Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2279

 

МАГАДЛАЛ

 

2017.11.01                                                     Дугаар 2279                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

С.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02351 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Т ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.А холбогдох,

 

950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Т,

Хариуцагч: С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр С.А, С.Т нарт 1 сарын хугацаатай 1 300 000 төгрөгийг зээлсэн ба хүүнд нь 200 000 төгрөг авахаар харилцан тохирсон. Ингээд нийтдээ 1 500 000 төгрөгийг зээлдэгч нарт надад буцаан төлөхөөр тохирсон. Бид гэрээг бичгээр байгуулсан бөгөөд зээлдэгч С.Тийн батлан даагчаар түүний төрсөн ах С.А орсон. Уг мөнгөнөөс С.Т 550 000 төгрөгийг буцааж төлсөн. Ингээд үлдэгдэл төлбөр болох 950 000 төгрөгийг С.Тийн ах, батлан даагч С.Ааас нэхэмжилж байна. 2015 оны 6 дугаар сард С.Тд 1 000 000 төгрөгийг өмнөх зээл дээрээ нэмж олгосон нь үнэн. Сүүлд өгсөн 1 000 000 төгрөгийг С.Т авахдаа "би хуушуур хийж зарна, паб ажиллуулна, ингэж байж таниас өмнө авсан мөнгийг буцааж төлөх санхүүгийн боломжтой болно" гэж надаас гуйсаар байгаад авсан. Сүүлд зээлж авсан 1 000 000 төгрөгийг бол С.Т надад увуулж, цувуулаад өгсөн. Анх байгуулсан гэрээгээ бичгээр хийсэн байсан болохоор би нэг их санаа зовоогүй, сүүлд өгсөн 1 000 000 төгрөгөө түрүүлж буцаан авахыг хичээсэн. Эхний зээл бичгээр хийсэн гэрээтэй байсан учраас би санаа зовоогүй, харин сүүлийн 1 000 000 төгрөгөө олж авах гэж цагдаад хандсан, арайхийж олж авсан, сүүлийн авсан 1 000 000 төгрөгийн хувьд бид маргаан байхгүй гэдгээ л дахин хэлье. Нэгэнт С.Т нь надаас зээлж авсан мөнгөө өгөхгүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй байгаа тул би зээлийн гэрээний батлан даагч болох ах С.Ааас зээлийн үлдэгдэл 950 000 төгрөгийг шаардаж байна. Угаасаа анхны 1 300 000 төгрөгийг зээлж авахад С.А байсан бөгөөд 1 000 000 төгрөгийг тэрээр өөрөө авч байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай дүү С.Т нь С.Т ыг хүүтэй мөнгө зээлүүлдэг гэж сонсоод хүнээр дамжуулж танилцсан байдаг. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр С.Т бид хоёр С.Таас 1 300 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 200 000 төгрөгийн хүүтэй байхаар зээлж авсан нь үнэн. С.Т надаас хүссэн учир би уг зээлийн гэрээний батлан даагчаар орж, гарын үсгээ зурсан юм. 2015 оны 6 дугаар сар орчим С.Тд 1 000 000 төгрөгийг дахин зээлсэн гэж нэхэмжлэгч яриад байгаа. Гэтэл бодит байдал дээр 600 000 төгрөгийг олгосон. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл нь 400 000 төгрөг байсан бөгөөд үүн дээр нэмж 600 000 төгрөг өгчихөөд 1 000 000 төгрөг болсон гэж нэхэмжлэгч яриад байна. Сүүлд авсан мөнгийг бол манай дүү төлөөд дууссан. Цагдаад өгсөн өргөдлөөс нь үзэхэд нэхэмжлэгч нь сүүлд өгсөн гэх 1 000 000 төгрөгөө нэхэмжлээд байгаа ч юм шиг харагдаад байгаа. Яагаад манай дүүд эхний зээлээ төлөөгүй байхад нь дахин зээл гэж 1 000 000 төгрөг олгосонд нь гайхаж, эргэлзэж байна. Би өмнөх зээлийн батлан даагчаар орсон болохоос сүүлийн зээлийн асуудал надад хамаагүй. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу С.Т нь "одоо би 200 000 төгрөг л буцааж төлөх ёстой" гэж надад хэлээд байгаа. Иймд 200 000 төгрөгийг л С.Т өөрөө төлөх ёстой байх. Эхний зээлээс бол 550 000 төгрөгөөс илүү мөнгийг өгсөн гэж С.Т надад хэлсэн. Иймд нэхэмжлэгч мөнгөө төлөөгүй гэж байгаа бол С.Таас үүргээ шаардах нь зүйтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Ааас 950 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дүү С.Т маань С.Таас зээлж авсан 1 300 000 төгрөгөө, хүүгийн хамт төлсөн гэж хэлсэн. Сүүлд авсан 1 000 000 төгрөгийн талаар би мэдэхгүй. Уг гэрээг байгуулсан С.Т хариуцагчаар татах шаардлагатайг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч С.А холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...С.Т нь батлан даагчаар гарын үсгээ зурж өгөөч гэж хүссэн болохоос би мөнгө аваагүй, төлөх үүрэггүй гэж” маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2015 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр нэхэмжлэгч нь С.Ттай “Зээлийн гэрээ” бичгээр байгуулсан ба тухайн гэрээний батлан даагчаар хариуцагчийн ах болох С.А уг гэрээтэй танилцсаны үндсэн дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Тодруулбал, нэг этгээдийн үүргийг нөгөө хүн төлж барагдуулахыг баталгаа гаргаж бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд тухайн хүний үүргийг хариуцахаар хуульд заасан.

Нэхэмжлэгчээс зээл авсан зээлдэгч зээлийн гэрээний зээлдэгч тал болох бөгөөд С.Т нь гэрээгээр хүлээсэн зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн байдлыг нь нотлох баримт болон гэрч С.Тийн мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үүргийг шаардах үндэслэлтэй. /хх 29/

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно. Учир нь уг зээлийн гэрээнд заасан 1 300 000 төгрөг төлөгдсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүргийнхээ хүрээнд хариуцагч нь өөрийн татгалзлаа нотолсон баримт хэрэгт өгөөгүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02351 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсгүүдэд” гэснийг “460 дугаар зүйлийн 460.2 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                                             ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА                                                       

 

                                                                                               М.НАРАНЦЭЦЭГ