Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/679

 

2022           06          27                                 2022/ШЦТ/679

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Ч.О.Б,

Шүүгдэгч: О.Б нар оролцсон эрүүгийн 2203002140273 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан ашиглалтын инженер мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн ............... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, О.Б, /РД: /.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 25 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөө, Сод монгол шатахуун түгээх станцын баруун талын замд “Тоёота приус” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1. Хэвтээ тэмдэглэл: 1.4 дэх хэсэгт заасан “1.1-1.3, 1 15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас үргэлжилсэн хос шугам давж чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас Б.Ж жолоочтой “Хонда” маркийн 25-05 УРА улсын дугаартай мотоцикл онхолдож жолооч Б.Жын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2203002140273 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 05-11 дүгээр тал),

-Хохирогч Б.Жын “Би 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн үед аавын гэрээс гараад ажилдаа явж байсан. 17 дугаар сургуулийн уулзвараар хойноос урагшаа гараад Сод монгол шатахуун түгээх станцын баруун талд явж байх үед гэнэт эсрэг урсгалаас замын хашлаганы дундаас цагаан өнгийн суудлын автомашин ороод ирсэн. Автомашиныг хараад тоормосоо базаад тэнцвэр алдаад мотоцикл газарт унаад өнхрөөд цааш явсан. Би өөрөө чигээрээ урагшаа явсаар нөгөө буцаж эргэж байсан автомашины баруун хаалганы орчим өөрийн толгой хэсгээрээ мөргөсөн. Мөн баруун талын хавирга нуруу хэсгээрээ машиныг бас мөргөсөн. Мотоциклийн үнэлгээгээр гаргасан мөнгийг нэхэмжилнэ. Эмчилгээний зардлыг нөгөө жолооч талаас гаргасан байгаа. Нийтдээ 450,000 төгрөг гаргасан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

-Иргэний нэхэмжпэгч Б.Ггийн “Хонда" маркийн 25-05 УРА улсын дугаартай мотоциклийг 2022 онд худалдаж авсан. Үүнээс хойш гэр бүлийн хүн болох Ж унаж хэрэглэдэг. Осолд орсон талаар над руу утсаар хэлсэн Уг ослын улмаас миний эзэмшлийн “Хонда” маркийн 25-05 УРА улсын дугаартай мотоциклд үнэлгээгээр 5,250,000 төгрөгийн хохирол гарсан. Үнэлгээгээр гарсан хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Сийн “Би “Тоёота приус” маркийн 77-59 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 3 дугаар сард худалдаж авсан. Миний нэр дээр байдаг боловч аав хөдөө унаж хэрэглэдэг. 2022 оны 4 дүгээр сард аав биеэ үзүүлэхээр Улаанбаатар хотод ирээд өөрөө хотод жолоо муу барьдаг учир үеэл ах О.Баар жолоодуулдаг. 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө үеэл ах маань манай ааваас гуйгаад дэлгүүр яваад ирье гээд аваад явсан гэсэн. Тэгээд удалгүй осол гаргасан тухай мэдсэн. Тээврийн хэрэгсэлд 570,000 төгрөгийн хохирол учирсан. Үеэл ахаас хохирол нэхэмжлэхгүй. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл тул иргэний хариуцагчаар оролцоно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “1. Б.Жын биед цээжний баруун талын 6, 7-р хавирга, бүсэлхийн 1, 2-р нугаламын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 5853 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

-“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “Хонда” маркийн 25-05 УРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 5,250,000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайланг (хавтаст хэргийн 60-63 дугаар тал),

-Мөрдөгчийн 2022 оны 5 дүгээр сарын 18-ны өдрийн “...Тоёота приус” маркийн 77-59 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх 0547 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 93 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 25 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөө, Сод монгол шатахуун түгээх станцын баруун талын замд “Тоёота приус” маркийн 77-59 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа үргэлжилсэн хос шугам давж чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас Б.Ж жолоочтой “Хонда” маркийн 25-05 УРА улсын дугаартай мотоцикл онхолдож жолооч Б.Жын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн болон яллах дүгнэлтэд дурдагдсан Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-11 дүгээр тал), хохирогч Б.Жын мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал), иргэний нэхэмжлэгч Б.Ггийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал), иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Сийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал), хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 5853 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дугаар тал), мөрдөгчийн 0547 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 93 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхтэй болох нь хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар /жолооны үнэмлэхний дугаар-......../ (хавтаст хэргийн 33 дугаар тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.

Осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгч О.Бын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь хэсэгт заасан заалтыг зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч О.Бын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Жын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 5853 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дугаар тал)-ээр тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Ж нь Тээврийн прокурорын газарт “2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зам тээврийн осолд орсны улмаас миний биед учирсан хохирол болон мотоциклийн хохирол болох нийт 6,000,000 төгрөгийг О.Б нь төлж барагдуулсан. Иймд гомдол санал байхгүй. ...хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна. Тиймээс шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна гэж дүгнэн шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

6. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН