| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00458/И |
| Дугаар | 75 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 75
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***********оршин суух, **********нэхэмжлэлтэй,
хариуцагч: *********** аймгийн ***********-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ********** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ********нь 2011 оны 06 дугаар сард ********** аймгийн *********** сумын *********-д орон нутаг судлах танхимын ажилтан техникчээр 2016 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байна. Ажиллах хугацаанд алдаа зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үүрэг даалгаврыг хангалттай биелүүлж ажиллаж байсан. Би 11 сарын 01-ний өглөө ажилдаа ирээд 11 цаг хүртэл ажил дээрээ байсан, эрхлэгч ***** ирээгүй, хөгжийн багш, нярав нар ирсэн байсан. Би хөдөө явах гэсэн юм, эрхлэгч яагаад ирэхгүй байгаа юм гэхэд амарч байгаа гэсэн. Тэр 2 хүнд хэлээд хөдөө явсан. 11 сарын 03-ны орой ирээд 11 сарын 04-ний өдөр ажилдаа ирсэн. 11 сарын 05, 06-ны өдөр амралтын өдөр байсан. 11 сарын 07-ны өдөр ажилдаа ирэхэд Дэлхийн зөнгийн сургалттай гээд техник хэрэгсэл зөөж байсан. Манайхан чамайг ажлаас халж байгаа, тушаал гарсан гэсэн. Надад тушаал өгөөгүй. Ширээн дээр байсан тушаалыг үзэхэд 11 сарын 03-ны өдрийн огноотой тушаал байсан. Тэгээд би юмаа зөөчихөөд явсан. 11 сарын 08-ны өдөр ажилдаа ирэх үед ******* ирсэн байсан. 11 сарын 11-нд номын санчаас тушаалаа өөрөө конандаж авсан. Хуулийн хүнээс утсаар зөвлөгөө авахад намайг ажлаас халсан тушаалын хуулийн заалт буруу гэсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд *********-н эрхлэгчийн 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хянан үзэж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *********-г ******-с халахад дээд газраас мэргэжлийн хүн авч ажиллуул, наад хүн чинь шаардлага хангахгүй байна гэж удаа дараа шаардсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь ажлаас буруу халагдсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг 30 хоногийн дотор гаргах эрхтэй. Энэ хүн 11 сарын 03-ны өдөр гарсан тушаалтай 11 сарын 04-ний өдөр танилцаад авалгүй гарч явсан. Өгсөн тушаалыг өөрөө авалгүй ширээн дээр орхиод гарч явсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. 11 сарын 04 гэхэд тушаалаа бүрэн мэдчихсэн байсан. 12 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан тэр үед хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан. Үүнийгээ өвчтэй хүн сахиж байсан гэж тайлбарлаж баримт бичиг гаргаж өгсөн. 2 өөр албан бичгийг нь Цагдаагийн байгууллага нь ч шалгаж чаддаггүй ийм байдалтай байна. Тэгэхээр дээрх баримт бичгүүд нь шүүхийн хувьд нотлох баримт болох боломжгүй гэж үзэж байна. Шалгуулсан нотлох баримтын асуудал шүүхээр шийдэгдэлгүй, прокурорын шатанд дуусчихсан тул нотлох баримт хангалттай шалгагдаагүй гэж үзэж, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно гомдлоо гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2007-2010 онд ****** дээд сургуулийн музейн ажилтны ангид суралцаж төгссөн. 2010 оны 08 сард ******** аймгийн Боловсрол соёлын газарт бүртгүүлж мэргэжлийн ажилдаа орох хүсэлт өгсөн нь бүртгэлтэй байдаг. ********* сумын ********-н орон нутаг судлах танхимд мэргэжлийн боловсон хүчин ажилладаггүй бөгөөд 2011 онд *********-ийн ОНСТ-ийн ажилтан ******* шилжиж явахад ажилд орох хүсэлтээ өгч байсан. Тухайн үед байсан эрхлэгч нь өөрийн төрсөн дүүгээ нөхөр *******-н оронд авсан. Энэ үеэс манайх удаа дараалсан өргөдлүүдийг өгч байсан бөгөөд ах дүү хамаатан саднаараа ажиллаж байдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Хамгийн сүүлд 2016 оны 07 сарын 22-нд өгсөн өргөдлийн хариуг дараах шалтгаанаар 106 хоног хүлээж 2016 оны 11 сарын 03-нд ажилдаа орсон. Өргөдлийн хариу хүлээсэн шалтгаан: 1. Өргөдлийн хариу 30 хоног- 2016.07.22-2016.08.22, 2. ******* ээлжийн амралтаа авсан- 2016.08.22-2016.09.05, 3.******** самар түүгээд 2016.09.26-нд ажилдаа ирсэн. 4. *******-т мэдэгдэх хуудас өгсөн 2016.10.03-2016.11.03 хүртэл 30 хоног, нийт 106 хоног хүлээсэн. Ингээд ажилдаа орж ажлаа хүлээн авъя гэхэд *******ирж хүлээлгэж өгөөгүй, комиссууд нь янз бүрийн шалтгаанаар ирэхгүй байж байтал миний ажлын байрыг хөндөж шүүхэд хандсан байдаг. Иймээс шүүхийн шийдвэр гарахыг хүлээж ажлаа гүйцэтгэж байгаа. Эдгээр хугацаанд ******* нь мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, ажлын байрны шаардлага ханган ажиллах тал дээр анхаараагүй, өргөдөл мэдэгдэх хуудас хүлээн авсан хугацаандаа байгууллагад нэг ч хариу өгөөгүй мөртлөө биднийг эхнэртэйгээ янз бүрийн байдлаар гутаан доромжилж дайрч гүтгэж байсан. Энэ хүн цаашид энд ажилд орлоо гэхэд мэргэших талаар боломжгүй гэж бид боддог. Яагаад гэвэл 6 дугаар анги төгссөн, дунд боловсролыг ч бүрэн эзэмшээгүй хүн юм. Энэ ажлын байр нь тусгай боловсролтой, мэргэшсэн хүн байх заалттай бөгөөд би хууль эрх зүйн дагуу хүсэлт өргөдөл өгөх, Боловсрол соёлын газрын мэргэжлийн боловсон хүчин авч ажиллуулах удаа дараагийн шаардлага зэргийг үндэслэн ажилдаа орсон. Миний ажлын байранд *********-н өгсөн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ****** гэдэг хүний албан ёсны асрагч нь ******* гэж байдаг. Тэр нь хөдөө байдаг тул өөрийнхөө бага охиныг ******* гуайн гэрт байлгаж асруулдаг. Зундаа 2 гэр байгаад өвөл нь ******* гэдэг охин нь нөхөр ********-гаа ирээд 3 гэрээрээ байдаг. Иймээс ******-т ********-г асрах ямар ч шаардлага байхгүй. Сахиур хийсэн гэдгийн хувьд би эмчтэй нь очиж уулзаад ****** гуай гадуур эмчилгээтэй байсан юм байна, та яагаад бичиг хийж өгсөн юм бэ гэхэд би тийм бичиг хийж өгөөгүй гээд надад бичиг хийж өгсөн. Тэгээд нөгөө бичиг нь Цагдаагаар шалгагдтал та тэр бичгээ надад буцаагаад өгөөч, би товчхон бичээд өгчихсөн байна, дэлгэрэнгүй бичээд өгье гэхэд нь би шүүхэд өгчихсөн гэхэд таг чимээгүй болчихсон. Мөрдөн байцаагчид юу гэж хэлээд хэрэг хаагдсан талаар би мэдэхгүй. *******-т ******-г асрах шаардлага байдаггүй, зөвхөн хашаанд нь байдаг. Хадам эмээ нь мөн, гэхдээ тэр хүнийг *******-н бага охин нь байнга гэрт нь асардаг. ********-н охин ********* ээжийгээ харж 3 гэрээр байж байгаад 04 сард хөдөө гарсан. Ийм учраас ********-т асран хамгаалах асуудал огт хамаагүй. Би Эрүүл мэндийн газарт нь ********** сумын Эрүүл мэндийн төвийн тамга ямар байдалтай хадгалагдаж байгаа талаар хэлээд өгөөч гэж хүсэж байгаа. ******-г ********** асрах ямар ч үндэслэл, тэр хүн нь эмнэлэгт ч хэвтээгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******** нь ******** аймгийн ********** сумын *********-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ********** нь ********* аймгийн ********** сумын **********-д 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №4 дугаар тушаалаар орон нутаг судлах танхимын ажилтнаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай ******-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар орон нутаг судлах танхимын ажилтны ажлаас чөлөөлөгдсөн болох нь:
- *********-н нотариатаар гэрчлүүлсэн ********дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 28-29 дүгээр хуудсанд бичигдсэн 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №4 дугаар тушаалаар соёлын төвийн орон нутаг судлах танхимын ажилтнаар томилсон тушаал,******** аймгийн *********** сумын *********-н эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай *********-г ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор..., 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан тухай гомдолоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.
Харин нэхэмжлэгч ******** нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдар гаргасан байна.********* аймгийн ********* сумын *********-н эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай ********-г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардуулж өгсөн болох тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр буюу нэг дэх өдөр ажилдаа ирэхэд намайг ажлаас халсан гэж хэлсэн надад тушаал хүлээлгэж өгөөгүй би 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тухайн тушаалыг хуулбарлаж авсан гэж тайлбарлаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, мөн Боловсрол, Соёл Урлагийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 309 тоот албан бичиг зэргийг үндэслэн ******-г ажлаас чөлөөлжээ.
Дээрх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байна гэж заажээ.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тухайн ажилтныг гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болохыг нотолсон байхыг ойлгоно.
Мөн нэхэмжлэгч ********-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй гэж үзсэн бол хариуцагч нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан журмыг мөн баримтлаагүй байна.
********* аймгийн Боловсрол соёлын газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 309 дугаартай Соёл, урлагийн байгууллагын дарга, ажил олгогчдод мэргэжлийн сургууль төгссөн боловсон хүчнийг аймаг, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг хэрэгжилтийн хүрээнд та бүхэнд соёл урлагийн сургууль төгсөөд ажил идэвхийлэн хайж буй, тус газарт бүртгэлтэй байгаа хүмүүсийн судалгааг хүргүүлж байна. Танай байгууллагад гарч буй шинэ болон нөхөн томилох ажлын байранд эдгээр хүмүүсээс судлан үзнэ үү гэх албан бичгийг тушаалын үндэслэл болгосон байна.
********-г ********** аймгийн *********** сумын *********-н эрхлэгчийн 2011 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар орон нутаг судлах танхимын ажилтан техникчийн ажлын байрны шаардлагыг хангаж байна гэж үзэн ажилд томилсон байх бөгөөд ********** аймгийн ******** сумын *********-н эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ******-г мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болохыг мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт гараагүй байхад мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэж энэхүү албан бичгийг үндэслэл болгон ажлаас халсан нь үндэслэлгүй байна.
Маргааны зүйл ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/03 тоот тушаал тул уг тушаалын үндэслэл болсон тухайн албан тушаал, ажил дээр хийвэл зохих ажил үүргийг бүрэн эрхлэн биелүүлэхэд ажилтан ********-н мэргэжлийн мэдлэг, түүнийгээ хэрэглэх ур чадвар хүрэхгүйгээс ажил үүрэг бүрэн хийгдэхгүй байгааг тухайн байгууллагын албан тушаалтны ажиглалт, шалгалтаар тогтоохгүй атал мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр гаргалгүйгээр нэхэмжлэгч ******-г ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна гэж шүүх үзлээ.
Мөн ********** нэхэмжлэлтэй **********аймгийн ********* сумын ********-д холбогдох иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шүүхээр, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хянагдаж, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/хт2017/01458 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.
Уг хугацаанд хариуцагч байгууллагын эрхлэгчээр ажиллаж байсан ******** нь ******** сумын ********-н эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, ******** нь *********** сумын *********-н эрхлэгчээр томилогдсон болох нь хэрэгт авагдсан ********** аймгийн ******** сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/11 тоот захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Улмаар хариуцагчийн эрх залгамжлагчид шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчид эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, ... шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар хэргийг түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Хариуцагч ********-д 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй адил гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд **********-г *********аймгийн ********** сумын **********-н орон нутаг судлах танхимын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу тооцож үзэхэд ********-н 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 14 сар 27 хоногийн олговор 7.487.792 төгрөг болохоор байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалинг нэг өдрийн 21.625 төгрөгөөр тооцон нийт 7.199.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх тул шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу ********** аймгийн ********** сумын ******-с ажилгүй байсан хугацааны цалинд 7.199.000 төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч *********-т олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ. Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сар буюу 7, 8, 9, дүгээр сарын цалин 1.470.740 төгрөгийг 3 сард хувааж нэг сарын дундаж цалинг, нэг сарын дундаж цалинг ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ********** аймгийн ********* сумын *********-д даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар , хариуцагч ****** аймгийн ****** сумын *******-с ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 7.199.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 130.134 төгрөг, нийт 200.334 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************ оршин суух, *******-г ********** аймгийн********* сумын *******-н орон нутгийг судлах танхимын ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *********-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 7.199.000 төгрөгийг ********* аймгийн **********сумын *******-с гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч ******-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар *********-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ********* аймгийн ********** сумын *********-д үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч ******** аймгийн ********** сумын**********-с ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 7.199.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 130.134 төгрөг, нийт 200.334 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ