Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/750

 

 

2022           07          20                                 2022/ШЦТ/750

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Г.Баярмаа,

Хохирогч Д.Б,

Шүүгдэгч Н.Н нар оролцсон эрүүгийн 2209010201154 дугаартай дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ...................тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Д.Бтай маргалдаж улмаар түүнийг гараараа нүүр хэсэгт нь цохиж Д.Бгийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу болон хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагаас 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 614 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209010201154 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 6241 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Яллагдагч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

-Зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн хайлтын системд шүүгдэгч Н.Н зөрчилд холбогдож байсан талаархи баримт (хавтаст хэргийн 43-45 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд хохирогч Д.Б “надад гомдол санал байхгүй, манай гэр бүлийн амьдрал ахуй, нөхрийн маань хувийн байдал зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Хавтаст хэргээс уншиж судлуулах баримт байхгүй” гэх санал, мэдүүлгийг,

Шүүгдэгч Н.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ...................тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Бтай маргалдаж улмаар түүнийг гараараа нүүр хэсэгт нь цохиж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь:

-Хохирогч Д.Бгийн “...би 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээсээ гараад 11 цагийн үед ажил руугаа явсан, намайг ажилдаа явахад нөхөр Н.Н дургүй үлдсэн, “амралтын өдөр гэртээ амралгүй ажил руугаа явлаа” гээд уурлаад байсан юм... Өглөө ажилдаа гарахын өмнө манай нөхөр миний эрүү рүү гараараа цохисон, мөн ажлаас гэртээ ирчихсэн байхад гараараа нүүр, хамар, эрүү рүү цохиод байсан юм. Хамар луу цохисны дараа миний хамраас их хэмжээний цус гараад тогтохгүй байсан болохоор түргэн дуудсан юм. Манай нөхөр Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг байж байгаад сүүлийн 4-5 жилийн хугацаанд архи уух нь багассан, гэхдээ нэг архи уувал 2-3 хоног уучихдаг, архи уухаараа уур омогтой болчихдог, өмнө архи ууж агсам согтуу тавихаар нь би хэд хэдэн удаа цагдаа дуудаж өгч байсан, өмнө нь энэ удаагийнх шиг зодож цохиж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),

Шүүгдэгч Н.Нгийн яллагдагчаар өгсөн “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, дахин ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд хохирогч Д.Бг түүний нөхөр болох Н.Н нь зодож, биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

Өөрөөр хэлбэл, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6241 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “1. Д.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу болон хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар тал)-ээр хохирогч Д.Бгийн биед хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч нь хүний биед халдвал тодорхой хэмжээний гэмтэл, бэртэл авна гэдгийг мэдэж ухамсарласан атлаа энэхүү үйлдлийг санаатайгаар гаргаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Нөгөөтэйгүүр, прокуророос шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж үзэж зүйлчилсэн нь тохирчээ.

 

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч,...” нар тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байхаар заажээ.

 

Тиймээс хохирогч Д.Б, шүүгдэгч Н.Н нар нь эхнэр нөхрийн  харилцаатай, хамт нэг гэрт амьдардаг дундаасаа 2 хүүхэдтэй байх тул хохирогч, шүүгдэгч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэх үндэслэлтэй юм.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон байна.

 

Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...Манай нөхөр Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг байж байгаад сүүлийн 4-5 жилийн хугацаанд архи уух нь багассан, гэхдээ нэг архи уувал 2-3 хоног уучихдаг, архи уухаараа уур омогтой болчихдог, өмнө архи ууж агсам согтуу тавихаар нь би хэд хэдэн удаа цагдаа дуудаж өгч байсан, өмнө нь энэ удаагийнх шиг зодож цохиж байгаагүй...” гэх мэдүүлэг болон Зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн хайлтын системд шүүгдэгч Н.Нгийн урьд өмнө энэ төрлийн зөрчлийг гаргаж байсан талаархи баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Нгийн гэр бүлд гэр бүлийн хүчирхийлэл байнгын шинжтэй үйлдэгддэг болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

 

Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь байнга архидан согтуурдаг, хувь хүмүүсийн зан харилцаа, хүний амьдралын наад захын ёс суртахуунгүй, хувийн таарамжгүй харьцаанаас болж үйлдэгдсэн байна гэж үзлээ.

Хохирогч Д.Бгийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггүй гэж дүгнэв. Учир нь хохирогчид учирсан гэмтэл эдгэрсэн, хөнгөн гэмтэл нь богино хугацаанд эдгэрэх боломжтой зэрэг байдлыг харгалзсан болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Нд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, хохирогч Д.Б нь “ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал, гомдол саналгүй болсон зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгч “өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч Н.Н нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч хүний бие махбодод халдаж зодож цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл учирна гэдгийг мэдэж байсан нь тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч Н.Н үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  прокурор, хохирогч, шүүгдэгч нараас гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нг 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Н.Нгээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН