Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/666

 

2022           06          22                                 2022/ШЦТ/666

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч: Г.Г нар оролцсон эрүүгийн 2209000001057 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Голомт банкны орчимд хохирогч П.Этай үл ялих зүйлийн улмаас маргалдаж, нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000001057 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

            -Хохирогч П.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),

            -Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 6505 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,

            Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд “Би өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээж, ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн материалаас уншиж судлуулаагүй болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Г 2022 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Голомт банкны орчимд хохирогч П.Этай үл ялих зүйлийн улмаас маргалдаж, нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

-Хохирогч П.Эын “...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” баар руу орох гээд Голомт банкны орчим утсаар яриад явж байтал миний хажуу талаас нэг хүн миний нүүрний талын шанаа цохиод авахаар нь зуурч аваад харахад манай их сургуулийн ангийн Г.Г гэх залуу байсан. Тэгээд зууралдаж байх үед тэнд байсан хүмүүсийг салгах явцад зугтаачихсан. Тэгээд тэр дороо Гантулгын 90888555 дугаарын утас руу залгахад үл таних хүн утсаа унагаагаад явчихлаа гэж хэлээд тасалсан. Тэгэхээр нь би “цагдаад өгчихлөө” гэж мессэж бичихэд буцааж залгаад “зодолдоно, алалцана, надад алдах юм байхгүй, чамд алдах юм байгаа, би чамайг өдий зэрэгтэй болгосон, чи надад өртэй” гэх зэргээр ярьсан. ...Г.Г нь манай их сургуулийн ангийн хүүхэд бөгөөд хэд хоногийн өмнө намайг номын нүүр ковер дизайн хийж өгөөч гэж гуйсан ба би компьютер гэмтсэн учраас хийж чадаагүй тэрнээс болоод намайг өнөөдөр утсаар заналхийлж байсан. ...миний нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү юугаар цохисон талаар мэдэхгүй, нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “...П.Эын биед зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн №6505  дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Г.Г нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн шанаан тус хэсэгт цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож байсан, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас П.Эын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Тодруулбал, шүүгдэгчийн хууль бус идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч П.Эын биед хөнгөн хохирол учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “1. П.Эын биед зүүн доод 3-р шүдний эмтрэл, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 6505 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал)-ээр тогтоогдож байна. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч П.Эд хавтаст хэргийн материалыг танилцуулахад “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж тэмдэглэлд тусгасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

6. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН