Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 263

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:******* дүргийн ******* хороо, өөрийн байранд байрлах “*******” шашны байгууллага /РД:*******/  

Хариуцагч:******* дүүргийн ******* хороо, *******гийн ******* гудамж ******* оршин суух, ******* ын /РД:/-т холбогдуулан

Хөдөлмөрийн харилцааг цуцалснаас учирсан хохирол 4.379.025 төгрөг, нотариатын зардалд төлсөн 11.800 төгрөг нийт 4.390.825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны ******* сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны ******* сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нинжхорол, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагч Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” шашны байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай хийд 1990 онд ******* дүүрэгт анх байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 20 гаран жил сүсэгтэн олондоо зориулан олон төрлийн буян номын үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар ирсэн. Манайх “Чандмань-Эрдэнэ” дунд сургууль ажиллуулж 500 гаран хүүхдэд Ерөнхий боловсролын болон шашны  ном зааж сургасан.

Энэ хугацаанд өөрийн сурагчдыг шашны ном, эрдэмд гүнзгийрүүлэн сургах зорилгоор Энэтхэг улсын “Гоман дацан”-тай 2013 онд “Шавь сургах гэрээ” байгуулан төгсөгч нараа Гүн ухаан, төвд хэл бичгийн сургалтанд явуулсаар ирсэн.

Одоо ч 30 гаран хүүхэд гадаадын олон оронд суралцаж байна. Үүнээс төгсөгч Г.ыг сургахаар 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Гоман дацан”-тай Шавь сургах гэрээ байгуулсан ба 2014 оны ******* сарын 03-ны өдөр түүний сургалтын төлбөр болох 162.500 рупитэй тэнцэх хэмжээний 2500 ам.долларыг төлсөн.

Тухайн үед Монгол банкны ханшаар нэг ам.доллар 1.761,61 төгрөг байсан. Ингээд суралцаж байхад нь 2016 оны ******* сарын 04-ний өдөр хийд болон “Чандмань-Эрдэнэ” шашны сургуулийн захиргаа Г.тай “Гадаадад сурагч суралцуулах гэрээ” байгуулсан. Үүнд: Сурагч нь 2 хийдийн болон сургуулийн дотоод дүрэм журмыг сахин хичээнгүй сайн суралцах, ноцтой зөрчил гаргавал суралцах эрхийг нь түдгэлзүүлэх, суралцаж ирээд “Сайн номуун” хийдэд тогтвор суурьшилтай ажиллах, хэрэв тус хийдийн дэмжлэгтэйгээр суралцаж ирээд тогтвортой ажиллахгүй бол суралцах хугацаанд зарцуулсан зардал төлбөрийг төлж барагдуулах зэрэг үүрэг хүлээсэн.

Г. сургуулиа төгсөөд ирсэнийх нь дараа хийдийн их гэсгүй Д.Гансүхийн батлан даалтанд өгч ажиллуулсан ба өөрөө ч тогтвор суурьшилтай ажиллахаа батлан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан хурлын ламаар ажиллаж эхэлсэн. Гэвч лам Г. нь 2018 оны 0******* сарын эхээр буюу сар шинийн хурлын үеэр ажлаа хаяж явсан. Одоо өөр хийдэд шавилан сууж байгаа сураг гарсан. Иймд Г.аас 2500 ам.доллар буюу /тухайн үеийн ханшаар 1 ам.долларыг 1.751,61 төгрөгөөр тооцно/ 4.379.025 төгрөг, нотариатын зардалд төлсөн 11.800 төгрөг нийт 4.390.825 төгрөгийг гаргуулж, хийдийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” шашны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нинжхорол, өмгөөлөгч Г. нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Г. нь багаасаа манай хийдийн харьяа “Чандмань-Эрдэнэ” сургуульд 2007 оноос 2014 он хүртэл суралцаж ерөнхий боловсрол эзэмшсэн ба хийдэд шавилан суудаг байсан.

Манай байгууллага Энэтхэг улсын “Гоман дацан”-д үнэ төлбөргүй хүүхэд суралцуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 1*******тай гэрээ байгуулан анх 4 сурагч явуулсаны нэг нь хариуцагч Г. байсан. 

Манай хийд гэрээнд заасны дагуу сурагч нарын сургалтын төлбөр, хоол, орон байрны зардлыг хариуцахаар байгаа ч “Гоман дацан” өөрөө орон байр, хоол ундаар нь хангадаг байсан. Иймд манай хийд хамтын ажиллагаагаа дэмжих зорилгоор 4.379.025 төгрөгийн хандив өгснийг би 2016 онд 2.500 ам.доллар болгон “Гоман дацан”-д тушаасан. Үүнээс өмнө мөнгө шилжүүлж байгаагүй. Уг мөнгийг хэнд, юунд зарцуулж байсныг мэдэхгүй. Харин Энэтхэг улсад очихдоо Г.т 2016 оны ******* сарын 04-ний өдөр гадаадад сурагч суралцуулах гэрээг танилцуулан гарын үсэг зуруулсан. Г. нь сургуульд суралцах хугацаандаа “*******” шашны байгууллагын харьяа сургуулийн  дотуур байранд байрлаж, хоол ундаар хангуулан, үнэ төлбөргүй суралцаж байсан тул энэ гэрээ болон хөдөлмөрийн гэрээний дагуу “*******” шашны байгууллагад тогтвор суурьшилтай 3 жил ажиллах ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж ажлаа хаяж явсан. Бид түүнд буцаж хийдэд ажиллах санал тавихад хүлээж авахгүй байна. Иймд Г.ын өргөдөл, хүсэлт болон гэрээнүүдийг үндэслэн Иргэний хуулийн 49******* зүйлийн 492.1.-д зааснаар “Гоман дацан”-д төлсөн сургалтын төлбөрийг Г.аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. тайлбарлахдаа: Г. Энэтхэг улсын “Гоман дацан” болон Монгол улсын “Сайн номуун” хийдийн хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1*******тай гэрээний дагуу “Гоман дацан”-д үнэ төлбөргүй 3 жил 3 сар суралцсан. Энэ хугацаанд “Гоман дацан” хоол, байрны мөнгийг дааж байсан. Мөн сүсэгтэн олны өргөл, барьцаас гарын мөнгө өгч байсан. Харин “*******” шашны байгууллага 2.500 ам.долларыг ямар зорилгоор өгсний мэдэхгүй. Ер нь 2.500 ам.долларыг өгсөн бол ганц Г.т зарцуулсан уу хамт суралцаж байсан 12 монгол сурагч нарт зарцуулсан уу  гэдэг нь тодорхойгүй байна.

Г. Энэтхэг улсаас ирээд “*******” шашны байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан боловч дарамт шахалт ихтэй, цалин хөлс нь маш бага сарын 100.000 төгрөгөөр амьдрахад хэцүү байсан. Иймд тус хийдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах боломжгүй болсон. Мөн хийд 2016 оны ******* сарын 04-ний өдрийн гэрээг Г.тай нөхөж хийсэн. Энэ гэрээн дээр 5.000.000 төгрөгийг буцаан төлнө гэсэн байгаа ч Г.ын эцэг, эх “Чандмань-Эрдэнэ” дунд сургуульд тодорхой хэмжээний мөнгө төлдөг байсан.

Мөн хөдөлмөрийн гэрээнд дэмжлэг үзүүлж зарцуулсан 8.000.000 төгрөг гэдэг нь юу болох талаар тодорхойгүй байна. Хэрэв сургуулийн төлбөр төлсөн гэж байгаа бол энэ талаар бүрдүүлсэн баримт нь үндэслэлгүй. Учир нь “Гоман дацан” тус хийдээс ямар ч сургалтын төлбөр авч байгаагүй гэдэг албан бичгийг И-мэйлээр явуулсан. Энэ нь даан ч  нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Гэхдээ нэхэмжлэгч өөрөө сургалтын төлбөргүй байсан гэдгийг зөвшөөрсөн. Хэрвээ 2016 онд нэг удаа “Гоман дацан”-д өгсөн 2.500 ам.долларыг хоол, байранд өгсөн гэж байгаа бол тухай үед 12 хүүхэд суралцаж байсан. Иймд ганц Г. хариуцах ёсгүй. Мөн  “Гоман дацан” уг мөнгийг энд, юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Иймээс нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” шашны байгууллага хариуцагч Г.т холбогдуулан хөдөлмөрийн харилцааг цуцалснаас учирсан хохирол 4.379.025 төгрөг, нотариатын зардалд төлсөн 11.800 төгрөг нийт 4.390.825 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч “*******” шашны байгууллага “... Г. нь хийдийн зардал дэмжлэгээр “Гоман дацан”-д суралцсан тул хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 3 жил тогтвор суурьшилтай ажиллах ёстой байтал ажлаа хаяж явсан. Иймд  “Гоман дацан”-д суралцуулахад төлсөн 5 жилийн сургалтын төлбөр 2.500 ам.доллар буюу 4.379.025 төгрөгийг буцаан төлөх ёстой. Хэрэв 3 жил ажиллана гэвэл уг мөнгийг шаардахгүй байж болно” гэсэн үндэслэлээр хариуцагчтай эвлэрэх санал тавьж, нэхэмжлэлийн шаардлагаа хавтаст хэргийн 6-17 дах хуудсанд авагдсан баримтаар дэмжсэн.

Хариуцагч Г. “...“Чандмань-Эрдэнэ” шашны сургуульд суралцаж байгаад 2014 оноос 2017 оны 4 сар хүртэл Энэтхэг улсын “Гоман дацан”-д үнэ төлбөргүй суралцсан. “Гоман дацан” нь хоол байрны зардал болон гарын мөнгийг өргөл, барьц, хандив, тусламжаас гарган өгдөг байсан.  “*******” дарамт шахалт ихтэй, маш бага цалингаар ажиллуулдаг тул 3 жил ажиллах боломжгүй” гэсэн үндэслэлээр эвлэрэхээс татгалзаж, нэхэмжлэлийг үгүйсгэж мэтгэлцсэн.

Шүүх нэхэмжлэгч “*******” шашны байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч “*******” шашны байгууллага нь ажиллах боловсон хүчнээ багаас нь бэлдэх зорилгоор өөрийн харьяа “Чандмань-Эрдэнэ” шашны сургуульд ерөнхий боловсрол эзэмшүүлсэн сурагчдаа 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Энэтхэг улсын “Гоман дацан”-тай байгуулсан гэрээний дагуу шашны чиглэлээр суралцуулахаар 2014 оноос эхлэн явуулсан.

2014 оны ******* сард Энэтхэг улсын “Гоман дацан”-д суралцсан анхны 4 сурагчийн нэг болох хариуцагч Г. Энэтхэг улсаас 2017 оны ******* сард ирээд  2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “*******” шашны байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааж тохиролцсон байна. Иймд зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ.

Ажилтан Г. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогч “*******” шашны байгууллагад өгснөөс хойш 30 хоногийн дараа ажлын байраа орхих эрх үүсэхээр байхад шууд хаяж явсан.

Ажил олгогч “*******” шашны байгууллага ажилтан Г.ыг ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргаагүй ч тэрээр 2018 оны ******* сараас эхлэн өнөөдрийг хүртэл ажлаа хийгээгүй, цаашид ч ажиллах хүсэлгүй байгаагаа шүүх хуралдааны шатанд илэрхийлсэн тул хөдөлмөрийн харилцаа ажилтны санаачилгаар цуцлагджээ.

Хариуцагч Г. 3 жилийн турш тогтвор суурьшилтай ажиллах үүргээ биелүүлээгүйээс хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргасан зардал болон бусад хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч “*******” шашны байгууллагад төлөх үүрэг үүсч байна.

Харин шүүх Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “гэрээнд заасан үүргээ зөрчсөн...тохиолдолд... тухай ажилтантай холбоотой дэмжлэг үзүүлж гаргасан зардал 8.000.000 төгрөгийг... хийдэд нөхөн төлүүлнэ” гэсэн заалтаас дэмжлэг үзүүлж гаргасан 8.000.000 төгрөгт ямар зардал хамаарч байгаа нь тодорхойгүй, үгийн шууд утгаар ойлгох боломжгүй байгаа тул гэрээний зорилго, зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл, тайлбар зэргээс дүгнэвэл, ажил олгогч нь олон жил сургаж бэлтгэсэн ажилтнаа 3 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготой байх ба гэрээний талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө гаргасан зардлын талаар тохиролцсон байна. Иймд 8.000.000 төгрөгийн зардал гэдэг агуулгад нэхэмжлэгчийн шаардаж байгаа хариуцагч Г.ын сургалтанд төлсөн төлбөр хамаарч байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч “*******” шашны байгууллага нь гэрээний дагуу шаардах эрх үүсч байгаа ч хариуцагч Г.ын сургалтын төлбөрт 2.500 ам.доллар буюу 4.379.025 төгрөгийг 2014 оны ******* сарын 03-ны өдөр “Гоман дацан”-д төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ч.Нинжхорол шүүх хуралдааны шатанд “...“Гоман дацан” нь сурагчдад үнэ төлбөргүй сургалт явуулдаг, хоол, байрны зардлыг хариуцдаг...гэрээгээр манайх тодорхой хувийг хариуцах ёстой ч мөнгө нэхэж байгаагүй...2016 оноос өмнө “Гоман дацан”-д ямар нэг мөнгө өгсөн зүйлгүй. ...Харин би 2016 онд Энэтхэг улсад суралцаж байгаа сурагчдаа эргэж очихдоо хийдээс өгсөн 2.500 ам.долларыг “Гоман дацан”-д хандив гэж өгсөн. Энэ нь сургалтын төлбөр биш. Гэхдээ тэнд 12 хүүхэд суралцаж байгаа тул хамтын ажиллагаагаа дэмжих зорилгоор өгсөн. Энэ мөнгийг юунд зарцуулах нь тухайн байгууллагын эрх учир зарцуулалтын талаар мэдэхгүй...” гэсэн тайлбарыг өгсөн.

Иймд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нотолж өгсөн 2014 оны 0******* сарын 26-ны өдөр 4.379.025 төгрөгийг сургалтын төлбөрт бэлнээр гаргасан бэлэн мөнгөний зарлагын баримт, “Гоман дацан”-д 2.500 ам.доллар буюу /тухай үеийн Монгол банкны ханш 2.500 ам.доллар х 1.751,61 төгрөг/ = 4.379.025 төгрөгийг 2014 оны ******* сарын 03-ны өдөр Г.ын сургалтын төлбөрт төлсөн гэх бэлэн мөнгөний төлбөрийн баримтыг орчуулсан хуулбар зэрэг нь хэргийн үйл баримтыг эргэлзээгүй нотолж чадах, үнэн зөв баримт гэж үзэх боломжгүй.

Мөн “Чандмань-Эрдэнэ” шашны сургууль нь 2016 оны ******* сарын 04-ний өдөр   “Сайн   номуун  хийд”   шашны   байгууллага,   иргэний   эрх   зүйн  бүрэн бус чадамжтай этгээд болох Г. нартай гадаадад сурагч суралцуулах гэрээ байгуулахдаа... сургалтын төлбөр 5.000.000 төгрөгийг нөхөн төлнө, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Г.ын гаргасан өргөдөл, хүсэлт дээр 15.000.000 төгрөгийн нөхөн төлнө гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотлох баримт болж чадахгүй байна гэж үнэллээ.

Иймээс нэхэмжлэгч “*******” шашны байгууллага хариуцагч Г.т холбогдуулан хөдөлмөрийн харилцааг цуцалснаас учирсан хохирол 4.379.025 төгрөг, нотариатын зардалд төлсөн 11.800 төгрөг нийт 4.390.825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.203 төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.3., 227 дугаар зүйлийн 227.3.-т заасныг баримтлан хариуцагч ******* ын аас хөдөлмөрийн харилцааг цуцалснаас учирсан хохирол 4.379.025 /дөрвөн сая гурван зуун далан есөн мянга хорин тав/ төгрөг, нотариатын зардалд төлсөн 11.800 /арван нэгэн мяна найман зуу/ төгрөг нийт 4.390.825 /дөрөн сая гурван зуун ерэн мянга найман зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” шашны байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч “*******” шашны байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.203 /наян таван мянга хоёр зуун гурав/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

                               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС