Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/751

 

2022           07          20                                 2022/ШЦТ/751

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке, 

Улсын яллагч Г.Баярмаа,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан, эрүүгийн 2109016341197 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээж” гэх нэртэй пабаар үйлчлүүлж байхдаа иргэн Ц.Бийн “Samsung А20 S” загварын гар утсыг “сим картаа хийгээд түр ярьчхаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, тухайн гар утсыг залилан авч, 285,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2109016341197 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч:

-Хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 21, 31 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 38 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалсан бол,

 

Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээж” гэх нэртэй пабаар үйлчлүүлж байхдаа иргэн Ц.Бийн “Samsung А20 S” загварын гар утсыг “сим картаа хийгээд түр ярьчхаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, тухайн гар утсыг залилан авч, 285,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Ц.Бийн гэрчээр болон хохирогчоор өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээж” пабад үйлчлүүлж байхад үл таних эрэгтэй ирээд “rap утсаа өгч байгаач, сим картаа хийгээд ганц яриад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн Samsung А20 s загварын rap утсаа сим картыг нь салгаад өгсөн. Тэгээд би ариун цэврийн өрөө ороод гарч ирэх хооронд миний гар утсыг аваад явсан байсан. Тэгэхээр нь би уг пабын хүнээс асуухад “наад хүн чинь тооцоогоо хийгээгүй явчихсан байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна... Шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 31 дүгээр тал),

 

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаниас хохирогч Ц.Бийн гар утсыг 285,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 34-35 дугаар тал)  зэрэг нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Ц.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 285,000 төгрөгийг хохирогчийн Хаан банк дахь дансанд 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нөхөн төлсөн байх ба баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгсөн, хохирогч гомдолгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч Т.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан, шүүгдэгч хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний эд зүйлийн хуурч залилах аргаар авч болохгүй гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Бийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  залилсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Ялтны эдлэх ялын биелэлт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН