Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/710

 

 

2022           07          04                                 2022/ШЦТ/710

 

                         

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд хийсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Б нар оролцсон эрүүгийн 2209000001043 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаал

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” караокед 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-нд шилжих шөнө тухайн бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.Аын нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь зүүн нүдний доод зовхи, уруулд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, 11, 12 дугаар шүдний сулрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000001043 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

 

Улсын яллагч:

-Гэрч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

-Гэрч Н.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6427 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 25 дугаар тал)

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалсан бол,

Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг гаргасан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” караокед 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-нд шилжих шөнө тухайн бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.Аын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Б.Аын “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо А караоке дотор 40-50 насны дунд зэргийн нуруутай настайвтар эрэгтэй хүн миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Би олон хүнтэй маргалдаж хэрэлдээгүй. А караокены зөөгч Диваатай хэрэлдээд зогсож байхад манай найз Г боль гээд намайг татаж авч байхад настай эрэгтэй намайг ирээд цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

-Гэрч Г.Дын “...Би тэр залууд хандаж “гаднаас архи оруулж ирсэн байна, битгийн архи уугаарай гэж хэлсэн биз дээ” гэж хэлээд маргалдаад хананд шахуулаад байж байхад 3 дугаартай заалны ширээний эрэгтэй үйлчлүүлэгч намайг өмөөрч салгаад “чи одоо яагаад байгаа юм бэ, настай эмэгтэй хүнийг зодох гээд байх юм” гээд нэг нэгэнтэйгээ зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

 

-Гэрч Н.Ггийн “...зөөгч Диваад “энэ манай найз Аын төрсөн өдрийн бэлэг байгаа юм. Энэ дотор задал уухгүй” гэж хэлээд ороход Диваа зөөгч байн байн ирж хэрүүл өдөөд “та нар уухгүй шүү, уугаагүй биз дээ” гэж олон удаа ирж асуухад А “уугаагүй байхад уулаа гэж хэллээ” гэж Диваатай маргалдаж40-50 насны, намхан нуруутай эрэгтэй Аын нүүр рүү 1 удаа цохиж байхыг хараад би салгаж холдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Б.Аын биед зүүн нүдний доод зовхи, уруулд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, 11, 12-р шүдний сулрал, эмтрэл гэмтэл тогтоогдлоо. ...3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна...” гэх шинжээчийн 6427 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Г.Б нь хохирогчийн биед халдаж, дух, нүүрний хэсэгт цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчоос нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч нь эмчилгээтэй холбоотой зардлын баримтыг хэрэг гаргаж өгөөгүй, хавтаст хэргийн материалтай танилцуулсан боловч ямар нэг хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч холбогдох утсаа аваагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзсэн ба хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос “шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг”, шүүгдэгч “торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирочийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хохирогч Б.А гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН