Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 178

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 2-р байрны 4 тоотод оршин суух Б овгийн Н.С /ДЗ80060910/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох,
Байгууллагын даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/12, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С, хариуцагч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2001 оноос Зооноз өвчин судлалын төвд биологич мэргэжлээр ажиллаж байгаа. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Тухайн сануулах арга хэмжээг авахдаа 3 хүнд авсан. Бид 3 дээр сануулах арга хэмжээ авна гэж хурал дээр хэлж байсан боловч албан ёсоор тоот бичиг өгөөгүй байсан. 7 дугаар сарын цалин орход нэг өдрийн цалин хасагдсан байсан. Тухайн үед сахилгын шийтгэл авахдаа та гурав дахин ийм зөрчил гаргавал ажлаас халагдана гэсэн өргөдөл бичиж өг гэж хэлсэн. Би өргөдөл өгөхгүй гэдгээ хэлсэн. Сүүлд нь 10 дугаар сард урамшуулал орход урамшуулал ороогүй байсан. Тэгээд яагаад урамшуулал ороогүй талаар асуухад сахилгын арга хэмжээ авагдсан хүмүүст урамшуулал олгохгүй гэж хэлсэн. Сахилгын арга хэмжээ авсан даргын тушаалын хуулбарыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бичиг хэргийн ажилтнаас авсан. Тэрнээс өмнө авах гэтэл дарга байхгүй даргыг ирэхээр үз гэсэн хариуг өгдөг байсан. Тухайн үед дарга 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Солонгос улс руу яваад 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Тухайн хугацаанд би ээлжийн амралттай байсан. 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Ингээд энэ хоёр тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргах гэтэл тухайн тушаалууд заавал эх хувиараа байх шаардлагатай гэсэн боловч тухайн тухайн тушаалуудыг өгөхгүй байж байгаад 01 дүээр сарын 08-ны өдөр бичиг хэргийн ажилтан гарын үсэг зуруулж эх хувийг нь авсан гэв.
Мөн нэхэмжлэгч Н.С нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие нь тус шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сахилгын арга хэмжээнүүдийг үндэслэлгүй оногдуулсан гэсэн үндэслэлээр ЗӨСТ-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Учир нь ЗӨСТ-н даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар сануулах, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах арга хэмжээ авсан нь үндэслэлгүй учир нэхэмжлэл гаргасан. 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймагруу явсан гэж худал хардаж үндэслэлгүй арга хэмжээ авсан. Хэрэв зөрчил гарсан гэж үзвэл илэрснээс хойш сарын дотор арга хэмжээ авах байтал 4 сарын дараа авч байгаа нь үндэслэлгүй мөн миний нь Баянхонгор аймаг руу яваагүй болно. 2017 оны 07 дугаар сард ажил тасалсан гэж байгаа нь үндэслэлгүй. Миний бие нь шалтгаангүйгээр ажил таслаагүй болно. Өндөр настай хэвтэрт байдаг хадам аавыгаа аваад 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн нутаг руу нь авч явж зан заншилын холбогдолтой үйл ажиллагаа хийлгэсэн юм. Ингээд оройдоо очсон айлаасаа явах болоход бороо ороод машин гарч чадаагүйгээс 2017 оны 07 дугаар сарын 16-ны ажилдаа хоцорч ирсэн. Түүнээс ямар нэгэн дуудлага ирээд түүнээс болж ямар нэгэн байдлаар хохирол учирсан байдал байхгүй бөгөөд миний бие бүтэн өдрөөр ажил таслаагүй, дотоод журамд зааснаар хариуцлага ногдуулах үндэслэл байхгүй байсан гэж үзэж байна. Ингээд дээрх арга хэмжээнүүд авагдсантай холбоотой миний 2017 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал, Засгийн газрын тогтоолоор өгсөн 300.000 төгрөгийн урамшуулал бүгд олгогдоогүй, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа авсан байхад 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлын дуудлага ирснээр намайг даргыг түр орлож байсан их эмч Р.Наранбаатар, нягтлан бодогч Г.Цэрэндорж нар дуудаж, 2 хоног ажиллуулсан боловч миний амралтыг нөхөж амраагүйгээр үл барам ажилласан 2 хоногийн цалинг өгөөгүйгээс миний эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Иймд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар сануулах, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл бууруулсан нь үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 2017 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал, Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагч нарт нэгдсэн журмаар олгосон 300.000 төгрөгийн урамшуулалыг олгохыг даалгах, 2017 оны 11 дүгээр сарын 06- ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ээлжийн амралттай байсан хугацаанд буюу 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ажилласныг тогтоож, амралтыг нөхөн амруулах, ажилласан хугацаа буюу 2 хоногийн цалинг олгохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардагаа нэмэгдүүлж байна гэв.
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага Говь-Алтай аймгийн хэмжээнд мал амьтнаас хүнд халдварлах Зооноз өвчнийг тандах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулах, халдварын эрсдэлийг бууруулах хүн амын өвчний эндэгдлийг бууруулах арга хэмжээ авч ажилладаг Монгол Улсын онцгой объект буюу дэглэмийн байгууллага байгаа. Тарваган тахал өвчин нь био аюулын гуравдугаар зэрэглэлийн өвчин, аюулын өндөр зэрэгтэй, нянгаар үүсгэгддэг, олон улсын хөл хориот, ихэнх сумдад голомтлон оршдог зооноз өвчин байгаа. Үүн дээр бид судалгаа шинжилгээ болон өвчлөл үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулдаг. Жил бүрийн 4 дүгээр сараас 10 дугаар сарыг тарваган тахал өвчний эд үе буюу улиралчиллын үе гэж үзээд Эрүүл мэндийн сайдын 165 дугаар тушаалд заасны дагуу тарваган тахал өвчний бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Тухайн тушаалд яаралтай дуудлагын багийг заавал томил гэсэн байдаг. Үүний дагуу 06 дугаар сарын 30-ны өдөр яаралтай дуудлагын багийг томилоод хурлаар тухайн багийг танилцуулсан. Тарваган тахлын улиралчиллын үеэр ээлжийн амралт олгодоггүй. Манай ажилчид ээлжийн амралтаа 10 сар гаргаад авдаг. Мөн байгууллагын дотоод журмын 8.5 дугаар зүйлд зааснаар утсаа унтрааж болохгүй,хэл сураггүй гадаад явж болохгүй, яаралтай дуудлага ирэхэд бид 2 цагийн дотор тухайн дуудлагад үйлчлэх сайдын тушаал байдаг. 07 дугаар сарын 16-ны өдөр ажлын өдөр байсан. Тухайн өдөр яаралтай хурал хийхээр болоод мөн хариуцлагатай жижүүрийн тэмдэглэлтэй танилцаад бүх хүмүүсийг цуглуулахад Саранчимэг, Ариунбаатар, С нар ажилдаа ирээгүй. 07 дугаар сарын 16-ны өдрийн үдээш хойш С ажилдаа ирсэн. 07 дугаар сарын 18-ны өдөр Саранчимэг, Ариунбаатар, С нар миний өрөөнд орж ирсэн. Хурал дээр би байгууллагын даргын тушаал, эрүүл мэндийн сайдын тушаалыг биелүүлэн ажиллаагүй гурван хүн дээр сануулах арга хэмжээ авна гэдгээ хэлсэн байсан. Энэ гурав манай өрөөнд орж ирээд сануулах арга хэмжээ авахгүй байж болохгүй юм уу? гэж хэлэхээр нь би арга хэмжээ авна гэдгээ хэлсэн. Дахин ийм зөрчил гаргахгүй талаар өргөдөл өг гэхэд би өргөдөл өгөхгүй гэж хэлсэн нь би сануулах арга хэмжээг авна гэж хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 тоот тушаалын тухайд манай ажилтнууд 2017 оны 07 дугаар сарын 19-ий өдрөөс эхлэн Эрдэнэ, Чандмань, Цогт сумын нутгийг хамарсан тарваган тахлын хайгуул шинжилгээнд бүрэлдэхүүний ахлагчаар биологич С явсан. Тухайн шинжилгээнд яваад 08 дугаар сарын 08-нд эргэж ирсэн. Ирэхдээ тарваган тахлын голомтот нутгаас тарваган тахлын сэжигтэй 11 ширхэг тарвагны зэм үхдэлийг авчирсан. Шинжилгээнд явахдаа 50 ширхэг сумтай, 3 ширхэг буутай явсан. Энэ хүн шинжилгээнд явахдаа Баянхонгор аймгийн нутаг руу явсан байсан. Энэ талаар би 11 дүгээр сард Солонгос улс руу олон улсын эрдэм шинжилгээний хуралд явчихаад ирэх замдаа Баянхонгор аймгийн биологич нар танай шинжилгээний баг шинжилгээнд явахдаа манай аймаг дээр ирээд явсан бид хэд уулзсан гэж хэлсэн. Тэгээд би ирээд Батзаяаг дуудаж асуухад Баянхонгор аймаг руу явсан үнэн гэж хэлсэн. Үүний дагуу хурал хийсэн, хурал дээр С Баянхонгор аймгийн нутаг руу явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ хүн багийг ахалж явж байгаа хүний хувьд буу зэвсгийг хараа хяналтгүй хаяж явсан, байгууллагын удирдлагад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй нь буруутай гэж үзсэн. 2017 оны 04 дүгээр сард М-Ойл шатахуун түгээх газрын түгээгчээр давхар ажиллаж байсан. 11 дүгээр сард тарваган тахлын сэжигтэй дуудлага ирсэн. С гэдэг хүний илүү цагийн бүртгэлд нэр нь байхгүй байсан учир илүү цагийн хөлс өгөх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуульд биеэр амруулаагүй бол хөлс өгнө гэж байгаа. Төрийн албан хаагчийн 300.000 төгрөг нь 2018 оны 01 дүгээр сард олгогдсон энэ нь журамдаа сахилгын шийтгэл оногдуулсан хүнд олгохгүй гэсэн учир С-т олгох боломжгүй байсан. 3 дугаар улирал, 4 дүгээр улирлын ажлыг дүгнээд урамшуулал олгодог энэ нь заавал олгох урамшуулал биш, мөн 2017 оны тайлангаа өгөөгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Н.С-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.С нь байгууллагын даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/12, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 2017 оны 03, 04 дүгээр улирлын урамшуулал, Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагч нарт нэгдсэн журмаар олгосон 300.000 төгрөгийн урамшуулалыг олгохыг даалгах, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны хооронд ээлжийн амралттай байсан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ажилласныг тогтоож амралтыг нөхөн амруулах, ажилласан хугацааны буюу 2 өдрийн цалинг олгохыг даалгах гэх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.С нь Зоонозын өвчин судлалын төвд амьтан судлагчаар /зарим баримтанд биологич гэх/ ажилладаг болох нь №0010411 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байгаа ба ажил олгогч нь Н.Ст байгууллагын дотоод журмын 8.5, 8.11, 8.12 дахь хэсгийг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, байгууллагын дотоод журмын 8.1, 8.2, 8.3, 8.11, 12.1 дэх хэсгийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.
Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдолыг шүүх харъяалан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Н.С нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Н.С нь байгууллагын даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/12, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 2017 оны 03, 04 дүгээр улирлын урамшуулал, Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагч нарт нэгдсэн журмаар олгосон 300.000 төгрөгийн урамшуулалыг олгохыг даалгах, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны хооронд ээлжийн амралттай байсан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ажилласныг тогтоож, амралтыг нөхөн амруулах, ажилласан хугацааны буюу 2 өдрийн цалинг олгуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дугаар зүйлд зааснаар зөрчил гаргаснаас хойш 6 сар илрүүлсэнээс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл оногдуулна гэсэн байгаа. Тухайн зөрчил нь 8 дугаар сард гарсан, сахилгын шийтгэлийг 12 дугаар сард авсан учир хууль зөрчөөгүй. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр рүү явсан гэдгийг нь мэдээд 12 дугаар сарын 22-ны өдрийн байгууллагын хурал дээрээс өөрөөс нь сонсоод сахилгын шийтгэл оногдуулсан тул хууль зөрчөөгүй гэж маргаж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад талуудын маргааны зүйл тус бүрд дараах байдлаар хууль зүйн дүгнэлт хийлээ.
1.2017 оны 7 дугааар сарын 27-ны өдрийн Б/12 дугаартай сануулах сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалын хувьд нэхэмжлэгч уг тушаалыг гаргасан үйл баримт, тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...Би 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ажлыг тасалсан нь үнэн. Мөн өдрийн 15 цагт аймагт ирсэн. Тэр өдөр лаборант Г.Н-тэй утсаар ярьж ажлын талаар асууж өөрийнхөө байгаа байдлыг тайлбарлаж байсан. Би даргад дараа нь ажил тасалсан шалтгаанаа хэвтэрт байдаг хадам аавыгаа нутагт нь 7 сарын 15-нд аваачаад орой нь буцах гэтэл хоноод өглөө эрт явъя гээд хоночихлоо. Шөнө нь жаахан бороо ороод машин ногоон дээр гулгаад дээш гарч чадсангүй, бага зэрэг хатахыг нь хүлээгээд цаг алдлаа гэж тайлбарласан боловч арга хэмжээ авна гэж байсан гэж, ...тушаалыг эх хувиар нь 2017 оны 12 сарын 18-нд авсан, хөөн хэлэлцэх хугацаа сэргээх үндэслэлтэй гэж тайлбарлажээ.
Хариуцагч уг шаардлагын талаар татгалзалдаа ...биологич Н.С нь дуудлагын бэлэн байдлыг ханган ажиллаагүйгээр барахгүй ажлын цагаар хэл сураггүй ажил тасалсан байна. Иймд ...сануулах арга хэмжээ авсан гэж тайлбарлажээ.
Маргаан бүхий тушаалын талаарх талуудын тайлбар мэтгэлцээн, нотлох баримтанд хууль зүйн дүгнэлт хийхээс өмнө уг тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны байдлыг магадлахад үйл баримт 2017 оны 7 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд гаргасан зөрчлийн талаар 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хамт олны хурлаар хэлэлцэж, хурлын тэмдэглэлд ...биологич Н.С... нарт арга хэмжээ авсан тухай тушаалууд гарсныг тус тус уншиж танилцууллаа... гэсэн байгаагаар уг тушаал тухайн хугацаанд гарсан, сахилгын шийтгэл ноогдуулсаныг ажилтан тус хуралд оролцохдоо мэдсэн болох нь тогтоогдож байна. Тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй тул үнэлсэн болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд буюу ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ. Маргаан бүхий тушаалын хувьд 129.1-д хамаарах маргаан бөгөөд энэ тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг ямар ч хэлбэрээр мэдсэн байхыг ойлгох юм. Тушаалыг заавал эх хувиар нь гардан авсан байхыг хуульд шаардаагүй байна. Иймд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тушаалтай холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацааг гомдол гаргагч хэтрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгох юм.
2.2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалын хувьд авч үзвэл нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргаагүй байхад ...шинжилгээний ажлаар явж байхдаа ажлаа орхиж Баянхонгор аймаг руу явсан гэж арга хэмжээ авсан нь үндэслэлгүй юм. ...Би шинжилгээний ажлаа дуусах өдөр 8 сарын 8-нд эхнэр хүүхэд аймгаас очиж хоёр хоног амраад 8 сарын 10-нд шинжилгээний ажил дуусаж буцах үед... өөрийн машинаар Баянхонгор аймгийн Бөөнцагаан нууранд зан үйлийн ажилтай байсан тул тийш явсан, аймагт 21 цаг өнгөрч байхад ирсэн... гэжээ.
Хариуцагч татгалзлаа тайлбарлахдаа ...2017 оны 8 сард тарваган тахлын голомтот нутгуудад тарваган тахлын шинжилгээг хийх ажлын хэсгийг ахалж явахдаа байгууллагын удирдлагад хэлж мэдэгдэлгүй, чөлөө авалгүйгээр өөрийн дураар цааш Баянхонгорын нутаг руу явсан. Шинжилгээний баг удирдан хариуцан авч явж байж ажилтнуудаа өөрийн дураар хараа хяналтгүй үлдээж, ажилчдаас салж явснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. гэж маргажээ.
Уг маргааны хувьд талуудаас гаргасан тайлбар нь нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаад дүгнэлт хийхэд шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Г.Н тайлбартаа ...8 дугаар сарын 8-нд Чандманьд сургалт хийнэ гээд явсан. Тэнд гэрийхэнтэйгээ уулзсан гэсэн. Эхнэр хүүхэд нь бидэнтэй 2 хоносон. 8 сарын 10-нд шинжилгээний ажил буусан. Буух өглөө бид айлаас мал ахуй авах гээд үлдсэн. С Баянхонгор аймаг руу явсан. Буцахдаа Үнээн-Усан дээр уулзахаар тохирсон боловч бид дугуй хагарч саатаад хоцорч ирэхэд Н.С түрүүлж ирээд биднийг хүлээж байгаад явсан байсан гэсэн байгаагаас үзэхэд шинжилгээний ажил буусан өдөр Баянхонгор аймаг явсан гэж үзэхээр байна. Нөгөө талаар хэрэгт тухайн шинжилгээний ажлын хэсгийн ажиллах хугацаа нь хэзээнээс хэзээг хүртэл үргэлжилж хэдэнд буух ёстой хугацааг тодорхойлсон томилолтын хуудас, удирдамж зэрэг нотлох баримт байхгүй, байгууллагын дотоод журам болон мэргэжлийн үйл ажиллагааны журамд энэ төрлийн ажлыг хэрхэн гүйцэтгэх, ажлыг дуусгаад ахлагч ямар үүрэгтэй байх зэрэг зохицуулалтууд байхгүй байгаа нь ажилтныг ямар нэг хэм хэмжээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ямар нэг тогтоосон хэм хэмжээг баримтлаагүй, гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлээгүй, эсхүл зөрчиж биелүүлсэн зэрэг үйлдэл, эс үйлдэл нь хууль зүйн хувьд зөрчил гэж тооцогдох юм.
Хариуцагч мөн тайлбарлахдаа ...2017 оны 12 сарын 22-ны өдрийн хамт олны хуралд С хэлэхдээ Баянхонгор явсанаа хүлээн зөвшөөрсөн... гэж тайлбарлаж байгаа хэдий ч хэрэгт нотлох баримтаар авагдсан уг тэмдэглэлд С хэлэхдээ ...Хайгуул шинжилгээнд явдаг. Араас манай эхнэр хүүхэд хувийн машинаар очдог. Тэгээд Баянхонгорын нутгаг руу явдаг нь үнээн. гэсэн байгаа бөгөөд энэ нь шинжилгээний ажил дуусаагүй байхад орхиж явдаг гэсэн шууд утга байхгүй байна. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаа нэрлэн зааж яриагүй буюу ажлын үеэр явсан талаарх өөр бусад зүйл тусгагдаагүй байна.
Иймд 2017 оны 12 сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай тушаал нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Б/23 дугаартай тушаалд 3 сар хүртэл, 20 хувь хүртэл гэж хуулийн үгийг шууд хэрэглэсэн байгаа бөгөөд бичилтийн хэлбэрийн хувьд тодорхойгүй мэт боловч хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт, зохигчдын харилцан зөрүүгүй тайлбар зэргээс цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах шийтгэл ноогдуулсан агуулгатай болох нь тогтоогдож байна гэж үзсэн болно.
3. Нэхэмжлэгч Н.С-ын 2017 оны 03, 04 дүгээр улирлын урамшуулал олгуулах шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэж, заажээ. Энэ нь ажилтанд сар бүр тогтмол тооцогдон олгогддог зүйл биш тодорхой нөхцөл шалгуур бүхий үр дүнгээр дүгнэгдэн олгогддог урамшуулал юм.
Урамшуулалт цалинг олгох үндэслэл нь тухайн албан хаагч нь ажил үүргээ үр дүнтэй биелүүлсэн болох нь үр дүнгийн гэрээний биелэлт эсхүл хөдөлмөрийн гэрээний тайлангаар тогтоогдох учиртай.
Гэтэл Н.С нь байгууллагын дотоод журамд заасан 3, 4 дүгээр улирлын ажлын үр дүнгээ дүгнүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Мөн байгууллагын дотоод журмын 9.7-д Улирал бүр ажлын үр дүнг харгалзан нийт ажилчдад урамшуулалт цалинг олгоно гэж заасан байгааг ч тэмдэглэх нь зүйтэй байна.
4.Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагч нарт нэгдсэн журмаар олгосон 300.000 төгрөгийн урамшуулалыг олгохыг даалгах шаардлагын тухайд:
Монгол Улсын Их Хурлаас төсвийн шууд захирагч нарт хүргүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлд: Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 67 дугаар тогтоолын дагуу ...300.000 төгрөгийн урамшуулал олгох тухай асуудлыг хэлэлцээд сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа албан хаагчаас бусад төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох арга хэмжээ авахыг төсвийн шууд захирагч нарт даалгав гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заажээ.
Нэхэмжлэгч Н.С нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дээр дүгнэсэн тул уг тушаалыг хүчин төгөлдөр гэж үзсэн болно. Иймд төрийн албан хаагч нарт олгосон 300.000 төгрөгийн урамшууллыг олгохгүй байх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
5. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны хооронд ээлжийн амралттай байсан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ажилласныг тогтоож, амралтыг нөхөн амруулах, ажилласан хугацааны буюу 2 өдрийн цалинг олгохыг даалгах гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч Н.С-ыг ээлжийн амралттай байх хугацаанд Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б нь Солонгос улс явсан байсан бөгөөд даргын ажлыг их эмч Р.Наранбаатар орлон ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 2017 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ажлын зайлшгүй шаардлагаар ажил олгогчийн санаачилгаар Н.Сыг ажиллуулах талаар амаар болон бичгээр ямар нэг тушаал, шийдвэр гарсан болох нь тогтоогдохгүй байна.
Энэ талаар хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ажилчдад хийсэн хурлын тэмдэглэлд Н.С-ыг ээлжийн амралттай байх хугацаанд дуудаж ажиллуулах шаардлага гараагүй, дуудаж ажиллуулсан хүн байхгүй гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд уг тайлбарт Н.Сын өгсөн хариу байхгүй, маргаан бүхий байдал үүсээгүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ээлжийн амралтыг нөхөн амруулах гэж шаардсан байх ба энэ талаар хариуцагч маргаагүй, биеэр нөхөн амарч болно гэсэн байгааг мөн тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасны дагуу талуудын мэтгэлцээн, нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэлийн хангагдсан хэмжээний үнийн дүнг тодорхойлоход тушаал хүчингүйд тооцуулах буюу Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэл байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Бэсүд овгийн Намсрайгийн Ст /ДЗ80060910/, сахилгын шийтгэл ногдуулсан Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, 2017 оны 03, 04 дүгээр улирлын урамшуулал, Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагч нарт нэгдсэн журмаар олгосон 300.000 төгрөгийн нэг удаагийн урамшуулалыг олгохыг даалгах, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны хооронд ээлжийн амралттай байсан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ажилласныг тогтоож, амралтыг нөхөн амруулах, ажилласан хугацааны буюу 2 өдрийн цалинг олгохыг даалгах гэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН