Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0151

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.А

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар

Гуравдагч этгээд Ц.Д, Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3а байр, 5* тоот орон сууцыг 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 287974 мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22050213** дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0973 дугаар шийдвэр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0822/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.А нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдуулж “Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3а байр, 5* тоот орон сууцыг 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 287974 мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22050213** дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0973 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо:

“...Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.А, Ж.Б нарын гэрлэснээс хойш хамт амьдарч байх хугацаанд бий болсон гэр бүлийн өмч гэж “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00974 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1479 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00033 дугаар тогтоолоор “... Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын ЗА байрны 5* тоот орон сууц нь гэрлэлтээ бүртгүүлснээс хойш, хамт амьдарч байх үед бий болсон, гэрлэлт цуцлагдаагүй байсан зэргээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна” гэж зааснаар Ж.Б, Ц.А нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх өмч гэж үзэх үндэслэлтэй байна” хэмээн дүгнэсэн байдаг.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2002/-ийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол...” мэдүүлэг хүлээн авахаас татгалзах” гэж заасан хуулийн зохицуулалттай байсан.

Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-т Мэдүүлэг гаргагчийн гээд Овог: Салдангууд, эцэг/эхийн нэр: Жамъян. өөрийн нэр: Батзориг гэсэн байхад Мэдүүлэг гаргасан: С.Д гэж гарын үсэг зурагдсан.

Дээрхээс харахад, мэдүүлэгт ЗА байрны 5* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь буюу Ж.Б, Ц.А нар гарын үсэг зураагүй, шинээр ашиглалтад орсон байранд хамтран өмчлөгч бүртгүүлэх өргөдөл гаргаагүй байхад өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн нь улсын бүртгэл үнэн зөв байх буюу үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хийсэн нь илт хууль бус юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болох /2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1573 дугаартай Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл/-д Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг мэдүүлгийг “... гэхдээ манай байгууллагад иргэдээс тухайн үед өргөдөл гаргаж байх үед анхаараагүй буруутай зүйл байгааг хүлээн зөвшөөрч байна...” хэмээн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, мөн шүүх хуралдааны үед Л.Гансүх төлөөлөгч буруутай зүйл байсныг хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

П.Одгэрэл “Захиргааны эрх зүйн ерөнхий анги” номд Захиргааны актыг илт хууль бус шинжийг тайлбарлахдаа “Шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчих-шийдвэр гаргах ажиллагааны журмын зөрчил нь үндсэн эрхийг зөрчилд хүргэсэн бол ноцтой алдаанд тооцохоор”, мөн “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй- хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаанууд хамаарна” гэж тайлбарласнаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 дахь хэсэгт тус тус зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь хуульд заасан арга хэрэгслээр мэдүүлэг гаргаагүй этгээдийн мэдүүлгийг хүлээн авч, бүртгэсэн нь уг хуульд зааснаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй юм.

Дээр дурдсанаар хуульд заасан арга хэлбэрээр мэдүүлгийг гаргаагүй бол улсын бүртгэлийн байгууллага мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой атал, хэн нэг хөндлөнгийн этгээдийн өргөдөл, мэдүүлгийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус бүртгэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/Ш32023/0973 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Захиргааны ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж, нэхэмжлэгч Ц.А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Ж.Б нь /2011 онд нас барсан/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ээр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3 байр, 5* тоот орон сууцыг С.Д, Б.Ц нартай хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр хандаж, мэдүүлэг гарган С.Д гарын үсэг зуржээ.

          3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгч нар 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ж.Б, С.Д, Б.Ц /гурван хүний өмч/ Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, “Богда холдинг” ХХК-ийн барьсан 3 дугаар байрны 5* тоот орон сууц, 88,28 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22050213** дугаарт бүртгэж, 0000116588 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

          4. Гуравдагч этгээд С.Д нь 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тухайн орон сууцанд хамтран өмчлөгчөөр Б.Цг бүртгүүлж, хамтран өмчлөгч байсан Ж.Бийг хасуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-22050213** дугаартай бүртгэлд өөрчлөлт оруулан, С.Д, Б.Ц нарыг өмчлөгчөөр бүртгэсэн 000213890 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, мөн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлд өөрчлөлт оруулан нэмж хамтран өмчлөгчөөр Б.Ц-г бүртгүүлжээ.

          5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/000974 дүгээр шийдвэрээр “... 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ц.А, Б.Ирмүүн нар нь ... орон сууцны талийгаач Ж.Бт ногдох хэсгээс бусад хууль ёсны өвлөгч нарын адил өвлөх эрхтэй болохыг тогтоож” шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болж, тухайн орон сууцны 33,3 хувийг Өвлөх эрхийн гэрчилгээг Ц.А авч, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ү-22050213** дугаар бүртгэлд Ц.А, С.Д, Б.Ц нарыг хамтран өмчлөгчөөр бүргэж, 001093672 дугаартай гэрчилгээ олгосон байна.

          6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ж.Б нь Ц.Атай гэр бүлийн харилцаатай байхдаа хүү Б.Ирмүүн төрсөн, 2004 оноос тусдаа амьдарч байсан гэх /Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 430 дугаартай шийдвэртэй захиргааны хэргийн 1 дүгээр хавтас, 66 дугаар хуудас/, мөн С.Дтай гэр бүл болон амьдрахдаа охин Б.Ц, Б.Ц нар төрсөн бөгөөд улмаар Ц.А нь маргаан бүхий орон сууцыг дангаар өмчлөх, бусдын өмчлөх эрхийг үгүйсгэх, 2004 оны бүртгэл илт хууль бус хэмээн маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.     

          7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.3, 3.4, 3.5-д “Ц.А өмчлөх эрхийг өв залгамжлалын үндсэн дээр олж авсан тул 2004 оны бүртгэл буюу С.Д, Б.Ц нарын эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй, С.Д, Б.Ц нарыг хамтран өмчлөгч биш болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй” зэргээр үндэслэлтэй зөв дүгнэжээ.

          8. Ийнхүү Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2 “бүртгэл үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.5-д заасантай тус тус нийцсэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д зааснаар эрхийн улсын бүртгэл илт хууль бус болох шинжийг агуулаагүй, энэхүү бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.  

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий бүртгэлийн талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0973 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА