Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2018/00088/И |
Дугаар | 133/ШШ2018/00215 |
Огноо | 2018-04-23 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 133/ШШ2018/00215
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Цогт сум, 0 оршин суух, Х овгийн Л.С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг, Цогт сум, 0 оршин суух, Б.Н холбогдох,
Гэм хорын хохирол 7.441.500 төгрөг, мөн сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч ***, нэхэмжлэгч Л.С, хариуцагч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, гэрч П.З, гэрч Д.А, гэрч Ч.Ж, гэрч Ц.Д, нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *** овогтой *** миний бие Говь-Алтай аймгийн Цогт сумд 1992 онд төрсөн. 2013 оны 02 дугаар сарын 14-ний шөнө Б.Н нь намайг мотоциклоор хүргэж өгөхөөр явах замдаа дүн өвлийн хүйтнээр хүнлэг сэтгэлгүйгээр хээр орхиж явснаас болж миний 4 мөч хөлдөж, эрхтнээ амьдаараа тайруулж, тахир дутуу болсон. Би болон манай эцэг, эх 2013 оны 3 дугаар сард Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Тухайн үед Б.Н нь гэм буруутайгаар миний биед хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон боловч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэдгээр хэргийг хааж, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжил гэсэн Прокурорын тогтоол гарсан. Би одоо 4 мөч байхгүй бусдын асаргаанд амьдарч залуу насандаа хийж бүтээх байсан юу ч хийж чадахгүй тахир дутуу болж группт орсон. Нямсамбуу болон түүний эцэг, эх нь хүн чанар гаргаал эргэж тойрох байх гэж бодсон ч ганц ч ирээгүй. Нямсамбуу нь одоо насанд хүрсэн. Иймд Б.Нгаас миний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний сувилгааны зардал 7.441.500 төгрөг болон миний бие тахир дутуу болж хөдөлмөрийн чадвар алданги хугацаагүй тогтоогдсон тул цалин хөлсний доод хэмжээгээр сар бүр нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Л.С нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: нэхэмжлэлийн шаардлагыг бууруулахыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийт 7.441.500 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилсэн, үүнээс 1540 төгрөгийн зөрүү гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1540 төгрөгийг татгалзаж байна. ...Иргэний хуулийн 505.1-д гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан. Тухайн үед энэ хүн мал малладаг байсан. Групп нь 140.000 төгрөг авдаг. Сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж нэхэх боломж нь байна. 240.000 төгрөгийн зөрүү 100.000 төгрөгийг сар бүр хариуцагчаас гаргуулж, амьдрах баталгааг нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 12 дугаар сарын 14-нд *** манайд ирсэн. Намайг бие өвдөөд хэвтэж байхад ээж намайг С-ын хамт *** гэдэг айлд оччихоод ир гэж хэлсэн. Тэгээд замдаа явж байгаад өврөөсөө архи гаргаж ирээд над руу шахсан. Тэгээд би уухгүй гэхэд ах нь чиний насан дээр архи ууж л явлаа гэж хэлсэн. Мотоцикль барь гэхээр би мотоцикль жолоодож чадахгүй гэж хэлсэн. Тэгээд миний чихэн дээр чулуугаар цохичихсон. Би айгаад гэр рүүгээ явахад мотоцикльны эд зүйл алга болвол чи хариуцлага хүлээгээрэй би эзэнд нь хэлэлгүй унаад ирсэн гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод ээждээ хэлээд ээж бид 2 эргэж ирж хайгаад олоогүй. Мотоциклийг нь би гэртээ аваачиж тавьсан. 7 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг төлөх чадвар байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Б.Н-гаас гэм хорын хохирол 7.441.500 төгрөг, мөн сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Б.Н нь цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдаад Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон байхад 5 жилийн дараа мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх Л.С-ын нэхэмжлэлтэй Б.Н-д холбогдох гэм хорын хохирол буюу эмчилгээний зардал 7.441.500 төгрөг, мөн сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байхыг хуулиар тогтоосон байхаар заажээ.
2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай Говь-Алтай аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолоор ...Б.Н нь 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн нутагт байх өөрийн гэрээсээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Л.С-ыг *** гэх айлд хүргэж өгөхөөр мотоцикльтой явж байхдаа Л.С-ыг хэл амаар доромжилж хөөсөн гэх шалтгаанаар хээр орхиж явсаны улмаас Л.С-ын бие махбодид хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байх боловч Б.Н нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаарт хүрээгүй буюу 2013 онд 15 настай байсан тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж тус тус заасан байх тул 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай Говь-Алтай аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолоор Б.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас Л.С-д хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн хариуцагч Б.Н-гийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Л.С-од хүнд гэмтэл учирсан болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байхын зэрэгцээ Б.Н нь Л.С-од хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхийн шийтгэх тогтоолоор тооцоогүй байхад түүний гэм буруутай үйлдлийг улмаас Л.С-од хүнд гэмтэл учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч Б.Н-д холбогдох, гэм хорын хохирол 7.441.500 төгрөг, мөн сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах тухай Л.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Н-гаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 7.441.500 төгрөг, мөн сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэгч Л.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ
Б.ӨЛЗИЙХИШИГ