| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0639/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/709 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/709
2022 07 04 2022/ШЦТ/709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,
Улсын яллагч Б.Чинзориг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, Ж.Хандсүрэн,
Шүүгдэгч С.М нар оролцсон эрүүгийн 2203001360219 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 22 цаг 18 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 26 дугаар байрны урд замд “Тоёота Приус-20” маркийн 23-85 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Г.Гийг дайрч түүний амь нас хохирсон,
Улмаар мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2203001360219 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвийн дуудлага хүлээн авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 04 дүгээр тал),
-Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэх хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 05-12 дугаар тал),
-Ослын үеийг бичсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 61 дүгээр тал),
-Насанд хүрээгүй гэрч Т.Хы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 63 дугаар тал),
-Гэрч Ж.Гантөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 82 дугаар тал),
-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 875 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 106-111 дүгээр тал),
-Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 146-149 дүгээр тал),
-Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 411 дугаартай магадлагааг (1 дэх хавтаст хэргийн 154-157 дугаар тал),
-Иргэний хариуцагч Р.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 179 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан:
-Гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 49 дүгээр тал),
-Амь хохирогчийн хүүхдүүд болох Г.Э, Г.Т нарын төрсний гэрчилгээний хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
-Гэм хорын хохиролтой холбоотой баримтуудыг (1 дэх хавтаст хэргийн 202-250 дугаар тал, 2 дахь хавтаст хэргийн 01-03 дугаар тал),
-Шүүх хуралдааны шатанд шинээр гаргаж өгсөн гэм хорын хохиролтой холбоотой баримтууд /19 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар:
-Зам тээврийн осол, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 05-12 дугаар тал),
-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 24 дүгээр тал),
-Шүүгдэгч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (1 дэх хавтаст хэргийн 57, 59 дүгээр тал),
-Насанд хүрээгүй гэрч Т.Хы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 63 дугаар тал),
-Гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 67 дугаар тал),
-Гэрч Р.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 76 дугаар тал),
-Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 79 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1691 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 92-94 дүгээр тал),
-Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 146-149 дугаар тал),
-Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 411 дугаартай магадлагааг (1 дэх хавтаст хэргийн 154-157 дугаар тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 180 дугаар тал),
-Шүүгдэгч С.Мын иргэний үнэмлэхийн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 181 дүгээр тал),
-Шүүгдэгч С.Мын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 182 дугаар тал),
-Шүүгдэгч С.Мын гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 184 дүгээр тал),
-Шүүгдэгч С.Мын төрсний бүртгэлийн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар тал),
-Шүүгдэгч С.Мын оршин суугаа газрын бүртгэлийн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 186 дугаар тал),
-Шүүгдэгч С.Мын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 187 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн хавтаст хэргийн материалаас шинжлэн судлуулах нотлох баримтууд өмгөөлөгч Ц.Амарын шинжлэн судлах баримттай давхцаж байгаа талаарх тайлбарыг,
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон С.А “Миний хувьд насан туршийнхаа хань ижлийг алдаад үнэхээр хүнд байна. Үр хүүхдүүд нь аавыгаа хэзээ орж ирэхийг асуугаад, учир мэдэх болсон том охин маань амьдралд нэмэр болох гэж ажил хийж эхлээд байна. Нөхөр маань ганцаараа ажил төрөл хийж амьдралаа авч явдаг байсан. Маш их гомдолтой байна. Оршуулгын зардал, хохирол гээд нэлээдгүй мөнгө зарцуулсан байгаа. Баримтуудыг нь хавтаст хэрэгт тусгуулсан байгаа. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Шүүгдэгчийн зүгээс надад 11,800,000 төгрөгийг өгсөн байгаа. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасаж үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлгийг,
Шүүгдэгч С.М шүүх хуралдаанд “Өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлнө” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч С.М нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 22 цаг 18 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 26 дугаар байрны урд замд “Тоёота Приус-20” маркийн 23-85 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Г.Гийг дайрч түүний амь нас хохирсон,
Улмаар хэргийн газрыг зориуд орхин зугтаасан үйл баримт болсон нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн болон яллах дүгнэлтэд дурдагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудсаар “23-85 УНА дугаартай цагаан Приус маркийн машин дайрчихаад зугтаачихлаа. Дайруулсан хүн нь босч чадахгүй байна” гэх дуудлагыг 95575417 гэх дугаараас 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 22:18:38 цагт ирсэн” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 04 дүгээр тал),
-Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 05-12 дугаар тал),
-Жолооч С.Мын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “0.00” хувьтай буюу согтууруулах ундаа хэрэглээгүй” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 24 дүгээр тал),
-Ослын үеийг бичсэн камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэг нэг гэсэн хэсэгт камерын бичлэгийн үзлэгийг явуулахад ...22 цаг 01 минут 35 секунтийн орчимд хяналтын камерын зүүн талын булангаас /амь хохирогч Г.Г/ гадуураа хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гуйвсан байдалтайгаар гарч ирээд камерын урд талын буланг чиглэн явах ба зам дээр эргэх үйлдэл хийж буй тээврийн хэрэгслийн урдуур зорчих хэсгээр цааш гуйвсан байдалтайгаар яваад хяналтын камерын баруун гар талын урт үргэлжилсэн байшингийн цаагуур ...гарч явж байгаа харагдана. ...бичлэг хоёр гэсэн хэсэгт 22 цаг 02 минут 25 секунтийн орчимд хяналтын камерын баруун дунд булангаас /амь хохирогч Г.Г/ гуйвсан байдалтайгаар гарч ирээд камерын голыг чиглэн явж улмаар туслах зам дээр зогсож буй Приус машины наад талд модны цаад талд очих ба тухайн орчимдоо хөдөлгөөн хийж байгаад зогсоно. ...22 цаг 06 минут 24 секунтийн орчимд хяналтын камерын баруун доод булангаас цагаан өнгийн Приус-20 маркийн машин гарч ирээд баруун гар тийш эргэх үйлдэл хийгээд буцаж зүүн гар тийш эргэх үйлдэл хийн улмаар тухайн зам дээр хэвтэж байгаа /амь хохирогч Г.Г/ хүний дээгүүр гарч өнгөрөөд 22 цаг 06 минут 39 секунтийн орчимд тээврийн хэрэгслээ зогсоож 22 цаг 06 минут 56 секунтийн орчимд тээврийн хэрэгслийг хөдөлгөж хяналтын камерын урд талын дунд буланг чиглэж буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт чиглэн явна. 22 цаг 08 минут 00 секунтийн орчимд тухайн ослын орчимд цайвар өнгийн хувцастай, мөн бараан өнгийн хувцастай хүмүүс очиж байгаа нь харагдана. ...бичлэг гурав гэсэн хэсэгт камерын бичлэгийн үзлэгийг явуулахад 00 цаг 40 минут 03 секунтийн орчимд хяналтын камерын зүүн доод булангаас цагаан өнгийн Приус-20 маркийн машин гарч ирэх ба 00 цаг 40 минут 15 секунтийн орчимд зогсох үйлдэл хийгээд машины баруун урд талын булангаас эрэгтэй хүн бууж ирээд автомашины хойд тал руу өнгийн харах үйлдэл хийх үед тээврийн хэрэгслийн доод талд хар бараан өнгийн хувцастай хүн /амь хохирогч Г.Г/ гарч ирэх ба тухайн үед хөдөлгөөн хийж газарт тийчлэн хөдлөх үйлдэл хийнэ. Харин автомашинаас буусан жолооч харчихаад 00 цаг 40 минут 21 секунтийн орчимд машиндаа сууж цааш хөдлөн явж байгаа харагдана...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Гэрч Б.М “...Манай гэр тухайн осол болсон газрын харалдаа урд талын 9 дүгээр байранд байдаг. Тухайн хэрэг болсон орой 22 цаг 16 минутын орчимд гэр лүүгээ орох гээд алхаж явсан чинь 26 дугаар байрны урд талын машины зам дээр нэг эрэгтэй хүн орилоод их зовуурьтай хэвтэж байсан. Хажууд нь нэг охин зогсож байсан. Явж очоод нөгөө газарт байгаа хүнийг “яасан бэ” гэж асуухад ямар нэг хариу хэлэхгүй зовуурьтай дуугаар орилоод байсан. Хажууд нь зогсож байсан охиноос юу болсон талаар асуухад тэр охин надад “энэ хүний дээгүүр нэг цагаан өнгийн “Тоёота Приус” маркийн машин гараад яваад өгсөн” гэхээр нь цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61 дүгээр тал),
-Насанд хүрээгүй гэрч Т.Хы “...2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад барагцаагаар 22 цаг 15 минутын орчимд байх гэр лүүгээ харих гээд 2а байрны ертөнцийн зүгээр хойд талаар зүүнээс баруун зүгт чиглэн явж байгаад булан эргэсэн. Миний хажуугаар гарсан машинууд 26 дугаар байрны урдуур явсан зам руу орох гээд болиод ухраад яваад байсан. Тэгэхээр нь би энд нэг юм байгаа юм байна даа гэж бодоод урагшаа дөхөөд алхаж явсан. Тэгсэн чинь миний очсон талаас биш эсрэг талаас буюу урд талаас хойш чиглээд 8, 9 дүгээр байрны тэр хавиас нэг цагаан өнгийн “Тоёота Приус” машин орж ирж байгаа харагдсан. Тэгээд нөгөө хүмүүсийн яваад байсан зам руу шууд орж яваад удалгүй зогсчихсон. Тэр машин зогсохоос өмнө нэг эвгүй дуу гарсан, би түүнийг юуны дуу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Машин зогсчихоод буцаад шууд хөдлөөд явсан. Би хойноос нь яваад очтол газарт нэг хар юм хэвтэж байсан ба би тэрийг хүн гэж бодоод их айж сандарсан. Тэгээд цаашаа явж байгаа машины дугаарыг цээжилж авсан. Тухайн үед би өөрөө их айж сандарсан учир ямар зүйл хийхээ мэдэхгүй байсан. Цаашаа өнгөрч жаахан алхаж байгаад эргээд харсан чинь хүмүүс очихгүй байх шиг болохоор нь дөхөж очсон чинь тэр хүн эрэгтэй хүний дуугаар дуугараад орилоод байхаар нь цагдаа болон эмч нарт дуудлага өгчхөөд гэр лүүгээ орсон. ...би одоо бол дугаарыг нь санахгүй байна. Тэр үед цагдаад дуудлага өгөхдөө улсын дугаарыг нь хэлсэн. Би дуудлагыг өөрийн Мобикомын 95575417 гэсэн дугаараас өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63 дугаар тал),
-Гэрч Ж.Гантөрийн “....осол болсон гэх орой 22 цагийн үед харанхуй болсон над руу манай найз С.М залгаад “хоёулаа хамт юманд яваад ирье, хамт явчих” гэсэн. Хаашаа явахаа хэлээгүй. Тэгээд нээх их удалгүй дахиад залгаад “чи гараад ир” гэхээр нь хувцсаа өмсөөд 5 минутын дараа гараад очсон чинь С.М “Номин”-той байрны хойд талд ганцаараа өөрийн унаад байдаг цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн машиндаа суучихсан байсан. Би очоод суусан чинь их сандарсан байдалтай байсан ба “би яасан бэ” гэхэд дуугарахгүй байсан. Тэгээд би нэг юм болж дээ гэж бодоод байж байтал 1-2 минутын дараа “би машинаараа хүн дайрчихсан юм шиг байна” гэхээр нь би “за тоглоод бай” гэсэн чинь “би буцаж очиж үзэх ёстой юм шиг байна, би ерөөсөө очихоос” гээд машинаасаа буусан. Тэгээд би цааш хамт алхаж байтал аав залгаж дуудаад тэгээд би гэртээ харьсан. С.М ганцаараа цааш ертөнцийн зүгээр зүүн тийш алхаад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82 дугаар тал),
-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн “1. Талийгаач Г.Гийн цогцост цээжний хоёр талын 2-10 дугаар хавирганы хоёрлосон, гуравласан гялтан хальс цоолсон зөрүүтэй хугарал, цээжний баруун хөндий дэх цусан хураа (500.0 мл), цээжний хоёр талын хөндий дэх хий хуралдалт, хоёр уушигны авчилт, элэгний баруун дэлбэнгийн задрал, хэвлий хөндий дэх цусан хураа (350.0 мл), зүүн талын умдаг ясны дээд, доод салааны зөрүү хугарал, зүүн талын олон яс уулзах үеэрх салсан хугарал (Мальгены хугарал), дотор эрхтнүүдийн холбоос дагасан цус хуралт, баруун эгэмний дунд 1/3, зүүн шуу ясны доод 1/3-ийн зөрүүтэй далд хугарал, баруун ухархайн дээд хананы шугаман хугарал, дух, хацар, зүүн шанаа, бугуй, сарвуу, ташаа, гуя, өвдөгт зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт, духны хуйхны дотор гадаргуу, цээж, хоёр бугалга, зүүн тохой, баруун сарвуу, ташаанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Үхэлд хүргэх өвчин, эмгэг тогтоогдсонгүй. 4. Талийгаач дээрх цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. 5. Нэгдүгээр бүлгийн харьяаллын цустай байна. 6. Талийгаачийн цусанд 3.6, ходоодны шингэнд 5.7, цөсөнд 3.1 тус тус промилли спиртийн агууламж илэрсэн байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ” гэх шинжээчийн 875 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 106-111 дүгээр тал),
-Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “1. Т.Приус-20 маркийн 23-85 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сайнжаргалын С.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.Тээврийн хэрэгслийн хурд, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ:
а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;
3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ.
а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах...” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх 411 дугаартай магадлагаа (1 дэх хавтаст хэргийн 154-157 дугаар тал),
-Иргэний хариуцагч Р.Оын “...би иргэний хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. “Тоёота Приус-20” маркийн 23-85 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн бүртгэлтэй машин юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 179 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар:
“Нэгдүгээрт: Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтэд (1 дэх хавтаст хэргийн 146-149 дугаар тал) дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай. Учир нь шинжээчид 106 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсад мөрдөгдөхөө больсон MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгосон байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлтдээ дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх стандартууд бүгд хүчингүй болж шинээр MNS4598:2020, MNS5011:2020 гэх стандартууд мөрдөгдөж эхэлсэн байна. Тиймээс шинжээчдийн гаргасан 106 дугаартай дүгнэлтийг хүчингүй болсон стандартаар шалгуур, мөрдлөг болгон гаргасан нь хууль зөрчсөн байна. Тиймээс дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгэх хүсэлттэй байна.
Хоёрдугаарт: Харанхуй үед болон үзэгдэх орчин хангалтгүй үед жолооч өөрийн сонголтоор боломжит хурдыг сонгон явах ёстой. Энэ тохиолдолд үүнийг ашиглах боломжгүй. Хэрэг учрал гарсан газарт ертөнцийн зүгээр зүүн талаас ирж байгаа жолооч түүнийг харах боломжгүй. Хэрэг учрал гарсан гэх үеийн зам орчны нөхцөл байдал, замын нэгдүгээр эгнээнд байрлуулан тавьсан тээврийн хэрэгсэл зэрэг нь энэхүү хэргийг гарахад нөлөөлсөн. Үүнийг шинжлэн судалж, дахин нэмэлт ажиллагаа хийснээр миний үйлчлүүлэгчийн гэм бурууг тогтоох боломжтой. Мөрдөгчийн магадлагаагаар энэхүү гэмт хэргийг гарахад зам орчны байдал нөлөөлсөн эсэхийг тусгаж өгөөгүй. Миний үйлчлүүлэгчийн явсан хурдыг мөн тогтоох хэрэгтэй. “А” цэгээс “Б” цэг хүртэл явсан боломжит хурдыг нөхөн үзлэг хийж тогтоох боломжтой.
Эдгээр ажиллагааг хийснээр хэргийн эргэлзээ гарах болно. Үүнийг бүрэн гүйцэд хийсний эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн дүүрэн хийгдэх боломжтой” гэж,
Улсын яллагч: “Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм бурууг нотлох боломжтой. Өнөөдрийн байдлаар техникийн шинжээчийн дүгнэлт гаргахад ашигласан стандарт нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйлд заасан дүрмийг шүүгдэгч нь зөрчсөн учир хүний амь насыг хохироосон. Хэргийн газрын үзлэгийг дахин хийснээр хэргийн үр дагавар арилахгүй. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг тогтоосон зүйлтэй холбогдуулан магадлагаа гаргасан. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодсон хурдыг тогтоосноор хэргийн нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “Дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй, хэргийн үйл баримт зөвхөн техникийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй байсан ч бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэж тус тус мэтгэлцсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж хуульчилжээ.
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтийг гаргахдаа MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгожээ.
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн С/64 дугаартай тушаалаар MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг хүчингүй болгож MNS4598:2020 стандартыг шинэчлэн мөрдөж эхэлсэн байх бөгөөд Стандарт, хэмжил зүйн газраас 2021 онд хүчингүй болгосон стандартын жагсаалтад дээрх MNS4598:2011 стандарт орсон байна.
Харин MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандарт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд Стандарт, хэмжил зүйн газраас 2020, 2021 онд хүчингүй болгосон стандартын жагсаалтад MNS5011:2003 стандарт ороогүй байна. Өөрөөр хэлбэл, уг /MNS5011:2003/ стандартыг хүчингүй болсон гэж үзэх үндэслэлгүй юм.
Гэвч шинжээч хүчин төгөлдөр үйлчилж байгаа MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон дүгнэлтээ гаргасан гэж дүгнэсэн тул дээрх 106 дугаартай дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж хуульчилжээ.
Шүүхээс Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн:
“Хариулт 1. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд, хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ, зүүн болон баруун гар талын холын гэрлийн тусгал зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна.
Тоормосны аппарат, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг, бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байна. Катализатор /нүүрсэн яндан/ байхгүй байна.
Харин хойд буфер 90х100 см орчим цуурч хагарсан, багажны таг хаагдахгүй, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд болон хойд тэнхлэгийн хоёр дугуй нь усан хээтэй зуны улиралд ашиглагдах зориулалттай дугуйтай, зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
Хариулт 2. Хойд буфер 90х100 см орчим цуурч хагарсан, багажны таг хаагдахгүй, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд болон хойд тэнхлэгийн хоёр дугуй нь усан хээтэй зуны улиралд ашиглагдах зориулалттай дугуйтай, зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
Хариулт 3. Дээрх эвдрэл гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байж болох хуучин эвдрэл гэмтэл байна.
Хариулт 4. Уг тээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийн урд дугуйн ажлын болон зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.
Хариулт 5. Уг тээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй ба ачсан, ачаа замын гадаргуугаас шалтгаалж, тоормосны мөр зам дээр үүснэ...” гэх 106 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 146-149 дугаар тал)-ийг гаргахдаа Монгол Улсад мөрдөгдөхөө больсон, хүчингүй болсон стандартыг шалгуур болгосон тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тус дүгнэлтийг баримтлаагүй болно.
Энэхүү шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлаагүй, нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь шүүгдэгч С.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, хэргийн үйл баримт техникийн шинжээчийн дээрх дүгнэлтээс бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэлээ.
Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...харанхуй, үзэгдэх орчин хангалтгүй үед жолооч өөрийн сонголтоор боломжит хурдыг сонгон явах ёстой. Жолооч хэрэг учрал гарсан газарт ертөнцийн зүгээр зүүн талаас ирж байгаа жолооч түүнийг харах боломжгүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, мөрдөгчийн магадлагаагаар ...зам орчны байдал нөлөөлсөн эсэхийг тусгаж өгөөгүй, шүүгдэгчийн явсан машины хурдыг тогтоох зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэж мэтгэлцсэн.
Гэмт хэрэг гарахад шалтгаалсан гол хүчин зүйл нь харанхуй үед болон үзэгдэх орчин хангалтгүй, автомашин зорчих хэсэгт буюу 1 дүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ иргэд байрлуулсан, амь хохирогч Г.Г нь автомашин зорчих хэсэгт согтуурсан үедээ биеэ хянах чадваргүйгээр хэвтэж байсан зэрэг нөхцөл байдлаас болж тухайн зам тээврийн осол гарсныг үгүйсгэх аргагүй юм.
Гэвч хэрэгт авагдсан ослын үеийг бичсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 31-32 дугаар тал), гэрч Б.М мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61 дүгээр тал), насанд хүрээгүй гэрч Т.Хы мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63 дугаар тал), цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн “...2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэх шинжээчийн 875 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 106-111 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Мын харанхуй үед, үзэгдэлт хангалтгүй орчин нөхцөлд, гэр хорооллын дотор замд явган зорчигч давуу эрхтэй зорчдог гэдгийг мэдсээр байж /үйлдэлдээ санаатай хандсан/ хохирогчийг тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт хэвтэж байгаа гэх бодит аюулыг тооцоолоогүйн улмаас /үр дагавартаа болгоомжгүй хандсан/ дээрх зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон.
Энэ талаар гаргасан мөрдөгчийн шүүгдэгч мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 411 дугаартай магадлагаа (1 дэх хавтаст хэргийн 154-157 дугаар тал) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул дахин магадлагаа гаргуулах, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд шүүгдэгч С.Мын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох нь тухайн хэргийн хувьд ач холбогдолгүй юм.
Шүүгдэгч С.М нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа,мэдээллийн хуудас (1 дэх хавтаст хэргийн 182 дугаар тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгч С.Мад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж зүйлчилсэн нь зөв, тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж болох объектив болон субъектив шинжүүдээс гадна хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзана. Тодруулбал, шүүгдэгч С.Мын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангахаас гадна энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг давхар хангаж байна. Тиймээс шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудсаар “23-85 УНА дугаартай цагаан Приус маркийн машин дайрчихаад зугтаачихлаа. Дайруулсан хүн нь босч чадахгүй байна” гэх дуудлагыг 95575417 гэх дугаараас 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 22:18:38 цагт ирсэн” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 04 дүгээр тал), ослын үеийг бичсэн камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэг гурав гэсэн хэсэгт камерын бичлэгийн үзлэгийг явуулахад 00 цаг 40 минут 03 секунтийн орчимд хяналтын камерын зүүн доод булангаас цагаан өнгийн Приус-20 маркийн машин гарч ирэх ба 00 цаг 40 минут 15 секунтийн орчимд зогсох үйлдэл хийгээд машины баруун урд талын булангаас эрэгтэй хүн бууж ирээд автомашины хойд тал руу өнгийн харах үйлдэл хийх үед тээврийн хэрэгслийн доод талд хар бараан өнгийн хувцастай хүн /амь хохирогч Г.Г/ гарч ирэх ба тухайн үед хөдөлгөөн хийж газарт тийчлэн хөдлөх үйлдэл хийнэ. Харин автомашинаас буусан жолооч харчихаад 00 цаг 40 минут 21 секунтийн орчимд машиндаа сууж цааш хөдлөн явж байгаа харагдана...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 31-32 дугаар тал), гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61 дүгээр тал), насанд хүрээгүй гэрч Т.Хы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63 дугаар тал), гэрч Ж.Гантөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэдэгт зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг тээврийн хэрэгслээр, эсхүл явганаар санаатай орхиж явсан үйлдлийг ойлгох бөгөөд тийнхүү ослын газрыг санаатай орхиж явснаар тухай гэмт хэрэг төгссөнд тооцогддог.
Шүүгдэгч С.М нь зам тээврийн осол гаргасан гэдгээ мэдсэн атлаа машиндаа сууж ослын газрыг орхиж явж байгаа нь Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч хэдийгээр авто осол болсноос хойш ослын газарт ирж өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцсон нь сайн дураараа хэргээ илчлэн ирсэн гэх нөхцөл байдалд орохгүй юм.
Иймд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А нь оршуулгын зардалд баримтаар нийт 25,845,098 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч С.М болон иргэний хариуцагч Р.Ооос 11,800,000 төгрөгийг дараахь байдлаар нөхөн төлжээ. Үүнд:
-иргэн Р.Болдбаатарын Хаан банкны данснаас 3,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр С.Аийн данс руу “буяны ажил” гэх утгаар шилжүүлсэн баримт (1 дэх хавтаст хэргийн 199 дүгээр тал),
-иргэний хариуцагч Р.Оын Хаан банкны данснаас 7,400,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр С.Аийн данс руу “С.Маас хохирлын мөнгө барагдуулах” гэх утгаар шилжүүлсэн баримт (1 дэх хавтаст хэргийн 197 дугаар тал),
-иргэний хариуцагч Р.Оын Хаан банкны данснаас 600,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр С.Аийн данс руу “С.Маас хохирол барагдуулах” гэх утгаар шилжүүлсэн баримт (1 дэх хавтаст хэргийн 198 дугаар тал),
-иргэний хариуцагч Р.Оын Хаан банкны данснаас 800,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр С.Аийн данс руу “С.Маас хохирлын мөнгө” гэх утгаар шилжүүлсэн баримт (шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн)-ууд болно.
Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аээс оршуулгын зардалд баримтаар нэхэмжилсэн нийт 25,845,098 төгрөгөөс 11,800,000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нар төлсөн болохыг дурдаж үлдэх 14,045,098 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирлыг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулсаны дараа шүүгдэгч С.М болон иргэний хариуцагч Р.О нараас 14,046,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирол төлсөн тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Иймд шүүгдэгч С.Мыг гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4-т зааснаар амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсанаас хохирсон тэтгэмж цалингийн зөрүү 96,960,000 төгрөгийг нэхэмжилжээ.
Амь хохирогч Г.Г нь “Капитрон банкинд жолооч ажилтай” гэх тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгт (1 дэх хавтаст хэргийн 247-249 дүгээр тал) авагдсан байна.
Уг нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд 2021 оны 01 дүгээр сараас эхлэн амь хохирогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх нь тодорхойгүй, цалин авч байсан талаарх цалингийн цэс хэрэгт хавсаргагдаагүй байх тул түүнийг чухам хичнээн төгрөгийн цалин, орлоготой байсныг бүрэн тогтоох боломжгүй, иргэний нэхэмжлэлийг хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй байх тул Эрүүгийн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч, иргэний хариуцагч нарын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Атэй “Гэм хорын хохирол барагдуулах тухай гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний гол нөхцөл нь “Төлбөр төлөгчид /С.М, Р.О нар/ нь талийгаач Г.Гийн өв залгамжлагч, төлбөр авагч /С.А/-д, түүний 3 хүүхдүүдэд орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэхэд зориулж 50,000,000 /тавин сая/ төгрөгийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн байна.
Үүнийг шүүхээс шүүгдэгч С.Мыг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигаа нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдал байна гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан мөнгийг гэм буруутайд тооцогдсон этгээдээс иргэний нэхэмжлэгч томилуулан нэхэмжлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Ч.Энхтуяаг тогтоосон боловч иргэний нэхэмжлэгчийг хэрэгт асуусан тэмдэглэл байхгүй, хэдэн төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт хэрэгт байхгүй байгааг анхаарах нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.
Гэвч шүүгдэгчээс 195,500 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд нөхөн төлсөн баримт хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан байх тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Мыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний хариуцагч Р.Оын “С.М нь миний ганц хүү байгаа юм. ...Миний хүү зан байдлын хувьд тайван, зөөлөн, овсгоотой, архи, тамхи огт хэрэглэдэггүй, их дуу муутай хүүхэд, би хүүгийнхээ зан ааш, боловсролд их санаа тавьдаг байсан, анх удаа л ингэж цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Хүүгийнхээ холбогдсон хэрэгт аль болох боломжоороо хохирлыг нь төлнө гэж бодож байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76 дугаар тал), гэрч Б.Бын “...миний ач хүү С.М нь айлын ганц хүүхэд бөгөөд ээжтэйгээ хамт өнөөдрийг хүртэл надтай хамт амьдарч байна. Ээж нь Швед улс руу ажил хийхээр явж С.Мыг өөр дээрээ авна гэж байсан боловч ийм хэрэг болчихлоо. Ач хүү маань зан байдлын хувьд тайван, дөлгөөн, үг дуу цөөтэй хүн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79 дүгээр тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 180 дугаар тал), шүүгдэгч С.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 181 дүгээр тал), жолоочийн лавлагаа, мэдээллийн хуудас (1 дэх хавтаст хэргийн 182 дугаар тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 184 дүгээр тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар тал), С.Мын оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 186 дугаар тал), шүүгдэгч С.Мын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 187 дугаар тал), шүүх хуралдааны шатанд “Гёте” сургуулийн сурагчийн хувийн хэргийн хуулбар, дипломын хуулбар зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М нь өөрийн төрсөн эх болон 78 настай эмээ Б.Б нарын хамт Улаанбаатар хот ............... тоотод оршин суудаг, урьд ял шийтэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч С.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор сольж, 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, өмгөөлөгч нар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр, энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус... үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч С.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан тул тухайн оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч С.М нь Баянгол дүүрэгт оршин суух хаягтай болох нь тогтоогдож байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди, “Тоёота Приус-20” маркийн ......... улсын тээврийн хэрэгслийн хойд тэнхлэгийн төмөрний зүүн талаас бэхжүүлэн авсан 1 ширхэг үс 1хх (1 дүгээр хавтаст хэргийн 114 тал) зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг,
- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийг тодорхой хуваарийн дагуу нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
9. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди, “Тоёота Приус-20” маркийн 23-85 УНЛ улсын тээврийн хэрэгслийн хойд тэнхлэгийн төмөрний зүүн талаас бэхжүүлэн авсан 1 ширхэг үс зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН