээд маргааш өглөө нь над руу 06 цагийн үед манай хадам дүү залгаад машиныхаа жолооч талын зэргэлдээ 2 ширхэг дугуйгаа алдчихлаа. Мөн жолооч талын жижиг гурвалжин цонх хагарсан байна гэж над руу залгаж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгчих гэж хэлсэн, тухайн өдрөө би эмнэлэгт хэвтэж байсан болохоор өөрийн биеэр очиж амжаагүй. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би машиндаа дугуй авах гээд хадам дүүдээ Фэйсбүүк зарын групп дээр “Приус 30-ын дугуй зарна” гэсэн зар явж байхаар нь би тэр зарыг дүүдээ хэлж өгөөд, манай хадам дүү тэр зар тавьсан гэх хүнтэй холбогдож байгаад “4 ширхэг дугуйг 750,000 төгрөгөөр авчихлаа” гэж надад хэлсэн Тэгээд манай хадам дүү авсан 4 дугуйнаас 2 дугуйг нь буцаагаад хийгээд манай гэрийн гадаа авчраад тавьсан шүү гэж надад хэлсэн. Тэгээд би маргааш нь эмнэлгээс гараад өөрийнхөө машин дээрээ очоод тавьсан гэх хоёр дугуйг харсан чинь миний алдсан хоёр дугуйг эргүүлээд тавьсан байсан. Тэгээд би гайхаад хадам дүүгээсээ “чи хоёр дугуйны байрыг солиод тавьсан байгаа юм биш үү” гэж хэлсэн чинь, манай дүү би “танихгүй хүнээс 4 ширхэг дугуйг авсан, надад шилжүүлсэн гүйлгээний утга нь байна” гэж хэлсэн, размер нь ижилхэн, нэг обуд дээр байсан сэвээр нь таньж байгаа, мөн дугуйн дээр байсан улбар шар өнгийн тэмдэглэлээр нь таньж мэдсэн” гэх мэдүүлэг  (1 дэх хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-Гэрч Э.Бийн “...Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед хүргэн ах болох Цаас 48-97 УНО улсын дугаартай Приус 30 маркийн автомашиныг нь нэг өдөр ашиглахаар гуйж авч өөрийн амьдарч буй газартаа буюу Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны ард талд байрлах зогсоолд байрлуулсан. Өнөө өглөө 06 цагт гэрээс гарч ирээд машинаа авах гэтэл буруу талын урд хойд дугуй байхгүй, баруун урд талын жижиг гурвалжин шилийг нь хагалсан байсан ба мөн түрийвч дотор байсан 70,000 төгрөг алга болсон байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27-29 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар,

Учрах саадыг арилгах зорилгоор 85-29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 17 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч Г.Бий эзэмшлийн 67-99УБЕ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлан авах гэмт хэрэг үйлдэхийг завдсан болох нь:

 

-Хохирогч Г.Бий Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан “ Миний  бие Г.Б 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 цаг 40 минутад дохиолол дуугарахаар нь гарч харахад сэжиг бүхий машин зогсож байсан. Тэгээд харахад машины 2 дугуйг тайлсан байхаар нь цагдаагийн 102-т дуудлага өгсөн. Тэгсэн 85-29 УАС гэсэн дугаартай Приус 30 машиндаа нэг хүн орж нуугдсан байсан. Гомдол санал байхгүй” гэх гомдол (1 дэх хавтаст хэргийн 58 дугаар тал),

 

-Хохирогч Г.Бий “...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 01 цаг 20 минутын үед гэртээ унтаж байтал миний машины дохиолол дуугараад би явган хүн хажуугаар нь гарахдаа мөргөөд дохиолол дуугарсан байх гэж бодоод тоолгүй орхитол 20 орчим минутын дараа миний машины дохиолол дахин дуугарсан тэгээд би байрныхаа дээвэр дээр гараад хартал миний машины ардаас нэг цагаан өнгийн Приус 30 загварын тээврийн хэрэгсэл аймар шахаад зогсчихсон байсан. Би нэг бол согтуу хүмүүс миний машиныг хүчтэй ирээд мөргөчихлөө эсвэл миний машинаас хулгай хийж байна гэж сэжиглээд хувцсаа өмсөөд гартал манай байрны найз Хүрлээ гэртээ орох гээд гаднаас ирж байсан би Хүрлээд хандаж миний машины ард зогсож байсан машиныг заагаад “энэ чиний машин уу, чи мэддэг юм уу” гэж асуухад Хүрлээ би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би гар утас дээрээ бичлэг хийгээд яваад очтол миний машины хойд талын 2 дугуйны боолтыг нь тайлаад тавьчихсан байсан. Би ардаас шахаад зогсчихсон байсан машины хаалгыг татаад цонхыг нь тогшиж үзтэл дотроо байхгүй юм шиг жүжиглээд байсан. Ингээд удалгүй цагдаагийн алба хаагчид ирээд тухайн машин руу гэрэл тусгаад үзтэл дотор нь нэг залуу суудлынхаа араар ороод нуугдчихсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66 дугаар тал),

 

-Гэрч Х.Тгийн “...би жолооч цагдаа, ахлах ахлагч Баяртогтохын хамт очиход Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 17 дугаар байрны гадаа гомдол гаргагч иргэн “миний машины дугуйг хулгайлж байсан залуу энэ тээврийн хэрэгсэл дотор орчихлоо” гээд цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зааж өгсөн. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг гаднаас нь шалгаж үзэхэд тухайн машин хар өнгийн теньтэй байсан учир сайн харагдаагүй. Тэгээд би жолооч талын цонхонд байсан урагдсан хэсгээр нь сайн хартал урд суудал болон арын суудал хооронд нэг хүн доошоо ороод нуугдчихсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

Учрах саадыг арилгах зорилгоор 85-29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны гадаа зогсоол дээр байрлуулсан хохирогч Б.Эгийн эзэмшлийн 65-24 УАА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлан авч 460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн “...05-24 УАА улсын дугаартай Приус 30 маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байх бөгөөд ...уг тээврийн хэрэгслийн урд талын 2 дугуй байхгүй, зүүн урд дугуйн доор тоосго ивж тавьсан байдалтай байх” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 93-95 дугаар тал),

 

-Хохирогч Б.Эгийн “...Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед манай эгч намайг гараад машиныхаа тос маслыг солиулаад ир гэж хэлсэн, тэгээд би 14 цаг өнгөрч байхад гараад машин дээрээ очоод харсан чинь машины урд хоёр дугуй байхгүй алдагдсан байсан, тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк цахим орчинд зарын групп дээр дугуй авна гээд зар тавьсан, тэгсэн чинь нэг хүн над руу фэсбүүк хаягаар “чи дугуйгаа алдчихсан юм уу” гээд мессеж бичээд энд нэг ийм зар явж байна гээд надад дугаарыг нь өгсөн. Тэгээд удалгүй байж байгаад над руу дахиад тэр хүн фэйсбүүкээр мессеж бичээд “би энэ хоёр хос дугуйгаа зарах гэсэн юм” гээд юм бичсэн байсан, би тухайн үед өөр хүнээс дугуйг худалдаж аваад машиндаа тавьсан байсан болохоор тоогоогүй орхисон байгаа. Би хохирлоо буцааж авсан байгаа. Одоо надад гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар,

Үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор 85-29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 01-нээс 03-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 12 дугаар байрны гадаа зогсоол дээр байрлуулсан хохирогч М.Аын эзэмшлийн 11-60 УАВ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлан авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

-Хохирогч М.Аын “Би 2021 оны 12 дугаар сарын 01-03-ны хооронд байх Баянгол дүүргийн 8 дугаар хороо 12,15 дугаар байрны гадна шороон зогсоол дээрээс /албан бус зогсоол/ өөрийн саарал Приус 20 маркийн 11-60 улсын дугаартай автомашиныхаа 2 дугуйг хулгайд алдсан юм. ...Хулгайч миний автомашины урд хоёр дугуйг обудын хамт тайлж аваад явсан байсан. Миний хувьд маш их гомдолтой байна, тухайн үед 2 дугуй тайлж аваад автомашиныг элгээр нь хэвтүүлээд орхиод явсан байсан. Би ажилдаа машинаа байнга жолоодож явдаг өдөр тутамд хэрэг болдог учраас 2 ширхэг дугуй /хуучин/, 15-тай хямдхан хоёр ширхэг обудыг 530,000 төгрөгөөр зайлшгүй шаардлагатай учраас мөн зар харж байгаад хувь хүнээс худалдаж авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 142-143 дугаар тал)-ээр,

Шүүгдэгч З.Н, Б.Э нар бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор 85-29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 814 дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч И.Пийн эзэмшлийн 91-61 УАН улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлан авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

-Хэргийн газар үзлэг хийсэн “...91-61 УАН улсын дугаартай улаан өнгийн Приус-30 маркийн машин байх бөгөөд уг машины жолооч талын хоёр дугуй хулгайд алдагдсан байна...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 199-202 дугаар тал),

-Хохирогч И.Пийн “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай төрсөн эгч И.Сумъяасүрэн миний эзэмшлийн 91-61 УАН улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашиныг 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 814 дүгээр байрны баруун талд байрлуулаад гэртээ орсон байсан. Тэгээд би өглөө ажилдаа явах гэж байхад манай аав Ихбаяр 09 цагийн үед гараад машинаа халааж байя гээд гарсан юм. Тэр үед нь эргүүлийн хоёр цагдаа ирчихсэн миний машины 2 дугуй алга болсон байна гэж манай аавд хэлсэн байсан, тэгээд манай аав над руу залгаж хэлсэн юм..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 208-209 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар,

Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор 85-29УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин механизм ашиглаж 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны 901 дүгээр байрны баруун талын зогсоолд байрлуулсан хохирогч Г.Гийн эзэмшлийн 28-47УАР улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол буюу нийт 2.590.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хэргийн газарт үзлэг хийсэн “...Тухайн автомашин нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харсан байдалтай байх бөгөөд 2 тал нь тоосго ивж үлдээсэн байдалтай байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 241-245 дугаар тал),

-Хохирогч Г.Гийн “Би өчигдөр орой буюу 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед ирээд машинаа цоожлоод гэртээ орсон. Тэгээд өнөөдөр ажилдаа явах гээд гараад хартал автомашины 4 дугуй хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 02-03 дугаар тал) зэрэг баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч З.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд “...З.Н намайг машинаас нэлээн зайтай буулгаад үлдээчихдэг, би хүн ойртон ирвэл З.Нд хэлэх зорилготой байсан. Харин З.Н машины дугуйнуудыг ганцаараа тайлж машиндаа хийж ирээд намайг суулгаад явдаг. Машины дугуйнуудыг бид хоёр хамтдаа зардаг байсан” гэх мэдүүлгийг, шүүгдэгч З.Н “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Б.Э хулгайн хэрэгт оролцоогүй” гэх мэдүүлгийг, шүүгдэгч нарын өмгөөлөгч “шүүгдэгч Б.Э хулгайн гэмт хэрэгт бүлэглэж оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүний холбогдсон 2 үйлдэл бол нэг өдөр болсон асуудал. Б.Эийг хулгай хийхийнхээ өмнө хол буулгаад өөрөө ганцаараа машинтайгаа хөдөлж яваад хулгайн үйлдлийг хийж, дугуйнуудыг тайлж авсанаар тухайн үйлдэл төгсөж байгаа. Тиймээс шүүгдэгч Б.Э энэ хулгайн хэрэгт хамааралтай гэж үзэхгүй байна” гэж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заажээ. Үүнээс үзэхэд, гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгохоор байна.

Шүүгдэгч нар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 85-29 УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө хохирогч И.Пийн эзэмшлийн автомашины 2 ширхэг дугуйг хулгайлсан, 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч Г.Гийн эзэмшлийн автомашины 4 ширхэг дугуйг хулгайлсан байх бөгөөд цаг хугацааны хувьд өөр /нэг өдөр биш/ байхаас гадна хулгай хийх зорилгоор бие биедээ харилцан туслалцаж, нэг нь хүн харж, нөгөө нь хулгай хийж байгаа нь гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатайгаар нэгдэж бүлэглэн хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тус зүйл, заалтыг журамласан нь зөв байна.

 “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч З.Н ганцаараа болон Б.Этэй бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлахаар агуулах сав буюу машины жижиг гурвалжин цонхыг хагалж дотроос нь эд зүйл хулгайлан авсан, мөн хулгайн үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх буюу учрах саадыг арилгах зорилгоор машин ашиглаж үйлдсэн болох нь хохирогч Ө.Ц, Г.Б, гэрч Э.Б, Х.Т нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан бөгөөд хэргийн зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаар мэтгэлцсэн үндэслэл нь дээр дурдсан хууль зүйн дүгнэлтүүдээр няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх шүүгдэгч З.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрсэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь тэдний “гомдол саналгүй, хохирол төлбөрөө авсан, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлтээр  үндэслэн  гаргасан байх тул төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч З.Н, Б.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авч байгаагаа мэдсэн нь тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн хохирол, хор уршгийг арилгасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч З.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нар нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч З.Нд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Харин шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан, улсын яллагч өмгөөлөгчийн гаргаж буй саналд нэмэлт тайлбар гаргаагүй болно.

 

Тиймээс шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэх заалтыг баримтлан шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт дараахь байдлаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн болно. Үүнд:

-Шүүгдэгч З.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч З.Нийн цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өөрчлөх, шүүгдэгч З.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэн, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл нь иргэн Ч.Мгийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 19,162,498 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох саналыг гаргасан.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 85-29 УАС улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн авто машин нь гэрч Ч.Мгийн эзэмшлийнх болох нь түүний “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл би тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 7 сард Жи Эс Би капитал ББСБ-аас зээлийн гэрээгээр лизингээр худалдаж авч байсан. ...Тухайн тээврийн хэрэгсэл одоо Жи Эс Би капитал ББСБ-ын нэр дээр байгаа боловч эзэмшигч нь би юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150 дугаар тал), 85-29 УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 175 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн ... дугаартай үнэлгээний тайлангаар 85-29 УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн авто машиныг 19,162,498 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран үйлдсэн үйлдэл, оролцоо /хэн хэдэн удаагийн үйлдэлд оролцсон/ зэргээс хамаарч хувь тэнцүүлэхгүй харин ялгамжтайгаар шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй байна. Ингээд шүүгдэгч Б.Нээс 15,968,750 төгрөгийг, шүүгдэгч Б.Эээс 3,193,750 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг нарийвчлан тооцож тогтоогоогүй тул шүүгдэгч нараас уг орлогыг гаргуулаагүй болно. Энэ талаар улсын яллагч дүгнэлтдээ дурдаагүйг тэмдэглэх зүйтэй.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1; 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4; 36.6; 36.7; 36.8; 36.10; 36.13; 37.1; 37.2; 38.1; 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

 

- Бийн Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг  учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч З.Нийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Эийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нийн цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч З.Н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурдаж, тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар 85-29 УАС улсын дугаартай Тоёота приус 30 маркийн авто машины үнэлгээ 19,162,498 төгрөгөөс 15,968,750 төгрөгийг шүүгдэгч З.Нээс, 3,193,750 төгрөгийг шүүгдэгч Б.Эээс тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН