| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2017/00515/И |
| Дугаар | 133/ШШ2018/00069 |
| Огноо | 2018-02-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 133/ШШ2018/00069
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************ тоотод оршин суух, ********** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ********** аймаг дахь ************-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 201/ оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ********, хариуцагч *****, гэрч *******, ******, ********, ********, ********, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ********* миний бие тус сургуульд 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Агрофермерийн багшаар тасралтгүй 12 жил ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар эрхэлж байсан ажлаасаа чөлөөлөгдлөө. ******** аймаг дахь ********-н захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ********-н гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/42 дугаар тушаалын үндэслэлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа тул ажлаас чөлөөлөх тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ********-н захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ********-н 2017 оны 11 дүгээр сарын 16-ны Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, миний урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч ******** шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус ********-н агрофермер мэргэжлийн багш ***********-г 2016-2017 оны хичээлийн жилд Жимс, жимсгэний аж ахуйн фермер, Фермерийн аж ахуй эрхлэгч /ГТ-МАА/, 2017-2018 оны хичээлийн жилд Фермерийн аж ахуй эрхлэгч /ГТ-МАА/, Хүлэмжийн аж ахуйн фермер мэргэжлийн ангиудад элсэлт байхгүйн улмаас агрофермер мэргэжлийн багш нь ажлын ачаалалгүй болсон тул 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм.Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам"-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн N12 дугаар тушаалаар *************-н 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан, тогтоосон юм.************-н 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам"-ын 4.1-ийг үндэслэн тухайн мэргэжлийн ангиудын элсэлт, уг элсэлтээс үндэслэн баталсан сургалтын төлөвлөгөөг баримталдаг болно. Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам"-ыг үндэслэн багш ********-н багшийн ур чадварын түвшин "багш" зэрэглэлд тогтоогдсон учир Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам"-ын 1.8-д заасны дагуу жилийн цагийн ачаалал нь 20 багц цаг буюц 17 багц цагийг танхимынсургалтаар, 3 багц цагийг танхимын бус сургалтаар гүйцэтгэх ёстой. /Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/А215 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам"-ын 3.1. Онол, лаборатори, сургууль дээрх дадлагын 45 цагийн бодит гүйцэтгэлийг, үйлдвэрлэлийн ба төгсөлтийн өмнөх дадлагын 72 цагийн бодит гүйцэтгэлийг, танхимын бус сургалтын 72 цагийн бодит гүйцэтгэлийг тус тус нэг багц цаг гэж тооцно./Багш С*********-н хичээл заадаг "Хүлэмжийн аж ахуйн фермер", "Жимс, жимсгэний аж ахуйн фермер", "Фермерийн аж ахуй эрхлэгч /ГТ-МАА/" мэргэжлийн ангиуд нь 2014 оноос хойш элсэлт аваагүй ба 2017-2018 оны хичээлийн жилд Фермерийн аж ахуй эрхлэгч /ГТ-МАА/, Хүлэмжийн аж ахуйн фермер мэргэжлийн ангиудад элсэлт авахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хяналтын хуваарь батлуулсан юм. Гэвч 2017-2018 оны хичээлийн жилд Фермерийн аж ахуй эрхлэгч /ГТ-МАА/ мэргэжлийн ангид элсэлт байхгүй тул тухайн анги хичээллээгүй ба ******** багшийн заах боломжтой хичээлүүд ордог "Хүлэмжийн аж ахуйн фермер" мэргэжлийн ангийг нээж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хичээллүүлсэн болно. "Хүлэмжийн аж ахуйн фермер" мэргэжлийн ангид сургалт явуулсан хугацаанд буюу 2017 оны 09-р сараас 11-р сарын 10 хүртэл дундажаар 2 суралцагчтай сургалтын үйл ажиллагаа явагдсан байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага буюу тус ************ нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүждэг юм. Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив"-аар********* аймагт нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив 591600 төгрөг байна. "Хүлэмжийн аж ахуйн фермер" мэргэжлийн анги нь 2 суралцагчтай ба нийт 1183200 төгрөгийн санхүүжилт авахаар байгаа тул Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн тухайн ангийг хаахаас өөр аргагүй болсон юм. Багш *******нь 2017 оны 09-11-р сард нийт 1881176 төгрөгийн цалин хөлс авсан байна. Багш ******* нь 2016 оноос хойш мэргэжлийн хичээл заагаагүй ба 2016-2017 оны хичээлийн жилд "Харилцааны ур чадвар эзэмших" хичээлийг 2,5 жилийн сургалттай 5 мэргэжлийн анги, 1 жилийн сургалттай 4 мэргэжлийн ангид 486 цаг буюу 10,8 багц цаг /кредит цаг/, "Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан" мэргэжлийн ангийн үйлдвэрлэлийн дадлагын 216 цаг буюу 3 багц цаг /кредит цаг/, "Трактор, ХАА-н машин" 36 цаг буюу 0.80 багц цаг, нийт 14,60 багц цагийн хичээл заасан байна. Тухайн заасан хичээлүүдээс "Трактор, ХАА-н машин" хичээл 36 цаг буюу 0.80 багц цаг нь тухайн багш заах боломжтой, үлдсэн хичээлүүдийг заах боломжгүй ба бусад багш нарын 13,8 багц цагийг хорогдуулан тооцуулсан байна. Багш *******-н ур чадвар нь "багш" ангилалаар тогтоогдсон тул нийт 17 багц цагаас дутагдсан 2,4 багц цагийн хөлс 403200 төгрөгийг Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам"-ын 5.4-т заасны дагуу цалин хөлснөөс хасаж тооцуулахаас, 151200 төгрөгийн хасан тооцож, 252000 төгрөг төлөөгүй болно. Хэрэв дутуу багц цагийн хөлсийг суутгуулан тооцуулаагүй буюу төлөөгүй тохиолдолд цагийн багш болох, эсвэл ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болох юм. Тус **********-н 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 4 багш ажлаас чөлөөлөгдөж, 2 багш түр хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдөж байгаа болно. *********-н 2017-2018 оны хичээлийн жилд /2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар/ нийт 19 мэргэжлийн ангид, 201 суралцагч суралцаж байна. ***********-н 2018 оны батлагдсан төсөвт нийт суралцагчдын тоог 619 байхаар тооцсон юм. Дээрх үндэслэлүүдийн дагуу агрофермер мэргэжлийн багш нь ажлын ачаалалгүй /мэргэжлийн хичээлийн цаггүй/ болсон тул багш **********-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. **********-н нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ********* нь **********-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ********** нь ***********-д 2005 оны 08 дугаарсарын 29-ний өдрийн №32 тоот тушаалаар Агрофермерийн багшаар ажилд орж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/42 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Агрофермерийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн болох нь:
- ************-н захирлын 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №32 тоот тушаал, ажил олгогчтой 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нэхэмжлэгчийн ********* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ********* нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/42 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор...”, 129.2 дахь хэсэгт заасан “...ажилтан ажлаас буруу халсан тухай гомдолоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагын дагуу 2017оны12 дугаар сарын 08-ны өдөр буюу хуулийн хугацаандаа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч ********* нь ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Ажил олгогч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2016 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын 1.2, Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1, *********-н захирлын 2017 оны А/72 дугаар тушаалын хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.1.1, 12.2, 12.2.1 дэх заалтуудыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар ********-г Агрофермер мэргэжлийн багшийн ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч нь ********* нь *********-н захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч *********-н гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/42 дугаар тушаалын үндэслэлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа тул ажлаас чөлөөлөх тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.
Хариуцагч ********* нь нэхэмжлэгч *********-г ажлаас чөлөөлсөн үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...**********-н агрофермер мэргэжлийн багш **********-г 2016-2017 оны хичээлийн жилд Жимс, жимсгэний аж ахуй фермер, Фермерийн аж ахуй эрхлэгч /ГТ-МАА/, 2017-2018 оны хичээлийн жилд фермерийн аж ахуй эрхлэгч /ГТ-МАА/, Хүлэмжийн аж ахуйн фермер мэргэжлийн ангиуд элсэлт байхгүйн улмаас агрофермер мэргэжлийн багш нь ажлын ачаалалгүй болсон тул 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж мэтгэлцэж байна.
***********-н захирлын 2017 оны 11 дүгээрсарын 16-ны өдрийн Б/42дугаартай тушаал нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхэд:
Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаартай “Журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтын 3-т “Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог МСҮТ, Политехник коллежийн захирал тогтооно” гэж заажээ.
**********-н захирлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/72 дугаартай “Багш нарын орон тоо батлах тухай” тушаалын хавсралтаар “Фермерийн аж ахуй эрхлэгч /ГТ-МАА/ багшийн орон тоог цомхотгон “Фермерийн аж ахуй эрхлэгч /МАА-ГТ/” үндсэн багшийн орон тоог нэг байхаар тогтоосон байна.
Орон тоо цомхотгох гэдэг ойлголт нь хоёр орон тооны нэг нь үгүй болохыг ойлгох бөгөөд дээрх тохиолдолд Фермерийн АА эрхлэгч /ГТ-МАА/ гэх орон тоо цомхотгогдсон байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргаж байгаа зохигчдын тайлбаруудаар тогтоогдож байна.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д “төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн дагуу төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” мөн хуулийн 16 дугаар зүйлд төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг заасан ба 16.1.18-д бусад байгууллагын дарга захирал, эрхлэгч тухайн байгууллагын төсвийн, 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж бүрэн эрхийг зохицуулжээ.
Хариуцагч ***********-н захирал нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд орон тоог цөөрүүлж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********-г ажлаас чөлөөлсөн байх тул ********-н захирлын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/42 дугаартай тушаал нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заажээ.
Энэ дагуу нэхэмжлэгчид 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар зэргээр нотлогдож байна.
Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/109 тоот “Төсвийн хуваарь хүргүүлэх тухай” тушаалын хавсралтаар суралцагчдын тоог 619 байхаар тооцсон бөгөөд ************-н 2017-2018 оны хичээлийн жилд нийт 19 мэргэжлийн ангид 201 суралцагч суралцаж байна.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/103 дугаартай “Элсэлтийн хяналтын тоо батлах тухай” тушаалын хавсралтад “Фермерийн АА эрхлэгч /ГТ-МАА/” ангийг 20 суралцагчтай байхаар баталсан байна.
Нэхэмжлэгч ********* нь **********-н Хүлэмжийн аж ахуйн фермер мэргэжлийн ангид багшилж байсан бөгөөд уг ангид 2017 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл дунджаар 2 суралцагчтай, журнал байхгүй байсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Нөгөө талаар *********-н даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******** нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байх бөгөөд өөрийн бүрэн эрхийн хүрээнд батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох эрх хэмжээтэй байхаар байна.
Ажил олгогч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд харьяа дээд шатны байгууллага болох Хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 2013 оны А/198/15 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох тухай” журмын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/72 дугаартай тушаалаар орон тоог цомхотгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *********-г ажлаас чөлөөлсөн ***********-н захирлын 2017 оны 11 дүгээрсарын 16-ны өдрийн Б/42 дугаартай тушаал нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байна.
Өөрийн шаардлага, татгалзал, тайлбарыг нотлох гэдэг нь тэдгээрт дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар тогтоохыг хэлэхээс гадна уг үндэслэл нь хуульд зааснаар зүй ёсны болохыг батлах ёстой юм.
Нотлох үүргээ хэрэгжүүлэхдээ хэргийн оролцогч хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслийг ашиглах үүрэгтэй ба нотлох баримтууд нь хуульд заасны дагуу хэлбэржсэн байх шаардлагатай юм.
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* татгалзалын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар *********-н нэхэмжлэлтэй, хариуцагч ********-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ