Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/677

 

2022           06          27                                 2022/ШЦТ/677

                             

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Б.Дэлгэрмаа,

Хохирогч Б.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

Шүүгдэгч Ц.О нар оролцсон эрүүгийн 2203001830247 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цаг 25 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Самбуугийн гудамж, Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урд талын замд “Toyota Pruis” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2203001830247 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэх хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 5-13 дугаар тал),

-Хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 19-21 дүгээр тал),

-Иргэний нэхэмжлэгч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн шинжээчийн 5496 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 69-70 дугаар тал),

-Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн гаргасан 38381471 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 77-82 дугаар тал),

-Мөрдөгчийн 0529 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хохирогч Б.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Хичээлээ тараад зам хөндлөн гарцаар гарч явсан. Эхний эгнээнд байгаа машин зам тавьж өгсөн тэгтэл энэ жолооч өөр тийшээ хараад явж байгаад намайг мөргөж унагаасан. Тэгээд бууж ирээд   Цагдаад мэдүүлэг өгөхөд саад хийх гэж байсан. Шинжилгээ хийлгэхэд ахар сүүл хугарсан, умайн дотор цус алдалттай байна гэж хэлсэн. 4 хоног эмчийн хяналтад байсан. Шинжилгээ хийлгэсэн.  Яс хугаралтын витаминд 680,000 төгрөг өгсөн. 3 хичээл дээр муу үнэлгээ авсан. Муу үнэлгээг засахын тулд кредитийн тооцоо хийгээд хичээлээ судлаад дахин шалгалт өгөх ёстой. Тэр кредитийн мөнгийг нэхэмжилнэ. 2 дахь мэдүүлэг өг гэж дуудахад хөтөлж, тулгаж мэдүүлэг авсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар зааварласан. Зүүн талын мэдрэл өвддөг болсон. Ослын улмаас эмчилгээний болон сэтгэл санааны хохирол, хичээлээ дахин судлах төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлгийг гаргасан бөгөөд хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй бол,

Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд “гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг тухай бүрд нь өгч байсан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг тус тус гаргасан байна.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цаг 25 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Самбуугийн гудамж, Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урд талын замд “Toyota Pruis” маркийн 93-03 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн болон яллах дүгнэлтэд дурдагдсан:

-Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-13 дугаар тал),

-Хохирогч Б.Нгийн “...намайг зам хөндлөн гарах үед нэгдүгээр эгнээнд явж байсан машин зам тавьж өгсөн ба хоёрдугаар эгнээнд явж байсан машин бас зам тавьж өглөө гэж хараад чигээрээ гарцаар явж байтал хоёрдугаар эгнээнд явж байсан Приус-20 маркийн автомашин гэнэт хаазлаад, урагшаа яваад намайг мөргөсөн. Тэгээд намайг мөргөх үед би машиных нь хамар дээр унаад, тэр чигтээ урагшаа яваад 1 метр орчим яваад зогссон ба би арай газар унаагүй, хөл дээрээ тогтоод зогссон. ...Би явган хүний гарцаар алхаад явж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “1. Б.Нгийн биед ахар сүүлний хугарал гэмтэл тогтоогдлоо, ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 5496 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дугаар тал),

-Мөрдөгчийн “93-03 УНЧ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртой ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх 0529 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.О  нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 100 дугаар тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.

 

Осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгч Ц.Оын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлжээ.

 

Шүүгдэгч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Ц.Оын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Тиймээс шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Нгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн 5496 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дугаар тал)-ээр тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Нд шүүгдэгчийн зүгээс эмчилгээтэй холбоотой нийт 680,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь (хавтаст хэргийн 114-116 дүгээр тал) нотлогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх баримтыг хохирогч гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Оаас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Б.Н гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Эгийн “...Тээврийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан ...ажиллаж байгаа. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж эмчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 687,000 төгрөгийн зардал гарсан тул ...уг зардлыг Ц.Оаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал)-ийг гаргасан байна.

 

Эрүүл  мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.

 

Хохирогч Б.Нд бусдын буруутай үйлдлийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 687,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг дээрх хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.Оаас уг зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Ц.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан хохирогчид учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн, харин хор уршгийг арилгаагүй, хохирогч гомдолтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Ц.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах санал гаргажээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оад оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулахдаа заавал эрх хасах нэмэгдэл ял оногдуулах заалт байхгүй, мөн шүүгдэгчийн хувийн байдал, машинаараа тодорхой орлого олж өрхийн эдийн засгийн хэрэглээндээ зарцуулдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан заавал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оад 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.О  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            5. Шүүгдэгч Ц.Оаас 687,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд  төлүүлж, хохирогчид энэ шийтгэх тогтоолоор төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН