Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/761

 

2022           07          26                                 2022/ШЦТ/761

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч М.Ю.О, түүний өмгөөлөгч А.Дулмаа,

Шүүгдэгч О.Ю.О, түүний өмгөөлөгч Б.Очбадар, Г.Аззаяа нарыг оролцуулан, эрүүгийн 2202000950125 дугаартай хэргийг шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

-Шүүгдэгч М. Ю.О нь 2021 оны 6 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар хамтран амьдрагч О.Ю.Отай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 6-3 дугаар байрны 13 тоотод оршин суух гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 963,7278 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

-Шүүгдэгч О.Ю.О нь хамтран амьдрагч М.Ю.Отай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 6-3 дугаар байрны 13 тоотод оршин суух гэртээ 2021 оны 6 дугаар сарын 20-ны үеэс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 973,7278 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналын прокурор Ц.Батбямбаас 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 130 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2202000950125 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч Н.Гэрэлмаа нь шүүгдэгч нарыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс:

            -Хэргийн газар болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 6-3 дугаар байрны 13 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 8-23 дугаар тал),

            -Шүүгдэгч М.Ю.Огийн биед үзлэг хийж 1 гэж дугаарлан бохирлогдсон автобусны смарт карт 1 ширхгийг зиплок түгжээтэй уутанд хийж хураан авсан, биеэс биологийн дээж болох шээс авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестэлж шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 29-34 дүгээр тал),

            -Шүүгдэгч О.Ю.Огийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-Гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 60-62 дугаар тал),

            -Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 64-66 дугаар тал),

            -Гэрч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 80-82 дугаар тал),

            -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 839 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 94-108 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 840 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 111-113 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1131 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 116-118 дугаар тал),

-“Оркин Монголиа” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай “2021 оны 6 дугаар сард манай ажилчид Дархан хот руу томилолтоор явж үйлчилгээ хийсэн нь үнэн болно” гэсэн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 16 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгч М.Ю.Огийн өмгөөлөгч А.Дулмаа нь гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс:

-Шүүгдэгч М.Ю.Огийн хувийн байдлын талаарх баримтууд (1 дэх хавтаст хэргийн 211-223 дугаар тал)-ыг,

Шүүгдэгч О.Ю.Огийн өмгөөлөгч Б.Очбадар нь гэм буруугийн талаар маргаж байгаа, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс:

-Гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 60-62 дугаар тал),

-Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 64-66 дугаар тал),

-Гэрч Б.Мөнхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар тал),

-Гэрч П.Өлзийчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 77-78 дугаар тал),

-Гэрч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 80-82 дугаар тал),

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 229 дугаартай дүгнэлтийг  (1 дэх хавтаст хэргийн 122-123 дугаар тал),

-Шүүгдэгч М.Ю.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 08-10 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч О.Ю.Огийн өмгөөлөгч Г.Аззаяа нь шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс нэмэлтээр:

-Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 233 дугаар тал)-ыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Ю.О, О.Ю.О нар хавтаст хэргийн материалаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Ю.О нь 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар М.Ю.О, О.Ю.О нар үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 6-3 дугаар байрны 13 тоотод оршин суух гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хэргийн газар болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 6-3 дугаар байрны 13 тоотод нэгжлэг хийсэн “...Гал тогооны өрөөнд орж модон ширээн дээр цагаан мөнгөлөг савтай өвс мэт зүйлийг зааж гаргаж өгснийг зиплок уутанд хийж 1 гэж дугаарласан Зиплок түгжээтэй ууттай 7,0 грамм өвс гэх зүйл, ...хаалганы урд талд хүрэн өнгийн гутлын шкаф хаалттай байх онгойлгоход дээд талын тавиараас зиплок ууттай өвс мэт зүйл гарч ирснийг 2 гэж дугаарласан зиплок түгжээтэй ууттай 89,8 грамм өвс, том өрөөний хаалганы хажуу талд бор өнгийн тавиур дээр хуйлсан бохирлогдож харласан мөнгөн дэвсгэрт байсныг 3 гэж дугаарлан, ...тагт руу гарахад эд зүйлүүд эмх цэгцгүй байх ба тагтны урд хэсэгт газарт гурван хэсэгт гялгар ууттай болон Voyage гэсэн цэвэр усны савтай өвс мэт зүйл, Pepsi савтай өвс мэт зүйлүүд гарч ирснийг тус тусад нь дугаарлаж албаны цахилгаан жин дээр жинлэж хурааж авахаар болов. Гялгар ууттай өвсийг 6 дугаар тавьж албаны цахилгаан жин дээр тавихад 462.6 грамм байна. Voyage гэсэн цэвэр усны савтай өвс мэт зүйлийг 5 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр тавихад 33.9 грамм байна. Pepsi савтай өвс мэт зүйлийг 4 гэж дугаарлан жин дээр тавихад 42.0 грамм жинтэй байна. ...том өрөөнд орон тагт руу гарах хаалганы хажуу талын булангийн тавиуруудыг үзэхэд уг тавиурын доод талд цагаан өнгийн гялгар ууттай зүйл байх ба уутыг задлаж үзэхэд ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг 7 гэж дугаарлан жин дээр тавихад 181,8 грамм өвс, ...гал тогооны өрөөний урд хана дагуу цагаан өнгийн босоо хөргөгч түүн дээр цагаан өнгийн цахилгаан зуух байх ба түүн дээр модон гаанс хар өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон байсныг 8 гэж дугаарлан хураан авахад түүний ар талд улаан эрээн өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл байсныг 10 гэж жинлэхэд 52.3 грамм байсныг, цахилгаан зуухны зүүн талд жижиг цагаан өнгийн дэнс байсныг 11 гэж дугаар тавьж эд мөрийн баримтаар тус тус хураан авав. Цахилгаан зуухны баруун талд шавар мэт зүйлээр бохирлогдсон 2 ширхэг тал притка байсныг 9 гэж дугаарлан, ...гал тогооны өрөөний хойд талд унтлагын жижиг өрөө байх ба уг өрөөнд нэгжлэг хийхэд ач холбогдолтой зүйл илрээгүй, зүүн тийш харсан црнхоор доош харахад цонхон доор гялгар ууттай эд зүйлүүд байх ба уг байрнаас оролцогч М.Ю.Ог дагуулан байрнаас гарч урд талаар нь тойрч цонхон доор очиход оролцогч өөрийн гэрийн цонхоо зааж өгөх ба цонхны харалдаа доод талд нь гурван хэсэг гялгар ууттай өвс мэт зүйл, олон тооны хуйлсан мөнгөн дэвсгэртүүд тарсан байсныг 12 дугаар тавьж жинлэхэд 59.5 грамм, хар өнгийн гялгар ууттай өвс мэт зүйлийг 13 гэж дугаарлан жинлэхэд 34.4 грамм, хуйлсан мөнгөн дэвсгэртийг зиплок уутанд хийж 14 гэсэн дугаар тавьж, зиплок ууттай өвс мэт зүйлийг 15 гэж дугаарлан жинлэхэд 116.3 грамм байсныг тус тус эд мөрийн баримтаар хураан авч нэгжлэг хийж тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 8-23 дугаар тал),

            -Шүүгдэгч М.Ю.Огийн биед үзлэг хийж 1 гэж дугаарлан бохирлогдсон автобусны смарт карт 1 ширхгийг зиплок түгжээтэй уутанд хийж хураан авсан, биеэс биологийн дээж болох шээс авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестэлж шалгасан ажиллагааны “...Тестээр шалгах ажиллагааг эхлэн М.Ю.Ог хар тамхитай тэмцэх газрын 00-ын өрөөнд оруулж 10 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж, тестийн битүүмжлэлийг өөрт нь харуулж задалж... зориулалтын саванд шээлгэж үр дүнг үзлээ. 3 минутын дараа тестийн үр дүнг харахад /OPI-MET-TML-LSD-AMP-MOP-KET-COC-MDMA-THC/ гэсэн арван төрлийн бодисоос THC төрлийн бодис илэрсэн болохыг тэмэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 29-34 дүгээр тал),

            -Шүүгдэгч О.Ю.Огийн биеэс биологийн дээж болох шээс авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестэлж шалгасан ажиллагааны “О.Ю.Огийн өөрийн зөвшөөрснөөр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестээ шалгахад 5 дугаарын багананд “эерэг буюу НТС илэрсэн” гэж заасан болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-Гэрч Н.Аын “...Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчдын хамт М.Ю.Ог хуяглан оршин суух Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 6-3 дугаар байрны 13 тоотод нэгжлэг хийсэн. Ингэхэд М.Ю.О нь өөрийн сайн дураар гал тогооны өрөөнд байх жижиг төмөр хайрцагтай өвс мэт зүйлийг зааж өгөөд, өөр мансууруулах бодис байхгүй гэж хэлсэн. Ингээд Эрүүгийн цагдаагийн хэлтсийн 3 дугаар тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Д нь М.Ю.Огийн гэрт нэгжлэг хийсэн. Гал тогоо, үүдний өрөө, том өрөө, том өрөөний тагтан дээрээс өвс гарч ирлээ гээд их хэмжээний өвсийг гэрийн үүд хэсэгт авч ирж жинлэж байхыг харсан. Ю.Огийн эхнэр, хүүхэд байсан өрөөнд үзлэг явуулж байхад Эрүүгийн цагдаагийн хэлтсийн 3 дугаар тасгийн ахлах, мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Д нь “цонхоор юм шидэх шиг боллоо, Ю.Ог дагуулж гараад цонхны доод хэсгээр үзлэг хийе” гэж хэлсэн. Ингээд Ю.Ог дагуулж гарч гэрийн цонхны доод хэсэгт үзлэг хийхэд 3 хэсэг ууттай өвс мэт зүйл, мөн хуйлсан мөнгөн дэвсгэртүүдийг шидсэн байсныг үзлэгээр хураан авсан. Ю.Огийн эхнэр нь гэх эмэгтэй “та нар зайлаач, би ковид туссан хэцүү байна, короноогоо аваад зайлаач, өөр бусдыг нь чадахгүй байж яагаад манайхаар оролдоод байгаа пиздаанууд вэ” гээд маш их уур, уцаартай “зайл” гэж орилж байсан. Үүнийг Ю.О хараад эхнэрээ “дуугүй бай” гэж хэлсэн боловч эхнэр нь дуугүй байхгүй, бид нар луу дайрч давшилж, “зайл”, “пизда” гэх мэтийн хараалын үг хэллэг хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-62 дугаар тал),

-Гэрч Г.Дгийн “...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр М.Ю.Огийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 6-3 дугаар байрны 13 тоотод алба хаагчдын хамт үзлэг хийсэн. Ингээд М.Ю.Огийн орон сууцанд үүдний өрөөнөөс эхлүүлэн нэгжлэгийг явуулахад үүдний өрөөний гутлын тавиур, том өрөөний хувцасны шүүгээний дээд талаас, дотор талаас, тагтан дээрээс мансууруулах сэтгэцэд нөлөөт өвс нэршилтэй бодисыг М.Ю.Ог байлцуулан хураан авсан. Тэгээд жижиг өрөөний цонхоор гадагш харахад цонхны доод хэсэгт газарт 3-4 ууттай эд зүйл харагдсан. Ингээд сэжиг төрөөд хамт ажиллаж байсан эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч А, мөрдөгч, ахлах дэслэгч Нямдорж, шинжээч, сэжигтэн М.Ю.О нарыг гаргаж цонхны доод талд үзлэг хийхэд 3 хэсэг өвс гэх нэршилтэй мансууруулах бодис, мөн хуйлсан мөнгөн дэвсгэртүүд хураагдсан. Ю.Огийн эхнэртэй үг хэлээр ярих боломжгүй мансуурсан байдалтай юм шиг хэрүүл хийгээд байсан. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 6-3 дугаар байрны 13 тоотод нэгжлэг хийх үед Ю.Огийн эхнэр гэх эмэгтэй “та нар зайлаач, би ковид тусчихсан хэцүү байна, короноогоо аваад зайлаач, өөр бусдыг нь чадахгүй байж яагаад манайхаар оролдоод байгаа пизданууд вэ” гээд маш их уур уцаартай “зайл” гэж орилж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-66 дугаар тал),

-Гэрч М.Нгийн “...Цагдаагийн алба хаагчид ах Ю.Огийн гэрт нэгжлэг хийж ууттай өвснүүд, хуйлсан мөнгө зэргийг хурааж авсан. Үүдний гутлын хайрцагнаас өвс гарч ирсэн, мөн гал тогооны хэсгээс өвс гарч ирсэн. Мөн нэлээн хэдэн газраас өвс гаргаж ирээд нотлох баримт гээд шалан дээр тавиад жинлэж үзэж байхыг би харсан. Ю.О ахын гэрт өвсийг бол харж байгаагүй, харин хуйлсан мөнгөнүүдийг харж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-82 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зиплок түгжээтэй ууттай ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан зиплок түгжээтэй ууттай ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан хуйлсан “AN7440823” серийн дугаартай бохирлогдсон 20-тын мөнгөн дэвсгэрт, “4” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “7” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “8” гэж дугаарласан хүрэн өнгийн модон гаанс мэт зүйл, “9” гэж дугаарласан 2 ширхэг шавар мэт зүйлээр бохирлогдсон тал притка, “10” гэж дугаарласан улаан эрээн өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “11” гэж дугаарласан цагаан өнгийн жин, “12” гэж дугаарласан хар алаг өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “13” гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “14” гэж дугаарласан “AN1831764”, “AG7668902” серийн дугаартай бохирлогдсон 20-тын мөнгөн дэвсгэртүүд, хуйлсан “AY9757867”, “AU5170262”, “AV0775379”, “AT0661434”, “АХ2484396”, “AW7393389”, “AJ0639660”, “AX0837557”, “AW9869435”, “AY0523402”, “AU0217065” серийн дугаартай бохирлогдсон 50-тын мөнгөн дэвсгэртүүд, хуйлсан “AG5697599”, “NJ3400740”, “PS3760155”, “NZ4758381”, “PS5702931” серийн дугаартай бохирлогдсон 100-тын мөнгөн дэвсгэртүүд, “15” гэж дугаарласан зиплок түгжээтэй гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх 839 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 94-108 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...2.Шинжилгээнд ирүүлсэн “Ю.О /У397091711/ 19.01.2022” гэж хаягласан шээснээс Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэх 840 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 111-113 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн “О.Ю.О УШ94070347 2022.02.08” гэж хаягласан шээснээс Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэх 1131 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 116-118 дугаар тал),

-“Оркин Монголиа” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай “2021 оны 6 дугаар сард манай ажилчид Дархан хот руу томилолтоор явж үйлчилгээ хийсэн нь үнэн болно” гэх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 16 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгч О.Ю.Огийн өмгөөлөгч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь байдлаар мэтгэлцсэн. Үүнд:

Нэгдүгээрт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нөхөр нь “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис гэртээ хадгалан нууж байсныг О.Ю.О мэдээгүй, нөхөр нь эхнэртээ хэлээгүй байсан. Энэ нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч М.Нгийн “...Цагдаагийн алба хаагчид ах Ю.Огийн гэрт нэгжлэг хийж ууттай өвснүүд, хуйлсан мөнгө зэргийг хурааж авсан. Үүдний гутлын хайрцагнаас өвс гарч ирсэн, мөн гал тогооны хэсгээс өвс гарч ирсэн. Мөн нэлээн хэдэн газраас өвс гаргаж ирээд нотлох баримт гээд шалан дээр тавиад жинлэж үзэж байхыг би харсан. Ю.О ахын гэрт өвсийг бол харж байгаагүй, харин хуйлсан мөнгөнүүдийг харж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхтүвшингийн “...Би Ю.Огийн гэрээр 2-3 удаа очиж байсан. Очиход орон байр нь ундуй сундуй, арчаагүй айлын байдалтай л байдаг байсан” гэх мэдүүлэг, мөн О.Ю.Огийн би гэрээ цэвэрлэдэггүй, нөхөр маань гэрээ цэвэрлэдэг” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.   

Хоёрдугаарт: Гэрч Н.Аын “...Г.Д нь “цонхоор юм шидэх шиг боллоо, Ю.Ог дагуулж гараад цонхны доод хэсгээр үзлэг хийе” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-62 дугаар тал), гэрч Г.Дгийн “...Би цонхоор тэр өвс, хуйлсан мөнгийг хэн гаргаж шидсэнийг бол хараагүй, Ю.Огийн эхнэрийг гаргаж шидсэн байх гэж хардаж байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-66 дугаар тал)-үүд нь зөрүүтэй байна.

Гуравдугаарт: Шүүгдэгч О.Ю.О гэрчээр мэдүүлэг өгөхдөө “би хааяа нэг дүнсэн тамхи татдаг, дүнсэн тамхитайгаа андуураад өвс татсан байж магадгүй” гэх мэдүүлгийг, мөн яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө дүнсэн тамхи татдаг талаараа мэдүүлсэн байдаг. Тиймээс хэргийн газрын үзлэгээр дүнсэн тамхи илрүүлэн хураан авах ажиллагааг хийгээгүй.

Дөрөвдүгээрт: Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “...Одоо О.Ю.О нь сэтгэцийн хувьд F60.1 Бие хүний шизойд эмгэг, засралын байдалтай байна” гэх дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан гэх өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн биш болох нь тогтоогдож байна. Иймд энэ гэмт хэргийг хэн үйлдсэн гэх нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадсангүй гэж дүгнэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Ю.О өөрийн гэртээ “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ажлаар Дархан-Уул аймаг яваад Улаанбаатар хот руу буцаж явах замдаа түүж бэлтгэн, улмаар гэртээ аваачиж хэсэг хэсэг уутанд хийж хадгалсан үйл баримт болжээ. Харин шүүгдэгч О.Ю.О нөхрийнхөө авчирсан гэх сэтгэцэд нөлөөт бодис /өвс/-ыг гэртээ хадгалж байсныг мэдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, хадгалж байсан “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис нь шүүгдэгч нарын амьдардаг байрны гал тогооны өрөө, үүдний шкаф, том өрөө, тагт гээд хаа сайгүй ил болон далд байдлаар хадгалагдаж байхад мэдэхгүй байсан гэдэг нь өрөөсгөл юм.

Мөн шүүгдэгч О.Ю.О, М.Ю.О нарын биеэс /шээснээс/ Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байгаа нь гэртээ байсан “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч нарын гэрт явуулсан нэгжлэгийн үеэр М.Ю.О /нөхөр/ нь цагдаа нарын хяналтан доор зогссоор байсан атал цонхоор гялгар ууттай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис гадагш шидэгдсэн үйл баримт болсон. Энэ нөхцөл байдлыг анзаарсан гэрч Н.А, Г.Д нар байшингийн гадаа гарч хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн явуулж, шүүгдэгчийн гэрийн цонхыг заалган цонхны харалдаа хаягдсан гурван хэсэг гялгар ууттай өвс мэт зүйл, олон тооны хуйлсан мөнгөн дэвсгэртүүдийг хураан авсан. Тухайн цонхоор хаясан гурван хэсэг гялгар ууттай өвс мэт зүйл нь шинжээчийн дүгнэлтээр Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ болох нь тогтоогдсон.

Энэхүү цонхоор хаясан эд юмсийг шүүгдэгч О.Ю.Огаас өөр хүн хаях боломжгүй юм. Учир нь нэгжлэг явагдаж буй орон сууцны жижиг өрөөнд О.Ю.О, М.Ю.Огийн хүүхэд Ж.Үлэмж, дүү болох гэрч М.Н нар байсан ба гэрч М.Нгийн хувьд нэгжлэгийн үйл явцыг ажиглаж байсан, О.Ю.Ог уурлаад гарч ирэхэд өрөөнд нь буцааж оруулсан, цонхоор эд зүйл хэн хаясныг хараагүй гэж мэдүүлсэн буюу цонхоор юм гаргаж шидсэн гэх үйлдлийг хийгээгүй, М.Ю.О тухайн бодисыг гаргаж хаях боломж байхгүй зэргээс дүгнэхэд О.Жавлан дээрх үйлдлийг хийсэн болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Н.А, Г.Д нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх үйл баримт давхар тогтоогдсон тул шүүгдэгч О.Ю.О “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис гэртээ хадгалагдаж байгааг мэдээгүй гэх үндэслэлгүй, энэ талаар шүүгдэгч О.Ю.Огийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцсэн үндэслэл няцаагдсан болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан байна.  

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад буюу худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсныг “хууль бусаар олж авсан” гэж үзнэ.

 Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба харин “хаана, юунд нуусан” эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Харин прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл заалтыг журамлахдаа буруу хэрэглэсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх заалтыг журамлажээ.

Шүүгдэгч нар 2021 оны 6 дугаар сарын 20-ны үеэс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар сэтгэцэд нөлөөт бодисыг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу үргэлжилсэн үйлдлээр гэртээ хадгалсан гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Ю.О Дархан-Уул аймаг руу явж ирэхдээ 1 удаа тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг түүж гэртээ авчирч хадгалсан үйл баримт тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан нь үндэслэлгүй болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж заасныг журамлажээ.

 Хэргийн үйл баримтаас үзэхэд М.Ю.О, О.Ю.О нар сэтгэцэд нөлөөт бодисыг гэртээ хадгалах нь хууль бус гэдгийг мэдсээр байж уг гэмт хэрэгт санаатайгаар нэгдэж хамтран оролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэсний дагуу бүлэглэн гүйцэтгэсэн байна.

Гэтэл прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаад үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлтдээ дурдсанаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамлахаар байсан гэж дүгнэлээ.

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтыг буруу /үргэлжилсэн үйлдэл/ журамласан, эсхүл давхар /бүлэглэн гүйцэтгэх/ журамлаагүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч М.Ю.Ог хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, мөн шүүгдэгч О.Ю.Отай санаатай нэгдэж бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Ю.Ог шүүгдэгч М.Ю.Отай санаатай нэгдэж бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Тус гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсанаар, мөн хадгалж байсан идэвхтэй үйлдэл таслан зогсоогдсон үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.Ю.О, М.Ю.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ю.Од 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Ю.Од 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгч М.Ю.Огийн өмгөөлөгчөөс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгч О.Ю.Огийн өмгөөлөгч нараас “хувийн байдлыг харгалзан 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурав хүртэлх насны хүүхэдтэй тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч О.Ю.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 163 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах нь хууль бус гэдгийг ухамсарлаж мэдсэн байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Тиймээс шүүгдэгч М.Ю.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Ю.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэвч шүүгдэгч О.Ю.О нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүү Ю.Огийн Үлэмжийг төрүүлсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар Ж.Үлэмж 2 нас 10 сар 20 хоногтой болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 232 дугаар тал)-аар тогтоогдож байх тул “3 хүртэлх насны хүүхэдтэй эх” гэдэгт хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж хуульчилжээ.

 

Иймд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцид  тус тус зааснаар  хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхийг харгалзан, шүүгдэгч О.Ю.Од оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хойшлуулж, ял хойшлуулсан хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавихыг даалгасан болно.

 

Ялтан хүүхдээ засарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн,  шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч О.Ю.Од анхааруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч М.Ю.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор, шүүгдэгч О.Ю.Од оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зиплок түгжээтэй ууттай 7 грамм өвс гэх зүйл, зиплок түгжээтэй ууттай 89.8 грамм өвс, Пепси гэсэн хуванцар савтай 42 грамм өвс, Вояж гэсэн цэвэр усны хуванцар савтай 33.9 грамм өвс, гялгар ууттай 464.2 грамм өвс, цагаан өнгийн гялгар ууттай 181.8 грамм өвс, хүрэн өнгийн модон гаанс, 2 ширхэг шавар мэт зүйлээр бохирлогдсон тал притка, улаан эрээн өнгийн гялгар ууттай 52.3 грамм өвс, цагаан өнгийн дэнс 1 ширхэг, хар, цагаан алаг өнгийн ууттай 59.5 грамм өвс, хар өнгийн гялгар ууттай 34.4 грамм өвс, зиплок түгжээтэй гялгар ууттай 116.3 грамм өвсийг /нийт 963.7278 грамм өвс/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, “AN1831764”, “AG7668902” серийн дугаартай бохирлогдсон 20-тын мөнгөн дэвсгэртүүд, хуйлсан “AY9757867”, “AU5170262”, “AV0775379”, “AT0661434”, “АХ2484396”, “AW7393389”, “AJ0639660”, “AX0837557”, “AW9869435”, “AY0523402”, “AU0217065” серийн дугаартай бохирлогдсон 50-тын мөнгөн дэвсгэртүүд, хуйлсан “AG5697599”, “NJ3400740”, “PS3760155”, “NZ4758381”, “PS5702931” серийн дугаартай бохирлогдсон 100-тын мөнгөн дэвсгэртүүдийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд хүргүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD /Дивиди/ 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ю.Ог хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, шүүгдэгч О.Ю.Отай санаатай нэгдэж бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ю.Ог шүүгдэгч М.Ю.Отай санаатай нэгдэж бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ю.Ог 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Ю.О нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Ю.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.  

5. Шүүгдэгч О.Ю.Од хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, мөн энэ хугацаанд шүүгдэгч санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг анхааруулсугай. 

7. Шүүгдэгч М.Ю.Од хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч О.Ю.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч М.Ю.О, О.Ю.О нараас гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зиплок түгжээтэй ууттай 7 грамм өвс гэх зүйл, зиплок түгжээтэй ууттай 89.8 грамм өвс, Пепси гэсэн хуванцар савтай 42 грамм өвс, Вояж гэсэн цэвэр усны хуванцар савтай 33.9 грамм өвс, гялгар ууттай 464.2 грамм өвс,  цагаан өнгийн гялгар ууттай 181.8 грамм өвс, улаан эрээн өнгийн гялгар ууттай 52.3 грамм өвс, хар, цагаан алаг өнгийн ууттай 59.5 грамм өвс, хар өнгийн гялгар ууттай 34.4 грамм өвс, зиплок түгжээтэй гялгар ууттай 116.3 грамм өвс, нийт 963.7278 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, хүрэн өнгийн модон гаанс, 2 ширхэг шавар мэт зүйлээр бохирлогдсон тал притка, цагаан өнгийн дэнс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, “AN1831764”, “AG7668902” серийн дугаартай бохирлогдсон 20-тын мөнгөн дэвсгэртүүд, хуйлсан “AY9757867”, “AU5170262”, “AV0775379”, “AT0661434”, “АХ2484396”, “AW7393389”, “AJ0639660”, “AX0837557”, “AW9869435”, “AY0523402”, “AU0217065” серийн дугаартай бохирлогдсон 50-тын мөнгөн дэвсгэртүүд, хуйлсан “AG5697599”, “NJ3400740”, “PS3760155”, “NZ4758381”, “PS5702931” серийн дугаартай бохирлогдсон 100-тын мөнгөн дэвсгэртүүдийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд хүргүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD /Дивиди/ 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН