Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0225

 

 

 

 

 

 

       2021 оны 03 сарын 25 өдөр                                     128/ШШ2021/0225      

              

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “С”ХХК  

Хариуцагч: ОӨГХУАБ

Гомдлын шаардлага: “ОӨГХУАБ2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Ч.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“СХХК шүүхэд ирүүлсэн гомдолдоо:  “...Хууль тогтоомж нь оюуны өмч биш юм. Оюуны өмч гэдэг нь бүтээлч хөдөлмөрийн үр дүнд үүсч бий болдог. Аж үйлдвэрийн болон зохиогчийн эрхийн бүтээлүүдийг оюуны өмч гэнэ. Тэдгээрийг бүтээж байгаа зохиолч, яруу найрагч, бүтгээч тэдгээр нь бүгд зохиогчийн эрхэд хамаарна. Хэрэв хэн нэгэн зохиол бичиж, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн бол энэ нь зохиогчийн бүтээл юм. Гэтэл энэхүү номд орсон хууль тогтоомжууд оюуны бүтээл биш бөгөөд Улсын Их хурал болон бусад төрийн байгууллагуудаас гаргасан хууль тогтоомжууд болно. Татварын ерөнхий газар нь энэ номны зохиогч биш болно.  Иймд энэ ном нь оюуны өмч биш болох нь доорхи хуулийн заалтаар нотлогдож байна.

Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.1-д ““оюуны өмч” гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмчийг”, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3.1.1-д “зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг” гэж тус тус заасан байна.

Хууль тогтоомжийг эзэмших эрхгүй. Энэхүү ном нь зохиогчийн бүтээл, оюуны өмч биш учраас хууль тогтоомжийг Татварын ерөнхий газар эзэмших эрхгүй бөгөөд доорхи хуулийн заалтаар эрх эзэмших үндэслэлгүй болно.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3.1.2-т “эрх эзэмшигч" гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээдийг;”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Зохиогчийн эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ, 4.1.1.бүтээл нь нийтлэгдсэн эсэхээс үл хамаарч бүтээл туурвисан Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн” гэж заасан байна.

Хууль тогтоомжийн эмхэтгэл нь Татварын ерөнхий газрын хэн нэг хүний оюуны бүтээл биш юм. Энэ нь доорхи хуулийн заалтаар нотлогдоно.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно” гэж заасны дагуу хууль тогтоомжийг хэн ч өмчлөх, эзэмших эрхгүй. Сурталчлан таниулах үүднээс хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй байдаг бөгөөд хууль тогтоомж нь зохиогчийн эрхээр үл хамгаалагдана.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйл Зохиогчийн эрхээр үл хамгаалах бүтээл, 8.1-д “Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй”, 8.1.1-д “хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, 8.1.5-д “.төрийн бэлгэ тэмдэг, туг, далбаа, шагнал, одон, тэмдэг” гэж тус тус заасан байна.

Зөрчлий тухай хуулийн доорхи заалтыг зөрчөөгүйгээ дээрх тайлбаруудаар нотлож байна.

Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Татварын ерөнхий газрын хуулийг сурталчлах, таниулах ажлыг хуулийн дагуу хийснийхээ төлөө хариуцлага хүлээж байгаад гомдолтой байна.

Дээрх үндэслэлүүдээр ОӨГХУАБын 5 сая төгрөгийн зөрчлийн шийтгэлийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү”

Ч.Эрдэнэбаярын гаргасан энэхүү шийтгэл нь хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр болох нь дээрх хуулийн заалтуудаар нотлогдож байна гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч ОӨГХУАБ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Татварын ерөнхий газраас хүчин төгөлдөр мөрдөгдөж айгаа татварын хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэх журам, аргачлал бүхий “Татварын баримт бичгийн эмхэтгэл” номыг Татварыг албаны удирдах ажилтын сургалтад зориулан “СХХК-аар хэвлүүлсэн байна.

Гэтэл уг номыг Татварын ерөнхий газрын зөвшөөрөлгүйгээр “СХХК хэвлэн худалдан борлуулсан байна.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Зохиогчийн эрхээр хамгаалахгүй бүтээлд хууль, тогтоомж, эрх зүйн бусад актыг зохиогчийн эрхээр хамгаалахгүйг байхаар хуульчилсан нь Татварын ерөнхий газрын хэвлэсэн номд хамаарахгүй бөгөөд “Татварын баримт бичгийн эмхэтгэл” ном нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 хэсэгт заасан материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах зохиолын цоморлог, өгөгдөхүүн мэдээллийн сангийн бусад эмхэтгэлүүд гэсэн хэсэгт багтах оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээл багтана гэж үзсэн болно” гэжээ. .  

ҮНДЭСЛЭЛ:

Гомдол гаргагч нь “ОӨГХУАБ2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан байна. 

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.   

ОӨГХУАБын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №******* тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “СХХК-ийг 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай 8 дугаар зүйлийн 8.1-д “дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй”, 8.1.1-д “хууль тогтоомж, эрх зүйн бусад акт”, 8.1.2-т “захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хууль тогтоомж, эрх зүйн бусад акт захиргааны шийдвэрийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй гэж тодорхой зохицуулсан байна.

Иймд зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй хууль тогтоомж, эрх зүйн бусад акт захиргааны шийдвэрийг эмхэтгэн хэвлүүлсэн нь зохиогчийн эрхийг зөрчсөн зөрчил болохгүй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоомж, эрх зүйн бусад акт захиргааны шийдвэрийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй гэж хуульд тодорхой зохицуулсан тул “СХХК-ийн хууль тогтоомжийн эмхэтгэл хэвлэсэн үйлдэл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчих зөрчлийн бүрэлдэхүүний шинжүүдийг агуулахгүй байна.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““үүсмэл бүтээл" гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бүтээлийг” гэж заасан байна.

Хариуцагчийн “татварын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл нь оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон үүсмэл бүтээл тул Татварын ерөнхий газраас зөвшөөрөл авах ёстой байсан” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь хууль тогтоомж, эрх зүйн бусад акт захиргааны шийдвэрийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй гэж хуульд заасан тул зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй хууль тогтоомжийг эмхэтгэсэн эмхэтгэл нь мөн зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй, хууль тогтоомж, эрх зүйн бусад акт захиргааны шийдвэрийг бүтээл гэж шууд тодорхойлох боломжгүй тул татварын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг үүсмэл бүтээл гэж үзэх үндэслэлгүй.

Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Татварын алба дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 75.1.1-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, зөвлөгөө өгөх нь Татварын албаны үндсэн чиг үүрэг байна.

Иймд манай компанийн хууль тогтоомжийн эмхэтгэл хэвлэсэн үйлдэл нь зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчөөгүй, харин  ч татварын байгууллагын хууль сурталчлах чиг үүрэгт нь дэмжлэг болсон үйлдэл” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудаас үзэхэд хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, захиргааны шийдвэрийн эмхэтгэлийг хэвлэхэд зохиогчоос зөвшөөрөл, төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах талаарх зохицуулалт байхгүй байна.

Эрх зүйт төрд иргэнд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчим үйлчилдэг, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан эрх чөлөөний зарчимтай агуулгын хувьд адил юм.

Иймд хууль тогтоомжийн эмхэтгэл хэвлэхэд зохиогчоос зөвшөөрөл, төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах талаарх хуулийн зохицуулалт байхгүй байх тул “СХХК-ийг зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж торгох шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан эрх чөлөөний зарчимд нийцээгүй байна.

 Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 8.1.2, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “СХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, ОӨГХУАБ2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч “СХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ОӨГ-аас 70.200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ