| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0695/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/739 |
| Огноо | 2022-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Шагдар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/739
2022 07 08 2022/ШЦТ/739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд хийсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Ц.Шагдар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн,
Шүүгдэгч: Г.О нар оролцсон эрүүгийн 2209010941106 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.О нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ...............тоотод Р.Цтой “үг хэлээр доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний баруун чих рүү нь гараараа нэг удаа алгадаж эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 220901094106 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Хохирогч Р.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 25-26, 28 дугаар хуудас),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6712 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
-Шинжээч эмч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалсан бол,
Шүүгдэгч Г.Оы өмгөөлөгч Г.Нямсүрэн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан тул хавтаст хэргийн материалаас шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.О нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28б байрны 16 тоотод Р.Цтой “үг хэлээр доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Р.Цийн “...2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 28б байрны 16 тоотод ганцаараа байж байтал Г.О усанд орох гэж охин Бгийн хамт ирж бага хүүгийн сургалтын төлбөрийг нэхсэн ба би “одоо боломжгүй байна” гэж хэлтэл уурлаж хэрүүл хийсэн ба би “чи тэр явалддаг хүнээсээ авахгүй юу” гэж хэлтэл Г.О миний бие рүү цохиж эхэлсэн ба би өөрөөсөө холдуулаад байж байтал баруун чих рүү цохиж миний чихний хэнгэрэг хагарсан юм шиг байхаар нь дургүй хүрч цагдаад дуудлага өгсөн. Эхнэр миний баруун чих рүү цохиж баруун чихний хэнгэрэг хагарсан. 13 настай охин Б усанд орж байсан, өөр хүн байгаагүй. Зүүн чихний хэнгэрэг бага байхад цоорч гэмтэж байсан бөгөөд оюутан байхдаа “Эм Жи Жи” эмнэлгийн эмч Г.Очимэг эмчээр хагалгаа хийлгэж зүүн чихний хэнгэрэгээ нөхүүлж байсан. Баруун чихний хэнгэрэг урд өмнө нь гэмтэж, цоорч байгаагүй. Г.Оыг цохиход толгой дүүрээд эвгүй болоод явчихсан. Дараа шүүх эмнэлэгт үзүүлэхэд хэнгэрэг цоорсон байсан ба “Сонгдо” эмнэлэг дээр очиж 60,000 төгрөгөөр баруун чихний хэнгэрэгт хальс наалгасан... Учирсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 28 дугаар хуудас),
Шинжээч эмч Э.Баасанжавын “...Тухайн Ц гэх хүний биед 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийсэн. Энэ үед Цийн толгой дүүрнэ, сонсгол муу байна гэх зовуурьтай байсан. Зовууриас шалтгаалж Цийн баруун, зүүн чихний хэнгэрэгийн хальсыг дурандаж шалгасан. Баруун чихний хэнгэрэг хальс төв хэсэгтээ дугираг хэлбэрийн цооролттой, тухайн цоорлын зах ирмэг дагуу хүрэн ягаан өнгийн цус хуралттай байсан нь тухайн хэнгэрэг цоорол нь шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Харин зүүн чихний хэнгэрэг хальс хуучин сорвижилттой байсан. Мөн “Сонгдо” эмнэлгийн чих хамар хоолойн эмчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтэд “хэнгэрэг хальс цоорсон, сонсгол буурсан” гэх оноштой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас ),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6712 дугаартай “...1. Р.Цийн биед баруун чихний хэнгэрэгэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Д.Г.О нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн чих рүү алгадсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож байсан, цохих үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Р.Цийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Тодруулбал, шүүгдэгчийн хууль бус идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Р.Цийн биед хөнгөн хохирол учирсан болно. /шинжээчийн 6712 дугаартай дүгнэлт болон шинжээч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг/
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Р.Цид хэргийн материалыг танилцуулахад “...Д.Г.Оаас цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглэлд тусгасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагджээ.
Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Д.Г.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүйгээр ялаас чөлөөлөх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Д.Г.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүйгээр ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан нь тухайн албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхийг шаардаагүй байна. Тиймээс нэгэнт шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн тул түүнд албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1; 36.1; 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4; 36.6; 36.7; 36.8; 36.10; 36.13; 37.1; 37.2; 38.1; 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийгтэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН