Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/760

 

2022           07          22                                   2022/ШЦТ/760

 

                               

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: П.Бямбасүрэн,

Шүүгдэгч: Ю.О нар оролцсон эрүүгийн 2209000001174 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ю.О нь 2022 оны 5 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 17-ны хооронд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан хохирогч Г.Бг архи согтууруулах ундаа хэрэглэсэн, унтаж байсан нөхцөл байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй байдлыг далимдуулан нууцаар түүний эзэмшлийн Самсунг М-12 загварын хар өнгийн rap утсыг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүйгээр хулгайлан авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу 498,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000001174 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

 

-Хохирогч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн тайланг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

-Яллагдагч Ю.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 06-07 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,

 

Шүүгдэгч Ю.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ю.О нь 2022 оны 5 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 17-ны хооронд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан хохирогч Г.Бгийн эзэмшлийн Самсунг М-12 загварын хар өнгийн rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу 498,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдов.

 

-Хохирогч Г.Бгийн “...би өдөр архиндаа согтоод тасраад ойчсон байсан учраас юу болсныг санахгүй байгаа. 15-ны орой 20 цаг өнгөрч байхад сэрээд гар утсаа хайхад миний гар утас байхгүй байсан, тэнд байсан хүмүүсээс бүгдээс нь асуусан чинь Аяка, Додо хоёр надад хэлэхдээ Зундуй чиний утсыг аваад явсан гэж хэлсэн, Зундуй болохоор би чиний утсыг аваагүй Аяка, Додо хоёр авсан, буудлын камерын бичлэгээ шалгаад үзэхгүй юу гэхээр нь 17-ны өдөр “Оргилуун” зочид буудлын камерын бичлэгийг шалгахад 15-ны орой миний гар утсыг Додо гартаа барьчихсан байж байгаад халаасандаа хийж байгаа бичлэг нь байсан, уг бичлэгийг хуулбарлаад авъя гэсэн боловч гар утсаа алдсан байсан учир чадаагүй, гар утсанд 99260933 гэсэн дугаар байсан, имэй дугаар нь 351466648844916, 353282268844914. 2022 оны 4 дүгээр сард Мобикомоос 500,000 төгрөгөөр авч байсан Самсунг М-12 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

-Яллагдагч Ю.Оын “...буудлаас гарахаас өмнө би Бгийн утсаар эхнэр лүүгээ ярьсан юм. Тэгээд явахдаа тэр чигээрээ утсыг нь аваад явсан байсан. Гадаа гараад Бааскагийн машинд сууж архи уугаад нэлээд согтсон, нэг сэрэхэд би буцаж буудал руу ороод унтчихсан байсан. Сэрээд ирсэн чинь утасны талаар хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь би эхлээд мэдэхгүй гээд хэлчихсэн болохоор санаа зовоод би авчихсан юм гэж хэлж чадаагүй, тэр чигээрээ нуучихсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч Ю.О нь хохирогч Г.Бгийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн, унтаж байсан нөхцөл байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдпыг мэдрэхгүй байдлыг далимдуулан нууцаар түүний эзэмшлийн Самсунг М-12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан байна.

 

Уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч Г.Бг бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хулгайлсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.

 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Б “Ю.Оаас утсаа бүрэн бүтэн хүлээж авсан учир миний хувьд гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэж (хавтаст хэргийн 44 дүгээр тал) хүсэлт гаргасан, гар утсыг нь буцаан өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ю.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Ю.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу гар утсыг хохирогчид буцаан өгч хохирол, хор уршгийг арилгасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Ю.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ю.Оыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ю.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ю.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ю.От нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Ю.От нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ю.Оаас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН