Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2278

 

МАГАДЛАЛ

 

2017.11.01                                                     Дугаар 2278                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/01896 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Д холбогдох,

 

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3 957 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А, Б.Б, Б.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “УБТТС” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 16-ний өдөр Э.Дтай 12-64 УНМ улсын дугаартай элентра маркийн автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар ажлын хоногийн 30 000 төгрөгийн түрээс төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан. Уг гэрээнд түрээслэгч өдрийн түрээсийн төлбөрөө гурав хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцална гэж заасан байдаг. Хариуцагч Э.Д нь түрээсийн төлбөрийг 36 хоног хэтрүүлсэн учраас гэрээг цуцалсан. 36 хоног хэтрүүлсэн нийт төлбөр  1 080 000 төгрөг, гэрээнд тусгагдсаны дагуу хийгдсэн засварын зардал болох 3 033 400 төгрөг, Э.Дыг тус автомашиныг эзэмшиж байх хугацаанд машины нэр дээр ирсэн торгууль 8 000 төгрөг, зээлээр сэлбэг авсан 289 700 төгрөг, нийт 4 457 400 төгрөгнөөс хариуцагчийн анх гэрээ байгуулахдаа барьцаа болгон төлсөн 500 000 төгрөгийг хасч нийт 3 957 400 төгрөгийг Э.Даас нэхэмжилж байна. Манай талаас хуучин машиныг дараагийн хүндээ шилжүүлэхдээ бүрэн засвар үйлчилгээ хийгээд, түүнийгээ актаар баталгаажуулдаг. Гэрээнд тусгагдсаны дагуу уг автомашинд засвар үйлчилгээ хийгдсэн байгаа. Стандартын дагуу явж байсан хуучин сэлбэгийг сольсон. “УБТТС” ХХК нь “М Х” ХХК-тай засвар үйлчилгээний гэрээтэй учраас засвар үйлчилгээг хийлгэдэг гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Би тухайн үед мэдээгүй ч намайг машин барьж байх үед 8000 төгрөг болох торгууль гарсан байж магадгүй. Сэлбэг зээлээр авсан 289 700 төгрөгийн тухайд зах зээлийн үнээс тав дахин илүү үнэтэй сэлбэг, хэрэгсэл болон засварын үйлчилгээтэй байдаг учраас би компанийн гэрээт баазаас сэлбэг, засвар үйлчилгээ авдаггүй байсан. Ганцхан удаа тосны үйлчилгээ аваад, төлбөрийг графикийн дагуу төлөөд дууссан. Ямар учиртай үнийн дүн болохыг мэдэхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анхнаасаа шинэ машин аваагүй. Миний авсан машиныг урьд нь надаас гадна дөрвөн хүн гэрээ хийж ашиглаж байсан байдаг. Түрээсийн төлбөр болох 1 080 000 төгрөгийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Бусад нэхэмжилж буй үнийн дүнг үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэв. Машиныг анх хүлээж авснаас хойш жижиг сажиг эвдрэл байнга гарч байсан. Миний хувьд өөрөө эвдрэлүүдийг засаж янзлаад явж байсан. Баазын засвар үйлчилгээ нь учир дутагдалтай байдаг гэдгийг компанийн ажилчид бүгд мэддэг. Стандартын дагуу явж байсан машины сэлбэгийг сольсон, хэрэглээний дагуу хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг энэ машинд бүрэн төлж дууссан гэж бодож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Даас Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3 957 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1 080 000 төгрөгийн шаардлагыг ханган, нэхэмжлэгч “УБТТС” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 877 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 269 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Даас 26 170 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “УБТТС” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нотлох баримт буюу М Х А ХХК-ийн засвар үйлчилгээний нэхэмжлэх, засвар үйлчилгээний хуудсууд, бараа материалын зарлагын баримт, "М Х А" ХХК-д засвар үйлчилгээний хөлс төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримт, мөн 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Автомашин хүлээлцсэн акт, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Автомашин хүлээлцсэн актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Автомашин хүлээлцсэн актад хариуцагч Э.Д нь өөрийн түрээслэж байсан автомашинд гарсан эвдрэл гэмтэл болон түүний үнэлгээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Гэтэл шүүх "УБТТС" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байх ба 1 жил 6 сарын элэгдэл хорогдол, гадаад үзэмжийг сайжруулахад гарсан зардлыг нэхэмжлээгүй, хүлээлцсэн актад дурдаагүй сэлбэгийг засварласан зардлыг нэхэмжлэн, ямар учраас уг засвар, үйлчилгээг хийж сольсон болон зассан талаар нэхэмжлэлийг шаардлагаа нотлоогүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 2 877 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь эрх зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч Э.Дд холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл 1 080 000 төгрөг, засварын зардалд 3 033 400 төгрөг, автомашин зээлээр авсаны төлбөрт 336 000 төгрөг, торгуулийн төлбөрт 8 000 төгрөгний нийт 3 957 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зах зээлийн үнээс хэт өндөр засвар үйлчилгээ автомашинд хийсэн гэж тайлбар гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлөх ёстой байсан төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр автомашиныг хүлээлгэн өгч 36 хоногийн түрээсийн төлбөр болох 1 080 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Зохигчид гэрээ байгуулагдсан, гэрээг цуцлах болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс автомашиныг нэхэмжлэгч тал өөрийн эзэмшилдээ авсан талаар маргаагүй харин ашиглалын явцад гарсан хохирол болох сэлбэг, үйлчилгээний зардалд    3 369 400 төгрөгийг хүлээн зөвшөөрөх эсэхэд маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хоорондох гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа засвар үйлчилгээтэй холбоотой зардал хариуцагч талын буруугаас үүссэн буюу Э.Дын гэрээний хугацаанд ашиглаж байхдаа учруулсан буюу гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой үүссэн хохирол гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

Дээрх дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/01896 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 60 990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

     ШҮҮГЧИД                           Д.БАЙГАЛМАА

                                                     М.НАРАНЦЭЦЭГ