Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 143

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг, Хөгжил хороолол 9-р гудамж, 10-1 тоотод оршин суух, М овгийн М.О нэхэмжлэлтэй, 

хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуульд холбогдох,

Бичиг хэрэг, архивын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, хөдөө орон нутагт таван жил тутамд олгодог тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч Д.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.О миний бие 2012 оны 08 дугаар сарын 19-нд жирэмсний амралт авч охин Хандсүрэнг төрүүлсэн. Ажилдаа орох гэсэн боловч дахин жирэмсэлж, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүү Сүх-Очирыг төрүүлсэн. Удаа дараа ажилдаа орох хүсэлт өгсөн боловч орон тоо байхгүй, зохицуулна гэж өдийг хүрсэн. 2017 оны 01 дүгээр сарын 10-нд Бичиг хэрэг, архивын ажилтнаар түр явж бай, тэгээд багшийн орон тоо гарвал оруулна гэсэн боловч 04 дүгээр сард БСУГ-ын шалгалтаар илүү орон тооны хүнээ гарга гэсэн. 4, 5, 6 сард маш дарамттай ажиллаж байсан. Нягтлан, захирал хоёр ажлаа өг, өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өг гэсэн боловч би тухайн үед зөвшөөрөөгүй. 5 дугаар сарын 29-нд өргөдөл бичээд захирал дээр очтол уншиж байснаа өргөдлийг над руу шидсэн тэр өргөдлийн хариуг одоо авъя. 7 сард ээлжийн амралтаа ав гэж хүчээр 07 дугаар сарын 02-нд авахуулсан. Ээлжийн амралтаа дуусаад орох гэтэл аудитын болон мониторингийн шалгалт өнгөрөхөөр авна гэж хойшлуулсаар өдий хүрсэн. Миний тушаалыг гаргаж өгөөгүй. Иймд бичиг хэрэг, архивын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, хөдөө орон нутагт таван жил тутамд олгодог тэтгэмж гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийг төлөөлж захирал Д.Ш шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мөнх овогтой Отгонжаргал нь 2008 онд тус сургуулийн захирлаар ажиллаж байсан О.Түвд захирлын 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дүгээр тушаалаар бага ангийн багшаар /ТҮБД-4-1 шатлал/ 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд орж, ажиллаж байгаад 2012, 2014 онуудад жирэмсний амралттай байж байгаад дахин ажилд орох өргөдөл гаргах үед Боловсролын хуулийн шинэчлэл болон тус сургуулийн сурагчдын хамран сургалтын хүүхдийн тоо буурч, анги бүлгүүдийн хүүхдийн тоо, анги дүүргэлт багадсан тул ангиудыг нэгтгэж, анги бүлэг цөөрч багшийн ажиллах орон тоо цөөрсөн байдаг. Тус сургуулийн захирлаар Х.Батболд томилогдон ажиллаж байх хугацаандаа төсөвт батлагдаагүй орон тоог шинээр гарган 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 тушаалаар бичиг хэрэг, архивын ажилтнаар М.О-ыг “Ажилтан түр ажиллуулах” тушаалтайгаар 2017 оны 01 дүгээр сарын 10-наас эхлэн Хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ байгуулаагүй ажиллуулж байсан нь Төсвийн батлагдаагүй орон тоон дээр ажилтан авч ажиллуулсан, Төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь заалт зөрчсөн байна гэж Боловсрол, соёл урлагийн газрын зөвлөн туслах, хяналт шинжилгээ хийсэн ажлын дүгнэлтээр илэрсэн бөгөөд 4 сараас эхлэн бичиг хэрэг, архивын ажилтныг ажиллуулахгүй, цалин төсвийг олгохгүй байх талаар Боловсрол, соёл урлагын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот албан даалгаварт болон Боловсрол, соёл урлагийн газар, боловсролын төсвийн мэргэжилтэн зүгээс байнга шаардлага тавьж байсан бөгөөд Есөнбулаг сумын төрийн санд энэ хяналт шинжилгээ хийгдсэн дүнгийн дагуу бичиг хэргийн ажилтны батлагдаагүй орон тоогоо зохицуулж ирсэн тохиолдолд байгууллагын нийт багш, ажилтнуудын цалингийн гүйлгээг хийх шаардлагатай байна гэсэн шаардлага Х.Батболд захирал хийж байх үеэс тавигдаж байсан байдаг. Сургуулийн удирдлага, санхүүгийн зүгээс төрийн сангаас удаа дараа гуйж байж, бичиг хэргийн ажилтны 4, 5, 6 дугаар саруудын цалинг мөн амралтын мөнгийг нь бодож олгуулсан бөгөөд тус сургууль нь багш, ажилтан, ажиллагсадын цалингийн сан хүрэлцээгүй байгаа бөгөөд мөн нийгмийн даатгал, татварт төсвийн өр авлага үүсгэн ажиллаж байсан. М.Од Бага ангийн багшийн болон бичиг хэргийн ажилтан ажлын орон тоо байхгүй гэдгийг тус сургуулийн удирдлагаар ажиллаж байсан захирлууд болон менежерүүд цаг тухай үед нь байнга хэлж, мэдэгдэж байсан байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч М.Оын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.. 

Нэхэмжлэгч М.О нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуульд холбогдуулан бичиг хэрэг, архивын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, хөдөө орон нутагт таван жил тутамд олгодог тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч М.О нь 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс жирэмсний амралтаа авч, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/02 дугаартай “Ажилтан түр томилох тухай” тушаалаар бичиг хэрэг, архивынт ажилтнаар ажиллаж байсан болох нь №0261107 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/02 дугаартай “Ажилтан түр томилох тухай”   тушаал болон зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.  

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бичиг хэрэг, архивын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, хөдөө орон нутагт таван жил тутамд олгодог тэтгэмж гаргуулах гэсэн шаардлагыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч М.О нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуульд бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байх бөгөөд хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн захирал Д.Ш тус сургуульд бичиг хэргийн ажилтны батлагдсан орон тоо байхгүй, сургуулийн цалин хүрэлцэхгүй, нийгмийн даатгал, татварт авлага үүсгэн ажиллаж байгаа учир бичиг хэргийн ажилтан авч ажиллуулах боломжгүй гэж маргаж байна. 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар бичиг хэрэг, архивын ажилтнаар түр томилогдон ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч М.Оын нийгмийн даатгалын дэвтрийн 13 дугаар хуудсанд 2017 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн бичилт хийгдэж, гарын үсэг зурагдаж тамга дарагдсан байгаагаар болон зохигчдын тайлбар зэргээр хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдол бүрт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах шаардлагатай юм. 

Гэтэл нэхэмжлэгч М.О-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байгаа нь түүнийг үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаад тооцохоор байна.

Хэдийгээр хариуцагч Д.Ш шүүх хуралдаанд М.О-ыг бичиг хэрэг, архивын түр орон тооноос чөлөөлөх тухай захирлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/27 дугаартай тушаал гарсан гэж тайлбарлаж байх боловч уг тушаал хэрэгт авагдаагүй байна.

Хууль зүйн хувьд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал, шийдвэр хэрэгт авагдаагүй, бичиг хэргийн ажилтны ажлаас чөлөөлсөн болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа нь уг хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургууль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл бүхий ажлаас халсан, чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэгчийн бичиг хэрэг, архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгч М.О-ыг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгэж байгаад тооцсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Оыг бичиг хэрэг, архивын ажилтны албан тушаалд ажиллаж байх хугацаанд авбал зохих цалинг буюу 168 хоногийн цалин болох 3.830.064 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулиас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заажээ. Шүүх цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сар буюу 5, 6, 7 дугаар сарын цалин 1.470.503 төгрөгийг 3 сард хувааж нэг сарын дундаж цалинг, нэг сарын дундаж цалинг ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажиллаагүй хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуульд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 3.830.064 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 76.231 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн, халсан тушаал шийдвэр гараагүй байх тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүйд тооцож нэхэмжлэгч М.О-ын бичиг хэрэг, архивын ажилтны албан тушаалд ажиллаж байх хугацаанд авбал зохих цалин буюу 168 хоногийн цалин болох 3.830.064 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч М.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас бичиг хэрэг, архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 3.830.064 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 76.231 төгрөг, нийт 146.431 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь шүүхэд өөрөө ирж шийдвэрийг гардан авахыг танилцуулсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН