Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1423

 

2018 оны 06 сарын 07 өдөр                      Дугаар 183/ШШ2018/01423                          Улаанбаатар хот

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Р ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.М ХХК-д холбогдох,

 

 

Ажлын хөлс 86.754.250 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

Гэрээнээс учирсан хохиролд 16.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, түүний өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Р ХХК нь А.М ХХК-тай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Ш.Өхорооллын /105 АБ/ блок 607, 608-р байрны 80 айлын орон сууцны барилгын дотор заслын ажлыг 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний хавсралтын 2-т заасан нийт 10 төрлийн ажлыг м.кв тус бүрээр тооцож, хөлс төлөхөөр тохиролцсон ба манай компани гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Манай компанийн гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан талаар ерөнхий гүйцэтгэгч А.М ХХК нь мэдэгдэж байгаагүй бөгөөд уг барилгыг улсын комисс хүлээн авч, оршин суугчид байрандаа орсон байгаа. Ерөнхий гүйцэтгэгч болох А.М ХХК-д ажлын хөлсөө төлөх талаар удаа дараа холбогдох албан тушаалтанд утсаар, биеэр болон албан бичгээр хандахад гүйцэтгэсэн ажлыг доголдолтой байсан гэж шалтаглан ажил хүлээн авах зарим актад гарын үсэг зурахаас үндэслэлгүйгээр татгалзаж, ажлын хөлсөө төлөхгүй байгаа нь гэрээний 4.1.1-т заасныг болон Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан үүргээ биелүүлэхгүй байна. А.М ХХК нь гэрээний 2.7-д зааснаар ажлын хөлсийг төлөх байтал 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16.994.040 төгрөг өгсөн ба үлдэх 65.319.480 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, тодруулан гэрээний дагуу хийсэн ажлын хөлс болох 1. Шатны чулууны хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 1 м.кв-ыг 25.000 төгрөгөөр тооцож 212.7 м.кв-ын үнэ 5.317.500 төгрөг, 2. Цагаан замаск нэгдүгээр үед 1 м.кв-ыг 3000 төгрөгөөр тооцож 11.632 м.кв-ын үнэ 34.896.000 төгрөг, 3. Цагаан замаск хоёрдугаар үед 1 м.кв-ыг 3000 төгрөгөөр тооцож 5816 м.кв-ын үнэ 17.448.000 төгрөг, 4. Эмульс 1 м.кв-ыг 2500 төгрөгөөр тооцож 970.1 м.кв-ын үнэ 2.425.250 төгрөг, 5. Плита 1 м.кв-ыг 12.000 төгрөгөөр тооцож 400.8 м.кв-ын үнэ 4.809.600 төгрөг, 6. Хаалганы амлагаа 40 айлыг 15.000 төгрөгөөр тооцож 600.000 төгрөг, 7. Шавар 1 м.кв-ыг 6000 төгрөгөөр тооцож 1794.4 м.кв-ын үнэ 10.766.400 төгрөг, 8. Ариун цэврийн өрөөний өрлөг 40 айлын 1 м.кв-ыг 12.000 төгрөгөөр тооцож 332.7 м.кв-ын үнэ 3.992.400 төгрөг,332.7 м.кв х 12.000 төгрөг=3.992.400 төгрөг, 9. Обой 1 м.кв-ыг 3500 төгрөгөөр тооцож 1942.6 м.кв-ын үнэ 6.799.100 төгрөг, нийт 86.754.250 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Р ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 23 дугаар гэрээ байгуулж ажилласан. Уг гэрээний дагуу хийсэн Х.Р ХХК-ийн ажил нь доголдолтой бөгөөд хийсэн ажлыг актаар хүлээлгэж өгөөгүй. Манай компаниас ажлын доголдлын талаар удаа дараа мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн боловч хийсэн ажлын доголдлыг засаагүй, ажлыг хугацаанд нь хийж дуусгаагүй тул 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. А.М ХХК-иас Х.Р ХХК-ийн хийсэн ажлын хөлсийг 100 хувь төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин шатны чулууны хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 5.317.500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, цагаан замаскны ажлын хувд 2 үе гэж тохироогүй бөгөөд 3.000.000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөч байна.

Х.Р ХХК нь ажиллах хүчин дутагдалтайгаас болж 23 тоот гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч гэрээ цуцлагдахад хүрсэн билээ. Манай компани Ш.Өорон сууцны хорооллын захиалагч А.И ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь туслан гүйцэтгэгч Х.Р ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж зөрчигдөхөд хүрсэн бөгөөд захиалагч болон манай компанийн хооронд байгуулсан 05 тоот ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхэд гэрээний 2.2-т заасны дагуу хугацаандаа хийж гүйцэтгээгүйд алданги тооцсон, мөн гэрээний 5.5-т заасны дагуу учирсан хохирол 16.750.000 төгрөгийг манай компанид олгох ажлын хөлснөөс суутган тооцсон юм. Х.Р ХХК болон манай компанийн хооронд байгуулсан 23 тоот гэрээний 3.2, 4.2, 2.1-т тус тус заасны дагуу хугацаа хоцроосон алданги, гэрээгээр тохиролцсон ажлыг чанарын шаардлага хангахгүйгээр хийснийг дахин нэмэлт зардал гаргаж засварлсан хийсэн хохирол болох 16.750.000 төгрөгийг Х.Р ХХК-иас нэхэмжилж байна. А.И ХХК-иас гэрээ дүгнэх протокол үйлдээд 19.750.000 төгрөгийн гэрээний хугацаа алдагдсан болон материалын зардал гаргаснаас 3.000.000  төгрөгийг хасаж тооцсон байгаа гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х.Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М ХХК-д холбогдох, ажлын хөлс 86.754.250 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, гэрээнээс учирсан хохиролд 16.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            А.М ХХК, Х.Р ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар “Орон сууцны Шинэ өргөө хорооллын барилгын дотор заслын ажлын гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч Х.Р ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш.Өорон сууцны хорооллын 105 АБ блок “607, 608 байрны” 4 орцны 80 айлын дотор заслын ажлыг барилгын норм, стандарт дүрмийн дагуу 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх, А.М ХХК нь хийгдэх ажил болох 1. Хар замаск 1м.кв-ийг 3000 төгрөгөөр, 2. Цагаан замаск 1м.кв-ыг 3000 төгрөгөөр, 3. Эмульс 1м.кв-ыг 2500 төгрөгөөр, 4. Будаг 1м.кв-ыг 3000 төгрөгөөр, 5. Обой 1м.кв-ыг 3500 төгрөгөөр, 6. Хаалганы амалгаа 1 хаалгыг 15.000 төгрөгөөр, 7. Бүргэд хаалга суулгахад 1 хаалгыг 25.000 төгрөгөөр, 8. Дотор хаалга суулгахад 1 хаалга 15.000 төгрөгөөр, 9. 00 өрөөний шавар, плита 1м.кв-ыг 6000 төгрөгөөр, өрлөг 1мкв-ыг 12.000 төгрөгөөр, 10. Шатны чулуу 1м.кв-ыг 25.000 төгрөгөөр тооцож, ажлын 20 хувийг гүйцэтгэсний дараа акт болон фото зургийг үндэслэн нийт төлбөрийн 20 хувийг, 60 хувийг гүйцэтгэсэн тохиолдолд төлбөрийн 60 хувийг, үлдсэн 20 хувийг бүрэн дууссаны дараа олгохоор талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан гэж дүгнэхээр байна.

 

Нэхэмжлэгч талын “...гэрээний дагуу хийсэн ажлыг А.М ХХК-иас актаар хүлээж авахгүй, мөн хийсэн ажлын хөлсийг гэрээний дагуу төлөхгүй байсан тул 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс ажлыг зогсоож, гэрээг цуцалсан” гэсэн тайлбар, хариуцагч талын “...Х.Р ХХК-ийн хийсэн ажил нь доголдолтой байсан тул хүлээж аваагүй бөгөөд гэрээний хугацаандаа ажлаа гүйцэтгээгүйн улмаас 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд гэрээний дагуу ажил гүйцэтгэгч Х.Р ХХК-ийн хийсэн ажлыг А.М ХХК нь актаар хүлээн авч, гэрээний 2.7, 4.1.1, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар ажил гүйцэтгэгч Х.Р ХХК нь гэрээг цуцлаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр А.М ХХК-иас шаардах эрхтэй юм.

 

Иймд Хөрөнгийн үнэлгээ, төслийн Л ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2017/05-24 дүгээр шинжээчийн дүгнэлт, шинжээч С.Ц, М.М нарын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Х.Р ХХК-ийн гэрээний дагуу хийсэн ажлын хөлс болох “1. Шатны чулууны хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 1 м.кв-ыг 25.000 төгрөгөөр тооцож 212.7 м.кв-ын үнэ 5.317.500 төгрөг /нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 5.317.500 төгрөг гаргуулах гэсэн/, 2. Цагаан замаскны хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 3551.75 м.кв-ыг 3000 төгрөгөөр тооцож 10.655.250 төгрөг, үүн дээр шинжээчийн дүгнэлтийн 7 дугаар хуудасны 5-д заасан цагаан замаскны зөрүү хийсэн ажил 833.86 м.кв-ыг 3000 төгрөгөөр тооцож 2.501.580 төгрөг, 3. Эмульсний хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 1 м.кв-ыг 2500 төгрөгөөр тооцож 970.1 м.кв-ын үнэ 2.425.250 төгрөг /нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2.425.250 төгрөг гэсэн/, 4. Плитаны хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 1 м.кв-ыг 12.000 төгрөгөөр тооцож 288.1 м.кв-ын үнэ 3.457.200 төгрөг, 5. Хаалганы амлагаа 12 айлыг 15.000 төгрөгөөр тооцож 180.000 төгрөг, 6. Шаварны хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 1 м.кв-ыг 6000 төгрөгөөр тооцож 1699.9 м.кв-ын үнэ 10.199.400 төгрөг, 7. Ариун цэврийн өрөөний өрлөгийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 1 м.кв-ыг 12.000 төгрөгөөр тооцож 212 м.кв-ын үнэ 2.544.000 төгрөг, 8. Обойны хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 1 м.кв-ыг 3500 төгрөгөөр тооцож 491.9 м.кв-ын үнэ 1.721.650 төгрөг, нийт 39.001.830 төгрөг”-ийн хохирлыг хариуцагч А.М ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Х.Р ХХК-д олгох нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасантай нийцэхээр байна.

 

2. Хариуцагч А.М ХХК-ийн “...Х.Р ХХК-ийн хийсэн ажлын доголдол, ажлаа хугацаандаа хийж гүйцэтгээгүй буруутай үйл ажиллагаанаас болж манай компани нь А.И ХХК-тай байгуулсан 05 тоот ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхэд уг гэрээний 2.2, 5.5-д заасны дагуу 16.750.000 төгрөгийн хохирол учирсныг бид ажлын хөлснөөсөө суутган төлсөн тул уг хохирлыг Х.Р ХХК-иас гаргуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч тал “...Х.Р ХХК-ийн хийсэн ажил нь доголдолтой байсан” гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч Х.Р ХХК-ийн гэрээний дагуу хийсэн ямар ажил доголдолтой байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд гэрээний 1.2-т “...гүйцэтгэх, хүлээлгэн өгөх үүргийг харилцан хүлээнэ”, 4.1, 4.2, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.3-т заасан эрх, үүргийг хариуцагч А.М ХХК-иас хэрэгжүүлж, доголдлыг арилгуулахаар тодорхой арга хэмжээ авсан болох нь тодорхойгүй байна.

 

Иймээс хариуцагч А.М ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээнээс учирсан хохиролд 16.750.000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Р ХХК-иас шаардах эрхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч А.М ХХК-иас ажлын хөлс 39.001.830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Р ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47.752.420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.М ХХК-ийн гэрээнээс учирсан хохиролд 16.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч А.М ХХК-иас ажлын хөлс 39.001.830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Р ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47.752.420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.М ХХК-ийн гэрээнээс учирсан хохиролд 16.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Р ХХК-иас 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 484.548 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 527.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот дансанд илүү төлсөн 420.025 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч А.М ХХК-иас 352.959 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч А.М ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 241.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ж.СЭМЖИД