Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/691

 

2022           06          29                                 2022/ШЦТ/691

 

 

                              

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Э.Уранчимэг,

Шүүгдэгч: У.Т, Г.Х нар оролцсон эрүүгийн 2209000001185 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч У.Т нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Игийн эзэмшлийн 2.525.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне 12 про макс” маркийн гар утсыг шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Г.Х нь “шүүгдэгч У.Тийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Игийн эзэмшлийн “ай фоне 12 про макс” маркийн гар утсыг шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2.525.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр уг гар утсыг авч мөнгө угаах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000001185 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 55 дугаар тал),

-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),

-Хохирогч Э.Игийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 42 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 61-62 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,

Шүүгдэгч У.Т, Г.Х нар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч У.Т нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Игийн эзэмшлийн 2.525.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне 12 про макс” маркийн гар утсыг шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Х нь шүүгдэгч У.Тийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хулгайн эд зүйлийг авч мөнгө угаасан үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С сүлжээ дэлгүүрийн хяналтын камерийг шүүж үзэхэд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 04 цаг 04 минутын үеийн хяналтын камерт малгайгүй хар үстэй, хар нимгэн савхин хүрэмтэй гартаа хоёр гар утас барьсан мөн хажуудаа жижигхэн цагаан цүнхтэй, гурван том пиво худалдаж авч байгаа 170-172 см өндөртэй 20-21 орчим насны эрэгтэй дэлгүүрээс гарч явж байгаа нь дэлгүүрийн камерт бичигдсэн байх бөгөөд гар утсаа алдсан Э.Игийн гар утсыг хамт явж байсан гэх залуу аваад халаасандаа хйиж байгаа дүрс бичигдсэн байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 55 дугаар тал),

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн “шүүгдэгч У.Тээс эд зүйлийг хураан авч, хохирогч Э.Ид хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),

-Хохирогч Э.Игийн “...Би өнөөдөр “С”-гийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд У.Т миний гар утсыг сүүлд бариад “С”-гийн касс дээр тооцоо хийж байхыг бичлэгээс харсан. Тэр үед У.Т касс дээр гурван том пиво авч байсан. У.Тд миний хажуудаа үүрдэг жижиг цагаан цүнх байсан. У.Т миний цүнхнээс миний зөвшөөрөлгүй миний гар утсыг авсан байсан. Маргааш нь “миний гар утсыг авсан уу?” гэхэд “мэдэхгүй” гэсэн. Миний гар утасны имей код 352850799460607 гэсэн дугаартай. Тэгээд миний гар утсыг халаасандаа хийж байхыг би хяналтын бичлэгээс олж харсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар тал),

-Шүүгдэгч У.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Би Г.Хд хэлэхдээ И мөнгөтэй охин гэж хэлсэн. Тэгээд хэдэн төгрөг аваад гар утсыг нь өгчих гэж хэлсэн. ...Г.Хд хэлж Игоос хэдэн төгрөг салгах зорилгоор өгсөн. Г.Х Игоос 1,000,000 төгрөг нэхсэн, гар утсыг чинь Шангриллагийн гаднаас олсон гэж хэлсэн... Мөн “...Тэгээд би Игийн гар утсыг нь аваад өгөлгүй халаасандаа хийсэн. Гар цүнхийг нь мөн аваад машиныхаа арын сандал дээр тавьсан. Тэгээд би найз Игийн Ай фоне 12 про макс загварын гар утсыг аваад багын найз болох Г.Хд өгөөд “чи Игоос би чиний утсыг оллоо” гэж хэлээд мөнгө авчих, тэгээд уг мөнгийг хоёулаа хуваагаад авчихъя” гэж хэлсэн. Тухайн үед мөнгөний хэрэг гараад Игийн гар утсыг хэлэлгүй авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17,48-49 дүгээр тал),

-Шүүгдэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Итой утсаар ярьчих, манай найз И гэх охины гар утас байгаа юм. Чи энэ гар утсыг “Си Юү” дэлгүүрийн урдаас олсон гэж хэлээрэй, утсыг чинь олсонд 1,000,000 төгрөг өгөөд ав” гэж хэл, тэгээд уг  мөнгийг хоёулаа хувааж авъя болж байна уу” гэхээр нь би зөвшөөрөөд У.Ттэй хамт машинд сууж байж байхдаа өөрийн 85117677 дугаараас Игийн ...дугаар луу залгаад “би чиний гар утсыг “Си Юү” дэлгүүрийн урдаас олсон юмаа” гэхэд “шагналын мөнгийг нь өгөөд утсаа авъя” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-08, 51 дүгээр тал) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч У.Т нь хохирогч Э.Игийн гар утсыг хулгайлан авсан, шүүгдэгч Г.Х нь шүүгдэгч У.Тийг бусдын өмчлөлийн эд зүйлийг хулгайлан авсан гэдгийг мэдсээр байж шунахайн сэдлээр, амар хялбар аргаар мөнгө олох гэж гар утсыг өөртөө авсан байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос У.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт, Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч У.Тийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.  

Иймд шүүгдэгч У.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Х тухайд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Шүүгдэгч Г.Х нь шүүгдэгч У.Тийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Игийн эзэмшлийн “ай фоне 12 про макс” маркийн гар утсыг шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр уг гар утсыг авсан буюу мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Г.Х  нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл /гар утас/ гэдгийг мэдсээр байж авч ашигласан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 

Иймд шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хохирогч Э.Игоос цагдаагийн 1-р хэлтэст гаргасан хүсэлтдээ “... би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх (хавтаст хэргийн 52 дугаар тал) хүсэлтийг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч  У.Т нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Г.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч У.Тд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Г.Хд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Т, Г.Х нар үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хүрээнд шүүгдэгч У.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар, шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан У.Тийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг, ялтан Г.Х хэдийгээр Ховд аймгийн Зэрэг сумын 3 дугаар багт оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягтай боловч Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг /Хүчит шонхор зах дээр мах зөөдөг, хүргэлтийн ажил хийдэг, захын ойролцоо амьдардаг/ гэсэн тул Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох дээрх хаягаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч У.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Шүүгдэгч У.Тийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан У.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Х зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН