Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/701

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022           07          01                                 2022/ШЦТ/701

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Г.Баярмаа,

Шүүгдэгч А.А нар оролцсон эрүүгийн 2209000000840 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч А.А нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” төвд иргэн Л.Өтэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн гарын эрхий хурууны алганы шивнүүрийн далд хугарал, зүүн дээд, доод зовхины дотор булан хэсгийн цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000000840 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-Хохирогч Л.Өн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

-Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Гэрч Л.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал)

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5407 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг (хавтаст хэргийн 31-33 дугаар тал),

-Хохирогч Л.Өгээс эмчилгээний зардалд зарцуулсан баримтуудыг (хавтаст хэргийн 36 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүгдэгч А.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг гаргасан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.А нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм Пи Эм” төвд иргэн Л.Өтэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд зүүн гарын эрхий хурууны алганы шивнүүрийн далд хугарал, зүүн дээд, доод зовхины дотор булан хэсгийн цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Л.Өгийн “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Эм Пи Эм” нэртэй барилгад 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1500 хүний хүлээн авалт болох гэж байгаа тул цагаар ажиллах туслах ажилтан авах гэж байгаа талаар манай найз охины найз С хэлсэн байсан. Энэ дагуу би өөрийн найз охин, түүний найз С, Сын найз Ундрал нартай хамт тус газарт 12 цагийн орчимд очиход нэрийг нь мэдэхгүй нэг эгч хүлээж авч уулзаад найз охин бид хоёрын ажлыг зааж өгөөд бид хоёр ажилдаа орсон...ажил дуусах дөхөөд Ундрал, найз охин Энх-Уянга нар хамтдаа дэлгүүрээс ундаа авч ирж би найз охины хамт ундаа уугаад хэсэг сууж байтал нэг залуу ирээд “чи одоо босоод ажлаа хий” гэж захирангуй хэлсэн, би хариуд нь “би ундаа уугаад бослоо” гэж хэлтэл “хурдал, би энэ газрын зохион байгуулагч байна” гэж хэлсэн учир би босоод иртэл тэр залуу “чи намайг мэдэх үү, би энэ газрын ЗБ байна” байна гэж хэлэхээр нь би “чи ЗБ юм бол хүнд ингэж шаардлага тавьдаг юм уу” гэж хэлтэл нөгөө залуу учир зүггүй уурлаж намайг түлхэхээр нь би зөрүүлээд түлхтэл миний нүүр рүү цохиж, би нүүрээ дараад буцаад суутал, нөгөө залуу миний бие рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон, үүний дараа би босоод нөгөө залуутай заамдалцаад байж байтал миний нүүр рүү дахин нэг удаа цохисны дараа би зөрүүлээд цохих гэтэл хүрээгүй. Үүний дараа Энх-Уянга болон С нар ирж салгасан. Дараа нь тухайн газрын зохион байгуулагч ирж “яаж байгаа юм бэ” гэж хэлээд намайг цохисон хүүхэд Эм Пи Эм-ийн нябогийн хүүхэд А.А гэдэг залуу гэж хэлж тэр залуугаа өмөөрөөд байсан. Би эмнэлгээр явж үзүүлэхэд хөмсөг хөхөрч, хүзүү улайсан, зүүн гарын эрхий хурууны 3-р үеийн яс хугарсан байсан ...миний эрхий хуруу руу өшиглөж, бас цохисон, би гараараа нүүрээ дараад байж байхад цохиж өшиглөсөн...намайг цохиулж байхад Энх-Уянга, Ундрал, С нар харсан бөгөөд намайг зодсон залуугийн найз охин гэх охин байсан байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

-Гэрч Б.Ө “...А.А гэх үндсэн ажилчин залуу нь ирээд “одоо босож ажлаа хийгээч, яасан завтай юм бэ” гэж хэлж Ө рүү харсан ба Ө “одоо бослоо, хүнд зөв шаардлага тавь” гэж хэлсэн. Хариуд нь А.А Ө дээр очоод “босоод ир дээ” гэж хэлээд Өг босгож ирээд нүүр рүү нь нэг удаа цохисон, Ө хойд талынхаа хана руу налсан, энэ үед би шоконд орчихсон, дараа нь А.А дахин хэд хэдэн удаа цохисон ...үүний дараа Ө гараа бариад цаашаа явсан бөгөөд 04 цаг өнгөрч байхад Өн гар хугарчихсан юм шиг хавдсан учир Ө бид хоёр гэмтлийн эмнэлэг дээр очиж зургийг авхуулж эмчид үзүүлэхэд “хурууны яс хугарсан байна” гэж оношлоод гипсдсэн. Мөн Өн нүд нь хавдаж хөхөрч, хүзүү нь улаан эрээн болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Гэрч Л.Сын “...Өг босоод иртэл А.А Өн нүүр рүү цохиж, дараа нь заамдаж байгаад Өг хэд хэдэн удаа цохисон, А.А Өгээс өндөр байсан тул гараараа заамдаад өөртөө ойртуулахгүй байж байгаад зодоон дууссан... гэмтлийн эмнэлэг орж үзүүлтэл “хугарсан байна” гээд гипсдүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “1. Л.Өн биед зүүн гарын эрхий хурууны алганы шивнүүрийн далд хугарал, зүүн дээд, доод зовхины дотор булан хэсгийн цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдпоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн “Хүндэвтэр” зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн 5407 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн “...хэсэг ярилцаж байгаа мэт зогсож байгаад Л.Ө босч ирэх ба А.А хоёр гараараа Л.Өгийн бие рүү түлхэж А.А баруун гараараа Л.Өг цохиж, улмаар харилцан хурдтай ноцолдож байгаа дүрс бичлэг үлдсэн байна. Тухайн үйл явдлыг гурван охин харж, зодооныг салгах гэж хичээж байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 31-33 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч А.А нь хохирогчийн биед халдаж, зүүн гарын эрхий хурууны алганы шивнүүрийн далд хугарал, зүүн дээд, доод зовхины дотор булан хэсгийн цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч А.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч нь эмчилгээний зардалд нийт 138,000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн (хавтаст хэргийн 36 дугаар тал) бөгөөд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч дээрх хохирлыг төлж барагдуулах 30 минутын хугацааны завсарлага авч хохирол төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 138,000 төгрөгийг төлсөн, хохирогчид энэ тогтоолоор олгох хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил эрхэлдэг, орлоготой байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. Мөн прокурорын сонсгосон ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч А.А нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч хүний бие махбодод халдаж зодож цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл учирна гэдгийг мэдэж байсан нь тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 1,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Хохирогч Л.Ө цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН