Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 93

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *********** оршин суух, ************нэхэмжлэлтэй,
хариуцагч: *********-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********, гэрч ********, **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч **********нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ********* нь *******-д үйлчлэгчээр 2014 оны 10 дугаар сарын 22-нд орж ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа дутагдал гаргаж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүрэг даалгаврыг хангалттай биелүүлэн, өөрийн ажлаа үнэнч шударгаар хийж ажиллаж байсан. Гэтэл *******-н дарга *********нь 2016 оны 09 дүгээр сарын 12-нд ажлаа авсан. Ажил авснаасаа нэг сарын дараа намайг Нутаг усаар доромжилж, намайг барьж чирч зодсон. Харсан гэрч нь нярав *******, үйлчлэгч ****** нар харсан. ******* нь дарга болсон цагаасаа өдөр болгон ажил дээр хэл амаараа доромжилдог байсан. Мөн үйлчлэгч *********-н хариуцдаг сандал дээр хүн суусны төлөө миний цалинг 20 хувиар суутгасан. Мөн ***********-н дарга ******* нь ямар ч даргын ёс зүйгүй, хамт олон удирдах ямар ч чадамжгүй. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хөө, үнс, элс цацсан гэж намайг гүтгэж, ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн. *******-н дарга ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/34 дугаартай тушаал гаргаж үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Миний бие уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ********-н дарга ********-ын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1.Үйлчлэгч ********* нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр *******-д ажилд анх орж байсан. 2.Үйлчлэгч ******** нь өөрийн хариуцсан талбайг дутуу цэвэрлэж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил үүргээ хариуцлагагүй гүйцэтгэж 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б/34 дугаартай тушаалаар анх сахилгын сануулах шийтгэл хүлээсэн. Үүнийг ********-н менежер *******-ийн бичсэн илтгэх хуудсаар нотлогдож байна. 3. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. Маркетинг үйлчилгээний ангийн дарга *******-ийн бичсэн илтгэх хуудсаар нотлогдож байна. 4. Үйлчлэгч ****** нь сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргаж 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/34 дугаартай тушаал, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/48 дугаартай тушаалуудаар тус тус сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын дотор хөө үнс зуурч асгаж, элс цацсан, үйлчлэгч ********-г хэл амаараа доромжилж байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.8.7, хөдөлмөрийн гэрээний 5.5.7 дахь заалтуудад заасан харилцааны болон ёс зүйн зөрчил гаргасан нь /********-ийн хувийн өргөдөл, маркетинг үйлчилгээний ангийн даргын илтгэх хуудас, маркетинг үйлчилгээний ангийн хамт олноос гаргасан хүсэлт, уран сайхны зөвлөл болон маркетинг үйлчилгээний ангийн хамтарсан хурлын тэмдэглэлээр тус тус нотлогдсон/ тул 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал шийдвэр нь хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй байх тул үйлчлэгч **********-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.


ҮНДЭСЛЭХ нь:


Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр **********-н даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/81 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ********* нь *************-д 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/96 дүгээр тушаалаар үйлчлэгчээр ажилд орж, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/81 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн болох нь:
- ***********-н даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/96 дугаартай *********-г ажилд авах тухай тушаал, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/81 дугаартай *********-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, нэхэмжлэгчийн №********* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *********** нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/81 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор..., 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан тухай гомдолоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр буюу хуулийн хугацаандаа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч *********нь ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б/81 дугаартай тушаалаар **********-г үйлчлэгчийн ажлаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлжээ.
Энэ үндэслэл болгосон тушаалдаа нэхэмжлэгч **********-г байгууллагын дотоод журмын 9.8.7, хөдөлмөрийн гэрээний 5.5.7 дахь заалтуудыг зөрчсөн гэжээ.
***********-н даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/81 дугаартай тушаал нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхэд:
Хариуцагч *********** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь *********нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмын тодорхой заалтыг зөрчснийг тушаалдаа үндэслэл болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 зааснаар буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ба 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын дотор хөө үнс зуурч асгаж, элс цацсан, үйлчлэгч ********-г хэл амаараа доромжилж байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.8.7, хөдөлмөрийн гэрээний 5.5.7 дахь заалтуудад заасан харилцааны болон ёс зүйн зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь хууль хэрэглээг зөрчөөгүй гэж тайлбарлаж, ********-г ажлаас халсан тушаалын үндэслэлийг хариуцагч сахилгын зөрчил давтан гаргасан гэж маргаж, тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Тайлбараа нотлохын тулд ********-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б/34 дугаартай тушаал, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/48 дугаартай тушаал, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын менежер *********-ийн бичсэн илтгэх хуудас, Маркетинг үйлчилгээний ангийн дарга **********-ийн бичсэн илтгэх хуудас, хамт олны хурлын тэмдэглэл, фото зураг, дүрс бичлэг бүхий CD зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхаас гадна тухайн зөрчил нь тус бүр тогтоогдсон байхыг шаардана.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б/34 дугаартай тушаалаар ******-г өөрийн хариуцсан талбайг дутуу цэвэрлэж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил үүргээ хариуцлагагүй гүйцэтгэсэн гэж сануулах сахилгын шийтгэл, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, өөрийн хариуцсан хуваарьт талбайг дутуу цэвэрлэж, ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Дээрх тушаалуудад ********* нь гомдол гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хүчин төгөлдөр тушаал байгаа боловч нэхэмжлэгч ********* нь өөрийн ажил үүргийн хуваарьт хамаарах ямар үүргийг биелүүлээгүйгээс хөдөлмөрийн эрх зүйн ямар хэм хэмжээг зөрчсөн, зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй, уг тушаалууд тус бүрдээ баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцсэн ба тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлох боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл хариуцагч *********** нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
Хэдийгээр хариуцагч байгууллагаас ********-д 2017 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх илтгэх хуудас, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх илтгэх хуудас, 2017 оны нотлох баримтаар ирүүлсэн байх боловч тухайн илтгэх хуудаснаас өөр баримт авагдаагүй, уг илтгэх хуудсанд дурдагдсан үүрэг даалгаврыг хэдний өдөр, хэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй, мөн Маркетинг үйлчилгээний ангийн дарга ********-ийн бичсэн илтгэх хуудас нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр бичсэн болох нь тодорхойгүй, Маркетинг үйлчилгээний ангийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл нь уг сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш бичигдсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Мөн ажлаас чөлөөлөх тухай тушаалд ********** нь байгууллагын дотор хөө, үнс зуурч асгаж, элс цацсан, мөн үйлчлэгч *********-г хэл амаараа доромжилсон гэх үндэслэлээр байгууллагын дотоод журмын 9.8.7 дахь хэсэг, мөн Хөдөлмөрийн гэрээний 5.5.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Байгууллагын дотоод журмын 9.8.7-д ...Байнгын болон явуулын ажлын байранд, мөн ажлын цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис үнэртүүлсэн, хэрэглэсэн, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажилд ирсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, бусдын нэр хүндийг гутаан доромжлох, хүч хэрэглэх болон бусад байдлаар харилцааны зөрчил гаргасан, хамт олныг хууль бус, буруу үйлдэл эс үйлдэхүйд уруу татсан, өдөөн турхирсан, мөрийтэй болон хориотой тоглоом наадгай тоглосон, хууль зөрчсөн бусад үйл ажиллагаа явуулсан... гэж, Хөдөлмөрийн гэрээний 5.5.7-д ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, бусдын нэр хүндийг гутаан доромжлох... гэж тус тус заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.15-д шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй гэж тус тус заажээ.
Ажил олгогчоос нотлох баримтаар үйлчлэгч*********-ийн өргөдөл, ***********-н уран сайхны зөвлөл, Маркетинг үйлчилгээний ангийн хамтарсан хурлын тэмдэглэл, Маркетинг үйлчилгээний ангийн хурлын тэмдэглэл, мөн ангийн илтгэх хуудас, элс цацсан гэх хэсгийн фото зураг, мөн гэрч *******, ******** нар нь шүүх хуралдаанд **********-г элс цацахыг харсан. Тухайн хэсэгт хяналтын камер байдаг боловч ажилладаггүй гэх мэдүүлэг өгчээ.
********* нь хөө, үнс зуурч асгаж, элс цацсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, гэрчүүд уг үйлдлийг хийж байгааг харсан гэж мэдүүлж байгаа боловч энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан байх тул ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.
Мөн ************-н 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутад хүлээж авсан дардас бүхий өргөдөлийг ********* өөрөө бичсэн болох нь тогтоогдохгүй байна.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх бөгөөд нотлох баримтыг шинжлэн судлаад гарсан үр дүнд эргэлзээ байгаа бол түүнийг шүүх үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй юм. Шинжлэн судалж байгаа нотлох баримтын талаар шүүх ямар нэгэн эргэлзээгүй байх ёстой.
Хариуцагч ********-д 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг хариуцагчийн ********* дугаарын утсаар мэдэгдэж, шүүхийн мэдэгдэх хуудсыг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр **********-н Маркетинг үйлчилгээний ангийн дарга ********* хүлээн авсан байх боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй гэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж тус тус заасан байх тул хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иймд ***********-г **********-н үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу тооцож үзэхэд ********-гийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 3 сар, 16 хоногийн олговор 1.783.633 төгрөгийг *********-с гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч ********-д олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ. Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сар буюу 8, 9, 10 дугаар сарын цалин 1.435.618 төгрөгийг 3 сард хувааж нэг сарын дундаж цалинг, нэг сарын дундаж цалинг ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг **********-д даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар , хариуцагч **********-с ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.783.633 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43.488 төгрөг, нийт 113.688 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ************оршин суух, **********-г **********-н үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *********-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.783.633 төгрөгийг ********-с гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч **********-д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар *********-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ***********-д үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч ***********-с ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.783.633 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43.488 төгрөг, нийт 113.688 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ