Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 501

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2693321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 байрны 11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ63101001, З овогт С. П,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 9-6 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ59102704, З овогт С. Ч нарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 5.881.906,29 төгрөг, зээлийн хүү 1.799.615,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106.321,05 төгрөг, нотариатын төлбөр 7.000 төгрөг, нийт 7.794.842,78 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны  5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.П, С.Ч нар нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны Увс салбарын төв тооцооны төвд ЗГ160539 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 9.998.929 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэн авсан.  Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 4.117.022.71 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1.151.929,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 5.547,34 төгрөг, нийт 5.274.499,56 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 160539 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5.881.906,29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.799.615,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 106.321,05 төгрөг, нотариатын төлбөр 7.000 төгрөг, нийт 7.794.842,78 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгө, орлогоор хангуулж зээлийг төлүүлж өгнө үү” гэв.   

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч С.П, С.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 5.881.906,29 төгрөг, зээлийн хүү 1.799.615,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106.321,05 төгрөг, нотариатын төлбөр 7.000 төгрөг, нийт 7.794.842,78 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч С.П, С.Ч нарт нэхэмжлэлийн хувийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.

 

Хариуцагч С.П, С.Ч нар нь Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвөөс 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ЗГ160539 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.998.929 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 1-р баг, 8-1 тоот хаягт байрлах, 900 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн гэрчилгээний 0260767 дугаартай, гэр, хашааны зориулалттай газрыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх боловч хариуцагч С.П, С.Ч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 5.881.906,29 төгрөг, зээлийн хүү 1.799.615,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106.321,05 төгрөг, нийт 7.787.842,78 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Хаан банк нь “нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг нотариатаар батлуулсны зардал хэмээн 7.000 төгрөг гаргуулна” хэмээн нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ эдэлснийхээ төлөө гарсан зардлыг өөрөө хариуцах ёстой. 

 

Түүнчлэн Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцаа хөрөнгөөс гадна бусад хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байх ба бусад хөрөнгө, орлого гэж ямар орлогыг тодорхойлоод байгаа, энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймээс Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотариатын хураамж 7000 төгрөг гаргуулах болон бусад хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд зааснаар Хаан банк, хариуцагч С.П, С.Ч нарын хооронд байгуулагдсан 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ160539 тоот барьцаат зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, хариуцагч С.П, С.Ч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 5.881.906,29 төгрөг, зээлийн хүү 1.799.615,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106.321,05 төгрөг, нийт 7.787.842,78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 7.000 төгрөг гаргуулах болон бусад хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Увс аймгийн Улаангом сумын 1-р баг, 8-1 тоот хаягт байрлах, 900 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн гэрчилгээний 0260767 дугаартай, гэр, хашааны зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 7.787.842,78 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  139.555 төгрөгийг хариуцагч С.П, С.Ч нараас гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд зааснаар Хаан банк, хариуцагч С.П, С.Ч нарын хооронд байгуулагдсан 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ160539 тоот барьцаат зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, хариуцагч З овогт С. П, З овогт С.Ч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 5.881.906,29 төгрөг, зээлийн хүү 1.799.615,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106.321,05 төгрөг, нийт 7.787.842,78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 7.000 төгрөг гаргуулах, бусад хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.П, С.Ч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Увс аймгийн Улаангом сумын 1-р баг, 8-1 тоот хаягт байрлах, 900 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн гэрчилгээний 0260767 дугаартай, гэр, хашааны зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 141.902  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч С.П, С.Ч нараас 139.555 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн  дотор  Увс  аймгийн  Эрүү,  Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ