Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0130

 
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн Шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Даваасүрэн, С.Баярмаа, Б.Цэцэн, өмгөөлөгч Г.Хандмаа, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамсүрэн Нэхэмжлэгч: “С” ХХК Хариуцагч: ХАЖСЗД, ХАИТХ Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 125/ШШ2023/0036 дугаар шийдвэр Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Ш.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д, С.Б, Б.Ц, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Х, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн өмгөөлөгч Н.О Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр Хэргийн индекс: 125/2023/0016/З ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч “С” ХХК нь ХАЖСЗД, ХАИТХд тус тус холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна. 2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0036 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. 3. Давж заалдах гомдлын агуулга: “Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 125/ШШ2023/0036 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 3.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг буруу хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/186 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, 4.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан. 3.2. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2020 оны 1,197,320 төгрөг, 2021 оны 1,197,320 төгрөг, 2022 оны 1,197,320 төгрөг, 2023 оны 598,660 төгрөгийн газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон. Гэтэл дээрх хугацааны төлбөрөө төлөөгүй хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 3.3. Нэхэмжлэгчийн хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэм бурууг хариуцагчийн хүлээсэн үүрэг мэтээр андуурч, нэхэмжлэгчийн гэм бурууг хариуцагчид халдаан хэрэглэсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 12.2-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагын баталгаажуулсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг “ХУР-төрийн мэдээлэл солилцооны цахим систем” эсхүл “ДАН-танилт нэвтрэлтийн нэгдсэн систем”-ээр дамжуулан өөрөө хэвлэн авна” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн дээрх үүргээ мэдээгүй, гэрээний хувийг өгөөгүй гэх тайлбараар гэрээг дүгнэх талаар мэдэгдээгүй, талууд ярилцаагүй атлаа нэг тал дангаараа гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэж баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй гэж үзсэн байна. 3.4. Газар эзэмших гэрээ дүгнүүлэх, гэрээний үүргээ тайлагнах үүргийг Газрын тухай хуульд гэрээнд тусгах зүйл дотор зохицуулаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж буруу дүгнэсэн. Газрын тухай хуулийн 34.6 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана”, 34 дүгээр зүйлийн 34.6.7 дахь заалтад “гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага”, гэж зааснаар иргэнд газар эзэмшүүлэх гэрээний 4.14-т “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх”, 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй гэж заасан. 3.5. Гэтэл анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн, нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.” гэж заасан ба 34.6.1-ээс 34.1.11-д заасан газар эзэмших гэрээнд тусгах зүйл дотор гэрээний үүргийг тайлагнах талаар зохицуулаагүй байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно; 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж зааснаар нэхэмжлэгч 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь “гэрээний нөхцөл болзлын удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдэгт хамаарахгүй гэж үндэслэлгүй дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “С” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/186 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүсэд байрлалтай 29933 кв метр талбай бүхий газрыг мод үржүүлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн байх бөгөөд маргаан бүхий Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшигч нийт 36 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч “С” ХХК-ийн газар багтжээ. 2.2. Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн "Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолуудын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. 2.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "... “С” ХХК нь 1998 оноос хойш мод үржүүлэг, ойг нөхөн сэргээх, ойн арчилгааны чиглэлээр тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байна. Тус компани өөрийн эзэмшлийн 3 га мод үржүүлгийн талбайд 2023 оны оны модны тооллогоор 120,000 ширхэг бургас, 90,000 ширхэг улиас, 20,000 ширхэг хайлаас, 20,000 ширхэг үхрийн нүд, 5,000 ширхэг чацаргана, 6,000 ширхэг агч, 3,500 ширхэг шар хуайс, нийт 246,500 ширхэг навчит болон жимсний модны суулгацтай байна" гэх тодорхойлолтыг Сум дундын ойн ангиас 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн. Манай компани улирал, хагас жил, жилийн тайлангаа татварын цахим программаар гаргаж татвараа төлдөг. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай компанид 1,973,020 төгрөгийн газрын төлбөр тогтоогдсон байсныг 09 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д "Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ" гэж заасан. Гэтэл манай компанид энэ талаар мэдэгдээгүй. ... газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй, энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргаж манай эзэмшлийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоол гарсанд гомдолтой" хэмээн тайлбарлан маргажээ. 2.4. Анхан шатны шүүх "... Газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системд хийсэн үзлэгээр 2021, 2022 онд газрын төлбөр ногдуулалт хийсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүй гэж буруутгахааргүй байна, 2023 оны төлбөрийн тухайд газрын кадастрын мэдээллийн сангийн системд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэгдэж мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу 3 дугаар улиралд багтаан жилийн төлбөрийг бүрэн төлсөн нь хууль зөрчөөгүй, ...гэрээг дүгнэх талаар мэдэгдээгүй, талууд ярилцаагүй атлаа нэг тал дангаараа гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэж баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй, ... нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус болох нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулах үндэслэлгүй" гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасантай нийцсэн байна. Хариуцагч ХАЖСЗДас нэхэмжлэгчийг 2021, 2022 оны газрын төлбөрийг төлөөгүй, 2023 оны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон. 2.5. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “...газрыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан. 2.6. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд газрын төлбөр төлөгдөх ажиллагаа нь газрын алба иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газрын төлбөрийг ногдуулж, тодорхой хугацаанд татварын албанд хүргүүлэхээр, татварын алба газрын төлбөр ногдуулалтыг газар эзэмшигчид мэдэгдэхээр газар эзэмшигчийн хувьд тухайн төлбөрийг төлөхөөр байх бөгөөд энэ тохиолдолд газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системд нэхэмжлэгч “С” ХХК-ийн 2022 оны газрын төлбөр ногдуулалт хийгдээгүй, 2023 онд ногдуулалт хийгдсэнээр газрын төлбөрийг бүрэн төлсөн байхад газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Газрын төлбөрийн ногдуулалт үүсээгүй нь газрын төлбөр төлөхгүй байх үндэслэл биш гэж шүүх үзсэн бөгөөд харин төлбөрийн ногдуулалт үүсээгүй байхад төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хувьд ногдуулалт үүссэн төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй. 2.7. Газрын кадастрын мэдээллийн системд хийсэн үзлэгээр 2022 онд 8414008665 нэгж талбар буюу маргаан бүхий газраас өөр эзэмшил газрын төлбөрийн ногдуулалт цуцлагдсан талаар, 2023 онд маргаан бүхий газар буюу 8414007082 нэгж талбарын газрын төлбөрийн бүтэн жилийн ногдуулалт 1,197,320 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “төлөгдсөн” гэх төлөвтэй, татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгээр 2021 онд 410.400 төгрөгийн төлөлт хийгдсэн, 2022 оны газрын төлбөрийн ногдуулалт, төлөлт байхгүй, 2023 оны газрын төлбөр 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гүйлгээ хийгдэж төлөгдсөн, мөн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 397 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд нэхэмжлэгч компанид 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө болон 2022 оны газрын төлбөрийн ногдуулалт, төлөлт бүртгэгдээгүй болох нь, мөн нэхэмжлэгч газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан, газрын төлбөр төлөгдөөгүй гэх хугацааны ногдуулалт программд орсон эсэхийг хариуцагчийн зүгээс мэдээгүй, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэж байгаагүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 2.8. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д газар эзэмших гэрээнд тусгах зүйлүүдийг жагсааж, гэрээний 2 талын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасан бөгөөд гэрээний биелэлтийг дүгнэх талаар газар эзэмшигчид мэдэгдээгүй атлаа гэрээний үүргээ тайлагнаагүй гэж зөвхөн нэг талыг буруутгаж газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон энэ тохиолдолд уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. 2.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон түүний өмгөөлөгч, мөн Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон түүний өмгөөлөгч, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагуудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ