Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/759

 

 

2022           07          22                                 2022/ШЦТ/759

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Э.Булганчимэг,

Хохирогч Э.Г,

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Булганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргал ургийн овогт Пүрэвжалын П.Эт холбогдох 2209012091094 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны  7 дугаар сарын 22-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч П.Э нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар супермаркетын гадаах автомашины зогсоол дээр хохирогч Э.Гийн түрүүвчтэй 400,000 төгрөг, бичиг баримт зэрэг эд зүйлсийг гээгдүүлснийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Булганчимэг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 611 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209012091094 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

-Хохирогч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

-Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 28-31 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,

  Шүүгдэгч П.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Э нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар супермаркетын гадаах автомашины зогсоол дээр хохирогч Э.Гийн түрүүвчтэй 400,000 төгрөг, бичиг баримт зэрэг эд зүйлсийг гээгдүүлснийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Э.Гийн “...Би 2022 оны 5 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед 32-ын тойрог Сансар супермаркет дэлгүүрт орж үйлчлүүлсэн ба тухайн газраас гарч явахдаа дэлгүүрийн урд талын гадаах автомашины зогсоол дээр өөрийн хар өнгийн арьсан түрүүвчийг унагааж гээсэн. Тэгээд цагдаад 18 цаг 36 минутын үед дуудлага өгөөд 2 цагдаа ирээд тухайн газрын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 18 цаг 29 минутын үед би өөрийн хэтэвчээ газарт хаяж гээсэн байсан ба тухайн газарт явж байсан 45-50 орчим насны эрэгтэй хүн аваад 32-ын автобусны буудал чиглээд алхаж байгаа нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байсан юм. Тухайн хүн дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа 45-50 орчим насны нэг эрэгтэй хүний хамт явж байсан ба дэлгүүрээс гараад салаад явсан ба дэлгүүрт үйлчлүүлж байхдаа миний бичүүлж байсан кассын эсрэг талын касс дээр зогсож үйлчлүүлж байсан хүмүүс мөн байсан ба тухайн асуудлаар цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

- Гэрч Ц.Бийн “...Сансар супермаркетаас ундаа аваад гарч яваад хуучны найз П.Этай үүдэн дээр тааралдсан. Тэгээд гаднах зогсоол дээр байсан өөрийн тээврийн хэрэгсэл дээр хамт алхаж ирээд машины гадаа жаал юм ярьж зогсож байгаад салцгаасан. Би өөрийн эзэмшлийн 7339 УНИ улсын дугаартай машинтайгаа явсан. Харин П.Э 32-ын автобусны буудал руу чиглээд алхаад явсан. Тэр орой нь над руу утсаар холбогдож яриад хоёулаа уулзалдаагүй удсан байна, юм ярьж сууя гээд манай Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах гэрт ирээд тэр орой нь харихаар явсан юм.  ...цаана уулзалдаад зогсож байгаа 2 хүний дүрс бичлэг тухайн өдрийн бичлэг байна. Наад талд нь тэрэг түрж явсан залуутай зөрж байгаад газраас тонгойн юм авч байгаа хүн нь надтай уулзаад салдаг П.Э мөн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Бичлэгт үзлэг хийсэн “...Цааш авто зогсоолын зорчих хэсэгт явж байх үед 00:17 секунтэд өмдний баруун халаасанд харагдах хар өнгийн хэтэвч явдал дунд нь газар унаж байгаа харагдаж байна. ...00:22 секунтэд цааш алхан машины дэргэд очих үеэр 55-60 насны 160-165 орчим өндөртэй ...эрэгтэй хүн баруун гартаа барьж явсан тортой зүйлээ зүүн гартаа бариад газар унасан хэтэвчийг тонгойн баруун гараараа аван алхаж байгаа харагдана” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 28-31 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Завших гэж гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Тухайлбал, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирчээ.

 

Шүүгдэгч П.Э нь бусдын гээгдэл эд хөрөнгө болох түрүүвчийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан байна. Уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч Э.Гөд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.

 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 400,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс уг мөнгийг гаргуулж хохирогчид олгуулах, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, бусад бичиг баримтыг шинээр авахад зарцуулагдсан зардлын баримтаа бүрдүүлэн /гэм хорын хохирлыг/ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч ялын талаар хэлэх тайлбар байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” тайлбарыг тус тус гаргасан болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эыг 03 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгчид урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Шүүгдэгч П.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирол 400,000 гаргуулж хохирогч Э.Гөд олгож, хохирогч нь гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН