Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/762

 

2022           07          26                                 2022/ШЦТ/762

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан, эрүүгийн 2209011851201 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.М эрх чөлөөнд халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209011851201 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

            -Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

            -Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 7167 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-Шүүгдэгч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

-Хохирогч Э.Мд хохирол төлсөн баримт, мөн хохирогчийн хохирол төлбөргүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 62-63 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,

            Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд “Би өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээж, ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлэн хэргийн материалаас уншиж судлуулаагүй болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.М эрх чөлөөнд халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

-Хохирогч Э.М “... 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ажлын газрын хүмүүстэй Сүхбаатар дүүгийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайс зочид буудлын караокед ажлын газрын Стэй маргалдсан. Тэгээд би тооцоогоо төлөөд гэртээ очиход араас залгаад Ж залгаж “эвлэрье” гэж намайг дуудаж би очсон. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Орос элчингийн баруун талд байрлах хүүхдийн тоглоомын сандал дээр үл ялих зүйлээс болж Сийг 1 удаа алгадахад Ж өмөөрөөд шууд намайг боож аваад газар унагааж, толгой руу болон зүүн хацар орчим тус бүр 1 удаа өшиглөсөн. Би газраас босоход намайг барьж аваад миний ам хэсэг рүү нэг удаа толгойгоороо мөргөөд гараараа хоёр удаа уруул орчим цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

- Гэрч Б.Сийн “...М гараад явсны дараа би Жтай Сүхбаатар дүүргийн 4 хороо, Орос элчингийн саданд сууж байгаад Ж ах “Мтэй эвлэр, юунаас болсон юм” гэж хэлээд Мтэй утсаар ярьсан. Ингээд М ирээд миний хажууд суугаад юм ярьж байгаад миний зүүн хацар руу баруун гараараа цохисон. Намайг цохих үед Ж “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гэж хэлээд М толгой хэсэг рүү цохисон байх. М намайг цохих үед миний нүдний шил газарт унасан болохоор үйл явдлыг нарийн сайн харж чадаагүй. Тэр хоёр ноцолдоод газарт унаад нэг нэгийнхээ хувцаснаас татаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “1.Э.М биед зүүн нүдний зовхи, зүүн шуунд зулгаралт, 1 шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэх шинжээчийн №7167 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Ж нь хохирогчийн нүүрэн тус газар цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэн байна.

 

Уг үйлдлийн улмаас хохирогч Э.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн шинжээчийн №7167 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал)-ээр давхар нотлогдсон.

 

Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчээс хохирогч Э.М Хаан банк дахь тоот дансанд 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хас банкны төлбөрийн баримт гэх баримтаар тогтоогдсон, мөн хохирогч Э.М “1,500,000 төгрөгийг дансаар авч гомдол саналгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Гэхдээ цаашид гарах шүдний төлбөрийг нэхэмжлэх болно” гэх хүсэлтийг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал) бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Э.М цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН