Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 87

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгч М.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Мягмарсүрэнгийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 201615000277 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Отгонбаяр /РД:ЙМ96120506/.

Шүүгдэгч М.Отгонбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” нэртэй буудалд иргэн П.Баярсүрэнгийн Хаан бакны виза картыг хулгайлан авч 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч М.Отгонбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед манай найз залуу Чимэддорж над руу утсаар яриад намайг гудамжиндаа гараад ир гэсэн. Тэгсэн нэг залуутай хамт ирсэн байсан. Тухайн үед би П.Баярсүрэнг таньдаггүй байсан. Тэгээд бид 3 жаахан юм ярьж сууя гээд “Арвайн тал” буудалд орж нэг өрөө авсан. Би П.Баярсүрэнтэй дэлгүүр явж 2.5 литрийн пиво авсан. Нөгөө пиво буудалдаа ууж байгаад удалгүй П.Баярсүрэн унтсан. Чимэддорж бид хоёр юм яриад сууж байсан чинь П.Баярсүрэнгийн утас нь дуугараад П.Баярсүрэн сэрсэн. Тэгээд П.Баярсүрэн, Чимэддорж хоёр ариун цэврийн өрөө орох гээд гарсан. Тухайн үед би П.Баярсүрэнгийн түрүүвчнээс “Хаан банкны” картыг нь авсан. Тэгээд П.Баярсүрэн яваад, Чимэддорж бид хоёр Чимэддоржийн ахынд очиж хоносон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч П.Баярсүрэнгийн хохирлыг төлсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч П.Баярсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой ажлаасаа буугаад Чимэддоржтой хамт яваад Чимэддоржийн найз охин Отгонбаяртай утсаар яриад дуудаж бид гурав Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн “Арвайн тал” буудалд гурвуулаа орж тэндээс 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво 2 ширхэгийг аваад буудлын өрөөнд орж бид гурав авсан 2 пивоо хувааж уусан. Би нилээн согтоод буудлын орон дээр хэвтэж байсан чинь хэсэг унтсан байсан. Миний утас руу манай найз Тэмүүжин залгаад би сэрсэн. Намайг хаана байна гэхээр нь танай хойд талын буудалд байна гэж хэлсэн чинь манайд хүрээд ир гэсэн. Би гараад замын эсрэг талд гэрт нь очиж хоносон. Намайг унтаж байгаад сэрэхэд Чимэддорж болон түүний найз охин Отгонбаяр нар нөгөө талын орон дээр сууж байсан. Би Чимэддоржтой хамт ажилладаг юм. Чимэддоржийн найз охин Отгонбаярыг сайн танихгүй. Тэр өдөр танилцсан. Би мөнгөө алдсан талаар маргааш нь мэдсэн. Өглөө зах орж үсээ засуулаад тэндээсээ гараад тогны мөнгө тушаах гээд картаа олохгүй болохоор нь банк ороод мөнгө авах гэтэл дансанд мөнгө байхгүй байсан. Тэгээд цагдаагийн газар хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

Шүүгдэгч М.Отгонбаярын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Чимэддоржийн гэрт нь байж байтал Чимэддорж над руу залгаад гудмандаа гараад ир гэж хэлэхээр нь гарч иртэл Чимэддорж нэг залуутай ирсэн байсан. Тэгээд тэр хоёр гурвуулаа нэг газар орж жаахан юм ярьж сууя гэж хэлээд бид нар “Арвайн тал” гэдэг буудалд нэг өрөө аваад юм ярьж сууж байгаад Чимэддоржтой хамт явсан залуу ганц, хоёр пиво ууя гэж хэлэхээр нь би тэр залуутай хамт гараад 2:5 литрийн “Нийслэл” пиво 2 ширхэгийг аваад бид гурав хувааж уусан. Баярсүрэн нэг орон дээр нь унтсан. Чимэддорж бид хоёр юм яриад сууж байтал Баярсүрэнгийн утас нь дуу гараад нэг хүнтэй яриад байсан. Тэгээд Баярсүрэн, Чимэддорж хоёр 00 ороод ирсэн. Тэгээд Баярсүрэн гараад найзындаа хонохоор явсан. Бид хоёр хэсэг байж байгаад Чимэддоржийн ахынд очиж хоносон. Би Баярсүрэнг танихгүй. Тэр өдөр танилцсан. Одоо бол таньдаг болсон. Би Баярсүрэнгийн картанд мөнгө байгааг хамт гарч пиво авахадаа мэдсэн. Баярсүрэн, Чимэддорж хоёрыг 00 орох гээд гарахад нь хаан банкны картыг нь хэтэвчнээс нь авсан байсан. Бид гуравыг буудалд байж байхад гаднаас өөр ямар нэгэн хүн орж гараагүй. Би хувцас авч өмсөх гээд тэр мөнгийг нь авсан юм. Найз залуу Чимэддоржоос айгаад хэлж чадалгүй хөдөө явсан. Баярсүрэнгийн мөнгийг хулгай хийсэн талаараа хэн нэгэнд хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

 

Шүүгдэгч М.Отгонбаярын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 19/, иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 /,

Хохирогч П.Баярсүрэнгийн шүүхэд ирүүлсэн: “...М.Отгонбаяраас хохиролд 400000 төгрөгийг авч хохирлоо бүрэн барагдуулж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. М.Отгонбаяр бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул М.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлт

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 20 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Отгонбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал”  буудалд иргэн П.Баярсүрэнгийн Хаан бакны виза картыг хулгайлан авч 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч П.Баярсүрэнгийн Хаан банкны картанд байсан 400000 төгрөгөө хулгайд алдсан талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

            Шүүгдэгч М.Отгонбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Отгонбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч П.Баярсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаараа шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул М.Отгонбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч, шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Баярсүрэнд 400000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн иргэний бичиг баримт, эд зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Мягмарсүрэнгийн Отгонбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мягмарсүрэнгийн Отгонбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч М.Отгонбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч М.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Баярсүрэнд 400000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн иргэний бичиг баримт, эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шүүгдэгч М.Отгонбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Отгонбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.