| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0624/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/665 |
| Огноо | 2022-06-22 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/665
2022 06 22 2022/ШЦТ/665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.М даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Я.Мөнхзаяа,
Шүүгдэгч: Б.Б нар оролцсон эрүүгийн 2109013300161 дугаартай хялбаршуулсан хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1989 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Б, /РД:............
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Б нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна/, 28 дугаар зүйлийн 28.1.8 /Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, БНбД 12-03-04-ийн 5.1 дэх /Мөрдөж буй хууль, дүрэмтэй нийцүүлэн байгууллага, аж ахуйн нэгжийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг ажил олгогч хариуцна/, 6.1.1 дэх /Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино. 6.2.14 дэх /Ухмал худаг, өрөмдсөн газар, бусад малтаас зэрэг газруудыг таг, халхавч, хаалтаар хаасан байх ёстой.../6.2.16 дахь/1.3 м-ээс дээш өндөрт хучилт, хучлага дээр байрлаж байгаа ба өндрөөс унаж болох бүсийн хилээс (ирмэгээс) 2м-ээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн рүү хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашиж өгвөл зохино.../, “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж” БД 12-106-14-ийн 2 дугаар хавсралт С20 Байгууллагын үүрэгт /1.Баригдаж буй барилгын орц гарцны аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлнэ, 2. Орж, гарах хэсэгт түр зам гүүр, хаалт, хамгаалалт хийнэ/ зэрэг заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Хоймор” оффисийн хойно баригдаж буй орон сууцны барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.М нь шатнаас унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2109013300161 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 153 дугаар тал),
-2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 104 дүгээр тал),
-2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 60 дугаар тал),
-2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 62 дугаар тал),
-2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 92 дугаар тал),
-2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрч Б.Мы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 141-143 дугаар тал),
-2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 138-139 дүгээр тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн шинжээчийн 9021 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 83-86 дугаар тал),
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 21-03 дугаартай дүгнэлтийг (2 дахь хавтаст хэргийн 08-10 дугаар тал),
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 42-50 дугаар тал),
-Хүний их эмч Ө.Бямбаринчингийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бичсэн тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 40 дүгээр тал),
-Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, хавсралтыг (1 дэх хавтаст хэргийн 63-68 дугаар тал),
-2021 оны 9 сарын 04-ний өдөр Хөдөлмөр Аюулгүй байдлын Бригад ахлагч Б.Б, Д.Н нарын хооронд байгуулсан гэрээг (1 дэх хавтаст хэргийн 69-72 дугаар тал),
-“СТЕПП КАСТЛЕ” ХХК-ийн захирал Б.Б, “Би Жи Икс” ХХК-ийн захирал Б.Б нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 73-76 дугаар тал),
-Камерийн бичлэгт /СиДи/ үзлэг хийсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 79-81 дүгээр тал),
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 97-100 дугаар тал),
-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/7202 дугаартай албан бичиг, хавсралтыг (1 дэх хавтаст хэргийн 109-112 дугаар тал),
-Өвчний түүхтэй холбоотой баримтуудыг (1 дэх хавтаст хэргийн 113-128 дугаар тал),
-“Би Жи Икс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 136 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Хоймор” оффисийн хойно баригдаж буй орон сууцны барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.М нь шатнаас унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хэргийн үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Н.Мгийн “...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Хоймор” оффисийн хойно баригдаж буй барилга дээр туслах ажилтнаар 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажилласан бөгөөд 21-ний өдөр ажил дээрээ хувцсаа сольж өмссөнийг санаж байгаа. “Степп Кастле” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер Н гэж хүн ажилладаг гэдгийг мэднэ. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өглөө ажилд гарах үедээ аюулгүй ажиллагааны зааварчилгааны улаан өнгийн дэвтэр дээр гарын үсэг зуруулсан, аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153 дугаар тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О “...Би Б.Б гэх хүнийг огт танихгүй бөгөөд сүүлд М барилга дээр ажиллаж байгаад гэмтсэний дараа ...“Би бригад ахалж байсан хүн байгаа юм” гэж уулзаж байсан юм. ...Миний дүү нь эрүүл саруул спортоор хичээллэдэг, Баянцагаан сумын начин цолтой, хүүхэд байгаа юм. Өмнө нь ямар нэгэн бэртэл авч байгаагүй. Миний дүү М нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Хоймор” барилгын ард баригдаж буй барилга дээр туслах ажилтнаар ажиллах үеэрээ унаж гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн яаралтай тархины хагалгаанд 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед орсон бөгөөд хагалгаа амжилттай болсон, одоогоор биеийн байдал хэвийн, босож алхаж гишгэж чадахгүй, асуултад муу хариулдаг, юм сайн ярьж чадахгүй, байнгын асаргаанд байгаа. Мд хагалгаа хийсэн Баярсайхан эмчийн хэлснээр 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эмнэлгээс гарснаас хойш гэрийн асаргаанд 10 хоног байж, хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай мөн физик эмчилгээ болон бусад эмчилгээ шаардлагатай гэж хэлсэн. Хариуцаж ажиллаж байгаа гэх Б.Б гэх хүн нь эмчилгээний зардал, мэс заслын төлбөр гэж 4,500,000 орчим төгрөг өгсөн байгаа, ...цаашид гарах эмчилгээний зардлыг манай дүүг ажиллуулсан компани болон ажил хийлгэж байхад нь хариуцаж байсан хүмүүсийг төлнө гэж бодож байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104 дүгээр тал),
-Гэрч Н.Сийн “...2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би ажилдаа 08 цагийн үед очиход М ирчихсэн байсан бөгөөд би хананд пун наах ажлыг Эрдэнэбат гэх ахын хамт хоёулаа барилгын 4 давхарт хийж байсан бөгөөд М 1 давхрын барилгын хогийг Батбаяр ахын хамт цэвэрлэж байсан байх. Тэгээд оройн 17 цаг 30 минутын үед Б.Бээ ах намайг дуудсан бөгөөд би 1 давхарт буугаад очиход М барилгын зүүн талын шатны доор хэвтчихсэн байж байсан. Би юу болсон талаар Мгээс асуухад “Би хаанаас яаж байгаад уначив” гэж болсон явдлын талаар асуугаад байсан. Тэгээд Мг хувийн машинаараа гэмтэл рүү Батбаяр ах, Б.Бээ ах нарын хамт хүргэж өгсөн юм. ...Намайг ажилд орсон өдрөөс хойш хөдөлмөр аюулгүй байдлын инженер өдөр бүр ажилд гарахаас өмнө баталгаа авч, каск хамгаалалтын малгайг байнга өмсөх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зуруулдаг байсан. Туслах ажилтанд хамгаалалтын хувцас хэрэглэл гэх зүйл өгөөгүй, зөвхөн каск буюу хамгаалалтын малгай өгсөн. Зарим каск хамгаалалтын малгай бүчгүй байдаг байсан, миний каск бүч буюу тогтоогчгүй байсан. Мгийн каск бүчтэй байсныг сайн санаж байна. ..Тайлбарлаж өгдөггүй бөгөөд гол хэсэгт нь зааварчилгааны утгаа биччихсэн, тэрийг уншиж байгаад бид нар өөрсдөө баталгаагаа зурдаг юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60 дугаар тал),
-Гэрч Д.Нгийн “...Манай “Стэпп Кастле” ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд “Хоймор” оффисийн хойд талд барилга барьж байгаа бөгөөд гүйцэтгэлээ “Би Жи Икс” ХХК-иар хийлгэж ажиллаж байгаа юм. Би хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр ажилладаг юм. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай барилгын талбайд гүйцэтгэгч “Би Жи Икс” компанийн барилгын ажлын туслах ажилтан М нь цэвэрлэгээ хийж байгаад 17 цаг 55 минутын үед 1 давхрын барилгын хогийг цэвэрлэж байгаад баригдаж буй барилгын Б блокны зүүн талын шатнаас бетон урсахаас сэргийлж хашиж хэрэглэдэг “кава” модыг шидэж байхдаа унасан үйл явдал болсон юм. Тухайн үед би хамгийн түрүүнд унасны дараагаар нь очсон бөгөөд намайг очих үед дээшээ хараад хэвтчихсэн амьсгалж чадахгүй байхаар нь толгойг нь өргөж, амьсгалахад нь чөлөөтэй болгоход чихнээс нь цус гарч байхыг анзаарсан. Би цусыг нь цэвэрлэж байхад толгойг нь хагарсныг мэдсэн бөгөөд тухайн ажилтны захирал Б.Бд хэлж Мг ажилтны машинаар гэмтэл рүү авч явсан юм. Өдөр бүр компанийн ажилчдад хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа амаар өгч ажилд гарахаас өмнө нь хийх ажлынх нь дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр дээр зааварчилгаа авсныг баталж, гарын үсгийг зуруулж авдаг юм. ...Барилгын 1 давхрын моднуудыг гаргаж хаяхдаа шатны булан дээрээс шидэж байхдаа унасан юм шиг байсан. ...Өөрөө ажиллах гэрээ байхгүй бөгөөд манай компанитай гүйцэтгэлийн гэрээ хийсэн Б.Бтэй ярьж тохирч ажилладаг юм шиг байсан. ...Өглөө ажилд гаргах үед хамгаалалтын каск, ажлын гутал, бээлий хувцсыг бүрэн өмсгөж хамгаалалтын малгай каскны бүчийг бүчилж гаргасан юм. Барилгын нэг давхрын хог хаях ажлыг гүйцэтгэгч компанийн захирал Б.Б хариуцаж ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62 дугаар тал),
-Гэрч Г.Тын “...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс “Би Жи Икс” ХХК болон захирал Б.Бтэй “Барилга угсралтын гүйцэтгэлийн гэрээ” байгуулж ажиллаж байгаа юм. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би барилга дээрээ талбай хариуцсан инженерээр ажиллаж байсан бөгөөд 1 давхар болон зоорийн давхрын цэвэрлэгээг хийж гүйцэтгэгч компанийн ажилтан М нь 1 давхраас панер, материалын үлдэгдлийг цэвэрлэж байсан бөгөөд 1 давхрын өгсөж гардаг модон шат дээрээс панер хог шидэж байгаад хойшоо хий гишгэж хашлага шат хоорондын завсраар унасан байсан. Яг унах үеэр би өрөөндөө хөдөлмөр аюулгүй байдлын инженер Нгийн хамт сууж байсан бөгөөд унасны дараагаар удалгүй гүйж очсон юм. Бид хоёрыг очих үед хамгаалалтын каск нь биеэсээ өөр газар уначихсан, бүчийг нь бүчлээгүй газар хэвтэж байсан. Чихнээс нь цус гарч байхаар нь тогтоож дээш нь харуулж хэвтүүлж байгаад мужааны туслах Б.Б гэх хүнээр үүрүүлж гаргасан бөгөөд М нь босож ирээд өөрөө алхаад машин луу ороод дараа нь бид Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн юм. ...“Степп Кастле” ХХК-иас хөдөлмөр аюулгүй байдлын инженер Н хариуцаж шаардлага тавьж, торгууль бичиж хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байгаа. “Би Жи Икс” ХХК-иас хариуцсан Хөдөлмөр аюулгүй байдлын инженер байдаггүй бөгөөд Б.Б гэх захирал нь өөрөө хүмүүсээ хариуцаж ажилладаг юм. Манай компанийн захирал Б /88111443/ болон Б.Б нар хоорондын хөдөлмөр аюулгүй байдлын гэрээ хийчихсэн байгаа. “Степп Кастле” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер Н тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92 дугаар тал),
-Гэрч Б.Мы “...Би Степп Кастле ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд манай компани нь барилгын угсралт, сантехник, чимэглэл засал гэх барилгын бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эдгээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани юм. Манай Степп Кастле ХХК нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо “Хоймор” барилгын ертөнцийн зүгээр хойд талд баригдаж байгаа “Кастле Таун” нэртэй хотхоны карказ угсралтын ажил гүйцэтгэлийн гэрээг “Би Жи Икс” ХХК, манай хоёр компанийн байгуулсан ажил гүйцэтгэлийн гэрээнд зааснаар Хөдөлмөр аюулгүй байдлын гэрээг “Би Жи Икс” ХХК-ийн захирал Б.Б өөрөө хариуцахаар заасан хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгөх хүнтэй байх ёстой юм. Б.Бтэй гэрээ хийхдээ “Хөдөлмөр аюулгүй байдлын инженерээ авч ир” гэж хэлж байхад Б.Б нь “өөрөө хариуцна” гэж хэлж байсан юм. Манай “Степп Кастле” ХХК нь хөдөлмөр аюулгүй байдлын инженертэй бөгөөд хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр Д.Н, талбайн инженерээр Г.Т нар ажилладаг бөгөөд Н.Мг унах үеэр хоёулаа талбай дээр байсан юм. Ажил гүйцэтгэлийн гэрээний 5.1 дүгээр хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч “Би Жи Икс” ХХК нь хөдөлмөр аюулгүй байдлаа хариуцах ёстой бөгөөд манай талбайн инженер болон хөдөлмөр аюулгүй байдлын инженер Д.Н нар нь захиалагч талаас хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй байсан юм. Д.Н нь хөдөлмөр аюулгүй байдлын дэвтэрт гарын үсэг зуруулж танилцуулах чиг үүрэг байхгүй бөгөөд энэ асуудлыг гүйцэтгэгч “Би Жи Икс” ХХК нь бүрэн хариуцахаар гэрээг байгуулсан байгаа. “Степп Кастле” ХХК-ийн зүгээс Мд нөхөн олговор, төлбөр өгсөн зүйл байхгүй бөгөөд “Би Жи Икс” ХХК нь үүнийг хариуцаж яваа юм. Харин “Би Жи Икс” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэлийн гэрээний төлбөрөөс аюулгүй байдлаа бодолцож үлдээсэн 30 хувиас “Би Жи Икс” ХХК-ийн захирал Б.Бд олгож өгөөд явж байгаа. Түүнээс манай компанийн зүгээс “Н.Мд өгөөрэй” гэж мөнгө, нөхөн олговор өгсөн зүйл байхгүй. Анх гүйцэтгэлийн гэрээ байгуулахдаа “Би Жи Икс” ХХК-иас хуулийн этгээдийн гэрчилгээ, аж ахуй нэгжийн гэрчилгээ, байгууллагын дүрэм гэх зүйлсийг шаардсан юм. Барилгын ажил гүйцэтгэлийн гэрээг хувь хүн болон бригадтай байгуулахыг хуулиар хориглосон тул зайлшгүй компанитай байгуулсан юм. “Би Жи Икс” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан. Манай “Степп Кастле” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер Д.Н нь хөдөлмөр аюулгүй байдлын гэрээг “Би Жи Икс” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженертэй байгуулах ёстой байсан бөгөөд би ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулсны хэдхэн хоногийн дараа Д.Нгөөс хөдөлмөр аюулгүй байдлын гэрээ байгуулсан эсэх талаар тодруулахад гэрээгээ бэлдчихсэн байгаа гэж надад харуулж байсан бөгөөд “Б.Б өөрөө хариуцаж гарын үсэг зурна” гэж надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 141-143 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Б.Бийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь “Би Жи Икс” ХХК-ийн захирлын хувиар “Степп Кастле” ХХК-ийн захирал Б.Бтэй “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээний 5 дахь хэсэгт “Гүйцэтгэгч тал /Би Жи Икс ХХК/ хөдөлмөр зохион байгуулалт болон хөдөлмөр хамгааллаа бүрэн хариуцаж ажиллах үүрэгтэй. Гүйцэтгэгч тал хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллаагүйн улмаас гарах аливаа хохирол хариуцлагыг 100 хувь өөрөө хариуцна” гэж заасны дагуу “Би Жи Икс” ХХК-д ажиллаж байсан ажилтан эрүүл мэндээрээ хохирсон байх тул хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүйгээс үүсэх хариуцлагыг Б.Б хүлээх нь үндэслэлтэй юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг” ойлгоно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, Барилгын норм ба дүрэм /цаашид БНбД/ 12-03-04-ийн 5.1-д “Мөрдөж буй хууль, дүрэмтэй нийцүүлэн байгууллага, аж ахуйн нэгжийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг ажил олгогч хариуцна”, 6.1.1-д “Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино”, 6.2.14-т “Ухмал худаг, өрөмдсөн газар, бусад малтаас зэрэг газруудыг таг, халхавч, хаалтаар хаасан байх ёстой...”, 6.2.16-д “1.3 м-ээс дээш өндөрт хучилт, хучлага дээр байрлаж байгаа ба өндрөөс унаж болох бүсийн хилээс (ирмэгээс) 2м-ээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн рүү хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашиж өгвөл зохино...”, гэж, Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж БД 12-106-14-ийн 2 дугаар хавсралт С20 Байгууллагын үүрэгт “1.Баригдаж буй барилгын орц гарцны аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлнэ, 2. Орж, гарах хэсэгт түр зам гүүр, хаалт, хамгаалалт хийнэ” гэж заасан заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан байна гэх шинжээчдийн 21-01 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 158-161 дүгээр тал), 21-03 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 08-10 дугаар тал)-үүд хэрэгт авагджээ.
Дээрх дүгнэлтүүдээс харахад “Би Жи Икс” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, дүрэм журмыг баримтлан ажиллаагүйгээс хохирогч Н.Мгийн биед “гавлын орой болон суурь ясны далд хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн голомтлог няцрал, тархи дарагдал /тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал/, зулай, чамархайн хуйханд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” (1 дэх хавтаст хэргийн 83-86 дугаар тал) буюу хүнд гэмтэл учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Бийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хохирогч Н.М нь Сүхбаатар дүүргийн прокурорын газарт “...Н.М миний бие 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр барилгын нэгдүгээр давхрын шатан дээрээс өөрийн болгоомжгүй байдлаас болж хог шидэж байхдаа хөл алдан унаж тархиндаа бэртэл авсан. Компанийн захирал Б.Б миний эмчилгээний бүх зардлыг бүрэн төлж эмчлүүлсэн. Одоо миний биеийн байдал сайжирч байгаа тул түүнд ямар ч санал гомдол байхгүй, хэргийг даруй шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр гаргасан (2 дахь хавтаст хэргийн 23 дугаар тал) байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 2,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу хохирогчид эмчилгээний зардал өгч хохирол, хор уршгийг арилгасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 2,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 жилийн хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж 2,900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН