Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 183/2017/01850/и |
Дугаар | 2336 |
Огноо | 2017-11-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2336
МАГАДЛАЛ
2017.11.10 Дугаар 2336 Улаанбаатар хот
Ш.О нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01850 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ш.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч "З Т Н" ОНӨААТҮГ-т холбогдох,
Дутуу олгогдсон тэтгэмжид 5 657 196 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: З Т Н ОНӨААТҮГ-ын А Н баазад 2002 оны 5 дугаар сарын 03-нд №36 тоот тушаалаар ажилд орж 2017 оны 1 дүгээр сарын 02-нд дугаар Б/82 тоот тушаалаар 14 жил 8 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч А НОНӨҮГ-н захиргаа, үйлдвэрчний хороо хоёрын хооронд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 1 дүгээр сарын 22-ны нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж дутуу олгосон. 1 сарын дундаж цалин 605 801 төгрөг байхад Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 заалтын дагуу 12 сарын тэтгэмж 7 269 612 төгрөгний олгох байтал 1 612 500 төгрөгийг олгосон. Иймд олгогдоогүй 5 657 196 төгрөгний тэтгэмжийг тус байгууллагаас олгуулах.
Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч Ш.О цалингийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэнтэй танилцахад цалинд нь 15 хувийн урамшууллыг тооцоогүй орхигдуулсан байна. Тиймээс шүүхээс нотлох баримт шинжлэн судлахдаа орхигдуулсан урамшууллыг нэмж тооцоод дундаж цалинг 620 000 төгрөгөөр бодоод 6 557 192 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ш.О нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар тушаалаар кондуктороор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/82 тушаалаар чөлөөлсөн. Нэхэмжлэгч Ш.От байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарахад нь 3 сарын дундаж цалинтай тэнцэх 1 612 500 төгрөгний тэтгэмжийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/177 тушаалаар олгосон байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь А Н ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээ бөгөөд уг гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хамтын гэрээ юм. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Яагаад гэхээр А 1 НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/779 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс "З Т Н ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д "хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө" гэсэн заалтыг баримтлаж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна" гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болсон энэ Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн, Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт "аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ" гэж заасан нь Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор А 1, А 3, Ц Т ОНӨААТҮ Гууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэхь хэсэгт зааснаар З Т Н болон өөрчлөн байгуулагдсан нь дээрхи хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт нийцэж байгаа юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах явцад ихэсгэж байгаа нь үндэслэлгүй, бид хүлээн зөвшөөрөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна. Хэрвээ ихэсгэж байгаа бол хуульд зааснаар өгөх ёстой гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "З Т Н" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 5 657 196 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.От олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105 465 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт "хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнөө" гэсэн заалтыг баримтлан хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжыг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө гэж дүгнэсэн хирнээ хамтын гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж талууд тохиролцсон байна хэмээн тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд хуулийн зүйл заалтыг дэндүү явцуу хүрээнд харж байгаа нь тодорхой байна. Уг мөнгийг тооцохоо 1 612 500 / 3 =537 500 төгрөг буюу Нийгэм хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-д ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд нөхөх олговорт хөнгөлөлтийн орлого унаа хоолны үнийн хөнгөлөлтийг ажилтаны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан гэтэл анхан шатны шүүх тэтгэмжийн хэмжээг бодохдоо буруу тооцоолсон. 537 500 *12=6 450 000 төгрөг өгөхөөс байгууллага 3 сар буюу 1 612 500 төгрөг олгосон үлдэгдэл 537 500 * 9= 4 837 500. Байгууллагаас тэтгэмж олгосон дундаж цалин хөлс бол Нийгэм хамгаалал, Хөдөлмөрийн сайдын "дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-д зааснаар тооцсон цалин байгаа. Иймд тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч "З Т Н" ОНӨААТҮГ-т холбогдуулан дутуу олгогдсон тэтгэмж 5 657 196 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ заасан “...хариуцагч болон үйлдвэрчний хорооны хооронд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 1 дүгээр сарын 22-ны нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмж 7 269 612 төгрөгний олгох байтал 1 612 500 төгрөгийг олгож, 5 657 196 төгрөгийг олгоогүй…” гэх нөхцөл байдлыг хариуцагч няцаан “...хамтын гэрээг 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан...” гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад тээвэрлэлт үйлчилгээний албаны шалгагчаар /кондуктор/ ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гарган 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн, түүнд 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1 612 500 төгрөг олгосон, “А Н” ОНӨҮГ болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 1 жилийн хугацаатай хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан, өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтны ажилласан жилээс хамааран олгох тэтгэмжийн хэмжээг тус гэрээний 8.5-д заасан үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан “А Н” ОНӨҮГ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот тогтоолоор татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “З Т Н” ОНӨААТҮГ-т нэгтгэсэн, тус байгууллага нь Хамтын гэрээг шинээр байгуулсан баримт хэрэгт авагдаагүй. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ.” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар хамтын гэрээг шинэчлэн байгуулаагүй, энэ талаар зохигчид маргаагүй тул өмнөх хамтын гэрээний заалт хэвээр мөрдөгдөх юм.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
М.НАРАНЦЭЦЭГ