| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0634/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/673 |
| Огноо | 2022-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/673
2022 06 23 2022/ШЦТ/673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Шүүгдэгч: Г.Ц нар оролцсон эрүүгийн 2209000001148 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгөлдөр” төвийн өмнө ангийн найз Г.Бтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2209000001148 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 08-10 дугаар тал),
-Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 17-18, 22-23 дугаар тал),
-Гэрч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
-Гэрч Ж.Шын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6808 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,
Шүүгдэгч Г.Ц шүүх хуралдаанд “Би өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээж, ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн материалаас уншиж судлуулаагүй болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Ц 2022 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгөлдөр” төвийн өмнө ангийн найз Г.Бтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
-Хохирогч Г.Бийн “... 2022 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө оюутан ангийн найзуудтайгаа МУБИС-ийн хажуу талд байрлах “Есүй” гэх караокед уулзсан. Тэндээс 2022 оны 5 дугаар сарын 06-ны 1900 цагийн үед гарч цайны газар орж хоол идээд тэндээс гарч багшийн дээдийн “Огторгуй” гэх караокед орсон. Тэрнээс хойш болсон үйл явдлыг тодорхой санахгүй байгаа. “Огторгуй” караокед гурван найзын хамт дөрвүүлээ орсон. Тухайн үед Г.Ц, н.Аяр /88782415/, н.Жа, нарын хамт орж үйлчлүүлсэн. Намайг Г.Ц цохиж зодсон. Тухайн үед караокеноос гараад буудалд хоноглосон. Өглөө сэрээд босож ирэхэд ийм байдалтай байсан. Хамт байсан н.Ж болсон үйл явдпын талаар ярьж өгсөн. Багшийн дээдийн “Төгөлдөр” төвийн орчим зодуулсан гэж надад н.Жа хэлсэн. Жын ярьснаар намайг Г.Ц нь нүүр рүү өшиглөсөн, намайг өшиглөх үед хойшоо би унасан талаар хэлсэн. Өөр зүйл хэлж ярьж өгөөгүй. Миний биед хоёр нүд улайж хөхөрсөн, хөндүүртэй, хамар хавдсан хөндүүртэй, толгой маш их зовуурьтай өвдөлттэй, биеийн цээжин хэсэг мөн хөндүүртэй байна.... Баримт байхгүй. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал болох 500,000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 22-23 дугаар тал),
- Гэрч Г.Эгийн “... Манай дүү Г.Б нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5 дахь өдөр “ажилдаа явна” гээд өглөө 0700 цагийн үед гарсан юм. Тэгээд тухайн оройноо ирээгүй бөгөөд өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 08-ны орой 1800-1900 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ нүүр нь хөхөрч хавдсан бусдад зодуулсан байдалтай ирсэн бөгөөд тухайн үедээ дүүгээсээ юу болсон талаар асуухад “5 дахь өдрийн орой оюутан ангийнхаа найзуудтай уулзаад гадуур суусан. Тэгээд орой нь ангийнхнаасаа салж яваад хүнд зодуулчихлаа, хэнд зодуулснаа мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь ангийн дарга нь гэх Ж.Ш гэх залуутай 80082296 дугаарын утсаар холбогдож юу болсон талаар асуухад “Манай оюутан ангийнхан уулзаад архи уусан юм. Тэгээд тарахын алдад би ангийнхныг таксинд суулгаад гэр гэр лүү нь явуулж байх үед Г.Б нь Г.Ц гээд манай ангийн залуутай хоорондоо маргалдаж зодолдож байсан. Г.Ц тухайн үед нүүр рүү нь цохисон” гэж надад утсаар хэлсэн... Миний дүү Г.Б нь зүрх нь өвдөөд таталт өгсөн ба бид нар түргэн дуудаж үзүүлээд эмнэлэг аваад явсан ба одоо 1 дүгээр эмнэлэг дээр байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
-Гэрч Ж.Шын “... 2022 оны 5 дугаар сарын 06-ны орой манай их сургуулийн ангийнхны фейсбүүк групп чаат дээр манай ангийн н.А шагнал авсан талаар мэдээлэл орсон байсан. Тэгээд би н.Атай холбогдоход байгаа газраа хэлж байсан. Тэгээд би н.Атай уулзаж баяр хүргэх гээд орой 2200 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Багшийн дээд”-ийн тэнд нэг хоолны газарт орж уулзсан. Намайг очиход Г.Б, Г.Ц, н.Ар, н.Ж нар дарс уугаад бараг дуусаж байсан. Би тэр дарснаас нь жоохон уусан. Тэгээд бид нар гарцгааж ойролцоо байдаг “Огторгуй” нэртэй караокед орж суугаад 1 шил архи, 6 пиво авч үйлчлүүлсэн. Тухайн үед манай хэд өмнө нь уучихсан согтолттой байсан. Тэдний дундаас н.А, Г.Б нар их согтуу байсан. Тэгээд Г.Б согтоод юм ярихаараа хүн муулж, хүмүүсийн эмзэг сэдвийг хөндөх гээд байхаар нь унтуулчихсан юм. Тэндээ архиа ууж дуусгаад пивонуудаа уугаагүй үлдээгээд төлбөр тооцоог нь би хийчхээд тэр хэдийг авч гарсан. Би тэд нартай хамт суухдаа архи, пиво огт уугаагүй. Өмнө нь ч уугаагүй очсон. Анх очихдоо тэр дарснаас нь жоохон уусан. Эрүүл байсан гэсэн үг юм. Тэгээд “Огторгуй” нэртэй караокеноос гараад тэр хэдийг ““Төгөлдөр” төвийн үүдэнд хүлээж байгаарай” гэж хэлчхээд би замаас такси барьж зочид буудал олох санаатай зам руу гарсан юм. Тэгээд олсон такситайгаа тэр хэд рүү очиход Г.Б өмдөндөө шээсэн, харин н.А газар өнхрөөд уначихсан, н.Ж, н.А нар хажуугаас нь босгох гээд зогсож байсан. Тэр байдлыг харсан таксины жолооч болгон авахгүй татгалзаж яваад байсан юм. Тэгээд арай гэж нэг такси олоод би таксиндаа сууж байгаад харсан чинь Г.Б, Г.Ц нар хоорондоо их ширүүн өнгө аястай харьцаж байсан. Надад юу ярьж байгаа нь тодорхой сонсогдоогүй. Тэгээд би таксинаас буугаад тэр 2 дээр очиход Г.Бийн 2 шанаа хэсэг нь хавдсан байдалтай харагдаж байсан. Тэгээд би “та хоёр чинь одоо юу болж байнаа” гэхэд Г.Ц нь Г.Б рүү хандаад “чи манийгаа ингэж муухай үгээр хэлж доромжилж болдог юм уу” гээд нэлээн уцаарлангуй хэлж байсан. Г.Б харин “хөгшнийгөө уучлаарай” гээд доошоо хараад суугаад байсан. Тэгээд би Г.Цыг дагуулж холдоод “чи чинь одоо хүний нүүр цохиж яаж байгаа юм бэ, одоо гэртээ харьж бай” гэж сануулаад “Би Г.Бийг аваад явъя” гэж хэлсэн юм. Тэгээд такси бариад угаасаа бөөнөөрөө багтахгүй учраас би Г.Бтэй хамт нэг таксинд суугаад “Бөхийн өргөө”-ний ойролцоо нэг буудлын өрөө авч орсон. Буудлын өрөөнд Г.Бийг үлдээгээд буцаж нөгөө хэд дээр очоод буудалд авчирсан. Тэгээд л буудалд очсон чинь Г.Б унтаж байсан. Тэгэхээр н.А, н.Ж хоёрыг хамт унтуулаад Г.Ц бид 2 хамт гараад гарангуутаа тус тусынхаа гэр рүү явцгаасан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “1. Г.Бийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн №6808 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Тодруулбал, шүүгдэгч Г.Ц нь хохирогчийн толгойн тус газар цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Г.Бийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх ба түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Г.Б “...Ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх эд зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх (хавтаст хэргийн 71 дүгээр тал) хүсэлтийг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Г.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Г.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН