Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/746

 

2022           07          18                                 2022/ШЦТ/746

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд хийсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогч С.Б,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарыг оролцуулан, эрүүгийн 2209000000916 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 214 дүгээр байрны орцонд хохирогч С.Бг “ээжийг хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар зодсоны улмаас хохирогчийн биед 22, 23, 31, 32, 41-р шүднүүдийн булгарал, 11-р шүдний сулрал, зулайн хуйх, амны салстад язарсан шарх, уруул, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000000916 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч:

-Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-Гэрч Л.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №6433 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 15-17 дугаар тал),

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 18-21 дүгээр тал),

-Хохирогч С.Б нь бусдад зодуулж гэмтсэн гэх нөхцөл байдлыг тогтоосон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 67-72 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:

 

-Гэрч Л.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №6434 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №6482 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),

-“Пи Ди Ай Си” шүдний эрүү нүүрний эмнэлгийн эмч С.Хэрлэнчимэгийн гаргасан тодорхойлолтыг (хавтаст хэргийн 66 дугаар тал),

-Б Аийн төрсний гэрчилгээний хуулбарыг (хавтаст хэргийн 81 дүгээр тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хохирогч С.Б шүүх хуралдаанд “...Би гомдолтой байна, энэ хүүхэд надаас огт уучлалт гуйгаагүй, хэрэв уучлалт гуйсан бол би өнөөдөр ингээд зогсохгүй байсан. Миний 5 ширхэг шүд хугарснаас болж хоолоо зажилж идэж чадахгүй байдалтай байгаа. Шүдээ янзлуулахад 10,250,000 төгрөг нэхэмжилж байгаа, бичгийн нотлох баримтаас уншиж судлуулах зүйлгүй” гэх тайлбарыг,

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 214 дүгээр байрны орцонд хохирогч С.Бг “ээжийг хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар зодсоны улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...орцоор ороход зүүн тийш эргэж дээш 2 дугаар давхарт гарах ба 2 дугаар давхарт гарч хойш эргэхэд шилэн хаалга байв. Шилэн хаалгыг нээхэд хойд талын хана нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа...” тэмдэглэл (хавтаст хэргийн 15-17 дугаар тал),

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...23:13:51 цагт хохирогч Б дахин гэрээсээ гарч ирэн гадагшаа гарах чиглэлтэй алхаж байгаад буцаж гэртээ ороход гэрч Ц гадна талаас орж ирж байгаа байдал харагдаж байх ба гаднаас орж ирээд хохирогч С.Бгийн гэрийн хаалга руу явж байхад гадна орцны хаалганы цаад талд саарал өмдтэй, хар өнгийн гуталтай хар өнгийн хувцастай эрэгтэй хүн шилэн хаалганы цаана харагдаж байх нь Б.Б байв... Хохирогч С.Б нь утсаар яриад гар утсаа бариад явж байх ба Б нь зүүн гараараа Б цээж хэсэгт түлхэж байгаа нь бичигдсэн байлаа. Ингэхэд Ц нь Б.Б Б нарын дундуур орж холдуулж байх ба энэ үед Б нь Цтэй түлхэлцэж байх үед цаад талаас нь Б.Б нь Бгийн баруун талын хацар хэсэгт зүүн гараараа цохиход Б нь гар утас барьсан гараараа Б баруун хацар хэсэгт цохиж байх ба тэгэхэд 23:16:06 цагт Б.Б нь Бгийн толгой нүүр хэсэгт баруун гараараа цохиж байгаа нь бичигдсэн байх ба тэгэхэд Б нь газарт унаж камерын дурангаас гарч явж байх ба ардаас нь Б.Б баруун хөлөөрөө өшиглөөд зүүн гараараа дахин цохиж дараа нь баруун гараараа савж цохиж байгаа нь бичигдсэн байв. Тэгэхэд Б.Б нь зүүн гараараа Бгийн зүүн гараас хүчтэй татахад Б нь татагдаж лифтний хажуугийн хана мөргөж байгаа нь харагдаж байх ба Б нь гар утас барьсан гараараа Б толгой руу 2 удаа цохиж байлаа. ...Орцны шилэн хаалганд тулахад Б нь гар утас барьсан баруун гараараа Б цохих ба тэр үед Б.Б нь баруун гараараа Бгийн үснээс барьж татаж байгаа нь харагдаж байх ба цаашаа камерын хяналтаас гарч орц руу орж байв...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 18-21 дүгээр тал),

-Гэрч Л.Цийн “...би гэрийнх нь гадаа Бг хүлээсэн. Тэгээд би өөрийн хүү болох Б.Б рүү утсаар залгаад харих болж байгаа эсэх талаар асуухад “Би эх нялхас дээр байна, харих болоогүй” гэхээр нь би аавынх нь ажил дээр аавыг нь хүлээж байна гэж хэлээд утсаа тасалсан. Яг энэ үед Б гэртээ гэрийнх нь хаалга онгорхой байсан ба утсаар ярьж байхыг нь сонсоход манай нөхөртэй утсаар ярьж байх шиг байхаар нь би хаалгаар нь шагайгаад сонсож байхад цаанаас Б над руу ирээд “Би танай нөхөртэй чинь утсаар ярьж байна даа” гээд манай нөхөрт хандаж утсаараа “Нөгөө балай авгай чинь ирчихсэн байна” гэж хэлээд утсаа чанга ярьдаг горим дээр нь тавихад манай нөхөр утсаараа “Хамаагүй ээ” гэж хэлж байгаа нь сонсогдсон. Тэгээд намайг шууд алгадахаар нь би “ёо, ёо” гэхэд утсаар ярьж байсан Б.Б хүү маань “яасан бэ” гэж асуухад нь би тэнд байгаа талаараа хэлсэн. Тэгээд намайг зодохоор нь би цагдаа дуудаад байж байхад хажуу талын айлын эмэгтэй гарч ирээд Бг гэрт нь оруулсан. Тэгээд би цагдаа ирэхийг хүлээгээд байж байхад Б дахиад гэрээсээ гараад ирсэн ба энэ үед Б.Б ирсэн. Тэгэхэд Б нь манай хүү Б.Бд хандаж “Энэ залуу дандаа эцэг эхийнхээ бөгсний хэрүүлд оролцдог” гээд шууд алгадсан. Тэгэхээр нь Б.Б нь Бд хандаж “чи дандаа манай гэр бүлийн асуудалд оролцдог, давраад байгаарай” гээд Бг түлхсэн. Б нь Б.Б рүү дайраад л байсан. Тэгэхэд нь Б.Б Бг цохичихсон. Яг хэдэн удаа хаана нь Бг Б.Б цохисон талаар санахгүй байна. Тэгээд бөөн бужигнасан юм болоод байсан ба уг эмэгтэйн толгойноос цус гараад байсан, яагаад цус гарсан талаар мэдэхгүй, тэгээд би хүүдээ хандаж уг эмэгтэйг цагдаа иртэл дараад байж бай гээд даруулаад цагдаа ирэхийг хүлээсэн. Удалгүй цагдаа ирээд биднийг авч явсан. Уг эмэгтэй нь намайг цагдаа ирэхээс өмнө гар утсаараа толгой руу 2-3 удаа цохисон. Мөн нүүр лүү хэд хэдэн удаа алгадсан. Манай нөхөр болох Баттүвшин нь Б гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэн ийм асуудал үүсэж байна. Би хэн нэгэн хүний биед халдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-Гэрч Б.Мийн “...гэртээ ороод 10 орчим минут болсны дараа орцонд дахиад чанга чимээ гарахаар нь би дахиад гарахад орцонд Б эгчийг газарт унагаасан байдалтай дээрээс нь 20 орчим насны эрэгтэй хүн хүзүүн дээр нь өвдөглөсөн, хажууд нь өмнө нь гарч ирэхэд Бтай ноцолдож байсан эмэгтэй утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Тэр залуу нь Бгийн хүзүүн дээр дараад өвдөглөөд сууж байсан. Тэгэхэд нь би уг залууд хандаж “чи хүн аллаа, одоо боль” гэж хэлсэн. Тэгэхэд уг залуу Бг босгоод хананд тулгаад зогсоогоод байж байхад удахгүй цагдаа ирсэн. Би яг яаж зодсон талаар хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал)

-Хохирогч С.Бгийн “...би ингээд гадуур явж байгаад орой гэртээ ирэхэд орцонд Ц хүлээгээд байж байсан. Тэгээд намайг гэнэт шууд араас маань татаад авсан. Тэгээд уг эмэгтэй нь өөрийн хүү рүүгээ утсаар залгаад “Балтагаа нааш ир” гээд дуудахад нь хүү нь шууд гарч ирээд намайг толгойгоор минь хана мөргүүлсэн. Улмаар намайг үснээс зулгаагаад нүүр лүү өшиглөөд байсан. Уг залуу нь намайг зодож байхад ээж нь бичлэг хийгээд зогсож байсан. Мөн уг эмэгтэй нь миний 2022 оны 4 дүгээр сард худалдан авсан байсан Самсунг А-52 загварын гар утсыг эвдсэн. Уг гар утасны дэлгэцийг нь хагалсан. Би уг гар утсаа Мобикомоос 1 сая төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн биед санаатайгаар халдаж, түүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай, санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Бгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “...1.С.Бгийн биед 22, 23, 31, 32, 41-р шүднүүдийн булгарал, 11-р шүдний сулрал, зулайн хуйх, амны салстад язарсан шарх, уруул, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 6433 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хэн алиных нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч С.Б шүүх хуралдаанд “...Шүүхэд хэрэг шилжиж шүүх хурал болно гэх үед 268,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Энэ залуу надаас огт уучлалт гуйгаагүй. Надад учруулсан хохирол болох эмчилгээний зардлыг нөхөн төлүүлмээр байна, гомдолтой байна” гэжээ. Хохирогч нь өөрт учирсан эмчилгээний зардалд нийт 268,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн (хавтаст хэргийн 58-61 дүгээр тал)  байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хохирогч С.Бгийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн байна.

 

Хохирогч С.Б нь “шүдний эрүү нүүрний эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэхэд зардал нь 10,250,000 төгрөг болохыг тодорхойлсон (хавтаст хэргийн 66 дугаар тал)-ны дагуу дээрх эмчилгээний төлбөрийг шүүгдэгчээс гаргуулмаар байна, мөн хэрэг учрал болох үед 2 хүүхэд маань ээжийгээ хүнд зодуулахыг хараад зогсож байсан. Түүнээс болж сэтгэл санаа нь тогтворгүй болж, айдастай болсон. Сэтгэл санаа нь гэмтсэн байх. Тиймээс энэ хохирол, хор уршгийг нэхэмжилнэ” гэжээ.

 

Гэвч хохирогч шүдний эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа, түүний зардал нь 10,250,000 төгрөгийн өртөгтэй гэх боловч бодит байдлаар зардал гаргаж эмчилгээ хийлгээгүй, “Пи Ди Ай Си” шүд эрүү нүүрний эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Учир нь, тухайн эмнэлэг нь албан ёсны эмчилгээ хийх зөвшөөрөл бүхий эмнэлэг мөн эсэх, үнэ тарифыг тогтоосон жагсаалт гэх нотлох баримтууд байхгүй байна.

 

Мөн хохирогч С.Бгийн хүүхдүүдийн сэтгэл санаа хэрхэн яаж гэмтсэн, энэ талаар эмчид үзүүлсэн баримт байхгүй, сэтгэл санаа нь гэмтсэн тохиолдолд хэдэн төгрөгийн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх талаарх баримтууд хэрэгт авагдаагүй тул уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргаагүй болно.

 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид нөхөн төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг баримтын дагуу нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй зэрэг байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон бол хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч нь өөрт учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН