Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 94

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: ************** оршин суух, ********** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ************ оршин суух, *********холбогдох,
Хууль бус эзэмшигчээс эзэмших, ашиглах эрхэнд халдсан зөрчлийг арилгах, зогсоохыг шаардах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагч ********, хариуцагчийн өмгөөлөгч ********** гэрч ******, *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ********** миний бие ******** сумын ******** багт орших ******* урд бууцыг өвөлжөөний зориулалтаар 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ****** сумын Засаг даргын захирамжинд үндэслэн №******* дугаар 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшдэг. Манайх өөр газар нутаглаж өвөлжиж байгаад 2017 онд энэ жил өвөлжөөндөө бууя гээд очтол ******** гэдэг хүн манайх энд өвөлжөөд удаж байна, танайхыг буулгахгүй гэж маргалдаад буулгаагүй. Би сумынхаа Газрын албаны мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч цагдаад хэлсэн чинь та нар шүүхээр шийдүүл гэсэн. Тэгэхээр нь миний бие 2017 оны 10 дугаар сарын 24-нд эвлэрүүлэн зуучлах газарт өгсөн боловч эвлэрээгүй. Миний бие *********сумын ******* багийн нутагт байршилтай ********-н өвөлжөөг хуулийн дагуу эзэмшиж, татвараа төлсөөр өнөөдрийг хүрсэн. Гэтэл иргэн ******* нь хууль бусаар эзэмшиж, миний эзэмших эрхэнд саад учруулж байгаа тул хуулийн дагуу *********-н эзэмших ашиглах эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, өвөлжөөнөөс нүүлгэн, миний зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу хамгаалж, эзэмших, ашиглах эрхэнд халдсан зөрчлийг арилгаж өгнө үү гэв.
Хариуцагч ********* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч ********** миний бие **********-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Манай аав *******гэдэг хүн энэ өвөлжөөнд насаараа мал маллаж байгаад нас барсан юм. Түүнээс хойш ****** миний бие ээж *******-ийн хамт уг өвөлжөөнд өвөлжиж байгаа юм. ******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, хуурамч гэрчилгээ юм. Манай аав амьд байхдаа уг өвөлжөөг эзэмших эрхийн гэрчилгээ авах гэхээр уг газар нь хоёр нутгийн зааг тул гэрчилгээ өгөхгүй гэсэн. Түүнээс хойш манайх өвөлжиж байгаа юм. ******** нь 2017 оноос манай өвөлжөө гэж булаацалдаад байгаа юм. 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн газар эзэмших засаг даргын захирамжаа аваад ир гэхээр байхгүй гэдэг юм. Иймд *********-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.


ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч *********н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч ******* нь ********* аймгийн ********* сумын ******** багт орших ******-н өвөлжөөний газрыг хууль бус эзэмшигчийн эзэмших, ашиглах эрхэнд халдсан зөрчлийг арилгуулахаар шүүхээс шаарджээ.
Нэхэмжлэгч *********** нь ********** аймгийн ********** сумын ********* багт орших *******-н өвөлжөөний газрын эзэмшигч болох нь 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай Монгол улсын иргэний газар эзэмших гэрчилгээ, ******** аймгийн ******** сумын Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №44 дугаартай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******** нь ********* аймгийн ********** сумын ********** багийн нутагт байршилтай ********* өвөлжөөг хуулийн дагуу эзэмшиж, татвараа төлсөөр өнөөдрийг хүрсэн. Гэтэл иргэн ********** нь хууль бусаар эзэмшиж, миний эзэмших эрхэнд саад учруулж байгаа тул миний зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу хамгаалж, эзэмших, ашиглах эрхэнд халдсан зөрчлийг арилгуулж өгнө үү гэж маргаж байна.
Хариуцагч ********** нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа манай аав ******* гэдэг хүн энэ өвөлжөөнд насаараа мал маллаж байгаад нас барсан юм. Түүнээс хойш ************ миний бие ээж *********-ийн хамт уг өвөлжөөнд өвөлжиж байгаа. ******нь газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, хэрэгт нотлох баримтаар өгсөн гэрчилгээ нь хуурамч гэрчилгээ юм. Манай аав амьд байхдаа уг өвөлжөөг эзэмших эрхийн гэрчилгээ авах гэхээр уг газар нь хоёр нутгийн зааг тул гэрчилгээ өгөхгүй гэсэн. ********** нь 2017 оноос манай өвөлжөө гэж булаацалдаад байгаа гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Шударга эзэмшигчээс эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч******* нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хавтаст хэрэгт цугласан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад *********-т ********** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт байрлах ********* өвөлжилтийн бүсэд 0.05 га газрыг ********* аймгийн******** сумын 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаартай шийдвэрийг үндэслэн 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******** дугаартай Монгол улсын иргэний газар эзэмших гэрчилгээг олгосон байна.
Улмаар **********аймгийн ********* сумын Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №44 дугаартай захирамжийн хавсралтаар ********-т ********** баг *********өвөлжөөний эзэмших эрхийг олгож, 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заажээ.
******** аймгийн ******** сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаартай *********-ийг 2004-2014, 2016, 2017 онуудад ********* бууцны газрын төлбөрийг төлж байсан нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, Аймаг дундын отрын бэлчээр *******-ын бүс нутагт дахь ******** сумын малчдын өвөлжөө хаваржааны эзэмшлийн бүртгэлийн 29-т ******** ******** аймгийн ******* сум, ****** баг *******, ******* өвөлжөөний газрыг 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаартай захирамжаар 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэйг тодорхойлсон байгаа зэрэг бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд ******* нь маргааны зүйл болох өвөлжөөний газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч ********нь хэрэгт нотлох баримтаар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********-т олгосон №******** дугаартай 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өвөлжихийг зөвшөөрсөн Түр зөвшөөрөл, мөн захиргаанаас олгосон 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өвөлжихийг зөвшөөрсөн Түр зөвшөөрөл-үүдийг ирүүлсэн байна.
Уг зөвшөөрөл нь тухайн өвөлжөөний газрыг эзэмшүүлж байгаа хэрэг бус бөгөөд 2017-2018 оны Түр зөвшөөрөл нь дугаар, огноо, тэмдэг дарагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Мөн ******* аймгийн * сумы*******н Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 512 тоот албан бичгээр иргэн *******нь ***** бууцны 2015 оны газрын төлбөр 1500 төгрөг төлсөн нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолтыг иүүлсэн боловч уг тодорхойлолтоор хариуцагч ********-г тухайн өвөлжөөний газрын эзэмшигч болохыг тогтооход үндэслэл болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд хариуцагч Н.Зын хувьд хууль ёсоор эзэмшил үүссэн болон эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.
Өөрийн шаардлага, татгалзал, тайлбарыг нотлох гэдэг нь тэдгээрт дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар тогтоохыг хэлэхээс гадна уг үндэслэл нь хуульд зааснаар зүй ёсны болохыг батлах ёстой юм.
Нотлох үүргээ хэрэгжүүлэхдээ хэргийн оролцогч хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслийг ашиглах үүрэгтэй ба нотлох баримтууд нь хуульд заасны дагуу хэлбэржсэн байх шаардлагатай юм.
Өөрөөр хэлбэл хариуцагч ********* нь өөрийн татгалзалын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ
Мөн хариуцагчийн өмгөөлөгч ******** нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар Шударга эзэмшигч нь өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй гэж зааснаар ********-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч ******нь би газар эзэмших эрхийн гэрчилгээтэй боловч өвөлжөөндөө буудаггүй байсан. 2017 онд өвөлжөөндөө буух гэтэл маргаан үүссэн тул Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад талууд тохиролцоогүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэх тайлбар, мөн гэрч ******ийн ...Энэ өвөл цагаан өвс гарсан учраас ******* нь уг өвөлжөөнд буухаар маргаж эхэлсэн гэх мэдүүлэг болон хариуцагч ********-ын ******** нь 2017 оноос манай өвөлжөө гэж булаацалдаад байгаа гэх тайлбар зэргээр нэхэмжлэгч нь өөрийн эзэмших, ашиглах эрх нь зөрчигдсөн болохыг 2017 онд мэдсэн болох нь тогтоогдож байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заажээ.
Иймд ******** аймгийн ********** сумын *********** багт орших ****** өвөлжөөний газрын эзэмшигч нь ******** байх бөгөөд хариуцагч ******-ын эзэмшил нь хууль бус байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:


1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****** аймгийн ******** сумын *******багийн ****** өвөлжөөний газрыг хууль ёсны эзэмшигч *********-т чөлөөлж өгөхийг хариуцагч *******-т даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ