Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024-0154

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Д” ХХК

Хариуцагч “Б төв” ТӨҮГ

Гуравдагч этгээд “Г” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Б төв” ТӨҮГ-ын 1949/20** тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0050 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 128/2023/0291/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь “Б төв” ТӨҮГ-т холбогдуулж “Б төв” ТӨҮГ-ын 1949/20** тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0050 дугаар шийдвэрээр: “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц давж заалдах гомдолдоо:

“...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, мөн Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно”, 27 дугаар зүйлийн 27.3.2-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана; зураг төсөлд магадлал хийлгээгүй”, 28 дугаар зүйлийн 28.2.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана, барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт” гэж тус тус заасны дагуу Б төвөөс хийдэг магадлалын ерөнхий дүгнэлт нь тухайн зургаар барилга барих боломжтой эсэхийг баталгаажуулж зөвшөөрөл олгодог, эрх зүйн шууд үр дагавар үүсгэдэг баримт бичиг болно.

Мөн Барилгын тухай хуульд заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрөл авахад зайлшгүй зураг төсөлд магадлал хийгдсэн байх, тухайн магадлал нь хүчин төгөлдөр байх шаардлагыг тавьж буй бөгөөд анхан шатны шүүхээс дүгнэж буйгаар захиргааны акт биш гэж хууль тогтоогч нар үзсэн тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл дунд зайлшгүй зураг төсөлд магадлал хийсэн байх гэх шаардлагыг оруулахгүй юм.

Түүнчлэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1949/20** дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд “...Дүгнэлтийн нэгтгэл нь экспертүүдийн 13 хуудас магадлалын дүгнэлтийн хамт хүчинтэй” мөн Монгол улсын Засгийн газрын 108 дугаартай “Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралт 1 буюу Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх д үрмийн 6 дугаар зүйлийн 6 дугаар зүйлийн 6.8.2-т “Барилгын тухай хуулийн 34.1.10-т заасны дагуу эрх олгогдсон зураг төсөлд магадлал хийх эксперттэй гэрээ байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих”, 6.14-т “Эксперт зураг төслийн магадлалын дүгнэлтийг гаргаж, энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагад хүргүүлнэ”, 6.15-д “Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож баталгаажуулна” гэж тус тус заасны дагуу экспертүүдийн хийсэн магадлалын дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгох бус магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай Засгийн газраас баталсан дүрэмд заасан байна.

Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 27 дугаар зүйлийн 27.3.2, 28 дугаар зүйлийн 28.2.2, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр 108 дугаартай тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.12, 6.14-т тус тус заасны дагуу тухайн зураг төслөөр барилга барих боломжтой эсэх зөвшөөрлийг олгодог шууд эрх зүйн үр дагавар үүсгэхээр хуульд зохицуулсан байхад анхан шатны шүүх магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг захиргааны акт биш, эрх зүйн үр дагавар огт үүсгэхгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй болсон.

Нөгөөтээгүүр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШТ/2023/0800 дугаартай хүчин төгөлдөр тогтоолоор “...зураг төсөлд магадлал хийсэн экспертийн дүгнэлт нь захиргааны актын шинжийг агуулаагүй байна..., ...маргаан бүхий Б төвөөс гаргасан 1949/20** дугаартай магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг эрх зүйн үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй гэж шууд дүгнэх үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулахаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахаар байна...” гэж эцэслэн дүгнэсэн дээрх тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байсаар байхад анхан шатны шүүх “..дүгнэлтийн улмаас үүсэх хариуцлагыг Б төв биш харин уг дүгнэлтийг гаргасан мэргэжлийн эксперт нь өөрөө хариуцахаар буюу мэргэжлийн экспертийн дүгнэлт нь захиргааны акт мөн байна харин Б төвөөс гаргасан магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн дүгнэлт нь захиргааны акт биш гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байхаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 /Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй/-д заасныг зөрчсөн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0064 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч "Д” ХХК-ийн захиалгаар гуравдагч этгээд “Г” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлын зураг хариуцагч “Б төв” ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаартай дүгнэлтийн хавсралт “Барилгын бүтээц хэсэгт эксперт Б.Баасанжав “... 1. Барилгын суурийн шийдлийг эргэн хянаж үзэх шаардлагатай, болж өгвөл бат бэх сайтай доод үеийн хөрсөнд суулгавал сайн юм. Сайтар харьцуулсан тооцоо хийх, энэ удаад суурь суусан хөрс нь усны үйлчлэлд орсон үед бат бэх нь 2 дахин буурах юм. 2. Суурийн суурь буюу норсон үед дэх суултын тооцог багана бүрээр шалгаж суурь нь нэрлэсэн хэмжээнд байвал уг суурийн шийдлийг үлдээж болох юм. Тооцоогоор шалгах. 3. Суурь болон суурь суулгалтын зурагт суурийн нүхийг гадаргуугийн хур борооны уснаас хамгаалах арга хэмжээ авахыг онцлон анхааруулж бичих. Дүгнэлт: Дээрх 1, 2, 3-д заасан дүгнэлтийг зассаны дараа зургийн экспертэд дахин хянуулах шаардлагатай” гэж дүгнэлтийг эцэслэн гаргаагүй байхад хариуцагч Б төв магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргасан нь хуулийн заалтыг зөрчжээ...” гэж дүгнэн хариуцагч Б төвийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 47.3-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, дахин “Г” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гаргахыг хариуцагч “Б төв”-д даалгаж эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

Гэвч хариуцагч маргаан бүхий Б төвөөс гаргасан 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1949/20** дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргахдаа хугацаа нь дууссан техникийн нөхцөлүүд болон хүчин төгөлдөр бус болсон 2009 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0064 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болсон Б төвийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг тус тус үндэслэн гаргасан.

Мөн 1949/20** дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт Барилга бүтээцийн хэсэгт эксперт Н.Батжаргалын “... 9-т зураг төслийн сонгосон шийдэл, магадлал хийх явцад, экспертээс өгсөн нэмэлт, өөрчлөлтийн саналыг зураг төсөлд тусгасан эсэх гэсэн хэсэгт Зураг төслийн сонгосон шийдэлд өөрчлөлт ороогүй...” гэж, халаалт, агаарын сэлгэлт хэсэгт эксперт Ц.Цэрэнбалжид “... 2-т холбогдох мэргэжлийн байгууллагаар энэ дүрмийн 5 2-т заасны дагуу хянуулж, дүгнэлт гаргуулж баталгаажуулсан эсэх гэсэн хэсэгт холбогдох мэргэжлийн байгууллагатай зөвшилцөөгүй” гэж, дотор цэвэр, бохир ус хэсэгт эксперт Т.Чимэд-Очир зургийн даалгавар, техникийн нөхцөл ирээгүй, Барилгын талбайн үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг ирүүлээгүй, Инженерийн хангамжийн харьцуулсан хувилбар тооцоо хийгээгүй байна. Эдийн засгийн үр ашиг хөрөнгө оруулалтын талаарх дүгнэлт гараагүй байна. Хучилт болон хананд цэвэр, бохир усны шугам гильз төлөвлөх, материалын түүврийг дахин хянаж үзэх, холбогдох хэсгүүдтэй зөвшөөрөлцөх шаардлагатай...” гэж дүгнэсэн буюу экспертүүд гуравдагч этгээд “Г” ХХК-ийн иж бүрэн зураггүй дутуу гүйцэтгэсэн зураг төсөлд дүгнэлт гаргахаас татгалзсан агуулгатай байхад хариуцагч Б төвөөс гуравдагч этгээд “Г” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төсөлд 1949/20** дугаартай магадлалын дүгнэлтийг нэгтгэлийг гаргаж барилга барих боломжтой гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байхад анхан шат шүүхэд дээрх нөхцөлд байдалд дүгнэлт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захиалгаар гуравдагч этгээд “Г” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зурагт хариуцагч Б төвөөс гаргасан 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны акт гэж үзэж дээрх 416/2015 дугаарт; дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 47.3-т заасны дагуу илт хууль бусыг тогтоосон 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0064 дугаартай хүчин төгөлдөр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШТ/2023/0800 тогтоолоор Б төвийн гаргасан 1949/20** дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийн нэгтгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байна гэж эцэслэн тогтоосоор байхад анхан шатны шүүх хариуцагч Б төвийн 1949/20** дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг нэгтгэлийг захиргааны акт биш, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0050 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Барилгын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар багт хүүхдийн цэцэрлэгтэй 40 айлын орон сууцыг барих хүсэлт гаргаснаар Дархан-Уул аймгийн Ерөнхий архитектурын 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, “Б төв” ТӨҮГ-аас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1949/20** дугаартай “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” олгожээ.

          3. Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 34.1.4-т “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах” гэж заасан.

          4. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 6.1-д “Барилгын тухай хуулийн 34.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулна”, 6.8.6-д энэ дүрмийн 6.14-т заасны дагуу зураг төслийн холбогдох хэсэг тус бүрд хийгдсэн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, дугаар олгож захиалагчид ажлын 3 өдөрт багтаан хүргүүлэх, 6.14-т “Эксперт зураг төслийн магадлалын дүгнэлтийг гаргаж, энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагад хүргүүлнэ”, 6.15-д “Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна” гэж тус тус заажээ.

          5. Анхан шатны шүүхээс “...Б төв” ТӨҮГ нь дээрх чиг үүргийг гүйцэтгэж байх тул маргаан бүхий магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

          6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

          7. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1949/20** дугаартай “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” нь хууль, тогтоомж зөрчсөн нь тогтоогдохгүй байх бөгөөд энэхүү актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна. 

8. Мөн “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0064 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч "Д” ХХК-ийн захиалгаар гуравдагч этгээд “Г” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлын зураг хариуцагч “Б төв” ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаартай дүгнэлтийн хавсралт “Барилгын бүтээц хэсэгт эксперт Б.Баасанжав “... 1. Барилгын суурийн шийдлийг эргэн хянаж үзэх шаардлагатай, болж өгвөл бат бэх сайтай доод үеийн хөрсөнд суулгавал сайн юм. Сайтар харьцуулсан тооцоо хийх, энэ удаад суурь суусан хөрс нь усны үйлчлэлд орсон үед бат бэх нь 2 дахин буурах юм. 2. Суурийн суурь буюу норсон үед дэх суултын тооцог багана бүрээр шалгаж суурь нь нэрлэсэн хэмжээнд байвал уг суурийн шийдлийг үлдээж болох юм. Тооцоогоор шалгах. 3. Суурь болон суурь суулгалтын зурагт суурийн нүхийг гадаргуугийн хур борооны уснаас хамгаалах арга хэмжээ авахыг онцлон анхааруулж бичих. Дүгнэлт: Дээрх 1, 2, 3-д заасан дүгнэлтийг зассаны дараа зургийн экспертэд дахин хянуулах шаардлагатай” гэж дүгнэлтийг эцэслэн гаргаагүй байхад хариуцагч Б төв магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргасан нь хуулийн заалтыг зөрчжээ...” гэж дүгнэн хариуцагч Б төвийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 47.3-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, дахин “Г” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гаргахыг хариуцагч “Б төв”-д даалгаж эцэслэн шийдвэрлэсэн байдаг, ... анхан шатны шүүх дээрх нөхцөлд байдалд дүгнэлт хийгээгүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

9. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 6.14-т “Эксперт зураг төслийн магадлалын дүгнэлтийг гаргаж, энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагад хүргүүлнэ.” гэж зааснаас үзвэл Б төвөөс томилогдсон эксперт дүгнэлт гаргах бөгөөд ийнхүү гаргасан дүгнэлтүүдийг нэгтгэн дугаар олгосон нь дүрэмд заасантай нийцсэн, өмнө гарсан шүүхийн шийдвэр, эксперт Б.Баасанжавын дүгнэлттэй холбоотой одоо шүүхээс дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй болно.

10. Түүнчлэн  “Г” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төслийн дагуу суурийн ажлыг хийж гүйцэтгээгүй, өөр компанийн гүйцэтгэсэн зургаар барилгын суурийн ажил хийгдсэн тухай давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчид тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА