Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 485

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багт оршин суух, 1991 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОД91042604, Ш овогт Б.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багт оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОД86081119, Ш овогт Б.Б-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2014 онд Б.Б-тай гэр бүл болж, улмаар 2015 онд хүү Д-ийг төрүүлсэн юм. Миний бие нөхөр Б.Б-тай гэр бүл болсноос хойш тэрээр гэр бүлийн таарамжгүй харилцаа гаргаж, уурлах, намайг хэл амара доромжлох, хардаж зодох болсон. Тэрээр ямар ч шалтгаангүйгээр хэрүүл маргаан байнга гаргаж хамь амьдрахад хүнд болсон. Миний хувьд түүнийг залуу хүн ойлгох байх гэж бодоод янз бүрээр хэлж тайлбарлаж ойлгуулж хэлж үзсэн боловч тэр ойлгохыг хүсэхгүй өөрийнхөөрөө зүтгэж хэл ам байнга гаргаж амьдралаа хэвийн биш болгоод байгаа билээ. Сүүлийн үед Б.Б намайг хардаж зодох хэвийн үзэгдэл болоод байна. Мөн ажилд явахад хамт явж, ир гэж шаарддаг бөгөөд гэрт ажил төрлийн шаардлагаар утсаар ярихад миний утсыг булааж аваад яриулахгүй, албан ажил томилолтоор яваад ирэхэд бөөн хэл ам, дарамт шахалт үзүүлж дарамталдаг болсон. Миний бие нөхрөөсөө болж сүүлийн хоёр жил байнгын сэтгэл санааны дарамтанд орж айдастай байх болсон бөгөөд ажил хөдөлмөрийн идэвх сонирхолгүй болсон. Сүүлийн үед надад амьд явах баталгаа алга байна. Тэрээр намайг зодоход цагдаад өгч баривчлуулсан боловч тэр засрах битгий хэл улам хардах болж ажил дээр ирж ажилладаг хүмүүстэй хэрүүл хийх, утас булааж авч шалгаж дарамталдаг болоод байна. Би нөхрөөсөө тусдаа амьдраад 6 сар болж байгаа боловч байнга гэр орон, аижл дээр ирж хэрэлдэх мөрдөж шалгах, хүүг минь надтай хамт байлгахгүй авч явах зэрэг ааш авир гаргадаг. Тэрээр хэлсэн үгээ хэлээгүй гэдэг, мөн хйисэн үйлдлээ хийгээгүй, авсан зүйлээ аваагүй гэж ярьдаг, өөрийгөө дэндүү өмөөрдөг. Хүмүүсийн дэргэд надтай маш сайхан харьцдаг боловч цаашаа эргээд намайг дарамталдаг. Цаашид миний бие энэ хүний бие болон сэтгэлийн байнгын дарамтыг тэсэж тэсвэрлэж явах хүнд байна. Банкнаас авсан 15.000.000 төгрөгийн  зээлийн маргаан байгаа. Энэхүү маргааныг дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хянан шийдвэрлүүлнэ. Одоо нөхөр Б.Б-аас гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Д-г өөрөө авч тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний дунд гэр бүлийн бага зэргийн маргаан бий болсноос хойш бид ийм байдалд хүрсэн. Манай эхнэр 2016 дугаар сард болсон байгууллагын шинэ жилд яваад ирэхдээ хоёр хөхнийхөө дээд талд толботой ирэхэд би юу болсон юм бэ гэхэд “хөхний даруулганы төмөр хатгасан” гэж хэлчихээд дараа нь манай ажилтан чимхсэн гэж өөрөөр хэлсэн. Эдгээр зүйлээс шалтгаалж би эхнэрээ хардсан. Би эхнэртэй дэндүү их хайртай. Мөн эхнэрийнхээ ажил дээр очиж хэл, ам гаргаж байгаагүй. Би үүнээс хойш гэртээ хэрүүл хийхгүй эхнэр, хүүхдийнхээ төлөө амьдрах болно. Би хайрт хань, хүү хоёроосоо салж чадахгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Б.С, Б.Б нар 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2015 оны 4 дүгээр  сарын 18-ны өдөр хүү Б.Д төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2018 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, Б.Б нь эхнэр Б.С-ийн хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд түүнд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэврээр 10 цаг албадан сургалтад хамруулж, 10 хоног баривчлах шийтгэл ногдуулж байсан болох нь тогтоогдож байх тул Б.С, Б.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчдын дундаас төрсөн хүүхдийн хувьд бага насных, гэр бүлийн хүчирхийлэлтэй байдал зэргийг харгалзан хүүхдийг эх Б.С-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Д-г 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.Б-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүх хүүхдийг эх Б.С-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.С нь шүүх хуралдаанд “Банкнаас авсан 15.000.000 төгрөгийн  зээлийн маргаан байгаа. Энэхүү маргааныг дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хянан шийдвэрлүүлнэ” хэмээн зээлийн гэрээнүүдийг ирүүлжээ. Нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулан бичгийн хэлбэрт оруулж, зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно. Иймд зохигчдыг одоогоор хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэж үзсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 100.382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:             

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш овогт Б-ын С, Ш овогт Б-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Д-г эх Б.С-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Д-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.  

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.382 /нэг зуун мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 100.382 /нэг зуун мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ