Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 174

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Халиун сум, Чацран багт оршин суух, Ш овгийн Б.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баяншандын 10-41 тоотод оршин суух, Б.Г холбогдох,

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1979 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумд төрсөн. 2010 оныг хүртэл төрөлх нутагтаа ээж, эгч, хоёр хүүхдийн хамт амьдарч байсан. 2010 онд Говь-Алтай аймгийн Халиун сумд З.Г-той гэр бүл болсон. Тэгэхдээ өөрийн 2 хүүхдээ С, С нарыг эгч Ганболорт үлдээж, үрчлүүлж өгсөн юм. Одоо нөхөр маань нас барж одоо өөрийн 2 хүүхэдтэйгээ цуг амьдарч байгаа. Би өөрийн том хүү С-оор өрх гэрээ толгойлуулах шаардлагатай болсон тул өөрийн 2 хүүхдээ үрчлэлтийг хүчингүй болгуулж, өөрийн нэр дээр болгуулж авах хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.У нь миний төрсөн дүү юм. Б.Г нь 2010 онд хүнтэй суухдаа өөрийн С, С гэдэг хоёр хүүхдээ над дээр үлдээгээд явахаар нь би дүүдээ хүсэлт гаргаад үрчилж авсан. 2017 оны 11 дүгээр сард манай дүү Б.У-ийн нөхөр нь өвчний улмаас нас барсан. Мөн хоёр хүүхэд нь том болоод ээж рүүгээ явах болсон. Тэгээд Б.У “би хоёр хүүхдээ өөр дээрээ буцааж авмаар байна” гэсэн тул хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Б.У нь 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү С, 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү С нарыг Б.Г-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ ... нөхөр маань нас барж одоо өөрийн 2 хүүхэдтэйгээ цуг амьдарч байгаа. Би өөрийн том хүү С-оор өрх гэрээ толгойлуулах шаардлагатай болсон тул өөрийн 2 хүүхдээ үрчлэлтийг хүчингүй болгуулж, өөрийн нэр дээр болгуулж авах хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарлаж байна.

Хүү С нь 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, хүү С нь 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрж Б.У-ээр овоглогдсон болох нь №04 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар  болон зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. 

Хэргийн оролцогчид үрчлэлтийн бүртгэлийн талаар маргаагүй ба үрчлэн авагч тал буюу Б.Г нь хүү С, С нарыг төрсөн эхэд нь өгөхийг хүлээн зөвшөөрсөн байна. 

Иймд дээрх байдлыг харгалзан шүүх Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэснийг үндэслэн хүү С, С хариуцагч Б.Г-т 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэснийг үндэслэн хүү С, С нарыг эх Ш овогтой Б.У-ийн асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар Б.У нь нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү У.С, 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү У.С нарыг үрчлэгч Ш овогтой Б.Г 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан хүү С, хүү С нарыг эх Ш овогтой Б.У-ийн асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар Б.У нь нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ҮЙТҮМЭН