| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00491/и |
| Дугаар | 486 |
| Огноо | 2018-06-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 2-1 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ87051564, Б овогт Б-ийн О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 2-1 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ДЮ84052015, А овогт Б-ын Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь нөхөр Б. Б.Б-тай 2006 онд гэр бүл болсон. Улмаар 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Галхүү, 2009 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү Б.Г, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүү Б.Г нарыг төрүүлж өсгөсөн. Нөхөр Б.Б нь хамт амьдрах хугацаандаа архи ууж, намайг болон хүүхдүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж өдий хүрсэн. Мөн гэр бүлийн маргаанаас болж хүүхдүүдийн сурч хүмүүжих нөхцөл боломж бүрдэхгүй байгаа болно. Нөхөр Б.Б нь янз бүрийн хэрүүл, маргаанаас болж надад гар хүрэх, айлган сүрдүүлэх, хэл амаар доромжлох, хэрцгий үйл явдал удаа дараа гаргаж байсан. Б.Б нь зүй бус зан чанар хэд хэдэн удаа гаргаж амиа хорлох үйлдэл хүртэл гаргаж байсан. 2016 онд нөхөр маань гэр бүлийн гишүүдэд худлаа хэлчихээд гэрээ аваад Улаанбаатар яваад алга болж, намайг хүүхдүүдтэй минь орох орон гэргүй болгож байсан. Б.Б нь намайг цохиж гэмтэл учруулсан хэрэг нь шүүхийн шатанд хянагдаж байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдүүддээ эцэг Б.Б-аас тэтгэлэг гаргуулна. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие эхнэр Б.О-тэй 2006 онд гэр бүл болоод 12 жил хамт амьдрахдаа 3 хүүхэдтэй болсон. Би өмнө нь хилийн цэрэг болон сөрөг тагнуулд 13 ажилласан. Би эхнэр Б.О-ийг уурлуулж, гомдоож байсан нь миний буруу. Цаашид алдаа дутагдлаа засаад эхнэр болон 3 хүүхэдтэйгээ элэг бүтэн сайхан амьдрахыг хүсэж байна. Гэвч эхнэр О надаас гэрлэлтээ заавал цуцлуулна гэвэл түүний шийдвэрийг хүндэтгэнэ. Бага хүү Б.Г өөрийн асрамжид авах саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.О, Б.Б нар 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Г, 2009 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү Б.Г, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүү Б.Г нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, Б.Б нь эхнэр Б.О-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдэж, уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байгаа болох нь Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1835000000124 дүгээр тогтоолоор тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас төрсөн хүүхдүүдийн хувьд бага насных, хүү Б.Г, Б.Г нарын санал, гэр бүлийн хүчирхийлэлтэй байдал зэргийг харгалзан хүүхдүүдийг эх Б.Оийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Г, Б.Г, Б.Г нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.Б-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хүүхдийг эх Б.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 179.690 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-өд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А овогт Б-ын Б, Б овогт Б-ийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Г, 2009 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Г, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Г нарыг эх Б.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Галхүү, Б.Г, Б.Г нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.690 /нэг зуун далан есөн мянга зургаан зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-наас 179.690 /нэг зуун далан есөн мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-өд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ