Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 534

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, М.Б, Э.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

яллагдагч Г.Б, М.Б нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 598 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэбаярын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  Г.Б, М.Б, Э.М нарт холбогдох 1905001500179 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Их тугчин овгийн Гонгорын Б, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, “...” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../;

            2. Жажин овгийн Мн Б, 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

3.  Шоовон овгийн Эгийн М, 1997 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” хоолны газар тогооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Г.Б, М.Б нар нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж иргэн Х.Тэмүүжин, Г.Ганзориг нарыг олон нийтийн газар байхад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн буюу олон нийтийн амгалан байдал алдагдуулсан, улмаар Г.Б нь Х.Тэмүүжиний биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн М.Б нь Г.Ганзоригийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Э.М нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна Т.Тулгаагийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Баянгол дүүргийн Прокурорын газраас: Г.Б, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан ба мөн хуулийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь ... дуу-дүрсний бичлэг ... “ гэж заажээ. Иймд яллагдагчийн өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хэрэг гарсан байдлын талаар дүрс бичлэг байгаа гэх компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж заасны дагуу ажиллагаа хийх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, ... бэхжүүлнэ” гэж заасан ажиллагааг хийх нь гэж үзэв. Өөрөөр хэлбэл дүрс бичлэгийг хэзээ, хаанаас, хэн гаргаж өгсөн, авсан зэрэг эх сурвалжийг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх зэрэгт дүгнэлт хийж хуульд заасан журмын дагуу шалгаж, бэхжүүлэх нь зүйтэй.

Яллагдагч, түүний өмгөөлөгч нараас хэрэг гарсан байдлын талаарх дүрс бичлэгийг мөрдөгчид гаргаж өгсөн гэх боловч хүлээн аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”-д хамаарагдаж байна гэсэн дүгнэлтийг хийж,

Яллагдагч Э.М, Г.Б, М.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, яллагдагч, түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн дүрс бичлэг байгаа гэх компакт дискийг хэрэгт хавсарган хүргүүлж, Э.М, Г.Б, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Эрдэнэбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Г.Б, М.Б нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд ямар ч диск гаргаж өгөөгүй, мэдэгдэж байгаагүй, хэрэгт энэ талаар баримт байхгүй Г.Б, М.Б нар л “мөрдөгчид өгсөн боловч мөрдөгч аваагүй” гэж урьдчилсан хэлэлцүүлэгт хэлснээс өөр нотлох баримт байхгүй. Уг дискийг яллагдагч Г.Б, М.Б нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нь тодорхой байхад “...дүрс бичлэгийг хэзээ, хаанаас, хэн гаргаж өгсөн, авсан зэрэг эх сурвалжийг тогтоох...” гэж захирамжид заасан нь ойлгомжгүй байна. Нэгэнт шүүх хурал дээр дискийг авчирсан байхад шүүх үүнийг яллагдагч Г.Б, М.Б нараас “уг дискийг хэнээс, хэзээ авсан, эх сурвалж”-ийг асууж тогтоох боломжтой байсан. Хэрэгт хохирогч Г.Ганзориг, Х.Тэмүүжин, Т.Тулгаа, сэжигтэн Э.М, М.Б, Г.Б, нарын өгсөн мэдүүлгээр бааранд болсон үйл баримт тогтоогддог. Мөн шинжээчийн №810, 809, 860 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдож байгаа тул уг дискийг хэрэгт заавал хавсаргах шаардлагагүй гэж дүгнэхээр байна. Шүүх уг дискийг хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад уг диск-нд авагдсан бичлэгийг үзэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлж, шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой байхад шүүх хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7 дахь хэсэгт тус тус заасны дагуу уг бичлэгийг шүүх нотлох баримтаар тооцох эсэх, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй гэж заасаар байтал хэргийг прокурорт буцаасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу уг бичлэгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг шалгаж, үнэлээгүй байж шүүгчийн захирамжид уг дүрс бичлэгийг хэрэгт шалгаж, бэхжүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж заасныг зөрчсөн байна. Иймд Г.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 598 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Яллагдагч Г.Б, М.Б нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. Учир нь, Г.Б, М.Б нарт бичлэг байсан. Мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөх гэтэл “мөрдөн шалгах ажиллагаа дууссан, прокурорт хэрэг чинь шилжсэн” гэж тайлбарлан аваагүй. Тус бичлэг яагаад хэргийн холбогдогчид байсан бэ гэвэл мөрдөгч Амартүвшин нь “... гэдэг баарны эзэнтэй яриад очоод аваад ир” гэж явуулсан атлаа нотлох баримтыг авалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн. Тийм учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тус нотлох баримтыг гаргасан. Энэ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хэлбэр, хор уршиг, шинж чанарыг тогтооход чухал ач холбогдолтой юм. Хүний тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэн хүнд эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, бусад хүмүүсийг бүлэглэн олон нийтийн газар амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж нэг үйлдлийг хоёр заагласан асуудал яригддаг. Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд “Г.Б, М.Б, Э.М нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна.

 

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нарын өмгөөлөгчөөс 1 ширхэг компакт дискийг шүүхэд гаргаж өгчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.” гэж,

 

мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэж, мөн зүйлийн 10 дахь хэсэгт “Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж, мөн зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.” гэж тус тус заасны дагуу яллагдагч нарын холбогдсон хэргийн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх, мөн тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралтай бөгөөд ач холбогдолтой эсэхийг үнэлэх ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэв. 

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтас хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж заасан тул хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шүүх үнэлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотолсны үндсэн дээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлнө.

 

Дээрх үндэслэлүүдээр прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 598 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 598 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,                                                  Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ