Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/754

 

 

2022           07          21                                 2022/ШЦТ/754

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Э.Булганчимэг,

Хохирогч Б.Х /онлайнаар/,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан, эрүүгийн 2209000001186 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Lux” гэх нэртэй баарны гадна талд Б.Хтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний уруул хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөж, Б.Хы эрүүл мэндэд нь доод уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000001186 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч:

-Хохирогч Б.Хы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

-Гэрч З.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

-Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

-Гэрч Н.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 27 дугаар тал),

-Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 сарын 25-ны өдрийн №7605 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 47 дугаар тал),

-Хохирогч Б.Хаас эмчилгээний зардалд зарцуулсан баримт (хавтаст хэргийн 9-10 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалсан болно.

Хохирогч Б.Х шүүх хуралдаанд “Миний бие хүнд гомдол гэх юм байхгүй, эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ. Мөн 2 хоног ажилдаа явж чадаагүй, 2 өдрийн 400,000 төгрөгийн цалингаа нэхэмжилнэ. Цаашид ийм үйлдэл гаргахгүй байхад анхаарна байх гэж бодож байна” гэх мэдүүлгийг гаргасан бөгөөд хавтаст хэргийн материалаас шинжлэн судлуулаагүй бол,

Шүүгдэгч Л.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг одоог болтол төлж барагдуулаагүй байгаа, гэхдээ хохиролгүй болгоно, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Lux” гэх нэртэй баарны гадна талд Б.Хтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Б.Хы “...2022 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 23 цагийн үед Лакс баар руу найз М, Э, Болат нартай хамт орж үйлчлүүлсэн. Лакс бааранд ороод ямар нэг хэрүүл маргаан болоогүй. 00 цагийн үед бид 4 баарнаас гарахад 2 залуу зогсож байсан. Тэгсэн манай найз Этай үүдэнд сууж байсан 2 залуу маргалдаж эхэлсэн. Гадуураа хар өнгийн хувцастай залуу Эад хандаж “найз охин яагаад оролдоод байна” гэж хэлээд дайраад байсан. Тэгээд би тэдний дундуур орж “юу болоод байгаа юм, яах гээд байгаа юм” гэхэд гадуураа хар өнгийн хувцастай залуу намайг өшиглөсөн. Тэгээд миний амнаас цус гарсан. Удалгүй Лакс баарны хамгаалагч нар гарч ирээд биднийг салгасан. Тэгээд манай найз Болат цагдаа дуудсан ч удаж ирээд байхаар нь би өөрөө дахиад дуудсан. Миний доод уруул язарсан. Гэмтлийн эмнэлэгт очиж 3 оёдол тавиулсан. Уруул маань хөхөрч хавдсан. Дахин харвал танина. Өндөр нуруутай, туранхай биетэй залуу байсан. Би дүгнэлттэй уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Лакс баарны гадна үл таних залууд эрүүндээ нэг удаа өшиглүүлснээс болж үүссэн гэмтэл. Өөр хүмүүстэй зодолдож муудалцсан зүйл байхгүй. Би хэн нэгэн рүү дайрч гэмтэл учруулаагүй. Нийт 617,200 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэсэн эм тариа авсан баримтаар 217,200 төгрөг болж байгаа. Харин ажилдаа 2 өдөр очиж чадаагүй ба нэг өдрийн цалин 200,000 төгрөг байдаг. Тэгээд 2 өдрийн цалин 400,000 төгрөг болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

-Гэрч З.Эгийн “...Бүжиглэж байх үед гадуураа ягаан өнгийн подволктой, саарал өнгийн өмдтэй залуу бид нар дээр дөхөж ирээд Халиунаагийн ард очоод наалдаж бүжиглээд гарнаас нь бариад байсан. Тэгээд бид нар зайгаа барьж тэр залуугаас холдсон. Бид 2 давхар руу гарах гэж байхад гадуураа ягаан өнгийн подволктой, саарал өнгийн өмдтэй залуу миний зүүн талын гуяыг илээд байсан. Энэ үед Сувдаа миний гарнаас татаж, би тэр хүний гарыг цохисон. Тэгээд бид нар гарахаар болж, Лакс баарны гадаа сууж байсан. Биднийг гадаа сууж байхад гадуураа ягаан өнгийн подволктой саарал өнгийн өмдтэй залуу бид гурвыг хараад 3 гичий чинь яваагүй юм уу гэж хэлэхэд манай найз залуу Л.Б бид 3 дээр ирж зогссон. Тэд нар хоорондоо маргалдаж, бие биенийгээ түлхэлцэж эхэлсэн. Улаан өнгийн 9 дугаартай подволктой залуу Л.Бтай хэрэлдэж байхад гадуураа саарал өнгийн хантаазтай, дотуураа тод өнгийн подволктой намхан нуруутай залуу Л.Бын цээж рүү нь хуруугаараа чичилж, цохиж түлхээд байсан. Энэ үед баарны хамгаалагч нар тэднийг салгах гэж байхад Л.Бын гарыг нь барьсан байхад хөлөөрөө нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд гадуураа саарал өнгийн хантаазтай, дотуураа тод өнгийн подволктой намхан нуруутай залуу гар утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгсөн. 15 орчим минутын дараа цагдаа нар ирээд Л.Б, улаан өнгийн 9 дугаартай подволктой залууг аваад явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

 

Гэрч С.Мын “...2022 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө найз Х, Э, Болат бид 4 Лакс баар руу орсон. Ороод 2 давхарт ширээ захиалж суусан. 1 цаг орчим 1 давхрын бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. 00 цагаас 01 цагийн үед бид 4 баарнаас гарсан. Би хамгийн сүүлд гарахад баарны гадаа маргаан болж байсан ба Х гэх найзыг маань цохисон байсан. Амнаас нь цус гараад байсан. Х намайг яагаад зүгээр байхад цохидог юм гээд цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

 

Гэрч Н.Эын “...Шөнийн 01 цагийн үед диско баарнаас гараад ирэхэд үл таних залуу миний охидтой бүжиглэсэн залуу гараад ирлээ гэж хэлээд хальт цохисон. Тэгээд араас Х, М хоёр намайг салгах гээд иртэл Х өшиглүүлээд Мыг шанаа руу цохиод Болат салгах гээд буцаад очиход нь зодолдож байгаад болиод М, Х нар биднийг зодчихлоо гээд зогсож байсан. Тэгээд М, Х бас зодоон эхлүүлсэн залуучууд асуудлаа шийдүүлнэ гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),

 

Гэрч Б.Бын “...Буржгар үстэй залуу босож ирээд чи яасан гаж донтой новш вэ гээд хэл амаар доромжилж хараагаад байсан. Их хардсан байдалтай дайрч байсан. Буржгар үстэй залуу дайраад зодоон үүсгэх гээд байхаар нь баарны хамгаалагч нар гарч ирээд одоо больцгоо гэж хэлээд салгаад холдуулсан. Энэ үед Х гар утсаа оролдоод зогсож байхад буржгар үстэй залуу буцаж гүйж ирээд Хы нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би 102-т залгаж цагдаа дуудсан. Буржгар үстэй, өндөр нуруутай, шардуу царайтай, 20 орчим насны залуу байсан... Миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Л.Б нь хохирогчийн биед халдаж, нүүр рүү нь цохиж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож,  хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж байна.

 

Шүүгдэгч Л.Бын хууль бус идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Б.Хы биед доод уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, цус хуралт гэмтэл учирсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн 7605 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон болно.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

 

Хохирогч нь эмчилгээний зардалд нийт 217,200 төгрөгийг баримтаар, ажилдаа очиж чадаагүй 2 өдрийн цалин 400,000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилсэн (хавтаст хэргийн 09-10 дугаар тал) байх тул гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 217,200 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болох гэм хорын хохирол /2 өдрийн цалин 400,000 төгрөг/-ын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос “шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, хохирогч нь “ямар нэг саналгүй” гэж, шүүгдэгч нь “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Тиймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу шүүгдэгчээс 217.200 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН